No menu items!
HomeХүмүүсАрд түмний бахархал болсон алтан үеийн эмэгтэй дуучид

Ард түмний бахархал болсон алтан үеийн эмэгтэй дуучид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа ард түмний бахархал болсон алтан үеийн эмэгтэй дуучдыг онцолж байна. Уран тансаг хоолой, яруу сайхан аялгуу нь хэзээ ч давтагдашгүй тэднийг мартах учиргүй билээ.

Намжилын Норовбанзад 

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин тэрээр долоон настайгаасаа дуулж эхэлжээ. Н.Норовбанзад гуай 1940 онд Дэлгэрцогт сумын бага сургуульд есөн настайдаа элсэн орсон байна.

1942 онд түүний аав нь нас барж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нийслэлд ирж сайн дурын уран сайханчаар ажиллах болжээ. Н.Норовбанзад гуай “Идэр жинчин” гэж уртын дуу 15 настайдаа дуулж их урлагт хөл тавьсан гэдэг. Түүний аавыг Дамдин гэдэг боловч тэрээр ээж Намжилаар овоглодог байжээ.

Тэрээр Монгол ардын уртын дууны охь болсон “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуу тивийн наран”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Энх мэндийн баяр”, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Бор борын бялзуухай”, “Саруул тал” зэрэг олон сайхан дуунаас гадна монгол ардын богино дуу “Баян Монгол”, “Үхэрчин хүү”, “Үлэмжийн чанар”, “Манарч байгаа шил”, “Ганган хар морь”, “Гоолингоо”, “Ян тайван гөөгөө” зэрэг дуунуудыг дуулж олон түмний сонорыг мялааж байв.

“Сэрүүн сайхан хангай” дуу нь түүний дуулснаар ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд ард түмний дунд хамгийн алдаршсан дуу нь “Уяхан замбуу тивийн наран” билээ. Н.Норовбанзад гуай 1957 онд Москва хотноо болсон дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, 1993 онд Японы Фүкүокагийн “Азийн соёлын шагнал”-ыг хүртэж байсан түүхтэй.

Чулуунбаатарын Шархүүхэн

Монгол ардын дууны нэрт мастер түүний урын санд “Уяхан замбуу тивийн наран”, “Өвгөн шувуу”, “Уртын сайхан хүрэн”, “Алтан богдын шил”, “Жаахан шарга” гэхчилэн олон aйзам болон бэсрэг уртын дуу бий. Шархүүхэн, Норовбанзадгуай аль аль нь дэлхийн залуучууд оюутны болон ардын урлагийн их наадмаас уртын дууны гайхамшгаараа алтан медаль хүртэн дэлхийн сонорт эх орныхоо нэрийг дуурьсгаж явсан дуучид гэгддэг.

Ч.Шархүүхэн гуай нэгэн ярилцлагадаа “Норовбанзад гуай, Тэр аугаа хүнтэй харьцуулагдана гэж юу байхав. Харин нэг удаа Болгарт очиж дуулах үеэр Бадраа гуай намайг Норовбанзадын энд хүрэхгүй байна гэх өнгө аястай юм хэлж загнаж байсан. Уг нь загнуулах шалтгаан байгаагүй, харин ч тэндэхийн дуурийн дуучид бэлтгэдэг эрдэмтэн багш нь нар нь ирж надад баяр хүргээд “Таныг 10 жилийн өмнө манай эндэхийн сонин хэвлэлийнхэн Азиас төрж байгаа том дуучин гэж бичиж байсан нь ташаа байсангүй” гэцгээсэн. Тэгэхэд Бадраа гуай надад дээрх үгийг хэлсэн. Би тэгэхээр нь дуугүй өнгөрсөнгүй “Огт өөр хоолой, цараа, амьсгаатай хоёр хүнийг та яаж харьцуулах гээв. Бидэнд бурхан тэнгэр өөр өөр хишиг заяасан юм шүү дээ” гээд хэлчихсэн” хэмээж байжээ.

Тэрээр 1978 онд Софид болсон дэлхийн оюутан, залуучуудын их наадамд оролцож “Алтан богдын шил” дуугаараа алтан медаль хүртжээ. Мөн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа зэрэг нэлээд жүжгийн дүрийг бүтээсэн байна.

Ч.Шархүүхэн гуай Хэнтий аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа БНМАУ-ын Ардын Жүжигчин /1978-07-31. №179/, Гавьяат Жүжигчин /1973-07-10. №156/ цолыг хүртсэн нь аймгуудын театруудаас Ардын цол авсан эхний тохиолдол болжээ.

Хорлоогийн Уртнасан

“Монголын сонгодог урлагийн ноён оргилын нэг, дуурийн хатан хаан, ХХ зууны манлай дуучин” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ эрхэм найман хүүхэдтэй айлын ууган охин болон 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсчээ.

Монголын радиогоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин элсүүлж авна” гэсэн зарлалын дагуу дуучин болохоор эргэлт буцалгүй шийдэж, 1959 онд  “Би дуучин болно, шалгалт өгнө” гэхэд ээж нь охиныхоо шийдвэрийг дэмжихийн сацуу үхэр тэргэнд суулгаж аваад хотод ирж шалгалтыг нь өгүүлсэн юмсанж. Охиноос шалгалт авсан хүн нь малын саравчинд нэрийг нь мянгантаа зарлуулж, орлон тоглож явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Д.Мяасүрэн нар байсан гэдэг. Ийнхүү түүний авьяас билиг, хүсэл зоригийг нь үнэлснээр амжилтын үүд хаалга нээгдэв.

Тэрээр 1963-1964 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж, Г.Хайдав багшийнхаа студид Д.Баадайжав, Т.Насанбуян нарын хамт анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг болсон байдаг. Улмаар 1968 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгын  дуучин болов. 1970 онд  Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиож, хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд УДБЭТ-ын гоцлол дуучнаар хуваарилагдлаа.

Ийнхүү УДБЭТ-ын гоцлол дуучнаар 23 жил ажиллахдаа Монголын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрийг бүтээжээ. Ид дуулж байх эгшиглэнт он жилүүдэд нь түүнийг уриагүй үлдсэн театр, зохиолоо өгөөгүй хөгжмийн зохиолч байгаагүй гэдэг.

Зууны манлай  дуучин тэрбээр зөвхөн чадварлаг дуучин төдийгүй  сайн найруулагч, шилдэг сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрээр  1984 онд Б.Ямпиловын “Шидэт ваар”, 1991 онд Дж.Пуччиний “Чио Чио Сан”, 2002 онд Д.Лувсаншаравын түүхэн “Хар Хорум” дуурийг найруулан тайзнаа амилуулсан төдийгүй  “Хар Хорум” дуурийг анх удаа Хархоринд тоглож байжээ. 

Мөн тэрбээр “Сэтгэлийн дуудлагаар”,  “Амьдралын цуурай” гээд хоёр ч кинонд  дүр бүтээж амжсан байдаг. Түүний бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны  Х  их наадмын тэргүүн байрыг эзэлж, Москвагийн “Большой” театрт алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн дараа уригдаж дуулсан анхны эмэгтэй дуучин  болсон  юм. “Большой” театрын гоцлол дуучин  С.Маслов “Оросын өлгий нутаг Шаляпинийг төрүүлсэн-Таныг Монгол. Тантай хамтран дуулагч болоод Их театрын сонсогчид хамт шүү” хэмээн Уртнасан гуайн бүтээсэн дүр болоод хичээл зүтгэлийг үнэлж байв.

Авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, 1976 онд 31  насанд нь Монгол Улсын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 2000 онд “Зууны мэдээ”  сониноос уншигчдын дунд явуулсан  санал асуулгаар  ХХ зууны  шилдэг эмэгтэй дуурийн дуучин хүндэтгэлийг хүртээсэн юм.

Гомбын Түмэндэмбэрэл

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул тэрээр БНМАУ-ын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин юм. Ардын болон зохиолын 400-аад дууг эзэмшсэнээс 200 орчим дууг тайзнаа дуулжээ. 

Г.Түмэндэмбэрэл гуай дээрх олон дууг эгшиглүүлэн амьдруулахдаа ардын дууны шилэлт, сонголтыг зөв хийж дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, түүний намба төрх, уран нугалаа, өнгөний айзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, түүнд эрдэнийн сайхан шигтгээ суулган уран тансаг болгон өвөрмөц, давтагдашгүй хоолой зөөлөн аялгуугаар дуулдаг байсан. Ийнхүү үзэгч, сонсогчдыг уянгын ертөнцөд нэвтрүүлж чаддаг увидасыг эзэмшсэн урлагийн нэрт мастер байв. 

Тэрээр дэлхийн 10 гаруй оронд өөрийн орны соёл, урлагийг сурталчилсан төдийгүй Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал, Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдөж байжээ. Г.Түмэндэмбэрэл олон залуучуудыг дуулах эрдэмд сургаж “Түмээ багш”, “Ээж” гэж шавь нартаа хайрлагдан хүндлэгдсэн нэгэн байв.

Түүний дуулж амьдруулсан “Хөх торгон дээл”, “Хувирашгүй сэтгэл”, “Бүсгүй хүний заяа”,  “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Цэнгэлийн хур”, “Эх орон минь тандаа баярлалаа”, “Урсгал тунгалаг Тамир”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд” зэрэг олон сайхан дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд түүний өнгө эгшиг, намба аясаар шингэн тогтсон билээ.

Ваанжилын Долгор

Маамуу нааш ир” дууны аяыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиож, яруу найрагч Ч.Лхамсүрэн үгийг нь бичин 1956 онд МУГЖ В.Долгор дуулж олны хүртээл болгосон билээ. Энэхүү гэгээн мөртэй, алдарт дууг амилуулж, хүүхдүүдэд зориулан хэдэн мянгаар дуулж, тэр бүхэндээ сэтгэл зүрхээ зориулсныхаа үр шимээр “хүүхдийн дууч” хэмээн өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин В.Долгор гуайг энд онцолж байна.

В.Долгор 1929 онд Архангай аймгийн Хотонт суманд төржээ. 1945 онд Архангай аймагт бүрэн дунд сургууль, 1947 онд Улаанбаатар хотод Урлагийн дунд сургууль төгсөж Улсын төв театрт хуваарилагдаж найрал дуучнаар ажиллаж эхэлснээс хойш 70 жил их урлагийн алтан үеийнхний төлөөлөл болж байлаа.

Тэрээр “Бөмбөгөр ногоон”-оос эхлэн УДБЭТ-т найрал дуучнаар ажиллах хугацаандаа 10 гаруй хөгжимт драмын олны хэсэг, үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн найрал дуунуудыг амжилттай дуулж байсны зэрэгцээ, концертын хөтөлбөрт гоцлол, цөөхүүл дууны бүтээлээр байнга оролцдог байж.

1950-иад оноос хормейстер Д.Лувсаншарав түүнд хүүхдийн дуунуудыг дуулуулахаар өгч анх “Маамуу нааш ир”, “Туулай би”, “Тэгвэл хоёулаа” зэрэг дуунуудыг Монголын радиод бичүүлж эхэлснээс хойш 200 шахам хүүхдийг дууг хүүхдийн хоолойгоор, хүүхэд шиг сэтгэж, түүндээ итгэлтэй дуулж багачууд сонсогчдын дунд нэрд гарч “Маамуу нааш ир-ийн Долгор”, “Хүүхдийн Долгор” гэж олноо алдаршжээ.

Түүний авьяас билэг урлагийн алтан тайзнаа бүтээсэн дүр, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, анх 1956 онд, мөн 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, АБТА, Соёлын Тэргүүний Ажилтан цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1985 онд Гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.

Аюушийн Загдсүрэн

Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ. Түүнд хөгжмийн цагаан толгой анх заасан багш нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай аж.

Түүнийг 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгож ”Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” ардын хоёр дуугаар, мөн хятад ардын дуугаар ая бариулж явсан гэдэг. Мөн тэрээр Румынд болсон Дэлхийн залуучууд оюутны их наадамд торгууд ардын “Шаргын шаргын жороо” дуугаа найрал дуучдын түрлэг дор дуулж анхны Хүрэл медалийг 1953 онд эх орондоо авчирч байжээ. Харин их наадмаас ирэхэд нь түүнийг Улсын Төв Театрт дуучнаар авчээ.

Тэрээр 1954 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн оюутан болж 1959 онд мэргэжлээ онц дүнтэй төгсч, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин болжээ. А.Загдсүрэн гуай 1967-оноос эхлэн дуулахын хажуугаар багшилж, 1982 оноос СУИС-д дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авъяаслаг залуусыг их урлагийн замд оруулсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв.

Түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1961-07-03.№151/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, /1979/, Монгол Улсын Ардын Жүжигчин /1999-02-10. №22/ цолоор шагнаж байжээ. Мөн тэрээр ЗХУ-ын Лениний шагнал /1978/, Ардын хувьсгалын ялалтын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн болон бусад медалиудаар шагнуулжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд