No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Оюунчимэг: Сүүлийн жилүүдэд эмийн хордлогод орсон хүүхэд манайд их хандах болсон

Д.Оюунчимэг: Сүүлийн жилүүдэд эмийн хордлогод орсон хүүхэд манайд их хандах болсон

-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны шилдэг сувилагч, 2017 оны “Алтан дэнлүү”-ний эзэн, ЭХЭМҮТ-ийн Бөөр дотоод шүүрлийн тасгийн, хүүхдийн гемодиализийн хэсгийн сувилагч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Эмч өвчнийг, сувилагч өвчтөнийг эмчилдэг гэдэг. Сувилахуйн шинжлэх ухаанаар өвчтөнийг хэрхэн эмчилдэг юм бол?

-Хэдхэн жилийн өмнө гэхэд л сувилагчдыг эмч нарын туслах маягаар үздэг байсан. Одоо бол сувилагч нар сувилахуйн ухаанаар доктор, бакалаврын зэрэг хамгаалдаг болсон. Миний хувьд 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш сувилгааны аргазүйч хийгээд явж байна. Сувилахуй гэдэг бие даасан шинжлэх ухаан юм. Тухайлбал, тархины саажилттай удаан хугацаагаар хэвтсэн хүүхдэд холголт цооролт үүсэх нь элбэг байдаг. Тэдгээр хүүхдүүдтэй сувилагч нар л тулж ажиллана.

Арчиж цэвэрлэх, өвдөлт намдаах тостой боолт хийх, нөхөн төлжүүлэх тос түрхэх, хоёр хажуугаар нь ээлжилж хэвтүүлэх гэх мэт нь сувилахуйн ухаан юм. Сувилагч хүн тухайн өвчтөний өвчнийг мэдэрч, өвдөлтийг хөнгөвчилж өгдөг. Мөн өвчний онцлогоос хамаарч хүүхэд бүр өөр хоол иддэг. Элэгний өвчтэй хүүхдүүд А5 хоол, чихрийн шижинтэй хүүхдүүд 7Б хоол идэх, зүрх судасны өвчтэй хүүхдүүд ес гэдэг хоол идэх ёстой. Шингэн алдсан хүүхдэд хоногт, цагт хичнээн хэмжээний хорсоол уулгах вэ гэдгийг бид хариуцна.

Огцом их уулгах юм бол гэдэс нь цэрийгээд шууд бөөлждөг. Нэг бөөлжих нь хоёр суулгалттай тэнцдэг. Хорсоол уусны дараа сүүг нь бага багаар дасгаж уулгах зэргийг сувилагч нар хариуцдаг. Өвчтөнүүдийг хэрхэн асрах тухай сувилахуйн таван зарчим гэж бий. Орчин, хооллолт, хувцаслалт, сэтгэл санаа, шинж тэмдгийн асаргаа сувилгаа гэж бий. Сувилахуй гэдэг бол тухайн хүнд бий болсон, бий болох асуудлыг илрүүлэн оношилж илааршуулдгаараа эмчийн мэргэжлээс ялгаатай.

-Сувилагчийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурлын 2014 оны шилдэг илтгэгчээр шалгарахдаа та ямар асуудлыг хөндсөн бэ?

-Хүүхдийн гемодиализ эмчилгээ гэж урьд нь байгаагүй. Гемодиализийн хэсэгт нэг жил ажиллах хугацаандаа диализийн эмчилгээнд орж байгаа хүүхдүүдийн артерийн даралтад юу нөлөөлж байгааг судалсан. Үүнд шүүлтүүрийн хэмжээ, биеийн жин, диализ явагдаж байгаа хугацаа нөлөөлдөг юм билээ. Манай хэсэг нээгдэхээс өмнө 1996 онд манай эмнэлэгт хэвтэж байсан зургаан настай хүү нэгдүгээр эмнэлэгт очиж диализийн аппаратад ордог байлаа. Тэр үед би сувилж байсан юм. Жаахан хүүхэд том хүний аппаратад ороход маш их цус юүлснээс болж их ядардаг. Харин манай хэсгийн аппаратууд бол хүүхдийн жин, даралт зэрэгт тохирсон учраас хүүхэд бага ядардаг юм.

-Сувилахуйн ухааны чиглэлээр ямар сонирхолтой судалгаа хийж байв?

Сэхээн амьдруулах тасгийн сувилагч байхдаа “Тархины дутмагшилтай хүүхдийн асаргаа сувилгаа” сэдвээр илтгэл тавьж байлаа. Өнөөдөр цус харвалт, төрөлтийн үеийн эмгэг, менингитээс болж тархины дутмагшил, саажилттай хүүхэд олон болсон. Саа саажилттай хүүхдүүдэд холголт, цооролт их тохионо. Энэ үед эцэг, эхчүүд ямар асаргаа сувилгаа хийх вэ, тураалд орсон хүүхдэд ямар хоол идүүлэх, усанд оруулахдаа юуг анхаарах гэх мэт зөвлөмжийг гаргаж байлаа. Үүний дараа янз бүрийн эмийн хордлоготой хүүхдэд авах арга хэмжээ гэсэн сэдвээр судалгаа, зөвлөгөө гаргаж байв.

Сүүлийн жилүүдэд эмийн хордлогод орсон хүүхэд манайд их хандах болсон. Бага насны хүүхэд эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болж эмийн хордлогод ордог бол өсвөр насны хүүхдүүд амиа хорлох зорилгоор аспирин, парацетамолыг их хэмжээгээр уудаг. Сувилагч хүний хувьд энэ асуудалд их эмзэглэж явдаг. Эцэг, эхчүүд эмийн хадгалалтад онцгой анхаарч, тунг сайн баримталж байгаасай гэж хүсдэг.

-Эмийн хордлогод орсон хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ. Энэ үед эцэг, эхчүүд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Эмийн хордлогод орсон хүүхдэд хамгийн түрүүнд буцалсан бүлээн ус уулгаж бөөлжүүлэх ёстой. Эмийг гадагшлуулахгүй нэг цаг болоход л хүүхдийн цусанд эргэлдэж эхэлдэг. Хүүхдүүд парацетамол, аспирин, төмрийн бэлдмэл ууснаас болж хордлогод орж байна. Төмрийн бэлдмэл ягаан өнгөтэй, чихэрлэг амттай байдаг учраас жаахан хүүхдүүд уучихдаг.

Төмрийн бэлдмэл маш хүчтэй үйлчилгээтэй. Төмрийн бэлдмэлийн хордлогод орсон хүүхдийн цусны бүлэгнэл багасч, цус гоожимтгой болж, ухаан балартдаг. Аспирин элэг, бөөр, тархи бүх л эрхтнийг гэмтээдэг. Парацетамол гэхэд олон хэлбэрээр байдаг. Панадол, парацетамон, нурофен, лаагаар, сиропоор байдаг. Эцэг, эхчүүд тэр бүрийг өөр эм гэж боддог байх. Халуурсан хүүхдэд лаагаар хийгээд, сиропоор уулгаад, таблеткаар уулгадаг. Тэгсээр байгаад тунг нь хэтрүүлж, хүүхэд эмийн хордлогод ордог.

Эмийн хордлогод орсон хүүхэд маш их амьсгаадаж, ухаангүй болдог. Хэрвээ тэгэх юм бол аль болох хурдан яаралтай тусламжийн төвд хандах хэрэгтэй. Хүндэрсэн хүүхдүүдийг диализийн эмчилгээнд оруулдаг. Эмнээс гадна угаалгын нунтаг, химийн бодис, машины тосоол, уксус ууж хордлогод орох хүүхэд их байдаг. Энэ бүхэнд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй.

-Та Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гуч шахам жил сувилагчаар ажиллахдаа хамгийн халуун цэгүүдэд ажиллаж байжээ. Сувилагч мэргэжлийн юу нь сайхан бэ?

-Би 1988 онд Улаан-Үүд хотод сувилагчийн сургууль төгсөж ирснээс хойш сэхээн амьдруулах тасгийн ээлжийн болон ахлах сувилагч, ЭНЭШТ-ийн ерөнхий сувилагч, хүүхдийн зөвлөх поликлиникийн ахлах сувилагч, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилгааны аргазүйч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн сувилгааны аргазүйчээр ажиллаж байсан. Тэгээд 2013 онд Бөөр дотоод шүүрлийн тасагт хүүхдийн гемодиализийн хэсэг нээгдэхэд сувилагчаар ажиллаж эхэлсэн. Манайх зөвхөн бөөрний архаг дутагдалтай хүүхдэд үйлчилдэггүй. Үүнээс гадна химийн болон эмийн бодисонд хордсон хүүхдүүд, диабеттай хүүхдүүдийг диализ эмчилгээндээ авдаг. Гурван диализийн аппаратандаа 2013 оноос хойш улсын хэмжээнд 104 хүүхдэд тусламж үзүүлээд байна. Бид энэ хугацаанд улсын хэмжээнд 0-16 насны хүүхдүүд болон бүх насны төрсөн ээжүүдэд 7000 орчим сеанс эмчилгээ хийсэн.

Би сургуулиа төгссөнөөс хойш энд сувилагчаар ажиллаж буйгаараа бахархаж явдаг. Хүүхдүүд хурдан эдгэрч, тэнхэрдэг болохоор тэдэнтэй ажиллах их сайхан. Сэхээний сувилагч байхад эцэг, эхийн сахиургүй хүүхдүүдийг бид гардан сувилдаг байсан. Хооллоно, хувцаслана, мэсний шархыг цэвэрлэнэ.

Сэхээнд байхад дандаа комд орсон хүүхдүүд ирнэ. Тэдгээр хүүхдүүдийг содтой усаар амыг нь зайлж, содтой клизм тавьж, содтой уусмалаар биеийг нь арчиж асардаг юм. Хүүхдүүд их үнэнч. Гемодиализийн эмчилгээнд орж байгаа хүүхдийг ирэхэд даралт, жинг нь үздэг. “Даралтны эмээ уусан уу” гэж эцэг, эхээс нь асуухад “уусан” гэдэг. Гэтэл хүүхдийн даралт өндөр байдаг. Тэгэхээр эмчилгээ эхлэхийн өмнө тухайн хүүхдээс асуухад “эмээ уугаагүй” гээд л үнэнээ хэлнэ.

-Чихрийн шижин өвчтэй хүүхдийн асаргаа сувилгааны талаар мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Чихрийн шижинтэй хүүхдийн хоол ундыг зөв зохицуулах хэрэгтэй. Хуурсан хайрсан хоол идэхгүй, сахар багатай 7Б хоол идэж байх ёстой. Нүүрс усаар баялаг, өөх тос багатай, хар талх, хөц будаа, брокколи байцаа, үхрийн махаар хоол хийж өгөх хэрэгтэй. Хонины махаар хоол хийх бол угааж, тослогийг нь багасгах ёстой. Хамгийн гол зүйл нь хөл болон бэлэг эрхтний арчилгаа байдаг. Гутлаа зөв тохируулж өмсөх, хоолоо сайн идэх, инсулинээ тариулчихаад хичээлдээ явах хэрэгтэй. Зөв хооллохгүй, зөв хоолоо тогтмол идэхгүйгээс болж хүүхдүүд комд ордог. Мөн сар бүр эмчид үзүүлж, шинжилгээ өгч, инсулиний хэмжээгээ тогтоолгох ёстой. Бэлэг эрхтний асаргаан дээр ялангуяа охидод ээж нь өдөр бүр бруцёллозтой усаар угааж цэвэрлэх хэрэгтэй.

-Тэгвэл диализтай хүүхдэд эцэг, эхчүүд ямар хоол хүнс өгч, асарч сувилах хэрэгтэй вэ?

-Натри, кали, кальци, фосфор элемэнтүүд диализ аппаратаар шүүгддэггүй учраас илчлэг, уураг багатай хоол, үхэр, гахай, тахианы мах тохиромжтой. Төмсөнд кали их байдаг учраас хоолонд хэрэглэхээс өмнө нэг цаг усанд байлгах хэрэгтэй. Тэд шээж чадахгүй учраас шингэнээ маш сайн зохицуулах ёстой. Тухайлбал, тарвас, усан үзэм гэх мэт шүүслэг жимс идэж болохгүй. Эрүүл хүн хоногт хоёроос гурван литр ус уух ёстой бол диализтай хүн хоногт 800 граммаас хэтрүүлэхгүй шингэн уух ёстой байдаг. Диализийн аппаратанд орж байгаа хүүхдүүд цус багадалтад өртөмтгий байдаг. Мөн гемодиализийн аппарат нь хэрэгтэй, хэрэггүй бүх элементийг шүүдэг учраас тэдгээрийг нөхөх эмчилгээ хийдэг. Ретропоинтинг буюу цусны улаан эс нөхөх тариаг манай эмнэлэг хүүхдүүдэд 100 хувь үнэгүй олгодог.

Эх сурвалж: Өдрийн сонин

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд