No menu items!
HomeТүүхЖанждын жанжин Сүбээдэй баатрын ялгуусан түүх

Жанждын жанжин Сүбээдэй баатрын ялгуусан түүх

-

Сүбээдэй баатар Чингис хааны үнэнч албат, Монгол цэргийн их жанжин, Чингис хаан болон Өгөөдэй хааны цэргийн гол стратегич, тактикийн мэргэжилтэн, агуу байлдан дагуулагч байлаа. Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд хэмжээг тогтоосон. Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтад хүрч байлаа. Унгар, Польшийн хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулж амжилттай хэрэгжүүлснийг өнөөдөр ч цэргийн мэргэжилтнүүд судалсаар байдаг.

Түүхчид Сүбээдэй баатрыг одоогийн Монгол нутаг дахь Онон голын эх хэсгийн баруун талд нь 1176 онд төрсөн гэж тооцоолдог. Тэр бол Монголын Урианхай аймгийн хүн юм. Сүбээдэйн гэр бүл, Тэмүүжиний гэр бүлийнхэнтэй олон үеэрээ хамтрагч, холбоотон байжээ. Сүбээдэйн элэнц өвөө Нэрби нь Монголын Тумбина Сэцэн хааны холбоотон байжээ. Сүбээдэйн эцэг Жарчиудай, Тэмүүжинийг Балжун нуурын эрэгт хүнд хэцүү байх үед нь хоол хүнсээр хангаж, түүний хамтрагч болж байсан бөгөөд Сүбээдэйн ах Зэлмэ мөн Монгол цэргийн жанжин болж, Тэмүүжиний дотны анд нөхөр, есөн өрлөгийн нэг нь явжээ. Зэлмэ жанжин мөн дайны талбарт хүзүүндээ үхлийн шарх аваад байсан Тэмүүжиний амийг аварч байсан түүхтэй. Мөн Сүбээдэйн өөр нэг ах Чаурхан (Чахурхан ч гэдэг) Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар “Соёмбо” сонинд бичихдээ “XIII-XIV зуунд Монголын эцэг, хүү, ач гурав аян дайнаараа дэлхийн бүслүүрийг хоёр тойрсон. Чингис хааны жанжин Сүбэдэй  баатар /1175-1248/ Номхон далай, Атлантын далайн хооронд дайтаж 60 гаруй их, бага тулалдаанд ялж гарсан. Түүний хөвгүүн Урианхадай жанжин /1201-1273 он/ Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай таван хааны төрд зүтгэж Төвд, Вьетнам, Хятадыг байлдан мөхөөжээ. Түүний хүү Ачу /1233-1287 он/ 60 сая хүн амтай Хятадыг байлдан мөхөөж, Хятадыг Монголын аугаа их эзэнт гүрний бүрэлдэхүүнд оруулжээ. Судалгаагаар дэлхийд ийм их газар орон, хүн амыг байлдан дагуулсан эцэг, хөвгүүн жанжин байдаггүй гэнэ. Уг судлаачийн барагцаа тооцоогоор эцэг хүү гурвын байлдааны зам нь дэлхийн бүслүүрийг хоёр удаа тойрсонтой дүйх тооцоо гарсан. Дэлхийн цэргийн урлагийн түүхэнд ийм үзэгдэл огт байдаггүй” хэмээн бичсэн нь гайхалтай.

Сүбээдэй баатар Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд Зэв ноёнтой хамтран хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм.

 Анх 1189 онд Тэмүжинг Монгол аймгийн хаан болох үед Сүбээдэй Урианхай аймгаасаа салж Чингис хааныг дагахаар ирсэн билээ. Түүнээс хойш Чингис хааныг салалгүй дагаж олон байлдаанд оролцон, гавьяа зүтгэл байгуулж явжээ. 1203 онд Хэрэйд аймгийг мөхөөх дайнд оролцож гавшгайлан байлдаж гавьяа байгуулав. 1204 онд хүчирхэг Найман улсыг мөхөөх аян дайнд оролцож Хубилай, Зэв, Зэлмэ зэрэг нөхөдтэйгээ хамт дөрвөн хошууч болж Найман аймгийн гол цэргийг устгахад гол үүрэг гүйцэтгэжээ.

1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараа өөрийн олсон хүн амаараа мянган байгуулах онцгой эрх олгож мянгатын ноён болгожээ. 1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлаар мордох үед Сүбээдэй жанжин нэгэн түмэн цэрэг дайчилж Мухулай, Зэв нарын хамт хошуучлан явжээ. 1214 онд Сүбээдэй жанжин Алтан улсын хуучин нутгийг байлдан эзлэв. 1217 онд Чингис хааны зарлигаар төмөр тэрэгт цэрэг морийг дайчлан Мэргэд аймгийн үлдэгдлийг нэхэн устгахаар Дундад Азийн Амударья мөрөн хүртэл тууж Мэргэдийн Тогтоа Бэхийн хөвгүүн Хуту, Чулуун хоёрыг баривчлан иржээ.

1219 онд Чингис хаан их цэрэг дайчлан Хорезм улсыг дайтахаар мордох үед Сүбээдэй баатар их цэргийн хошуучаар томилогдож, Зэв жанжны хамтаар Хорезмын Мухаммед султаныг нэхэмжлэв. Сүбээдэй баатрын хамт Зэв явсан бөгөөд Чингис хаан явахад нь Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө хэмээн зарлиг буулгасан юм.

 Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсаар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30000 цэрэгтэй тулж бут ниргэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспийн тэнгисийн зүг дутаахад Сүбээдэй мөрийг нь мөшгин явсаар ирэхэд Мухаммед шах Каспийн тэнгисийн нэгэн эзгүй арал дээр үхсэн байжээ. Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайжан, Гүрж, Арменыг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулсан. Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд комануудыг ивээлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбээдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90000 орчим цэргийг 20000 орчим цэргээрээ бут ниргэсэн юм. Энэхүү тулаан нь алдарт Калка голын тулаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Арга ухаант, хашир Сүбээдэй, хүний санаанд багтамгүй эрсдэл гаргах зоригтой Зэв жанжны хамт энэ тулаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад Ижил мөрний орчим Булгарын хаант улсын цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бут ниргүүлэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн Чингис хаантай нэгджээ.

Сүбээдэй жанжин Европ руу

Сүбээдэй жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн ид хав, жанжин хүний ур чадвараа Богд эзэндээ харуулж, итгэлт хүн нь болсон юм. 1226 онд Чингис хааныг дагаж Тангуд улсыг байлдан олон хот цайзыг эвджээ. 1227 онд Чингис хаан Тангудын газар нас нөгчсөнд алтан хүүрийг нь хамгаалж Монгол орондоо буцсан бөгөөд Өгэдэй хааны үед Алтан улсыг дайлсан олон байлдаанд оролцож, Алтан улсыг мөхөөхөд чухал үүрэг гүйцэтгэжээ.

1227 онд Их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгөдэй хаан Зүрчидийн Алтан улс руу хараагаа чиглүүлж, Тулуй болон Сүбээдэй баатраар энэхүү аян дайнаа толгойлуулсан гэдэг. Энэхүү аян дайн 4 жил үргэлжилж Алтан улсын хаан амиа хорлосноор Их Монгол улс болоод Алтан улсын хооронд 20 гаран жил үргэлжилсэн дайн бидний өвөг дээдсийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн юм. 1235 онд Их гүрний нийслэл Хархоринд их Хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Сүн улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах болон Европ руу аян дайн хийх гэсэн 2 чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгойлж, Сүбээдэй баатрыг зөвлөх жанжнаар томилсон нь дэлхийн түүхэнд үлдсэн агуу их байлдан дагууллын эхлэл байжээ.

Дээрх хуралдайгаас нэг жилийн дараа буюу 1236 онд Бат, Сүбээдэй нар баруун зүг цэргээ аван хөдөлжээ. Энэхүү аян дайныг ахмад хөвгүүдийн дайн ч гэдэг бөгөөд Ахмад хөвгүүд өөрсдийн харъяат цэргээ авч явсан төдийгүй эзлэгдсэн Хорезм, Туркменстан, Уйгур зэрэг улсуудаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбээдэй баатар шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд 1238 онд Оросын томоохон хот Владимир хот болон 14 хотыг эзлээд байв. Энэхүү эзлэгдсэн хотын захирагчид, Оросын вангууд, орон гэргүй болсон Оросын иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч мөн л бут ниргүүлжээ.

Үүний дараа Сүбээдэй, Бат нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Сайо голын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаанд Бела вангийн 65000 цэргийг мөн л бут ниргэсэн юм. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хувь заяаг шийдсэн гэдэг. Учир нь энэ тулааны эхний тулгаралтад их гарз амссаны дараа Бат хаан тулалдахаас татгалзаж, нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбээдэй баатар “Хаан эзэн минь би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй” хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бела вангийн 65000 цэргийг өөрсдийн 30000 хүрэхгүй цэргээрээ бут цохижээ.

Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбээдэй баатар Алтан улсыг Тулуйн хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурдсан. Энэ үеэр Алтан улсын жанжин Хада, Ваньяан нар ялагдал хүлээн олзлогдсоныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбээдэй баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбээдэй баатартай уулзуулахад тэрбээр “Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагднам” хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбээдэй жанжны алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм!!!

Сүбээдэй баатрын төгсгөл

Сүбээдэй баатар болон Бат хааны Европ дахь аян дайн Өгөдэй хаан тэнгэрт хальсан гэсэн мэдээг авснаар зогссон бөгөөд Сүбээдэй жанжин эх нутагтаа эргэн ирж, нас бартлаа төрийн их сайдаар ажиллаж байжээ. Гүюг хааныг нас барсны дараа 1249 онд Бат хаан Сүбээдэй жанжны Европыг эзлэх төлөвлөгөөний дагуу их байлдан дагуулал хийхээр зэхэж байхдаа насан өндөр Сүбээдэй жанжинг энэ үйл хэрэгтээ авч яваагүй бөгөөд харамсалтай нь Бат хаан өөрөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж чадалгүй 1255 онд насан өөд болжээ. Сүбээдэй баатар 1176-1249 он хүртэл 73 насыг наслахдаа Монголын 3 их хаадын төлөө хүчин зүтгэж явсан бөгөөд Өмнөд Хятадаас Европ тив хүртэл Евроазийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулсан юм. Энэ хугацаанд тэрбээр 60 гаруй тулаанд орж, ялагдал гээчийг мэдэрч үзээгүй билэээ. Ийм түүх зөвхөн Чингис хааны жанжинд, Чингисийн Монголд л байна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд