No menu items!
HomeOther voicesСолонгост суралцъя гэвэл...

Солонгост суралцъя гэвэл…

-

М.Хонгорзулын Gigapost дээрх блогоос хүргэж байна

Энэ удаагийн зөвлөгөөгөөр гадаадад ялангуяа Солонгост суралцахыг хүсэж зорьж буй хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэ блогийг бичихийн тулд миний бие зуучлалын байгууллага, сургуульд бүртгэж өгдөг хувь хүмүүс хийгээд хувиараа бие даан явж сурсан хүмүүсээс авсан ярилцлага хийгээд өөрийнхөө зүгээс судалж мэдсэн ойлголтуудаа нэгтгэн бичихийг хичээсэн болно.  

Солонгост суръя гэвэл дор хаяж 1-2 жилийн өмнөөс төлөвлөж эхлэх нь зүйтэй

(Энэхүү агуулганд хэлний бэлтгэл болон зуучлалын талаар ойлголтыг хасан зөвхөн монголд хэлээ сураад шалгалтаа өгөөд явах тохиолдлыг авч үзсэн болно.)

Мэдээж гадаадад сурахын тулд тухайн орны хэлийг сурахаас авахаас ургаж гарч ирэх асуудлууд болон хийх хэрэгтэй зүйлүүд маш олон болдог. Заримдаа энэ толгой өвтгөх асуудлууд ч болж мэднэ. Гэхдээ тэр бүхнийг даван туулах бас санамсаргүй тохиолдлуудыг ч тооцоолоод 1-2 жилийн өмнө өөрийгөө бэлдэж эхлэх нь чухал юм. Ингээд хэрэг болохуйц хэдэн зөвлөгөөг хүргэе. 

1. Хэл сурах 

Солонгос хэл Англи болон бусад хэлийг бодвол Монгол хэлний бүтэцтэй зарим талаараа ойр учир хурдан мөн төвөггүйхэн сурах боломж их учир хурдалбал 4 сар, удаандаа 1 жилийн дотор сураад хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой болох боломжтой. Ингэж өгөөд оноогоо аваад шууд дээд сургуульдаа элсэн сурсан  хүмүүс ч олон байдаг. 

Солонгост очиж хэлний бэлтгэлд суралцана гэвэл мөн адил жил эсвэл 6 сарын өмнөөс бэлдэх хэрэгтэй. Бүрдүүлэх материал ч их. Гэхдээ хэлний бэлтгэл гэхэд л нэг семестр буюу 3 сарын төлбөр гэхэд ойролцоогоор 1,200,000 воноос эхэлдэг. 2 семестр суралцахад 2,400,000 вон (хамгийн багаар) буюу 5 сая орчим төгрөгийг зөвхөн хэлний бэлтгэлд л зарцуулна. Үүнээс гадна дотуур байр, амжиргааны зардал гээд талийж өгнө. Ялангуяа хэлний бэлтгэлээр очоод эхний 6 сардаа ажил хийх боломж тун бага байдаг учир ажиллангаа суралцана гэдэг ойлголт ерөнхийдөө л хүнд байх болов уу. (Гэхдээ тэгэж явдаг хүмүүс ч бас бий)

Тиймийн тулд монголдоо буюу энд сурч амьдарч байх хугацаандаа бага зардлаар (бие даан суралцахад бүр ч бага) суралцах нь цаг хугацаа хийгээд хөрөнгө мөнгөний маш их хэмнэлтийг хийчихэж байгаа хэрэг. 

Их сургуулиуд мэргэжлийн ангидаа элсэлт авахдаа Топик 2 буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 болон түүнээс дээш оноог шаарддаг. Ялангуяа анагаах болон бизнес удирдлага, эдийн засгийн чиглэл бол 4 болон 5-аас дээш оноог шаардах нь ч бий. (Сөүлийн Их Сургууль бизнесийн чиглэлдээ Топик 6 оноог шаарддаг). Монголд энэ төрлийн шалгалтыг жилд 2 удаа буюу 4 болон 11 саруудад авдаг ба хариу нь 5 болон 12 саруудад гардаг.Харин Солонгосын ихэнх их сургууль элсэлтээ түүнээс өмнө авчихдаг учир Топикоо өгөх гэж эсвэл хариугаа хүлээж байгаад хоцрох үе их. Тиймийн тулд ирэх жилийн 9 сард их сургуульд элсэхийн тулд энэ жилийн Топик-ийн шалгалтыг өгч хариугаа авч байж гэмээн сая ирэх жилийн намрын элсэлтэнд амжина гэсэн үг юм. 

Тэгэхээр хэрэв та ЕБС-ээс төгсөөд (5 сард) Солонгосын Их Сургуульд шууд сурахаар буюу 9-сард элсэхээр тооцно гэвэл ойролцоогоор өмнөх оны 11 сард Топик-ын оноотой байж сая материалаа явуулах боломжтой гэж ойлгож болно. 

2. Сургуулиа сонгох

Үүний дараачаар өөрийн боломжит сургуулиа сонгох явдал юм. Ихэнх сургууль ЕБС-ийн голч дүн, оноог хардаг. Өндөр голчтой байвал томоохон улсын сургуулиудад тэнцэх магадлал өндөр. Хэрэв дүндээ бага зэрэг итгэлгүй байвал арай гайгүй өөрт тань тохирох шалгууруудыг тавьсан их сургуулийг сонгох нь зүйтэй юм. Яг энэ сургууль, тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа сургууль руугаа л материалаа явуулсан нь дээр гэж хувьдаа зөвлөж байна. Учир нь элсэлтийн хураамж гэж сургууль болгоноосоо шалтгаалж 70000-100000 вон байдаг. Олон сургууль руу явуулах тусам таниас гарах зардал л ихэснэ. Тиймээс эртнээс яг нэг сургуулиа барьж аван тухайн сургуулийнхаа шаардлага, тэтгэлэг хэр өгдөг, элсэлтээ хэзээ авдаг, сургалтын төлбөр нь хэд, мөн өөрийн тань хүсэж байгаа байрлалд байгаа эсэхийг, гадаад оюутанд хэр ээлтэй зэрэг хэрэгтэй мэдээллээ цуглуулж сэтгэл санаа болон явуулах материалаа бэлдвэл хэрэгтэй гэсэн үг юм. 

Сонгож авсан сургуулийнхаа тухай мэдэх дараагийн асуудал бол элсэлт юм. Солонгосын их сургуулиудын эхний улирал буюу 1-р семестр 3-р сард эхэлдэг. Харин 2-р семестр 9 сард эхэлдэг. Ихэвчлэн монголоос ЕБС-ээ төгсөөд шууд сургуульдаа явна гэвэл дараа жилийн хаврын элсэлт буюу 3-р сард очих боломжтой. (Намрын элсэлтээр ороход төгсөхийн тулд дахин нэг семестр хүлээх тохиолдол ч байдаг гэж байсан) 

Ихэнх их сургууль тухайн улирлаасаа хагас жилийн өмнө элсэлтээ авч эхэлдэг гэхэд хэлсдэхгүй. Өөрөөр хэлбэл 

Хаврын элсэлт (3сар)-үүдийг өмнөх оны 7-8 сард бүртгэж, 11-12 сард хариугаа гаргах нь бий. 

Намрын элсэлт (9сар)-үүдийг тэр оныхоо 4-5 сард бүртгэж авдаг. 

Мэдээж хугацаа дөхүүлж авдаг сургуулиуд олон байдаг ч ихэнх нь хувийн өндөр төлбөртэй болон тэтгэлэг муу өгдөг сургуулиуд байдаг. Тиймээс томоохон их сургуульд элсэж оръё гэвэл эртнээс тухайн сургуулиа сонгож төлөвлөж эхлэх нь чухал юм. Мөн хэзээнээс  бэлдэж эхлэхээ төлөвлөхөд туслах болов уу. 

Солонгос улсад SKY их сургууль гэгддэг 3-н их сургууль бий. (Нэмэлт мэдээлэл*)

Seoul National University, Korea University болон Yonsei University гэсэн 3 сургууль бий. Бусад сургуулиа бодвол шалгуур өндөр, сургалтын төлбөр ч мөн адил өндөр. Элсэлтээ бусад сургуулиасаа өмнө бараг 7 сарын өмнө авчихдаг. Тэтгэлэг ч гайгүй олддог. Зарим мэргэжилдээ англи болон солонгос хэлний давхар оноог шаарддаг. Сурагчдаасаа мөн адил олон цагаар хичээллэхийг шаарддаг их сургуулиуд учир төгсөгчдийн хувьд ч хаана ч нүүр бардам дипломоо үзүүлж явдаг гэлцдэг. 

3. Бүрдүүлэх материал болон бүртгэл 

Их сургуулиуд ихэнх бүртгэлээ онлайн байдлаар түрүүлж авдаг. Түүний дараа материалуудыг нь судлаад тэнцсэн хүмүүсээсээ эх материалыг нь хүлээж авна.

Ихэнх сургуульд бүрдүүлэх материал ижилхэн учир юмыг яаж мэдэхэв гээд хэрэг болох үүднээс энд бичлээ. 

Бакалаврт: 

1. Апостил гэрчилгээ (Боловсролыг илтгэх бичиг баримт бөгөөд Гадаад Хэргийн Яамнаас очиж авдаг. Бакалаврт бол Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ аваад Гадаад Хэргийн Яаманд очиж анкет бөглөөд 20000 төг тушааж авдаг ба ажлын 3-5 хоногт гардаг)

2. Эцэг эхийн лавлагаа (Иргэний бүртгэлээс авна. 100 айлаас эцэг эх нь үнэн гэсэн төрөл садангийн лавлагаа авч орчуулж нотариатаар батлуулна)

3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар 

4. Топик онооны хуудас / англи хэлний оноо (эх хувиараа)

5. Гадаад пасспортны хуулбар

6. Иргэний үнэмлэх (Солонгост байдаг бол цэнхэр үнэмлэх)

7. Цээж зураг (файл хэлбэрээр мөн зургаар)

8. Бүртгэлийн хураамж (сургууль бүр өөр учир ойролцоогоор 70000-10000 вон бэлдэх)

9. Намтар (Солонгос хэл дээр)

10. Суралцах төлөвлөгөө (Намтар суралцах төлөвлөгөөг бичихдээ мэргэжлийн хүнээр бичүүлэх эсвэл маш сайн нягталж бичсэнээр сургуульд тэнцэх боломжтой болдог учир зүгээр л бодсоноороо бичих эсвэл тавигддаг ерөнхий асуултанд хариулагдахуйц биш байвал элсэлт хариуцсан ажилтан бусад материалыг чинь харалгүй хасах тохиолдол их байдаг тул заавал мэргэжлийн хүний зөвлөгөө авч эсвэл монголоороо стандартын дагуу бичсэний дараа орчуулуулах нь тохиромжтой юм шүү)

11. Банкны тодорхойлолт (20000$ буюу ойролцоогоор 24,000,000вон/олон сар байршуулах шаардлагагүй) 

Магистрын зэрэгт суралцах бол үүн дээр багшийн тодорхойлолт нэмэгддэг.

Мөн үүнээс гадна жил бүр оюутан элсүүлэхдээ банкны баталгаа, батлан даагч шаардахгүйгээр виз хүсэх боломжтой сургуулиудын жагсаалтыг шинэчилж зарладаг. Энэ жилийн хувьд 39 их сургууль багтсан ба Монголоос элссэн тохиолдолд виз хүсэхдээ батлан даагч болон 20000$ банкны баталгаа удаан шаардлагагүй болно гэсэн үг юм. Харин дээрх 39 сургуульд багтаагүй сургуульд элссэн тохиолдолд виз хүсэхээсээ нэг сарын өмнө 20000$ долларыг хөдөлгөөнгүй байршуулсан байх шаардлагатай ба батлан даагч нь 6-аас дээш сар НДШ төлсөн байхыг шаарддаг ба сурахаар явж буй оюутны амжиргааны зардал төлбөрийг хариуцах чадвартай байхыг шаарддаг. 

4. Тэтгэлэг 

Солонгосын их сургуулиуд Монголын их сургуулиудыг бодвол төлбөрийн хувьд өндөр байдаг. Монголд ойролцоогоор нэг семетрийн сургалтын төлбөр 1-2,5 сая орчим байдаг бол Солонгост үүнийг 2 нугалахуйц хэмжээнд байдаг гэж хэлж болно. Ийм өндөр төлбөр түүний дээрээс амжиргааны зардал болон байрны төлбөрөө нэмэхэд 4 жилийн хугацаанд маш их мөнгө шаардагддаг. Тиймээс ихэнх оюутнуудын хувьд тэтгэлгээр суралцах аргыг хайдаг. 

Тэтгэлгийн хувьд Засгийн газрын тэтгэлэг, хоёр орны хамтарсан тэтгэлэг, тухайн сургуулиас өгдөг тэтгэлэг, топик онооны тэтгэлэг, гадаад оюутны тэтгэлэг гэх зэргээр олон янз бий. Зарим сургууль Топик 4-өөс дээш байхад 25%-50%, Топик 5 байхад 75%, Топик 6 байхад 100% өгдөг тохиолдох их. Сургуулиас авсан тэтгэлгийн хувьд нэг улирлын дүнг харж цаашид өгөх эсэхээ шийддэг. Мөн зарим нь 4 жил, 2 жилээр ч өгөх тохиолдол бий. Гадаад оюутны тэтгэлгийн хувьд эхний улиралд 20%-50% хөнгөлөх тохиолдол ч байна. 

Гэхдээ үүнээс хамгийн найдвартай гэж хэлж болохуйц тэтгэлэг бол Засгийн газрын тэтгэлэг болон Сургуулийн тэтгэлэг юм. 

Эдгээр тэтгэлгийн хувьд 4 жилийн сургалтын төлбөр + дотуур байр + амжиргааны зардал мөн зарим тэтгэлэгт үүн дээр нэмэгдээд 2 талын онгоцны зардал + эрүүл мэндийн даатгал + топик онооны нэмэгдэл зэргээр өгөгдөх тохиолдол ч бий. Тиймийн учир эртнээс мөн тэтгэлгээ бодож, тэтгэлэг зарлагдах хугацааг мэдэж авч материалаа бэлдэж явуулах нь чухал. Адаглаад сургалтын төлбөртөө санаа зоволгүй сурах боломж бүрдэж байгаа юм. Илүү цагаар ажиллаж олсон мөнгөө өөрийнхөө сонирхолд зарцуулах боломж нээгдэнэ л гэсэн үг. 

Гэхдээ мэдээж энэ бүхэн таны л хичээл зүтгэл юм. Тухайн тэтгэлэг таниас юу шаардахыг эрт мэдэж түүнд бэлдсэнээр тэтгэлэг авах боломж өндөр болно шүү дээ. 

Ердөө Солонгост сурахад эдгээрийг бэлдээд эсвэл төлөвлөчихсөн байхад ерөнхийдөө байх гэж хувьдаа зөвлөдөг юм билээ.  Сургуульдаа тэнцсэн тохиолдолд визээ хөөцөлдөх асуудал л үлдэнэ гэж ойлгож болох юм. 

Солонгос улсад суралцахаасаа өмнө мөн тухайн суралцах гэж байгаа хот, дүүрэг түүнээс цааш орчин, амжиргааны зардал болон цагийн ажил зэрэг зүйлсүүдийг эдгээр дунддаа судлан солонгос соёлыг ч бас мэдэхэд гэмгүй. 

Эцэст нь танд гэж зөвлөхөд дүн болон хэлний оноо л чухал шүү. Сайн дүн, өндөр хэлний оноо л авч чадвал асуудалгүй тэтгэлэгтэй, сайн сургуульд тэнцэж чадна. Тиймээс яг одооноос төлөвлөөрэй. Цагийг нь тулгаж бүү эхлүүлээрэй. Амжилт хүсье.

Дараагийн удаа Солонгосын шилдэг 50 сургуулийн дэлгэрэнгүй мэдээллүүд болон тэтгэлгүүдийн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй цуврал болгон хүргэх болно.

Уншсанд баярлалаа.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд