No menu items!
HomeНом ярьяО.Сундуй: Ном унших нь өөртэйгөө ярилцах боломжийг олгодог

О.Сундуй: Ном унших нь өөртэйгөө ярилцах боломжийг олгодог

-

“Ном ярья” булангийнхаа энэ удаагийн дугаарт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Алтан-Өд” наадмын гурван удаагийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйг урьж, ярилцлаа. Тэрбээр саяхан “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” хэмээх номоо хүүхэд, багачууддаа зориулан гаргажээ.

-Та сүүлийн үеийн уран бүтээлээсээ манай уншигчдад сонирхуулаач?

– Би орчин үеийн үлгэрүүдээрээ дөрвөн цуврал ном гаргахад бэлэн болсон. Үүний өмнөхөн “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” гэж номоо хэвлүүлсэн. Өмнө нь 1-5 ангийн хүхдүүдэд зориулсан “Унших бичиг” гээд ном  байлаа. Одоо бол байхгүй шүү дээ. Тиймээс би уншиж сурч байгаа хүүхдүүдэд зориулаад өөрийнхөө “Тэнгэр өлгөөтэй бяслаг” хэмээх уран бүтээлээ гаргасан. Энэ нь орчин үеийн богино үлгэр, өгүүллэг, шүлгээс бүтсэн ном юм.  Бичиг үсэг эхлэн сурч байгаа хүүхдүүдэд зориулж унших бичгийн ном гаргадаг аливаа ард түмний уламжлал байдаг. Жишээ нь Оросын ард түмэн гэхэд л Толстойн унших бичиг гээд л гаргасан байдаг шүү дээ. Одоо ч гэсэн тэр ном манайд байдаг. Би “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” номынхоо өмнөх үгэнд “Хүүгээ номонд дуртай болгосон ижийдээ зориулав” гэж бичсэн байгаа. Энэ их учиртай л даа. Би сургуульд ороод удаагүй, бичиг үсэг дөнгөж тайлагдаж байсан үе. Тэр үед л ээж маань “Анхны завь”, “Эмээ нүдний шилээ хайсан нь” гээд л хөөрхөн далбагар хавтастай номуудыг  сумын дэлгүүрээс авч өгч байсан юм. Тэр номуудыг уншсанаа би ерөөсөө мартдаггүй. Тэр л номууд миний амьдрал их нөлөөлсөн.

Тэгэхээр хүүхэд сонирхолтой, өөрийнхөө нас сэтгэхүйд тохирсон номыг унших дуртай байдаг гэж бодсон. Ер нь хүүхдийн зохиолчид, хүүхдийн сэтгэлийг бүтээх гэж л уран бүтээлээ туурвидаг. Хүн багасаа л төлөвшиж эхэлдэг. Орчин тойрноосоо суралцаж, нөгөө сэтгэл зүрх буюу одоогийнхоор хандлага гэж яриад байгаа зүйлийг олж авч байдаг. Тэр хандлагыг тогтооход ном их нөлөөлдөг.  Жишээ нь миний номонд “Жигнэмэг хувааж идсэн нь” гээд богино өгүүллэг байгаа. Тавган дээр амттай гоё жигнэмэг тавихад ах дүү хоёр уралдаад л хуваагаад авчихдаг. Дараа нь ээж, эмээдээ өгөхгүй яавдаа гээд харамсаж байгаа тухай гардаг. Өөрөөр хэлбэл зохиолынхоо агуулгаар л зан байдлын тухай харуулахыг зорьсон юм. Зарим номыг зохиолчид зорилготой бүтээдэг. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд багахан ч гэсэн нөлөө үзүүлэхүйц бүтээл гаргана гэдэг бол зохиолч хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг юм даа.

– Таны номын нэр их сонирхолтой юм?

– Тийм  байна уу. Их урт ч нэрүүд байж магадгүй. Номынхоо нэрийг би их чухалд үздэг. Номын нэр гэдэг бол тухайн бүтээлийнхээ өнгө аяс, мөн чанарыг хадгалж явах ёстой. “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” гэхэд л бага насны хүүхдэд зориулсан байна гээд шууд ойлгохоор байгаа биз. Яагаад бяслаг тэнгэрт өлгөөтэй байгаа юм бол… Яагаад гэдэг асуултыг бяцхан уншигчид маань тавина шүү дээ.

– Таны хүүхдийн зохиол бичих болсон түүхийг сонирхож болох уу?

– Би багшийн сургууль төгссөн, бага ангийн багш хүн. Багаас бичих дуртай хүсэл сэтгэл маань багшлаад ирэхийн цагт хүүхдийн зохиол болон биелсэн гэж би боддог. Хүүхдүүдээ уран зохиолтой нөхөрлүүлэхийг хичээж, зохиол, шүлэг, яруу найраг тэргүүтнээс сурагчдадаа уншиж өгдөг байлаа. Ер нь хүүхдүүдээ уран зохиолд дурлуулах гэж байгаад өөрөө хамт дурлачихсан. Тэгэхээр миний ажил мэргэжлийн онцлог, шавь нарын минь сэтгэлгээний онцлог нийлээд намайг хүүхдийн зохиол руу оруулсан байх.

– За одоо хоёулаа манай “Ном ярья” булангийн үндсэн асуултруу оръё. Танд ширээний ном байдаг уу?

– Би “Монголын нууц товчоо”-г их унших дуртай. Унших тусам шинэ зүйлийг олж байдаг. Увдислаг, их сонин, гайхамшигтай ном доо. Би багшилж байхдаа хүүхдүүддээ нууц товчоог ойлгуулахын тулд, “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүжин хүү” гээд товч тайлбар толь хүртэл гаргаж байлаа. 

– Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

– Би хамгийн сүүлд Н.Энхбаяр гуайн орчуулсан “Сохрын орон” номыг уншлаа. Мөн Францын сонгомол өгүүллэгүүдийн номыг уншсан шүү. Гайхалтай өгүүллэгүүд байна лээ. Өгүүллэг гэж ийм л зүйл байдаг юм байна даа гээд л бодож сууна.

– Тэгвэл та хамгийн анх уншиж байсан номоо санадаг уу. Номтой нөхөрлөсөн түүхээ хуваалцаач?

– Ээжийн авч өгсөн нэг ном байдаг юм. Дээр хэлсэн дээ. “Эмээ нүдний шилээ хайсан нь” гээд. Нэг эмээ нүдний шил хайж, хайж ядраад сандал дээр суусан чинь урд нь толь байж таарахгүй юу, тэгээд хартал толгой дээр шил нь байдаг. /инээв/ Тэр ном л санаанаас гардаггүй. Мөн Монгол ардын үлгэрүүд байна, үлгэрийн номууд их уншдаг байсан даа. Ер нь хүүхэд байхад уншсан номууд надад нөлөөлсөн.

– Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Хүн ном уншихаар яалт ч үгүй гэгээлэг болдог. Харин ном уншихгүй удахаар оюун ухаан нь хоосроод л байдаг. Энэ нь хүний хэлний баялаг, хүмүүстэй харилцах байдал дээр их ажиглагддаг юм. За ер нь ном уншихгүй байх нь их бүдүүлэг явдал болов уу. Хүн унших тусам эргэцүүлэн бодож эхэлдэг. Ном унших нь өөртэйгөө ярилцах боломжийг олгодог. Тэр номонд гарч байгаа баатар, үйл явдал хүний сайн, муу талуудыг дүрсэлж байдаг шүү дээ.

– Та өөрийгөө номын баатраар төсөөлбөл…

– Мэдэхгүй юм даа. Номын баатрууд бүхэлдээ цав цагаан, эсвэл хар байдаггүй. Ялангуяа дэлхийн сонгодог уран зохиолыг анзаараарай. Нэг хүний гэрэл сүүдрийг аль алийг л харуулдаг.

– Танд бусдад санал болгох ном байна уу?

– “Монголын нууц товчоо”-г л сайн уншиж байгаараа л гэж хэлье дээ.

– Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

– Энэ их сонин асуулт байна шүү. Бодоод байхад би яруу найргийн номыг араас нь уншдаг юм байна. Ер нь нэг ном барьж аваад араас нь л хараад байдаг. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй. Би сүүлийн үед хүний дотоод сэтгэлгээг илэрхийлсэн номуудыг сонирхож эхэлсэн. Баатруудын хоорондох зөрчил гэхээс илүү нэг хүний дотоод сэтгэлийн зөрчлийг илэрхийлсэн зохиол миний сонирхлыг их татаад байгаа. Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г уншаад гайхалтай санагдсан.

– Та гэртээ номын сантай юу. Ойролцоогоор хэдэн ном байдаг вэ?

– Би их номтой хүн биш ээ. 300-400 орчим л байгаа байх.

– Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байдаг уу?

– Номын үнэ цэнэ агуулгаараа л хэмжигддэг, тийм ээ. Би эртний уран зохиолуудыг их хайрладаг. Надад “Зуун билиг  оршихуй” гээд үнэ цэнэтэй санагддаг Ц.Дамдинсүрэн гуайн ном байна. Миний нутгийн Дамдинсүрэн гэж хүн намайг 16-тай сургуульд явахад авдрын ёроолоо ухаж, “Чи л үүнийг авч явна даа” гээд өгч байсан юм. Тэднийх их олон хүүхэдтэй, Дамдинсүрэн гуай их зожиг, ааштай, хүнтэй нээх их юм ярьдаггүй хүн байсан. Тэгээд намайг сонгож номоо өгсөнд нь их баярлаж, тэр номыг хайрлаж явдаг.

– Таныг номын хүн болно гэж мэдэж дээ.

– Тийм ээ, би номын л хүн болсон байна. Тэр ном нь одоо ч надад бий. Би сэргээн засварлаад хоймроо нандигнаад тавьчихсан байгаа. Мөн миний аав “Очир огтлогч” хэмээх судрыг гараараа, монгол бичгээр бичиж үлдээсэн байдаг юм. Тэр их үнэ цэнэтэй. Би хожим түүнийг кирилл дээр буулгаад дүү нартаа хэвлэж өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд