No menu items!
HomeХэн юу хэлэвЭмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлын талаар тэд юу гэв?

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлын талаар тэд юу гэв?

-

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудал олны анхаарлыг татаад буй. Энэ талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээлэл байр суурийг нэгтгэн хүргэж байна.

С.Амарсайхан: Мах боловсруулах 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон шалгаж байна

Шадар сайд С.Амарсайхан: Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.

Тавдугаар сарын 10-наас МХЕГ-аас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Эмээлтэд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт хяналт шалгалт хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Шалгалт үргэлжилж байна.

Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийнэ.

Б.Баасандорж: “Эм Ди Си Пи” компанид зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:  Монгол Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүнээс 61 нь экспортын мах бэлддэг бөгөөд 31 нь БНХАУ руу мах гаргаж байгаа юм. Эдгээр 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар махаа бэлддэг. Дулааны аргаар бэлтгэх шаардлагыг хоёр улсын протоколоор тавьдаг. 

Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдийн гомдол, гарч буй мэдээллийн дагуу хийдэг бол урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалтыг хийдэг юм.

Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн хуулиар шийддэг бол гэмт хэргийн шинж илэрвэл Эрүүгийн хуулиар шийддэг. Тухайлбал “Эм Ди Си Пи” компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш. Энэ нь эрсдэлтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

З.Мэндсайхан: Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Бид энэ эрхийг өгдөг асуудалд ойлголтоо цэгцлэх ёстой. Мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй. Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.

Тэдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээг өгдөг. Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд.

Мал эмнэлгийн мөшгөх системийг бид гаргаж, аль цэгээс бэлтгэгдээд Улаанбаатар хотод орж ирж байгаа талаар мөшгөх системээр Мал эмнэлэгт хяналт тавьдаг.

Дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.

Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.

О.Амартүвшин: Үүсээд байгаа нөхцөл мах махан бүтээгдэхүүний экспортод сөрөг нөлөө үзүүлэхээр байна

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Эмээлтийн махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж иргэдэд бодитой, тодорхой мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байна.

Бараг хоёр жил махны экспорт хийгдээгүй. Олон компанийн үйл ажиллагаа доголдсон, хүндхэн байгаа. Стандарт дүрэм журмаа мөрдөж буй олон компани бий.

Өнөөдрийн нөхцөл байдал төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон хурд ямар байгааг харуулж байна. Авлига нэхэх ашиг сонирхолтой үед бүгд л компаниудын үйл ажиллагаанд саад хийдэг. Хариуцлага хүлээх болохоор эзэн олдохгүй.

Махны бизнестэй холбоотой ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ бүр Гадаад харилцааны яам хүртэл бид асуудлыг мэднэ гэцгээдэг. Эцэст нь бизнес эрхлэгчид л хохирдог.

Одоо үүсээд байгаа нөхцөл мах махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа экспортод нэлээд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Махны холбоо үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мэргэжлийн холбоод шинэ түвшинд гарах хэрэгтэй болсон гэдгийг ч харуулж байна. Салбараа хамгаалах, асуудал үүссэн бол яаралтай хянан шалгах, засаж залруулах ёстой. Мэргэжлийн холбоод мэргэжлийн танхим болох ёстой гээд байгаагийн агуулга нь ч энэ юм

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд