No menu items!
HomeХүмүүсМонгол киноны чимэг болж, сэтгэлд хоногшсон дүрүүд

Монгол киноны чимэг болж, сэтгэлд хоногшсон дүрүүд

-

Бид “Хүмүүс” буландаа сэтгэлд хоногшсон дүр, дүрийг бүтээсэн үе үеийн эрхэм уран бүтээлчдийг онцолсоор ирсэн билээ. Энэ удаад Монгол киноны чимэг болж, сэтгэлд хоногшсон туслах дүрүүдийг онцолж байна. Монголын урлагт эдгээр уран бүтээлчдийн оруулсан үнэтэй хувь нэмрийг дуурсгах нь зүйн хэрэг билээ.

Цоохор морины панзчин буюу Д.СЭДЭД

Цоохор морины худалдаачны дүрийг нь л дурьдахад хангалттай, энэ л дүрээр ард түмний сэтгэлд тамгалж чадсан уран бүтээлч бол Д.Сэдэд. 1968 онд “Өглөө” киноны энэхүү дүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшон үлджээ.

Дорж гэж хүний өргөмөл хүү тэрбээр залуудаа жигтэйхэн ганган, Мөнгөн Тэгнээ гэж нэртэй явсан юм гэдэг. Тэрбээр Төв аймгийн Лүн сумд төрсөн бөгөөд аймгийнхаа клбут уран сайханч, Соёлын ордонд жүжигчнээр ажиллаж байв.

Түүний тайзнаа анх бүтээсэн дүр нь З.Ойдовын “Далан худалч” жүжгийн Сэнгээ аж. Дараа нь “Учиртай гурван толгой”-н Балган ноён, “Равжихын гэр бүл”-ийн Сангибазарын дүрийг бүтээжээ.

1954 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж, Армийн театрт мөн уран бүтээлээ туурвиж, хожим Хүүхэд Залуучуудын театрт ажиллаж байсан энэ эрхэмд ард түмэн аль хэдийнээ Гавьяат байтугай түүнээс ч дээд цол хайрласан. Харин төр нь үнэлээгүй. Гурван ч удаа Гавьяатад тодорхойлуулж байсан, Соёлын тэргүүний ажилтнаар тодорхойлсныг нь тэтгэвэртээ гарсан гээд хасаж байсан удаатай юм билээ.

“…Хүү минь ээ, надад найман төгрөг л өгнө үү дээ”

“Гарын таван хуруу” кинонд хөрш эмгэн тугалны пүнзний цонх хагалчихлаа гээд хоолны мөнгийг нь аваад гардаг хэсэг бий. Тэр хэсэгхэн зуур үзэгдэл хэн бүхний сэтгэлд тодрох нь гарцаагүй. “Энэний дээдэх манай цонхыг хагалчихаад хөөрхөн аргагүй бөндөг, бөндөг гээд гүйгээд явчихаж байхгүй юу. Хүү минь ээ, цас шуурч бороо орвол муу нялх тугалаа оруулдаг юм л даа. Хөөрхий тугал маань л хэцүүдэх байх даа…” гээд л найман төгрөг нэхэмжилдэг шүү дээ.

Тэр дүрд Дарханы театрын жүжигчин С.Хандсүрэн гуай тогложээ. 1982 он бүтээсэн энэ киноны зургийг Дарханд авсан учир Дарханы театрын жүжигчдэд эпизодны дүрүүдэд тоглох боломж нээлттэй байжээ. Тэрбээр мөн 1989 онд Ж.Сэлэнгэсүрэн найруулагч “Мартагдсан дууль” киноны хөрш эмгэнд тоглосон байдаг.

“Гарьд магнай”-ийн Ядам өвгөн буюу Р.ДАМДИНБАЗАР

Урлагт сайхан залуу, сайн аав, сайхан өвөө, хээгүй сайхан монгол эр хүний дүрээр мөнхөрсөн нэгэн эрхэм бол Р. Дамдинбазар билээ. “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны жолооч Самдан, “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Гэндэн, “Гарьд магнай” киноны Ядам өвгөн зэрэг олон сайхан дүрийг нь үзэгчид андахгүй.

 Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1928 онд төрж, 20 настай 1948 онд цэргийн албанд явж, Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимчнөөр 3 жил ажиллаад 1951 онд халагдахдаа Хүүхэлдэйн театрын жүжигчнээр очжээ. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, найруулагч Г.Чойжамц нарын гар дээр очиж, тэд урлагийн их замд хөтлөн оруулсан гэдэг. Хөгжим сайхан тоглодог болохоор анх хөгжимчнөөр орсон ч удалгүй жүжигчин болсон.

Дамдинбазар гуай анх 1961 онд Д.Жигжид найруулагчийн “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Самдангийн дүрд тоглосноор кино урлагт хөл тавьжээ. Уг дүрийг чадварлагаар бүтээж, улмаар “Монгол кино” гэх их айлд хөл тавьсан байна. Түүнээс хойш Монголкино үйлдвэрийн бүтээсэн олон киноны гол болон бусад дүрүүдэд өөрөө тоглосноос гадна монголын жүжигчдийн бүтээсэн киноны дүрүүдийн дууг оруулдаг байв. Дамдинбазар гуай 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Түүний бүтээсэн бас нэгэн сайхан дүр бол “Гарьд магнай” киноны Ядам өвгөний дүр билээ. “…үгүй ээ тэр чинь хань ижилтэй хүн шүү дээ. Яагаа вэ, Далайцэрэн хүү…” гэж Аравсал ноёныг ирэхэд хэлдэг үгийг үзэгчид санаж байгаа байх.

“Төрийн минь сүлд өршөө, найман хүүхдийн минь буян заяа дэлгэрч яваг”

“Би нисэх дуртай” кинонд олон хүүхэдтэй эцэг хүний дүрийг Г.Доржсамбуу бүтээсэн билээ. “… Хандаагаас хоёр ихэр хүүхэд гарсан. Тийм. Хүү, охин хоёр. Ах аа, та хоёр өлгий явуулаадхаарай” гэдэг хэсгийг санаж байгаа байх.

1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж, УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан энэ эрхэм “Найрын ширээний ууц”, “Нора”, “Нийгмийн санаа”, “Туйлшрал”, “Альбин”, “Цусан тахилга”, “Өрлөг жанжны өчил” зэрэг олон арван жүжиг, “Найрын ширээний ууц”, “Монголын гурван өдөр” уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн.

Доржсамбуу найруулагчийг үзэгчид “Говийн зэрэглээ”-ийн Арслангийн дүрээр нь андахгүй. Найруулагч Б.Балжинням энэхүү дүрийг зөвхөн түүнд зориулсан юм гэдэг. Энэ талаар түүний гэргий Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цолмон “Б.Балжинням гуай эхнээсээ Арслангийн дүрээ Г.Доржсамбууд зориулсан юм. Харин найруулагч Р.Доржпалам эхэндээ “Тэр чинь хотын хүүхэд. Нээх урт сахал самбаатай энэ дүрд тохирохгүй” гэсэн гэдэг. Манай хүн чинь натурт гарчихсан байхад араас нь очсон. Эхний зураг авалтаар Р.Доржпалам гуайн өнөөх эргэлзээ тайлагдсан гэсэн. Арслан хөдөөний хээгүй, тракторчин. Г.Доржсамбуугаас их хол дүр л дээ. Гэхдээ үзэгчид Арслангаар нь таньж, хүндэлдэг. Энэ хүндлэл л энэ дүрийг хэрхэн бүтээснийх нь том илрэл юм болов уу” хэмээсэн байдаг.

“Нийслэл хүү” киноны Ягаан Гажид буюу Ц.ЦЭНД-АЮУШ

“Нийслэл хүү” киноны Ягаан Гажидын дүр зөвхөн Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюушт зориулагдсан хэмээн урлагийн ахмад үеийнхэн онцолдог.

Цэнд-Аюуш гуай долдугаар ангиа төгсөөд Хүүхдийн театрын дагалдан жүжигчин болж байсан бөгөөд 17 настайдаа Драмын театрын үүдээр явж байгаад “Жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарыг хараад л шууд ороод шалгуулсан юм гэдэг. 300 гаруй залуус шалгуулж, 4-5 нь тэнцсэний нэг нь тэр байлаа. Ийнхүү 1954 онд Хүүхдийн театрт дагалдах жүжигчнээр орж байсан түүхтэй.

“Нийслэл хүү” кинонд 23 насандаа тоглосон байдаг юм. Тэрбээр, “Нийслэл хүү” киноны зураг авалт 1968 онд болсон. Жүжигчинд зориулж дүр бичнэ гэдэг тийм ч амаргүй. Ванган багш маань намайг чадна гэж бодож байсан болохоор зориуд энэ нэрийг өгсөн гэдэг. Эхэндээ үнэхээр хэцүү санагдаж билээ. Киноны хар зургийг үзчихээд их сандарсан. Багшийг загнах байх гэж их айсаар сууж байтал “Молодец Цэнд-Аюуш” гэхийг сонсоод нэг тайвширч байсан удаатай. Кино маань ч Уран сайхны зөвлөлөөр батлагдаж, хүмүүс намайг Ягаан Гажид гэж дуудах болсон доо. Хэдийгээр би гол биш туслах дүрд ч хүрэхгүй тэрхэн хэсэгт тоглосон хэрнээ өөрийгөө их л дайчилж байсныг санадаг. Бага ч болов тус киног чимэж өгсөнд өнөөдөр баярлаж сууна. Үнэндээ бол энэ миний сайных ч бишээ. Багшийн минь л ач юмаа” хэмээсэн байдаг.

Цэнд-Аюуш гуай “Өглөө” кинонд Хамгаалахын Дамирангийн хадам эх Лхамд тоглохдоо 33-хан настай байсан байдаг. Киноныхоо талаар “Энэ кино Улс төрийн товчоон дээр очтол буцаагдсан гэдэг. Бодоогийн дүрийг тодруул гээд киног нь батлаагүй юм билээ. Ванган багш зохиол дээр шөнөжин суугаад миний дүрийг олж. “Хоёр туулай хөөсөн хүн ганцаараа үлддэг юм гэсэн Бодоо минь” гээд үглэдэг хэсгийг нэмж оруулсан. Би тэр хэсэгхэн дүрд тоглоод киног баталж байсан гэдэг” хэмээн дурссан нь тэмдэглэгдэн үлджээ.

“Би чамд хайртай”-ийн Балбар буюу Н.ЦЭВЭЭНРАВДАН

“Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагч, “Ирж яваа цаг” киноны Шагдар, “Би чамд хайртай” киноны Балбар, “Ингэх гээд байсан юм” киноны Дэрмээгийн дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон Н.Цэвээнравдан нь 1950 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төржээ. 1974-1978 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод театр кино, хөгжмийн дээд сургуульд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Харин  1969-1972 онд ардын цэргийн албыг хаажээ.

1972-1974 онд УХЗТ-т дагалдан жүжигчнээр ажиллаж байсан юм. 

Нэрт жүжигчин Н.Цэвээнравдан 1978-1980 онд Дундговь аймгийн соёлын ордны найруулагч байв.  Дундговь аймгийн ХДТ-т найруулагчаар ажиллаж байхдаа намын хурлын концерт найруулж байтал намын дарга ажилд нь оролцоод байж л дээ. Тэгэхээр нь “Намаас өмнө урлаг байсан юм” гэж шуудхан хэлсэн талаар нөхөд нь дурссан байдаг. Тэрээр 1980-1983 онд УХЗТ-ын жүжигчин, 1983-1987 онд УДЭТ-ын жүжигчин, 1987-1991 онд “Тоншуул” сэтгүүлийн “Учиртай инээд” хамтлаг, 1991-1992 онд УДЭТ-т жүжигчнээр тус тус ажиллаж байв.

“Ямар балай нь ийм балиар юм бичиж, гудамж талбай бузарладаг байна аа. Ёстой үзэл сурталгүй юм” гээд ийш тийш харах 20-р байрны Балбар. Энэ дүрийг дурсахгүй өнгөрч болохгүй. “Би чамд хайртай” кино нь 1985 оны 8 сард дэлгэцнээ гаржээ. Н.Цэвээнравдан гуайн бүтээсэн тэр хэсэгхэн агшин хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн байдаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд