No menu items!
HomeХэн юу хэлэвХЭН ЮУ ХЭЛЭВ: 220 тонн махыг устгалд оруулалгүй хадгалсаар байгаа

ХЭН ЮУ ХЭЛЭВ: 220 тонн махыг устгалд оруулалгүй хадгалсаар байгаа

-

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байгаа юм. Өнгөрөгч гурван сарын хугацаанд ямар процесс өрнөж, хэн ямар тайлбар хийж байсныг эмхэтгэн хүргэж байна.

Тавдугаар сард хяналт шалгалтын ажил эхлэв.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан “Махыг бохир орчинд бэлтгэж, бодис хольсон байж болзошгүй” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч тавдугаар сард ШӨХТГ-аас эхлүүлснээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн.

Махны дээжийг шинжилгээнд явуулснаас 5 хоногийн дараа маханд хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон талаар Нийслэлийн мэргэжийн хяналтын газраас мэдээлсэн юм. Тодруулбал, “БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисоос болон ямааны махнаас дээж авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авч лабораторид хүргүүлсэн” гэв.

17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов

Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэл хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан талаар мэдээлсэн. Тэрбээр, “Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна” хэмээж байсан билээ.

Харин “Эм Ди Си Пи” компанид зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлсэн.

Шалгалтын явцад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тодруулбал, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3,000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тонн махыг битүүмжилсэн.

ЦЕГ-аас хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд “Эм Ди Си Пи” компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Уг компани нь БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон юм.

Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан. Мөн “ХКҮ” компанийн хаяг, шошготой 4,842 хайрцаг буюу 96 тонн дулааны аргаар боловсруулсан мах илэрсэн. Хаяг, шошгогүй ямааны мах 92 тонн, ямааны шулсан мах 7,964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7,980 кг, хонины гулууз мах 1,500 ширхэг буюу 30 тонн тус тус байсныг Мэргэжлийн хяналтын газар анх битүүмжилсэн байдаг.

С.Энхболд: Лабораторийн шинжилгээгээр маханд байх ёсгүй формальдегид гэх бодис 0,008 хувь илэрсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт ЭМЯ, миний бие багтаж байгаа. Формальдегид бодис илэрсэн гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдах ёстой. МХЕГ-ын лабораториар гарсан дүгнэлтээр 0,008 хувь илэрсэн гэдэг ерөнхий мэдээлэл авсан. Стандартаар бол ийм бодис илрэх ёсгүй.

НББХ-ны хуралдаан, 2022.06.07

Старт ап Праймер: Зооноз өвчин үүсгэгч нян илэрсэн

“Старт ап Праймер” лаборатори Эмээлтээс ирүүлсэн махны дээжид молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээ хийж, хариуг танилцуулав. Хариунд

“MNS 6931:2021 стандартын дагуу мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийжээ. Ингэхэд  

  • Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,
  • Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно.

Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян. Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй. Өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.

16 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав

Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна хэмээн Шадар сайд мэдээлэл хийсэн.

З.Мэндсайхан: Улаанбаатарт орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

Дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.

Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.

ХИАМ ИДЭХГҮЙ ГЭХ АЙДАС…

Өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдаж, иргэд хиамны хэрэглээнээсээ татгалзаж эхэлсэн билээ.

Холбогдох албаныхан хиамны хэрэглээ болон махны талаар дарааа тайлбаруудыг хийж байв.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат: Маханд химийн бодис хольсон үйлдвэр манай холбоонд нэгдэлгүй байдаг. Холбоонд багтдаг махны үйлдвэрүүд долоо хоног тутам бүтээгдэхүүнээ лабораториор шинжлүүлдэг. МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо хамтраад үе үе хяналт, шалгалт явуулдаг. Экспорт хийх үйлдвэрүүдийг тухайн орноос тусгай баг ирж шалгадаг. Зөвхөн импортлогч орны саналаар дулааны аргаар боловсруулж, хөлдүү, түүхийгээр гаргадаг. Лабораторийн бүх шинжилгээг хийж гаргаж байгаа.

“Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор: Монголын махны холбоонд 60 гаруй компани гишүүнчлэлтэй байдаг. Бүх компани Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, ISO стандартыг нэвтрүүлсэн.

Бид өдөр болгон түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дээж авч, 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн хувьд өнөөдрийн байдлаар 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөл бүхий нэг л ААН бий. Гэтэл 17 ААН дулааны аргаар мах бэлтгэсэн. 17 ААН нь БНХАУ буюу гадны хөрөнгө оруулалттай.

Хяналт, шалгалтын дүнд 6 ААН-ийн махны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон. Үүнд “Эмээлт зах” ХХК багтаж байна.

Хиам, буузны хэрэглээн дээр МХЕГ, ХХААХҮЯ-наас шалгалт хийсэн. Үргэлжилж ч байгаа. Дулааны аргаар боловсруулсан махаар хиам, бууз хийх боломжгүй. Энэ талаар мэргэжлийн холбоод, холбогдох судалгаа хийсэн судлаачидтай хэлэлцүүлэг хийсэн. Хиамыг нойтон махаар амталж бэлтгэдэг. Дулааны аргаар боловсруулсан мах нь 80 градусын гүнд боловсруулагддаг. Өөрөөр хэлбэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Үүгээр хиам, бууз хийх боломжгүй, ямар нэгэн асуудалгүй гэдгийг мэргэжлийн холбоод, судлаачид хэлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, 2022.06.16

ХЭНД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦСОН БЭ?

Өнгөрөгч гурван сарын хугацаанд өрнөсөн процессыг ийнхүү хураангуйлан хүргэлээ. Харин хэнд ямар хариуцлага тооцов.

Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөв

Өнгөрөгч долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилласан.

Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Иймд Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2,3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэрбээр “Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм.

ХЭНД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нийгэмд өөрийн байр суурийг хүчтэй илэрхийсэн. Тодруулбал, тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой.

Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно” хэмээсэн билээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд