Австрид өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг 2700 еврогоор торгожээ

0
309

Австрийн Линц хотын шүүх өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан мэс засалчийг торгох шийдвэр гаргажээ. Энэ талаар шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт мэдэгдсэн байна. Шүүгч 43 настай эмчийг ноцтой үйлдэл гаргаж, хайхрамжгүй хандсан гэж үзээд 2700 евро буюу 3060 ам.доллараар торгохоор шийдвэрлэжээ.

82 настай өвчтөн Фрайштадт хотын эмнэлэгт энэ оны тавдугаар сард хэвтжээ. Түүний зүүн хөлийг тайрах ёстой байсан ч ямар нэг шалтгаанаар баруун хөлийг нь тайрсан байна.Тухайн үед хагалгаа нь амжилттай болсон ч хоёр хоногийн дараа боолт хийх үеэр алдаа нь илэрч, өвчтөнд нөгөө хөлийг нь тайрах шаардлагатай байгааг дуулгажээ.

Өвчтөн шүүх хурлын өмнөхөн нас баржээ. Гэвч шүүхээс түүний бэлэвсэн эхнэрт 5000 еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна. Мэс засалчийг өөр эмнэлэгт шилжүүлж, торгуулийн хагасыг төлөх хугацааг хойшлуулжээ.

Харин эмнэлгийн  зүгээс нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гарган, хагалгааны тасагт хийх ажлын схемийг нягталж, эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулсан байна.

Эх сурвалж: dailymail