Б.Болор: Монгол-Оросын хамтарсан сургууль шилдэг болсон нь Ж.Соронзонтой салшгүй холбоотой

0
214

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болорын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Тэрээр “Би улс төрийн харьяаллаар АН-ын Засгийн үед АН-ын гишүүн учир АН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байлаа. Сургуулийн захирлын албан тушаал бол улс төрөөс ангид байх ёстой. Сургууль гэдэг аливаа нэгэн улс төрийн нөлөөлөлгүй байх учиртай. Тийм ч учраас намайг захирлаар томилсон гэж бодож байна. Ямар нэгэн улс төрийн томилгоо биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа байх. Би гадны байгууллагад онлайн зөвлөхөөр ажиллахын тулд АН-ын гишүүнээсээ түдгэлзсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн намын харьяалалгүй.

Сайдтай УИХ-д хамтран ажиллаж байсан учраас бие биенээ мэднэ. Л.Энх-Амгалан сайд тус сургуулийн залгамж чанарыг алдуулахгүй, цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай учраас намайг түр орлон гүйцэтгэгч захирлаар томилох саналтай байгаагаа хэлсэн.

Манай сургууль олон улсын гэрээгээр байгуулагдсан учраас дүрэм журам, үйл ажиллагаа нь олон улсын хэлэлцээрээр зохицуулагддаг онцлогтой. Энэхүү хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг нь ОХУ-ын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршдог.

Сургуулийн нийт төсвийн 10 гаруй хувийг Монгол Улсын төсвөөс бүрдүүлдэг, 80 гаруй хувь нь эцэг эхчүүдээс өгдөг сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг санхүүжилтийн системтэй” гэжээ.

Мөн тэрээр Ж.Соронзон өөрхийнх нь зөвлөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэлд “Албан ёсоор миний зөвлөхөөр ажиллаж байгаа зүйл байхгүй. Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Ийм учраас 30 жил захирлаар ажилласан Ж.Соронзон багшаасаа зөвлөгөө авалгүй яах вэ.

Миний хувьд багшийгаа хүндэлж, өндрөөр үнэлж явдаг. Намайг 10 жилийн хүүхэд байхад л манай сургуулийн захирал байсан хүн. Энэ сургуулийн амжилт, ололт өнөөдрийн Монгол Улсын шилдэг тэргүүний сургууль болсон нь Ж.Соронзон захиралтай салшгүй холбоотой юм” гэжээ.