No menu items!
HomeТүүхАфганистанд зорчсон тэмдэглэл: "Танай Монгол цэргүүд л жинхэнэ армиар амьсгалах юм аа"

Афганистанд зорчсон тэмдэглэл: “Танай Монгол цэргүүд л жинхэнэ армиар амьсгалах юм аа”

-

Сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэлийн 2010 онд Афганистан улсад зорчсон тэмдэглэлийг хүргэхийн өмнө үл нуршин багахан тайлбар мэдээлэл өчсү. Исламын бүгд найрамдах Афганистан улсаас АНУ болон “Умард Атлантын Гэрээний байгууллага”-ын гишүүн орнууд, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах ажиллагаа явагдаж буй. Үүний дагуу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд олон жилийн турш оролцож буй Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусаад эхнээсээ эх орондоо ирж байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Умард Атлантын гэрээний байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд зэвсэгт хүчин, улс орныхоо нэрийг дэлхийд дахин гаргасан их үйлсийн эхний цаг үе тэртээх 2010 онд Монголоос Афганд зорчсон сэтгүүлчийн үзэгт хэрхэн бууж байсныг сонирхуулах гэсэн юм.

Афганистанд зорчсон тэмдэглэл

Германы Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд байхад бидний очих гэж зорьж яваа Афганистан оронд цагийн байдал (2010 оны дөрөвдүгээр сар) таагүй байгааг зурагтаар харуулж байв. Цагийн байдал гэдэг маань цас борооны тухай ойлголт биш юм шүү. Афганд сүүлийн гучаад жил дайн тулаан болжээ. Бидний очдог дөрөвдүгээр сарын 4-нөөс хоёрхон хоногийн өмнө Кундуз хотын ойролцоо л гэхэд Германы Хөдөлмөрийн яамны сайдыг д э л б э л э х э э р отож байсан амиа золиослогчид гурван ч цэргийн а м и н д  хүрч, сайдын бие хамгаалагчид нь ч нутгийн хэдэн иргэнийг б у у д с а н эмгэнэлт явдал гарч л дээ. Франкфурт хотноо зөөлөн шиврээ бороо намирна. Энэ намуухан хотоос үдшийн бүрийгээр тэнгэрийн унаа хөлөглөн Кабул руу одов.

Есөн цаг гаруй нисэхдээ цагийн зөрүүгээс ч болсон уу хажуугийн хоосон суудлуудаа эзэгнэн дуг нойронд дугжирч явцгаалаа. Германаас Афган руу цөөхөн зорчигч явж байгаа нь гурав дахь онгоцоо сольж унасан монголчуудад зол болсон хэрэг. Өглөөний зургаан цагийн үед Кабулд газардав. Онгоцны цонхоор харахад уулархаг нутаг юм. Исламын бүгд найрамдах Афганистан улс 1919 онд Их Британийн колониос ангижирч, 1979 онд ЗХУ цэргээ оруулж дай таж эхэлсэн түүхтэй. Бүтэн 10 жилийн энэ дайнд ялагч тодроогүй төдийгүй д а й т агч хоёр тал ихээхэн хохирол амссан байдаг. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан хуучин “стан”-уудын хил залгаах Афганы хотуудаас орос ах нарын үй олноор нь аймаглан уст гасан жирийн иргэдийн ц о г ц о с хэдэн мянгаараа гарч ирсээр байгаа юм билээ. Афганы таван настай жаал ч оросуудыг шуудхан б у у д ч и х д аг байсан тухай уншиж байсан. Энэ үнэн аж. Зөвлөлтийн цэрэг гарснаас хойш энэ улсад иргэний дайн дэгдэж, засгийн эрхийн төлөө тэмцэлдэх болсноор амар жаргалыг олсон өдөр өнөөг хүртэл үгүй гэнэ. Сүүлийн 30 гаруй жил дайны болж байгаа учраас өдий хэрийн насныханд а л а а н х я д а а н байдаг л зүйл болж оюун санаанд нь хоногшсон нь ойлгомжтой.

Афганистан эртнээс нааш төв Азийн торгоны зам дайран өнгөрдөг худалдаа нүүдлийн чухал түшиц газар. Манай их хааны үр сад Хүлэг хаан, Доголон Төмөрийн угсааныхан энэ газар оронд олон зуун жилээр ноёрхлоо тогтоож байж. Тэдний удам судрын хазаар монголчууд энд олноороо амьдардаг гэсэн. Манай наймаачид л болсон хойно хазаар моголчуудтай садагнасаж Кабулд худалдаа наймаа эрхэлдэг сүлжээтэй болжээ. Афганд суурьшсан монголчууд энхийг сахиулагч монгол цэрэг эрстэй уулзах хүсэлтийг хэдэнтээ тавьсан ч манай зэвсэгт хүчнийхэн тэдний амь нас, аюулгүй байдлыг бодолцон уулзах сонирхолгүй байгаа юм билээ. Кабул, Улаанбаатарын цагийн зөрүү гурван цаг гучин минут. Монголчууд бид ажилдаа ирж байхад афганууд нойрсч байна гэсэн үг л дээ. Кабулын олон улсын онгоцны буудал дээр газардах үед аргагүй л дайн байлдаантай нутагт ирж байгаа нь илт байв. Онгоцны буудалд байлдааны том том онгоцууд уяаны морьд шиг “живхэрцгээнэ”. Нисдэг тэргүүд нь гэхэд асар майхан доор саатаж байна.

Афган орон эдүгээ 29 сая хүн амтай гэсэн албан ёсны тоо баримт байна. Чингэтэл бүүр 31 сая гэх мэтгэлцээн ч байна. Магад тийн бол манайхаас даруй арав хорь дахин илүү хүн зонтой ажээ. “Хүний олноор хүнийг барьдаггүй” гэж бага байхад сумын атаманууд хэлдэг байж билээ. “Эвтэй л бол гуравхан сая монголчууд эднээс илүү юм даа” гэх омогорхол төрж байлаа. Бид цөөхүүлээ тусмаа л нягтрах ёстой. Афганууд харин тийм ч эвсэг ард түмэн биш юм. Нөгөө нэг аюултай дайралт болсныг хүн төрөлхтөн санаж байгаа байх. Америкийн хоёр өндрийг унагаад л. 2001 оны есдүгээр сарын 11-нээс хоёр хоногийн өмнө Афганы үндэсний баатар болсон аугаа хүнийг амиа зо лиослогч нэгэн сэтгүүлч болж очоод камертайгаа д э л б э л с э н байдаг. Афганистаны 31 мужийн дийлэнх олонхийг талибууд эзэлж байна. Ерөнхийлөгч Хамид Карзайн Засгийн газар ний нуугүй хэлэхэд улсын нийслэл Кабулаа ч хянаж чадахгүй байгаа юм. Монголыг би авилга, хээл хахуульд автсан гэж төсөөлж явлаа. Харамсалтай нь Афган бол зуун хувь энэ аалзны торонд хумигдсан гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагууд эрхэм Ерөнхийлөгчийг “улс орныхоо төлөө авлигаа бууруул аа” гэсэн шахалтыг үзүүлээд байгаа юм билээ.

Афганистаны үндэсний армийг байгуулах гэж АНУ, НАТО-гийн цэргийн эвсэл, тэр байтугай Монголын Зэвсэгт хүчин чармайлт тавьж байна. Талибын зэвсэгт бүлэглэлүүд нэг ажиллах хүчнийг сарын 100 гаруй ам.доллараар хөлслөн ажиллуулдаг гэсэн. Тиймээс нэг ёсондоо “манай” талынхан Афганистаны үндэсний армийн цэрэг эрсийг 160-аас дээш ам.доллараар цалинжуулж байна. Харамсалтай нь энэ мөнгөний 10 хүрэхгүй хувь нь цэргүүдийн гар дээр очдог юм гэсэн. Үлдсэн 90 хувь нь дарга нарынх нь гарын салаагаар урсана гэсэн үг л дээ. Энэ бол миний л олж сонссон тоо. Афганистан улс яагаад дэлхийн халуун цэг болсон бэ гэвэл,  мусалман шашны хэт бүлгэрхэгч талибанууд нөгөө нэг “алдартай” Осама бин Ладены толгойлдог “Аль Кайда” байгууллагын илэрхий дэмжлэгтэйгээр Афганистаны 18 мужид хяналтаа тогтоон, улмаар хөрш зэргэлдээ Пакистан улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх болжээ. “Хүн хэлээрээ” гэдэг ч ер үгийг үл тоомсорлох тул аргагүйн эрхэнд АНУ тэргүүтэй “манай талынхан” цэргээ оруулсан байгаа юм. Монгол Улс олон улсын террозмын эсрэг байгаагаа илэрхийлсэн учраас өнөө Афганд 200 гаруй цэргийн албан хаагчаа илгээгээд байна.

Чингэс хааны төмөр төрийн бодлогыг залгамжлагч монгол эрс ч дарийн утаа үнэртсэн харийн улсад үүргээ нэр төртэй биелүүлж буйг нүдээр үзэж сэтгэл өндөр ирлээ. Энэ цагийн Зэв, Сүбээдэй болсон Монгол цэргийн сүлд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нарын Афганистан улс дахь айлчлалын зорилго үнэндээ тусгаар Монгол Улсын шинэ тунхаглал байсан билээ.

Афганистанд дайны байдалтай байгаа гэсэн дуулиан олон нийтэд түгээмэл байдгийг ирснээсээ хойш мэдэрч байна. Уулзсан хүн бүхэн л “За байдал ямар байна. Буудуулж үзэв үү” гэх янз бүрийн асуултаар булах юм. Төрийн шагналт яруу найрагч З.Дорж 1987 онд энэ улсад очоод ирэхдээ “Душманд б у у д у у л с а н нь” гэсэн шүлэг бичсэн байдаг. Афганд сүүлийн гурван сард 52 халдлага болжээ. Нэг сарын дотор 52 зэв сэгт хал длага үйлдэнэ гэдэг бага тоо биш нь ойлгомжтой. Энэ улсад хар тамхины үйлдвэрлэл, ядуурал, омог аймаг хоорондын зөрчил газар авчээ. Дэлхийн хар тамхины наймааны 80 гаруй хувийг Афганистан дангаараа эзэгнэдэг гээд бодоход аймшигтай. Эвслийн цэргийн удирдлагуудын ганц эмээдэг юм нь хар тамхинд цэргүүдээ оруулчих вий гэсэн айдас байх юм. Захын нэг афган нөхөр ирээд л “Хэдхэн доллар аа хө” гээд бүтэн уут героин шиддэг гэж байгаа юм. Манай дайчдын хувьд хүн төрөлхтний айдас болоод байгаа тэр муу зуршлаас харин ч нэг хөндий нь сайхан юм даа. Тэр хар тамхины ургамал нь ямар ч тордлогогүйгээр багсайтал ургадаг болохоор мянга сайхан амьдралын баталгаа амлаад, үнэгүй эмнэлэг, сургууль барьж өгөөд ч хар тамхины наймааг зогсоож дийлэхгүй байгаа гэсэн. Талибанчууд “Ард иргэд болон дэд бүтцийг тэсэлж дэлбэлдэг халдлагаа зогсоож, эвслийн цэргийн эсрэг үйл ажиллагаагаа ихэсгэнэ” гэсэн мэдэгдлийг сүүлийн үед гаргах болжээ. Энэ нь шашин шүтлэг нэгт ахан дүүсийнхээ нөмөр нөөлгийг алдах вий гэсэн болгоомжлол ажээ.

АНУ-д ихэр цамхгийг дэл бэлсний дараа Ерөнхийлөгч Жорж Бушийн тэргүүлсэн Засгийн газраас Афганистан улсын тухайн үеийн Талибаны засаг захиргаанд таван заалттай тулган шаардлага өгчээ. Энэ тулган шаардлагад Аль-Кайдагийн бүх удирдагчийг барьж, АНУ-д шилжүүлэн өгөх, Афганистаны шоронд байгаа гадаадын иргэдийг суллах, террористуудыг бэлтгэж буй сургалтын хуарангуудыг хаах, террористууд болон тэднийг дэмжигчдийг баривчилж холбогдох байгууллагуудад шилжүүлэх, бүх террорист хуарангуудад АНУ-ын мэргэжилтнүүд шалгалт хийх боломж олгох гэсэн заалтууд багтсан байжээ. Афганчууд америкчуудын үгийг тоолгүй, хатуу чих гаргасан учраас 2001 оны аравдугаар сарын 7-нд АНУ, Их Британи улсууд Талибаны зэвсэгт хүчин, Аль-Кайдагийн байрлалыг агаараас бөм бөгдсөнөөр үндсэндээ дайн эхэлжээ. Ерөнхийлөгч Хамид Карзай сөрөг хүчний дайчдыг энх амьдралд шилжүүлэх талаар багагүй ажил хийж байгаа юм байна. Тэрээр “Аль-Кайда”-тай хамтран ажиллахаас татгалзсан Талибаны дайчдад Засгийн газраас өршөөл үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Тэр ч байтугай зэвсэгт тэмцлээс татгалзсан Талибаны дайчдад зориулсан олон сая ам.долларын “Итгэлийн сан” байгуулах шийдвэр гаргасан. Харамсалтай нь Талибаны хөдөлгөөнийхөн энэ саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэн, гадаадын цэргийг гаргахаас нааш эвлэрлийн ширээнд суух боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Ийм ч учраас Афганистанд АНУ-ын тэргүүлсэн терроризмын ҮҮР уурхайг устгах зорилго бүхий “Тогтвортой эрх чөлөө”, энхийг сахиулах чиглэлтэй Аюулгүй байдлын тусламжийн олон улсын хүчин гэсэн цэргийн хоёр ч ажиллагаа явагдаж байна. НАТО-гийн болон төслийн гишүүн 44 орон цэргээ Афганистанд илгээж хандивласан цэргийнхээ тоогоор Монгол эхний аравт албан ёсоор бүртгүүлээд байгаа нь НҮБ, соёлт хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн баталгаа билээ. Эвслийн цэргийн хүчин 2009 онд 520 хүнээ ал даж, энэ он гарсаар 144 дайчин амь насаа а л д ж э э.

Монгол цэргүүд Афган орныг илбэн тохинуулахаар хүчин зүтгэж байна

Цагийн байдал ороо бусгаа байгаа ийм л үед Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын Афганистанд хийсэн айлчлал онцлог байлаа. Кабулын нисэх онгоцны буудлын тусгай өрөөнд Афганистан дахь Монгол цэргийн багийн захирагч, үндэсний ахлах төлөөлөгч, дэд хурандаа Д.Жавхланбаяр, АНУ-ын армийн төлөөлөгчид угтсан юм. Тэд бидэнд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга авчирчээ. Хантааз нь 12 кг, дуулга таван кг. Эхэндээ ч хүнд оргиод, хөлс цутгаад бэрх л байсан. Хаашаа л явна өмссөөр байгаад харин сүүлдээ дасчихаад тайлахаар салхи сийгэх шиг санагдаж байлаа. Энгийн хүний нүдээр харахад цэргийн амьдрал эрх чөлөөгүй ч юм шиг сэтгэгдэл төрөх юм. Хүн ер нь их сониуч амьтан. Ү х э л хажууд байгааг анзааралгүй явсаар хорвоог бардаг байх. “Ийм тайван байхад юун ч сүртэй юм” гээд Улаанбаатарынхаа гудманд байгаа юм шиг гарч зураг дармаар, хүн зонтой уулзмаар санагдана. Нисэх буудлаас Кабулын ногоон бүс болох “Эгтерс” бааз руу долоон км-ийн хөдөлгөөн үйлдэв. Сум нэвтэрдэггүй шил бүхий байлдааны тусгай жийп гаргажээ. Жолооч, машины дарга нар бүгд америк.

Урд, хойтох машинуудтайгаа хором бүрт холбоо бариастай. Гар хийцийн тэсрэх төхөөрөмжтэй амиа золиослогч хаанаас ч хамаагүй гарч ирээд бөмбөг тэсэлчихдэг учраас хамгаалалтыг өндөр хэмжээнд байлгахаас аргагүй байдаг биз. Жийпний бүүдгэр цонхны цаана Афганы хувьд жирийн л амьдрал хөвөрнө. Эрс нь урт цагаан цамц, өмд хослуулсан харагдана. Ядуу хүмүүс юм байлгүй нөгөө цагаан хослол бор болтлоо харласан ч байх юм. Хүүхнүүд нь хар, цэнхэр өнгийн гивлүүрээр нүүрээ битүү хулдаад осолдохгүй л нэг л сайхан бүсгүй явж байгаа даа гэсэн сэтгэгдлийг үлдээнэ. Расул Гамзатовын “Миний Дагестан”-д гивлүүртэй бүсгүй авчирч хуримаа хийсний хойно сөхвөл шүдгүй эмгэн гарч ирсэн тухай гардаг. Афганд бол тэр гивлүүрийн цаана шүдгүй эмгэн байтугай тэсрэх бөмбөг ч байж магадгүй л юм билээ. Ер нь эмэгтэй хүний эрхийг маш их “дээдэлдэг” газар л даа. Хүүхнүүд эр нөхрөөсөө өөр хүнд бугуйнаасаа хойших, шагайнаасаа дээших, цээжин тус газраа харуулдаггүй номгой гэх, Сүүлчийн зөнч Мухаммед тэгж айлдсан гээд энэ ёс заншилдаа харин ч нэг хир халдаахгүй дээ, хөөрхий. Зурагтаар энэтхэг кино гарлаа гэхэд цээжин тус газар нь жаахан л ил гарвал дөрвөлжлөөд л жирэлзүүлчихнэ. Кабулын телевизээр Америкийн элдэв янзын кино гарвал ёстой жинхэнэ “дайн” болох байх аа.

Л.Болд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Ерөөлцэнгэл нарыг “Эггерс” бааз дээр хүрэлцэн очиход манай цэргүүд төрийн дууллаа эгшиглүүлэн, хүндэт харуул жагсан хүлээж авсан юм. Ер нь АНУ, Герман болон бусад улсын цэргийн удирдах албаныхан “Танай Монгол цэргүүд л жинхэнэ армиар амьсгалах юм аа” гэж ярихыг олонтаа сонсч байлаа. “Цэргийн сүр жагсаалдаа” гэдгийн сонгодог жишээг тэд үзүүлж байгаа болохоор арга ч үгүй л дээ. Цэргийн баяраар монгол цэргүүд маань гардан тулааны үзүүлэх сургууль, жагсаалаа сонирхуулахад гадаадынхны нүд орой дээрээ гарч. Германы сувгаар цацагдан олон нийт нь талархалтай хүлээж авчээ. “Эггерс”-т манай 132 хүнтэй цэргийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Тэд маань тэнд таван сар гаруй болсон ч нүдэндээ цогтой байна. “Эх орон руугаа буцахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Юухан байх вэ” гэж тэд өгүүлж байлаа. Кабулын төвд оршдог “Эггерс” баазыг зүйрлэн хэлбэл хулгана ч юм уу, шоргоолжны үүрийг санагдуулам шигүү байрлалтай. Нарийхан гудмуудтай. Монголчууд маань “Эггерс” цэргийн бааз дотор монгол гэрээ аваачиж бариад, Чингэс хаантай хивс хойморт нь залж, Намсрай бурхнаа гүнгэрваалан тахисан байна лээ. Цагаан сараар бүхий л цэрэг, дарга насны эрэмбэ, ёсны эрхмээр тохой зөрүүлэн золгоцгоосон байна. Цэргүүдийн хоолны хангалт өөрийн сонголттой дээд зэргийн рестораны ангилалд багтана. Дуртай хоол, ундаагаа сонгож авдаг юм билээ. Шөнө дунд ч ресторан нь ажиллаж л байна. Афганистаны “Бурхан” хамгаалалтын албаныхан манай цэргийн багийн гадна талын хамгаалалтыг хариуцах юм. Монгол Улсаас Афганистанд энхийг сахиулж буй цэргийн анхны багийн төлөөлөл болсон ажиллагааны офицер, дэд хурандаа С.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.

-Та гадаад улс оронд хэд дэх удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа бол?

-Би гадаадад дөрвөн удаа үүрэг гүйцэтгэж байна. Иракт явж байлаа. НҮБ-ын ажиллагаанд хоёр удаа явж байсан Афганистанд таван сар боллоо. Афганистантай 1979-1989 он хүртэл ЗХУ дайтсан. 1989 онд дайн дууссаны дараагаас иргэний дайн дэгдсэн юм билээ.

-Афганистаны байдлыг бусад улс оронтой харьцуулахад ямар байна?

-Дайн болсон Ирактай л төстэй нөхцөл байдалд байна даа. Биднийг ирснээс хойш манай цэргүүдийн харуулын байрнаас 400 метрийи зайтай дэлбэрэлт болсон. Бидний үүрэг баазынхаа тайван байдлыг хангах үүрэгтэй.

-Афганд сүүлийн гучаад жил дайн тулаантай байлаа. Эндхийн хүүхэд багачууд хүртэл дайныг энгийн л нэг байдаг зүйл гэж ойлгодог байх. Харин таны хувьд айдас байдаг уу?

-Наад асуулт чинь харьцангуй ойлголт л доо. Бид айдаггүй гэж худлаа яриад яахав Хамгийн хэцүү нь энд шууд улаан нүүрээрээ тулалддаггүй ч гэсэн гэнэт унадаг дугуйтай, мотоцикльтой, машинтай нэг нөхөр хажууд ирээд өөрийгөө дэлбэлчихвэл яах вэ гэсэн сэрэмж байнга бидэнд байдаг. Ийм нөхцөлд амь нас маань өнгөрнө шүү дээ. Манай цэргүүд харуулд ирэх буцахдаа байнга зам хөндлөв гардаг. Амиа золиослогчид дийлэнхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж дэлбэлдэг. Тиймээс цэргүүддээ унадаг дугуй, машин, мотоцикльтонгуудаас болгоомжил гэж байнга захих юм. Нэг аюултай юм нь нөгөө эвгүй нөхдүүд чинь гэдсэндээ тэсрэх бодис зүүгээд эвслийн цэрэг бидний дунд ирээд дэлбэлэх магадлал өндөр байдаг. Иймээс бид ухаантайгаар энэ бүх аю улаас “эмээх” ёстой болдог.

-Эх орноосоо гараад таван сар гаруй болж байгаа юм байна. Ар гэрээ санаж байна уу?

-Би таван хүүхэдтэй хүн. Том хүүхэд маань 23, бага маань 12 настай. Бас болоо ч үгүй залуугаараа өвөө болчихсоон. Ар гэртэйгээ сард нэг удаа 10 минут ярих эрх бидэнд байдаг юм аа.

-Та энд ямар үүрэг гүйцэтгэж байна?

-Би энэ бааз дахь монгол цэргүүдийнхээ ажиллагааг хариуцдаг. Харуул хамгаалалт, баазын аюулгүй байдлыг яаж хангах вэ, тэсрэх бодистой машины халдлага, пуужин харвалтын үеэр яах вэ тэр бүхнийг л хариуцаж төлөвлөгөө боловсруулж, дээд удирдлагадаа танилцуулах үүрэгтэй хүн.

-Монголд бямба, ням гаригт амардаг даа. Энд яах вэ?

-Афганчууд тав дахь өдөр амарч, хагас, бүтэн сайнд ажилладаг. Бидний хувьд амралтын өдөр гэж байхгүй дээ.

-Монгол цэргүүд маань зургаан сарын үүрэг гүйцэтгэхдээ дунджаар 3600 ам.доллартай харьдаг юм байна. Офицеруудын хувьд арай илүү цалинтай биз?

-Та мэдэж байгаа байлгүй дээ. Манай цэрэг дарга ялгаагүй яг л адилхан мөнгө авдаг. Үүнийг хойшид манайхан анхаарч байхад илүүдэхгүй юм шиг байна лээ. Бид төрийн төлөө явж байгаа улс. Мөнгө төгрөг нь хамаа байхгүй ээ.

-Эх оронч үзэл гэдгийг та юу гэж боддог вэ?

-Манай цэргийн багт гадаадад сургууль төгссөн, үүрэг гүйцэтгэсэн олон хүн багтаж байгаа. Эх орныхоо нэрийг гаргаж дайн байлдаантай ийм бүс нутагт үүрэг гүйцэтгэнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал.

-Манай эрчүүдийг архичин, амьдралаа авч явж чаддаггүй л гэдэг. Гэтэл гадаадад ажиллах юм уу, үүрэг гүйцэтгэхээрээ магтагдаад байдгийн учир юу байдаг юм бол?

-Би 25 жил цэргийн алба хаасан хүн. Түүх судлах дуртай. Анзаараад байхад их Чингэс хааныхаа нэрийг боддог монгол хүний онцлог гэж байна. Дээр нь байгаль нь ч их эрс ширүүн уур амьсгалтай юм. Амьдрал ахуй ч ний нуугүй хэлэхэд хэцүү шүү дээ. Энэ бүх байдлаас ангижраад өндөр хангамжтай гадаадын цэргийн бааз дээр ирлээ гэхэд амьдрах ухааны хувьд хол тасархай нь анзаарагдаж байна.

Эвслийн цэргийн удирдлагуудтай уулзав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нарын Монголын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Афганистан улсад айлчлал хийхдээ тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай, Батлан хамгаалахын сайд Абдул Рахим Вардак нартай уулзах товтой байсан. Афганы сайд орон нутагтаа ажиллаад хараахан уулзаж завдаагүй. Харин Х.Карзай Ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөх америк офицер “Эггерс” бааз дээр хүрэлцэн ирж Л.Болд сайдад бараалхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг гардаж авсан юм. Манай Зэвсэгт хүчний төлөөлөгчид Афганистан дахь НАТО-гийн “Олон улсын аюулгүй байдлын туслах хүчин” ажиллагааг удирдагч, АНУ-ын цэргийн хүчний командлагч, генерал С.МакКристал, Афганистан дахь АНУ-ын аюулгүй байдлыг хангах шилжилтийн үеийн нэгдсэн хүчний орлогч командлагч, хошууч генерал Д.Хогг, Кабул дахь АНУ-ын цэргийн баазуудын аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг бүхий томилгоот хүчний командлагч, бригадын генерал Ж.Кульвер, “ИСАФ” ажиллагааны умард бүсийн командлагчийн орлогч, Швед улсын Зэвсэгт хүчний хурандаа Б.Сэндстром нартай албан ёсоор уулзсан билээ.

БХ-ын сайд Л.Болд, Афганистан дахь НАТО-гийн “Олон улсын аюулгүй байдлын туслах хүчин” ажиллагааг удирдагч, АНУ-ын цэргийн хүчний командлагч, генерал С.МакКристал нар

Эвслийн хүчний цэргийн дээд удирдлагад ажилладаг эдгээр хүмүүс монгол цэргийн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа чин сэтгэлээсээ харамгүй өгүүлж байсан. Генерал С.МакКристал гэхэд дэлхий дахинд нэрээ дуурсгаж яваа цэргийн жанжин билээ. Хэдий өндөр албан тушаал хашдаг ч их чөлөөтэй, энгийн харьцаатай хүн юм. Америк цэргийн хувцсаа ойрд лав тайлаагүй болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Тэрээр Иракийг чөлөөлөх дайныг удирдаж байсан нэгэн юм. Эдгээр өндөр албаны хүмүүстэй Л.Болд сайд, генерал Б.Баярмагнай, хурандаа Ч.Ерөөлцэнгэл нар англи, герман хэлээр чөлөөтэй харьцаж байсан.

Ер нь Афганд энхийг сахиулж буй монгол цэргүүд маань ч хэлний бэрхшээлгүй болжээ. Энэ нь манай цэрэг армийнхан дэлхийн түвшинд үнэлэгдэх өндөр боловсролтой болсны гэрч юм. Эвслийн цэргийн хүчин 2011 оны эхээр гэхэд 300 мянган хүнтэй Афганистаны аюулгүй байдлыг хангах хүчин, 150 мянган цагдаа бүхий хүчний байгууллагыг тус улсад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Өөрийн гэсэн арми, цагдаатай болчихвол Афган дотоодын зөрчлөө зохицуулаад байх биз ээ. Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх үйлст монголчууд маань ч гар бие оролцож, сургалтын хөдөлгөөнт багуудыг 2003 оноос томилон ажиллуулж буй нь сайшаалтай. Афганд голдуу Оросын зэвсэг, техникийг ашигладаг. Иймээс монгол офицер, цэргүүд тэдэнд артеллирийн чиглэлээр сурсан эрдмээ хангалттай хуваалцаж байгаа юм. Кабул хотод оршдог Олон үндэстний сургалтын нэгдсэн төв “Феникс”-т дэд хурандаа Ц.Дамдиндоржийн удирдсан 23 хүнтэй сургалтын баг афганчуудад их б у у г а а р яаж б у у д а х, байгаа хэрхэн зөв тооцоолох зэрэг цэргийн нарийн эрдмийг сургаж байна.   

Ээждээ л хурдхан очно доо

Хүний газар, хүний нутагт алба хашиж буй цэрэг эрст маань баяртай, гунигтай элдэв учрал өдөр өнжихгүй таардаг нь мэдээж. Харь хол, дайн байлдаантай газар тэд маань дан ганц хар амьжиргаа бодож, биеийн амрыг харан оддоггүй билээ л.  Ардаа санаа зовох аавтай ээжтэй, элгээ бэтгэртэл санах энхрий хань, нялх үрстэй хүний л үрс билээ, тэд. Харийн нутагт дарийн утаа үнэрлэж яваа эх орны эгэл жирийн дайчдад өөрийн нэрээс илүү эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгах гэсэн чин эрмэлзэл бий. Энхийг сахиулагч, цэнхэр дуулгатан тэд маань хэдхэн хоноод эх орондоо ирнэ. Цэрэг эрс маань нулимс унаган зовлон тоочихгүй ч амьдрал заримдаа хатуудаа хатуу билээ. Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас ирсэн, англи хэлэндээ ус цас Д.Мөнхбат хэмээх 32-хон настай ахмадтай дотно танилцсан минь санаанд тодхон байна. Хүүгээ сайн яваад ирэхийг ерөөн хоцорсон ануухан аав нь Мөнхбатыг Афганд очсоны дараахан бурхан болсон гашуудалт мэдээ арванхоёрдугаар сарын 4-ний тэр хүйтэн өдөр эх нутгаас нь ирсэн гэх. Халуун элгэн хүнээ алдсан ч тэрээр сэтгэлийн хатаар өнчрөлт өдрүүдийг үдэж явна. Тэрээр “Хүн чинь эрүүл саруул ойр дотнын хүнээ ийм хурдан буцчихна гэж боддоггүй юм байна. Эндэх албаа хаагаад ээждээ л хурдхан очно доо” гэж санаа алдан өгүүлсэн юм.  

 “38-тай аав” дууг тавь даа, миний хайр

 Эрчүүд л болсон хойнд нэгнийгээ “явуулах” үе мундахгүй. Гэргий хүүхдээ, санаж өрөөсөн бойтог, тоодгорхон бариувчийг нь орныхоо ард хадчихсан байх нэгэн ч таарч байна. Хайртай хань, үерхдэг охиноосоо ирсэн гэрэлт мессежүүдийг сэтгэлийн дэлгэцэндээ нандигнан хадгалж явцгаана. Хүний хамгийн сайхан гэрэл гэгээ хайрынхаа төлөө, холын холоос хонгор амрагаа үгүйлэн санахын жаргалаар баян улс юм, тэд. Хатуухан тоглоомтой нэг нөхөр анддаа “За хө, гэргий чинь хүүхдүүдээ аав, ээжийндээ орхичихоод шоудаж л явна даа хө” гэж л дээ. Найзынхаа үгэнд итгэсэн цэрэг эр гэргий рүүгээ залгаад “Хүү, охин хоёр аавынд байгаа” гэсэн хариу сонсоод хэд хоног хоол ундаа ч идэхээ байсан гэдэг. Хүнд итгэхээс илүү сайхан жаргал үгүй. Хуримаа хийгээд удаагүй нэг дайчин орой болгон халуухан янаг руугаа ярьдаг юм байна л даа. Мань эр гэргий рүүгээ утасдаж “Гэртээ байна уу” гэж. Эхнэр нь гэртээ байгаагаа хэлбэл нэг л итгэсэн шинжгүй “Миний хайр тэгвэл компьютерээ асаа даа” гэж байна гэнэ. Эхнэр нь асаалаа гэвэл “Тэр файлын тэддүгээрт байгаа “38-тай аав” дууг тавь даа” гээд дуу явахаар зэрэг хацар нь туяараад ирж байна гэж байгаа юм. Нэг ёсондоо үнэнчийн шалгалт авч байгаа байдал нь тэр байхгүй юу. Энэ мэт хөгжөөнтэй явдлууд огтхон ч тасардаггүй нь цэрэг эрсийн амьдралыг яруухан болгодог биз ээ.

Сайд Л.Болд цэрэг эрстэйгээ “Халуун элгэн нутаг”-аа хамтдаа аялж явлаа

Бид дөрөвдүгээр сарын 5-7-ныг хүртэлх гуравхан хоногийн дотор эвслийн цэргийн “KIA” баазын цэргийн эмнэлэгтэй танилцаж, “Файзабад”, Мазари Шариф зэрэг олон баазаар орох шаргуу төлөвлөгөөтэй довтолгосон билээ. Цэргийн эмнэлэгт нь халдлагад өртсөн нутгийн иргэд олноороо эмчлүүлж байна. Германы цэргийн “Файзабад” баазад хошууч С.Болдбаатарын удирддаг 42 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн салаа сэргээн босголтын багийн хамгаалалт, нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг юм билээ. Кабулаас Файзабад, Мазари Шариф хотууд руу Америк улсад үйлдвэрлэсэн сүүлийн байлдааны онгоцоор зорчсон юм. Дуу нь зориулалтын чихэвчтэй байхад л дөжирмөөр хайрхан билээ. Суудлын онгоцыг бодоход нислэг, буулт нь хатуу аргагүй ланжгар эд дээ. Монголын энхийг сахиулагч цэрэг эрсийн байрласан гурван бааз дээр  очсон. Очих бүрт л Төрийн дуулал маань эгшиглэж, хүндэт харуул жагсан угтах  нь сэтгэлд дотнохон үлджээ. Батлан хамгаалахын сайд Л.Болд, бригадын генерал Б.Баярмагнай нар “Эггерс” бааз дээр цэрэг эрстэйгээ нэг үдшийн хамтдаа үдэхдээ тэдний бэлдсэн тоглолтыг үзэж, төгсгөлд нь “Халуун элгэн нутаг”-аа дугуйран зогсч байгаад дуулцгаасан нь одоо ч чихэнд хоногшсон байна. Цэрэг эрс минь, Чингэс жанжны удам минь хаанахын хэнээс ч дутуугүй албаа хааж явна аа, элгэн халуун түмэн минь.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд