No menu items!
HomeХүмүүс“Өнөр бүлийн Цэрмаа мартагдаагүй, насан туршид маань энэ тодотгол намайг дагалаа”

“Өнөр бүлийн Цэрмаа мартагдаагүй, насан туршид маань энэ тодотгол намайг дагалаа”

-

“Өнөр бүл”-ийн Цэрмаагийн дүрээр олонд түмэнд хайрлагдсан МУГЖ, дуучин Ц.Чулуунцэцэгийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Монголын урлаг түүний дотор нийтийн дуу, уртын дууны ертөнцөд хит болсон олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн эгч дүү гурван ЦЭЦГИЙН нэг бол МУГЖ, дуучин Ц.Чулуунцэцэг. Тэрээр 1962 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төржээ.  Гавьяат есөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Тэрээр нэгэн ярилцлагадаа кино төдийгүй амьдрал дээрээ ч “Өнөр бүлтэй” гэдгээ дурдаад, “Би дороо долоон дүүтэй, нэг эгчтэй. Хоёр эмэгтэй дүү дуучин, бусад нь янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс. Бид гурав “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач”, “Дуу хотолсон тал”, “Говь сайхан нутаг минь” гээд хамтарсан тоглолт хийсэн. Хүмүүс маш халуун дотно хүлээж авсан” хэмээжээ.

Гэрэл зургийг фэйсбүүк хаягаас нь авав.

Өдгөө СУИС-д багшилдаг тэрээр гурван хүүхэдтэй. Түүний охин Л.Нарангэрэл ээжийнхээ замыг үргэлжлүүлж дуучин болжээ. МУСТА Л.Нарангэрэл СУИС-ийн дуулаачийн  ангийг Ардын жүжигчин А.Долгор багшийн  удирдлага дор төгссөн байна. Ээж охин хоёр “Номт” брэндийн нүүр цайрай болсныг уншигчид сайн мэдэх биз ээ.

Дуучин Ц. Чулуунцэцэг “Өнөр бүл” кинонд тоглосныхоо дараа ханьтайгаа танилцжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Олны танил болсон хүнд, хүн болгон хайртай болно гэвэл хэцүү биз дээ. Амьдралын эрхээр нүдэнд нь өртсөн юм байгаа биз. Нэг нь биш хоёулаа бие биедээ таалагдаж байж сууна биз дээ. Ханилж сууснаас хойш сайн ч өдөр байна саар ч өдөр байна. Хувь заяатайгаа эвлэрэх ч өдөр байна, эвтэй сайхан явах ч өдөр байна. Хорвоогийн хоног өдөр өнгөрч эмгэн өвгөн болж байна. Үр ач олон болж хэрэлдэх ч завгүй болжээ” гэсэн байдаг.

Гэрэл зургийг фэйсбүүк хаягаас нь авав.

“Өнөр бүлийн Цэрмаа мартагдаагүй, их л өлзийтэй сайхан зам”

Ц.Чулуунцэцэг “Өнөр бүл” кинонд тоглох урилга авч.  Инээдмийн өнгө аястай энэ кинонд Цэрмаагийн дүрийг чадварлаг бүтээсэн нь  түүний их урлагт хөл тавих эхлэл болсон гэдэг. Автобусны кондуктор  Цэрмаа  туфлийнхээ  өсгийг санаандгүй унагасан нь үйлдвэрийн тэргүүний ажилчин, тусч цайлган Гармаатай танилцах сонин тохиолдол  болсноор киноны үйл явдал өрнөдөг.

Энэ киноны гол дүрээр олонд хайрлагдсан Ц.Чулуунцэцэг сумынхаа дунд сургуульд суралцаад тухайн үеийн нам, засгийн бодлогын дагуу МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан байна. Ингээд 1979 онд Нэгдэлчдийн урлагийн их наадамд авьяасаараа шалгаран оролцсоноор урлагийн замд “хөл тавьжээ”.

Гэрэл зургийг фэйсбүүк хаягаас нь авав.

Ц.Чулуунцэцэг СУИС-ийг төгсөж, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулгад дуулж, Соёл урлагийн их сургуульд багшлан уран бүтээл туурвиснаар 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан байна.

Гэхдээ тэрээр “Өнөр бүл”-ээс гадна “Би мартахгүй” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байжээ. Ц.Чулуунцэцэг энэ тухай “Би О.Машбат болон жүжигчин Н.Батцэцэг нарын “Би мартахгүй” гээд кинонд тоглосон юм. Тэр кино гараагүй. Уг нь хөөрхөн кино болсон. Хэд хэдэн кинонд тоглох урилга авч л байлаа. Миний ажил төрөл ч болоогүй. Дахиж кинонд тоглосон ч “Өнөр бүл”-ийнхээ Цэрмаагаас давж тоглохгүй байсан байх.

Яахав, “Өнөр бүл”-ийн Цэрмаа мартагдаагүй. Насан туршид маань энэ тодотгол намайг дагалаа. Дуучин, багш болсон. Их л өлзийтэй сайхан зам” хэмээжээ.

“Харин Цэрэнгийн гурван охин дуучин болсон шүү дээ”

“Дуул дуул бүгдээрээ дуул

Хөг аялгуу нийлсэн

Хөгжим шиг орчлонд

Өөр өөрийн өнгөөрөө эгшиглэнэ дээ хө”

Энэ дууг аялахгүй хүн ховор. Түүний олон сайхан дуулсан уран бүтээл бий. Дуучин Ц.Чулуунцэцэг хоёрдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа аварга дуучин болж байсан түүхтэй. Тэрээр сурагч байхдаа н.Дагийранз гуайн тоглолтод оролцож,

“Гангын халуун наранд миний ээжий бөмбөн

Гадсаа тойроод буйлаад явна аа, миний ээжий бөмбөн” гэж дуулаад сургуулийнхаа аварга дуучин болж байснаа дурссан байдаг.

Түүний ээж ч гэсэн их сайхан дуулдаг хүн байж. Ц.Чулуунцэцэг “Миний ээж “Хүрэн хаалгатай дэлгүүр”, Эхийн ач”, “Гантөмөр”  гээд л дандаа монгол ардын дуу дуулдаг байсан. Норовбанзад багштай хамт урлагийн үзлэгт шалгараад хот руу явах гэж байхад нь манай аав хөтөлгөө морьтой давхиж очоод аваад ирсэн гэдэг. Тэгээд ижий минь дуучин болж чадаагүй ч гэсэн, үүндээ ер харамсдаггүй байсан. “Ээж нь ийм л хувь заяатай юм байлгүй. Яахав ээ, аав нь давхиж очоод л аваад ирсэн юм” гэдэг байлаа. Харин Цэрэнгийн гурван охин дуучин болсон шүү дээ. Бид гурвыг дуучин болохыг ээж үзэж амжаагүй нь жаахан харамсалтай” хэмээн дурсжээ.

Тэрээр мөн дуучин удамтай. Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай түүний аавын эгчийнх нь хүүхэд аж. Ц.Чулуунцэцэг “Буянтын хонхроос төрсөн гэвэл Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, Монгол Улсын гавьяат жүжигчин Дүнжмаа, Даариймаа гээд ЦДБЭЧ-ын дуучин байна. Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг бид гурав байна. Бид бүгдээрээ төрлүүд. Тэгээд бодохоор тэр нутаг ус байгаль их нөлөөлдөг шиг байгаа юм” хэмээн ярьсан удаатай.

Эгч дүү гурван ЦЭЦГИЙГ  Монголын ард түмэн сайн мэднэ. Эгч дүүс нийлж “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач”, “Дуу хотолсон тал”, “Говь сайхан нутаг минь”, хамгийн сүүлд “Өөжин бүүвэй” гэх мэт уран бүтээлийн тоглолтоо олонд толилуулсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд