No menu items!
HomeОнцлохЛ.Мөнхзаяа: Италид тэтгэлгээр суралцах боломж өндөр

Л.Мөнхзаяа: Италид тэтгэлгээр суралцах боломж өндөр

-

Энэ удаагийн ярилцлагын буландаа дүрслэх урлагийн өлгий нутаг болсон Итали оронд долоон жил суралцаж, эх орондоо ирээд ирээдүй хойч болсон хүүхэд багачуудад сурсан мэдсэн эрдэм билигээсээ хуваалцаж яваа багш бүсгүйг онцолж, Италид хэрхэн суралцсан туршлагынх нь талаар яриа өрнүүллээ. Түүнийг Лутхүүгийн Мөнхзаяа гэдэг. Төгсөж ирмэгцээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг зорин суурьшиж, олон хүүхдийн хүсэл зоригийг бадраасаар буй.

-Сайн байна уу? Та уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

– Би график дизайнер, зураач мэргэжилтэй. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн багшаар ажилладаг. Италийн Перужа хотын дүрслэх урлагийн академийн уран зургийн ангид 7 жил суралцаж төгсөөд шууд Хутаг-Өндөрт ажиллахаар ирсэн.

-Та аль нутгийн хүн бэ? Яагаад Хутаг-Өндөрийг зорих болов?

-Би Архангай нутгийнх. Гадаадад бол Архангай, Булган, Эрдэнэтийнх байх нь хамаагүй шүү дээ. Монгол л бол монгол. Би 2018 онд амралтаараа эх орондоо ирээд Хөвсгөл явсан. Хөвсгөл явах замд Хутаг-Өндөрөөр дайрсан юм. Тэндхийн байгаль нь их таалагдсан учир ирээд энд амьдарна гэж шийдсэн. Тэгээд л эргэлзэх зүйлгүйгээр Монголдоо ирмэгцээ шууд Хутаг-Өндөрт ирсэн.

 – Юун түрүүнд та Итали улсыг сонгон суралцах болсон шалтгаан, хэрхэн суралцсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Мэдээж Итали бол дүрслэх урлагийн өлгий нутаг, голомт болсон газар. Дэлхийн ихэнх зураач, урчууд тэнд суралцахыг мөрөөддөг. Түүний нэгэн адил би ч мөн Италийг сонгон суралцахаар шийдсэн. Анх Итали-Монголын төвөөр зуучлуулж явсан. Очоод төгсөн төгстлөө 100 хувийн тэтгэлгээр суралцсан.  

Ер нь багаасаа л миний чаддаг зүйл зураг зурах байсан. Аав маань зураг зурахыг, ер нь хийж байгаа бүгдийг дэмждэг. Аав мэргэжлийн зураач биш хэрнээ сайн зурдаг, надад зурах үндэс суурийг маш сайн тавьж өгсөн гэж боддог. Арван жилийн сургуулиа төгсөөд МУБИС-ийн дүрслэх урлаг, дизайны сургуулийн хуваарийг авсан. Суралцаж, төгсөөд ажил хийж мөнгөө цуглуулаад үргэлжлүүлэн суралцахаар зорьсон. Гэвч цалингаа цуглуулж гадаад явж сурна гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл байсан учраас “Анхны алхам” хэмээх үзэсгэлэн гаргахаар шийдэж зургаа зарж борлуулснаар Италийг зорьсон доо. Өөрөө бүхнийг бүтээж, мөрөөдлийнхөө төлөө уйгагүй явсан.

Сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

 -Манай сургууль 1573 онд байгуулагдсан Италидаа төдийгүй дэлхийд эртнийхэд тооцогддог академи бөгөөд Италийн алдартай зураач Пьетро Ваннуччигийн нэрэмжит юм. Орон орны оюутнууд ирж суралцдагаас Хятад оюутнууд их.

Манай сургууль монгол сургууль шиг биш. Төгсөлтөөс өөр баяр ёслол, урлаг спортын наадам болдоггүй, харин бусад хотууд руу үзэсгэлэнд оролцох, үзэх гэх мэт аялалууд их хийдэг. Монгол сургууль олон ангитай, олон хүүхэдтэй байдаг бол манай сургууль уран зураг, баримал, дизайн, тайз засал гэсэн үндсэн дөрвөн л ангитай. Багш нар нь нэг газраа л ажиллаад байхгүй хот хотоор дамжин ажилладаг. Манайд Ромын академиас ч ирж багшилдаг байлаа. 

– Сургуульдаа элсэн суралцахад хэлний онооноос гадна ямар шалгуур тавигдаж байсан бэ, хэр удаан бэлтгэж байж сургуульдаа тэнцэв?

-Урлагийн сургууль учраас хэлний шалгалт нь айхтар хүнд байгаагүй. Намайг элсэн орж байхад хэлний шалгалт, ур чадварын шалгалт л авдаг байсан. Харин одоо урлагийн түүхийн шалгалт нэмэлтээр авах болсон. Би Итали улсад A1-A2 шат хүртэлх хэлний бэлтгэлд дөрвөн сар сурсан. Мэдээж хэрэг орчинд нь очиж байгаа учраас “чих онгойно”. Монголд хэлний бэлтгэлд суусан хүүхдүүд хэлний чадвар нэлээд сайн байдаг шүү. Ур чадвар голчилдог учраас элссэн хойно ч айхтар гүнзгий түвшний хэлний мэдлэг шаардагдаагүй. Бүтээлээ сайн хийгээд, ур чадвар сайн байвал амжилттай суралцдаг юм даа. Одоо бол Италид суралцах боломж нь намайг явж байсан үеийнхээс илүү сайжирсан.

– Тэтгэлэгт хамрагдахад ямар шалгуур тавигддаг юм бэ, сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү. Хаанаас мэдээллээ авч, юуг сайн бэлдэх хэрэгтэй вэ?

-Тэтгэлгийн хувьд Монгол-Италийн төвийг л зөвлөнө дөө. Тус төв очих үеэс эргэн ирэх хүртэл санаа тавьсан. Тэтгэлгийн материалыг нэг удаа бүрдүүлж өгөөд орхино гэж байхгүй, жил бүр бүрдүүлж өгдөг. Тэр бүрд Монгол-Италийн төвийн туслалцаа маш их байсан. Эхний жилдээ амьжиргааны түвшингээр монгол оюутнуудын ихэнх нь тэтгэлэг авдаг. Харин дараагийн жилээс сайн хичээж суралцаад, кредитээ заавал бүрэн цуглуулах хэрэгтэй. Бакалаврын түвшиндээ эхний жил дор хаяж 25 кредит цуглуулсан байх ёстой. Тэгж байж дараа жил нь тэтгэлэгт хамрагдах эрхтэй болно. 25-аас доош байвал шууд автоматаар хасагдаж, эхний жил өгсөн тэтгэлгээ буцааж авах аюултай. Тэгэхээр тэтгэлэг авсан бол маш хариуцлагатай хандаж, сайн сурах хэрэгтэй. Дараа дараагийн жилүүдэд суралцах кредитүүдийг заагаад өгнө.

Заавал онц сурж байж тэтгэлэг авдаг гэхээсээ илүүтэй кредитээ цуглуулж, тэнцэх нь л чухал. Тэтгэлэг нь муж мужаараа өөр байна. Манай мужид гэвэл 28-аас доош настай бол байр, хоол үнэгүй. Өдөрт хоёр удаа, өдрийн 16 еврогийн хоол өгнө. Хоолны амт, чанар асуудалгүй. Байр нь монголын оюутны байртай харьцуулахын арга байхгүй, тохилог. Байрнаас гадуур амьдарч байгаа хүүхдүүдэд байрны мөнгийг тусад нь нэмж олгодог. Илүү зардал гаргахгүйгээр зөвхөн тэтгэлгээрээ суралцаад ирсэн хүүхдүүд байдаг. Ер нь цэвэр тэтгэлгээр суралцах боломж өндөр.

Тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай бичиг баримтуудыг Монгол-Италийн төвөөс зааварлаж өгдөг. Үүнд, эцэг, эхийн орлогын тодорхойлолт, өөрийн үл хөдлөхийн тодорхойлолт оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг үндсэн баримт бичгүүдийг Италиар орчуулж, нотариатоор баталгаажуулах шаардлагатай.  

Хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломжтой байдаг. Миний хувьд хичээлийнхээ хажуугаар ажил хийж байгаагүй. Харин Монголоос “Мөнхийн үсэг”-ийн ажлыг авч хийдэг байсан. Би тус компанид дизайнераар ажилладаг юм. Суралцаж буй хүүхдүүд ажил хийдэг. Ихэнхдээ зөөгч хийнэ, буудалд ажиллана. Жуулчид их ирдэг учраас цагийн ажил их гардаг.

– Гадны соёлд дасан зохицоход хэр хугацаа зарцуулсан, ямар бэрхшээл тулгарч байсан талаараа хуваалцаач, юу таныг хурцалж байв?

-Дасан зохицоход маш их хугацаа зарцуулсан. Бараг хоёр жил надад хэцүү санагдсан. Учир нь хичээлээ болгоод яваад байгаа ч хэлний чадвар тааруухан байсан. Гол нь бичиг баримт бүрдүүлэх асуудал дээр хэлний мэдлэг маш их шаардлагатай болсон. Тиймээс хэлний мэдлэг маш чухал. Хэдий урлагийн сургуульд суралцах ч хэлний мэдлэгээ сайжруулахгүй бол хэцүү асуудлуудтай тулгарна.

Нэлээд удаан хугацааны дараа сургуульдаа танигдаж эхэлсэн. Хятад оюутнууд ихтэй болохоор анхандаа намайг Хятад л гэж боддог байсан. Яг хоёр жилийн дараагаас хамаг юмс жигдэрч, хичээлээ ч сайн ойлгож, сургуульдаа ч нэлээд нэр хүндтэй болж эхэлсэн дээ.

Яахав зарим хүүхдүүд орчиндоо хурдан дасан зохицдог л байх. Хүн бүр өөр өөр байдаг даа. Бүхний өөрийн биеэр туулж байж л цаашид хэрхэхээ шийднэ. Хүн өөрийнхөө мэддэг зүйлийг л хэлж өгнө шүү дээ. Тиймээс бусдын зөвлөгөөнөөс илүүтэй өөрөө туулж үзэх нь чухал. Суралцахыг зорьж байгаа бол зориглож очоод л, өөрийн биеэр бүхнийг үзэж туулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.  

Тэнд суралцаж байгаа хүн бүрт өөр өөрийн бэрхшээл тулгардаг байх. Нийтлэг тулгардаг бэрхшээл нь бичиг баримтны асуудал. Бичиг баримтын хувьд бусад орнуудын оюутнуудаас шаарддаггүй зүйлсийг монгол оюутнуудаас шаарддаг. Тавигдах шаардлага нь жил бүр өөрчлөгддөг. Тэр бүрийг цаг хугацаанд нь хоцроохгүй өгөхөд нэлээд асуудал тулгарна. Монгол-Италийн төвөөр зуучлуулж явсан тулдаа шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч байсан. Хувиараа очсон хүүхдүүд тэр болгоноос хоцордог талтай. Тэгж хоцорсон хүүхдүүдэд Монгол-Италийн төвийнхөн маань зааварлаж, зөвлөдөг дөө. Тэгэхээр аль нэг газар харьяалагдаж яваад бусдаас зөвлөгөө тусламж аваад явахгүй бол ямар нэг зүйлээс хоцорлоо л бол хугацааг нь сунгаад учирлаж гуйгаад болгочихно гэсэн зүйл байхгүй. Тэтгэлгийн материал бүрдүүлэх, оршин суух хугацаагаа сунгуулахаас эхлээд бүх юм цаг нартай. Тиймээс нэг нэгэнтэйгээ холбоотой байсан нь хамаагүй дээр.

-Гадаад оюутнуудад зориулсан ямар давуу хөтөлбөрүүд байдаг вэ?

-Ром, Флоренц, Венец, Болоньяа гэх мэт том хотуудад гарсан үзэсгэлэнг оюутнууддаа үзүүлдэг. Суралцаж байх хугацаандаа маш олон үзэсгэлэн, гоё зүйлс үзсэн.  Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэслэнг хангалттай үзнэ. Энэ маш том давуу тал. Ихэнх ориг бүтээлүүд Ромд цугладаг даа.

Эрасмус гээд оюутан солиилцооны хөтөлбөр бий. Түүгээр дамжуулан Европын орнууд руу явж болдог. Монгол оюутнууд их хамрагддаг. Ийм ийм улс орнууд руу явж болно гэдгийг түвшин түвшингээр нь гаргачихсан байдаг. Манай сургуулийн хувьд Европын бараг бүх орнуудад явах боломжтой. Эндээс чиний авьяас чадварт тохирсон чиглэл, орныг багш зөвлөнө. 3-12 сарын хугацаанд оюутан солилцоогоор явах боломжтой байдаг бөгөөд оюутан солилцооны төлбөрийг тэтгэлэг дээр нэмж олгоно. Би Ковидын халдвар гарахаас өмнө Польшид очиж суралцахаар төлөвлөсөн байсан ч халдварын улмаас явж чадаагүй.

– Та Итали хэлээ сайжруулахдаа ямар программ, вебсайт, аппликейшн түлхүү ашигладаг талаараа хуваалцахгүй юу?

-Хүн хүний арга барил өөр өөр. Миний хувьд программ, вебсайт ашигладаггүй. Монголд ном, сурах бичиг ховор. Сүүлийн үед Монгол-Италийн төвөөс хэд хэдэн сурах бичиг гаргасан. Тэдгээр сурах бичгүүдээс авна. Мөн кино үзнэ, бусадтай их ярилцана.  Хэлний бэлтгэлээ ашиглаад олон танилтай болох хэрэгтэй юм билээ. Италичууд их нээлттэй хүмүүс болохоор олон танилтай болох боломжтой. Харилцаж байж л хэл сайжирна.  

-Итали хүний онцлог зан чанарын талаар?

-Их нээлттэй, яриасаг, халуун дулаан хүмүүс байдаг. Англи хүмүүс ихэмсэг байдаг бол Италичууд тийм биш. Эмээ, өвөө нар нь инээгээд л очвол кофегоор дайлаад л эхэлнэ. Ер нь л их найрсаг хүмүүс байдаг.

Ярилцсанд баярлалаа

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд