No menu items!
HomeЭмч зөвлөж байнаӨ.Цолмон: Зүрхний өвчнөөс болж даралт ихэсдэг гэсэн ойлголт байхгүй

Ө.Цолмон: Зүрхний өвчнөөс болж даралт ихэсдэг гэсэн ойлголт байхгүй

-

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлгээр “даралт ихсэлт” сэдвийн хүрээнд АШУҮИС-ын Зүрх судасны тэнхимийн эрхлэгч, хүний их эмч Ө.Цолмон дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Толгой, хүзүү хөших, байнгын толгой өвдөх, хавагнах зэрэг нь даралттай холбоотой шинж тэмдэг мөн үү?

– Ер нь толгой өвдөх, хүзүү хөших нь түгээмэл шинж тэмдэг. Олон шалтгааны улмаас илэрдгийн нэг нь цусны даралт ихсэлт байж болно. Гэхдээ зөвхөн толгой өвдөх шинж тэмдэгээр даралт ихсэлттэй гэж оношлохгүй. Тиймээс цусны даралтаа хэмжиж байж даралтнаас болсон эсэхийг тодруулах боломжтой.

Цусны даралт ихсэхэд өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй тул ямар нэгэн шинж тэмдэгээр даралт ихэссэн байна гэж хэлэх боломжгүй юм. Толгой өвдөх, эргэх, хүзүү хөших нь даралт багасах, ядрах, тархины цусан хангамж багасах үед ч илэрч болно. Тиймээс заавал цусны даралтаа хэмжиж байж мэднэ.

Даралт ихсэлтийн үед хамгийн түрүүнд гэмтдэг бай эрхтнүүдийн талаас шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, тархины талаас уур уцаартай болох, амархан ядрах, анхаарал сарних, толгой өвдөх, зүрхний талаасаа зүрх өвдөх, зүрх дэлсэх гэх зэрэг шинжүүд илэрч болно. Гэхдээ эдгээр нь өвөрмөц шинж тэмдэг биш учраас өөр олон өвчний үед илэрч болно. Энэ ч утгаараа даралт ихсэлтийг “чимээгүй үхэл”, “чимаагүй тахал” гэж нэрлээд байгаа юм.

-Цусны даралтыг заавал мэргэжлийн эмчид очиж хянуулах ёстой юу, гэртээ даралтны аппаратаар хэмжээд, хянаад явж болох уу?

-Саяхныг хүртэл цусны даралт ихсэлт гэдэг оношийг эмчийн үзлэгээр тодорхойлдог байсан. Харин орчин үед үүнийг гэрийн нөхцөлд оношлох боломжтой гэж үзэж байгаа юм. Зөв хэмжих нь чухал. Буруу хэмжиснээс болоод даралтны түвшинд янз бүр гардаг. Даралтаа зөв хэмжихийн тулд эхлээд сандал дээр тэгш сууна. Хөлийн ул шалан дээр тэгш байрласан байна.

Гарын байрлал цээжний түвшинд, ширээн дээр байрласан байх бөгөөд электрон багажны манжетны урт өөрт тохирсон байх нь чухал. Даралтаа хэмжихээс өмнө давсгаа сулласан байна. Учир нь давсаг шээсээр дүүрэн байвал даралт ихсэх хандлага байдаг. Даралтанд нөлөөлдөг учир хэмжихээс 30 минутын өмнө кофе, архи, тамхины хэрэглээг зогсоох хэрэгтэй. Ингээд даралтыг хэмжих хугацаандаа хөдөлгөөөнгүй тайван байна. Гар, хөлөө хөдөлгөх юм бол дахин хэмжих шаардлага гарна. Эдгээрийг мөрдлөг болгосноор даралтаа зөв хэмжиж болно.

-Энэ өвчин яагаад эрүүл мэндийн салбарын анхаарлын төвд байна вэ?

-Цусны даралт ихсэлт бараг айл өрх болгонд тулгардаг эрүүл мэндийн асуудал. Энэ нь нэгдүгээрт, тархалт ихтэй буюу насанд хүрсэн хүн амны ¼ нь даралт ихсэлттэй байна. Хоёрдугаарт, хүндрэл элбэг. Гол хүндрэл бол тархины цус харвалт бөгөөд үүний шалтгаант нас баралт нь дэлхийн дундаж түвшнээс дөрөв дахин их байна. Даралт ихсэлтэд зөвхөн хувь хүний эрсдэлт хүчин зүйлээс гадна нийгмийн хүчин зүйлс хамаарна. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, стресс зэрэг.

Монгол Улсын хэмжээнд даралт ихсэлттэй хүмүүсийн ойролцоогоор 25 хувь нь өөрийгөө даралт ихсэлттэй байна гэдгийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл, даралт ихсэлттэй 500 мянган хүний 100 мянга нь мэддэггүй. Эдгээр нь даралтаа огт хэмжүүлж байгаагүй, гол төлөв 18-35 насны эрчүүд байдаг. Даралтаа хэмжиж, эрт илрүүлэх нь хамгийн чухал.

-Даралт ихсэлт залуужиж байгаагийн гол шалтгаан нь юу юм бол?

-Үндэсний статистик судалгаагаар даралт ихсэлттэй хүмүүсийн ойролцоогоор 32 хувь нь даралтаа өөрөө хэвийн түвшинд хянаж чадаж байна гэсэн дүн  гарсан. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 68 хувь нь даралтаа хэмждэггүй, даралт бууруулах эмийг эмчийн заавраар уудаггүй.  Энэ байдал тархины цус харвалтад хүргэж байна. Даралтны эмээ уудаггүй, ууж байгаад орхичихдог нь цус харвалт үүсгэх эрсдэлтэй. Эмээ цаг тухайд нь хоол шиг хэрэглэдэг хүмүүст цус харвалт тохиолдох нь ховор гэдэг нь олон жилийн туршлагаас харагдаж байна.

-Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулна. Үүнд даралт ихсэлт өвчний эрт илрүүлгийн  үзлэг, шинжилгээ багтаж байгаа. Иргэд үүнд хэр зэрэг анхаарлаа хандуулах ёстой бол?

-Эрт илрүүлэг нь өөрт зовиур байхгүй, даралт ихсэлттэйгээ мэддэггүй хүмүүст зориулагдсан. Тавдугаар сарын 1-нээс насанд хүрсэн нийт хүн амыг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулна. Энд олон төрлийн өвчний эрт илрүүлэг багтаж байгаагийн нэг нь цусны даралт ихсэлт. Энэ эрт илрүүлгэд 18-35 насны эрчүүд хамрагдаасай. Энэ насны эрчүүд даралт ихсэлттэйгээ мэддэггүй нь судалгаагаар нотлогдсон.

-Цусны даралт ихсэлт гэж юу вэ?

-2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан насанд хүрэгчдийн артерийн даралтын оношилгоо, эмчилгээний зааварт зааснаар “гурваас доошгүй удаа үзүүлсэн, нэг үзүүлэхдээ 2-оос доошгүй удаа цусны даралтаа хэмжсэн тохиолдолд даралт 130/80 буюу түүнээс ихсэхийг цусны даралт ихсэлт гэнэ” хэмээн тодорхойлсон. Өмнө нь 140/90-ээс дээш байвал даралт ихсэлт гэдэг байсныг өөрчилсөн.

Тараагуур буюу артерийн судасны дундуур гүйж байгаа цусны урсгал нь судасны хананд үзүүлж байгаа даралтыг цусны даралт гэх бөгөөд энэ нь дээд болон доод даралт гэж ангилагдана. Зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусаа цааш том судсууд руу шахах үеийн даралтыг дээд даралт гэх бөгөөд хэвийн хэмжээ нь 100-129 мм.муб. Зүрх агшисны дараа цус зүрх рүү орж, зүрх цусаар дүүрэх бөгөөд энэ үеийн даралтыг доод даралт гэнэ. Энэ нь хэвийн үед 60-79 мм.муб байна.

Даралтын түвшин насны ангиллаар харилцан адилгүй байна. Нас ахих тусам ихэсдэг. Харин 20-25 насны залуучуудын хувь 90/60 ч хэвийн байх нь бий.  

Зөвхөн нэг удаа даралтаа хэмжүүлэхэд 140/90-тэй байвал шууд даралт ихсэлттэй гэж оношлохгүй. Дор хаяж гурван удаа үзүүлж байж, Өрхийн эмчдээ тодорхой хугацаанд хянагдаж байж оношлогдоно. Нэгэнт онош тогтоосон тохиолдолд нэмэлт шинжилгээ буюу шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, нүдний угийн дуран хийлгэнэ. Үүний дараа эмийн бус эмчилгээ хийх үү, эмийн эмчилгээ хийх үү гэдгийг эмч үзэж, эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний хариуд тулгуурлаж байж шийднэ.

-Зүрхний өвчин, бөөрний даралтаас шалтгаалан даралт ихэсдэг гэж ярьдаг?

-Цусны даралт ихсэлтийг шалтгаанаар нь хоёр ангилдаг. Анхдагч даралт ихсэлт буюу даралт ихсэх өвчин нь нийт даралт ихсэлтийн 90-95 хувийг эзэлдэг. Энэ нь тодорхой шалтгаангүй харин тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр 35-аас дээш насныханд анх удаа илэрдэг.

Харин бөөрний гаралтай гэдэг нь залуу үед эхэлдэг, явц нь нэлээд хүнд, доод даралт илүү ихэсдэг, эмэнд тэсвэртэй зэрэг онцлогтой. Энэ нь нийт даралт ихсэлтийн 5-10 хувьд тохиолдоно.

Үүнийг Өрхийн эмнэлгийн түвшинд нотлох боломжгүй учраас лавлагаа шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ хийж байж юунаас болсныг тодруулж болно.

Зүрхний өвчнөөс болж даралт ихэсдэг гэсэн ойлголт байхгүй. Харин эсэргээрээ даралт ихсэлттэй удаан хугацаанд явах юм бол зүрх байнгын ачаалалтай ажиллаж, үйл ажиллагаа нь алдагддаг.

-Даралтны эмийг хэр удаан уух вэ?

-Хэрэв даралт 140/90 буюу түүнээс дээш байвал, эрсдэлийн үнэлгээгээр өндөр гэж гарвал шууд эмийн эмчилгээг эхэлнэ.  Олон улсад хийгдсэн судалгаагаар даралт ихсэлттэй хүн хоёр эмийг хослуулан хэрэглэж байж даралтаа хянаж чаддаг байх нь. Эмийн гаж нөлөө илрэхгүй бол хоёр дахь эмийг бага тунгаар өгөхөд үр дүн илүү байдаг нь нотлогдсон зүйл.

Даралт ихсэлт эхэлж байгаа эхний хоёр жилд даралт хэлбэлздэг. Энэ үед эмээ тохируулахад амаргүй. Эм уухаар даралт хэт доошилж, эмээ хэрэглэхийг зогсоодог. Ийм тохиолдолд эмчдээ хандаж, эмийн тунг эргэж харах хэрэгтэй.

24 цаг даралтыг хэмжих аппаратыг өргөн хэрэглэж байна. Үүнийг хувийн болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хийлгэж болно. Энэ нь даралтын хэлбэлзэл, эмийн үйлчлэх хугацаа зэргийг тодорхойлж, эмээ зөв сонгоход ч чухал ач холбогдолтой. Даралтны эмийн үйлчлэн хугацаа харилцан адилгүй. Зарим нь 24 цаг, зарим нь 7-8 цаг байх жишээний.

24 цагаар даралтыг хэмжих боломжтой болсноор шөнө унтаж байх үед даралт хэр байгааг мэдэх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед “шөнийн даралт ихсэлт” гэсэн нэр томьёо яригдаж байна. Эрүүл хүн унтаж байх үед даралт 10-15 мм.муб-аар багасдаг. Харин ингэж буурахгүй, эсэргээрээ ихсэж байвал “шөнийн даралт ихсэлт” гэнэ. Ийм шөнийн даралт ихсэлттэй хүн үүрээр цус харвах эрсдэл өндөр байдаг. Ингэж оношлогдсон тохиолдолд эмийг заавал унтахаасаа өмнө ууж байх хэрэгтэй.

Нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Урьдчилан сэргийлэлтийг анхдагч, хоёрдогч гэж ангилна. Анхдагч урьдчилан сэргийлэлтэд давсны хэрэглээг багасгах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхийг хязгаарлах зэрэг багтана.  

Мэдээж даралт ихсэлттэй хүний зүрх ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн хийхээр зүрхний цохилт, зүрхний хүчил төрөгчийн хэрэгцээ, даралт ихэснэ. Энэ үед зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсэх эрсдэл ихэснэ. АНУ-ын Спортийн холбооны зөвлөмжид зааснаар хэрэв фитнессээр хичээллэх гэж байгаа 35-аас дээш насны хүн бол заавал эхлээд зүрхний ачаалалтай бичлэг хийлгэ гэдэг. Үүнийг манайд нэвтрүүлмээр байгаа юм. Учир нь өөрийн ачаалал даах чадварыг мэдэхгүйн улмаас зүрхний шигдээс болсон, харвалт өгсөн тохиолдол цөөнгүй.

-Цус шингэлэх Аспириныг хэрэглэвэл даралт бууруулна гэдэг ойлголт хэр үнэнд нийцэх вэ?

-Аспирин нь цус шингэлэх үйлчилгээтэй. Даралт ихсэлттэй хүнд зүрх, судасны үнэлгээ хийж, эрсдэл өндөр байгаа тохиолдолд судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа өгдөг. Гэхдээ тухайн өдөр даралт өндөр байх юм бол аспириныг уухгүй өнжих хэрэгтэй. Даралт өндөр үед аспирин уувал цус харвах эрсдэл ихэсдэг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд даралт ихсэлт тохиолдох нь цөөнгүй?

-“Жирэмсний даралт ихсэлт” гэсэн тусгай онош байдаг. Жирэмсэн болсноос хойш 20 долоо хоногийн дараа даралт ихсэж байгаа бол жирэмсний даралт ихсэлт гэж үзнэ. Үүнээс өмнө ихэсвэл даралт ихсэх хуучтай байсны шинж. Жирэмсний даралт ихсэлтийн үед ууж буй эмэндээ маш сайн анхаарах хэрэгтэй.

-Ковид19 халдварын дараа даралт ихэсдэг боллоо гэх хүмүүс цөөнгүй байна. Энэ яг юунаас болж байна вэ. Ковид тусаад даралт ихэсдэг болчихов уу, хууч байсан гэсэн үг үү?

Энэ бол хоёр талтай.  Нэгдүгээрт, угийн даралт ихсэлттэй байсан хүн ковидын халдвар авсны дараа сэдрэх явдал цөөнгүй тохиолдож байна. Нөгөө талаас угийн даралт ихсэлтгүй ч ковид туссаны дараа шинээр даралт ихсэх тохиолдол байгаа. Ямар ч байсан энэ тохиолдолд даралт ихэссэн хүнтэй адил зарчмаар явагдана. Урьд нь даралт ихсэлттэй байсан уу, анх удаа илэрч байна уу гэдгийг шинжлэх хэрэгтэй.

Анх удаа ихэсч байгаа бол бусад эрхтэндээ нөлөөлсөн эсэхийг шинжлэх нь чухал. Даралт ихсэхэд хамгийн түрүүнд өртдөг дөрвөн эрхтэн нь тархи, зүрх, бөөр, нүдний уг юм. Эдгээрт өөрчлөлт илрэх юм бол хоёр, хүндэрсэн байвал гуравдугаар үе шатандаа орсон байна гэж оношлоно. Энэ тохиолдолд даралт бууруулах эмийг тогтмол уух шаардлагатай болно.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд