Тодруулга: ЭМД-аар ҮНЭГҮЙ хийгдэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хэрэгжиж байна уу?

0
1943

2018 оноос эхлэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг болсон. Тодруулбал, ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан улсын болон хувийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах бол иргэн өөрөөсөө зардал гаргахгүй гэсэн үг юм.

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо нь 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн 4 насны ангилалтай байдаг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахын тулд иргэн эхлээд ерөнхий биеийн үзлэг хийлгэсэн байх шаардлагатай. Үүнийг өөрийн харьяа дүүрэг, сум, тосгоны өрхийн эрүүл мэндийн төвд хийлгэнэ. Ингээд дараа нь манай ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан улсын болон хувийн эмнэлэг дээр очиж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой юм.

2021 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан нийслэл дэх төрийн өмчийн 27 эмнэлэг байна. Бид эдгээр эмнэлгийн заримтай нь /Бусад эмнэлэг нь утсаа аваагүй болно/ холбогдож урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж байгаа эсэхийг лавлалаа.

Иргэдийн ихээр үйлчлүүлдэг улсын томоохон эмнэлгүүд болох Хавдар судлалын үндэсний төв, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлгүүдэд  ковидын улмаас Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийгдэхгүй байгаа гэв.

Харин ЭМДЕГ-тай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц хийнэ гэж гэрээ байгуулсан хувийн 16 эмнэлэг байна. Эдгээр эмнэлгийн дөрөв нь холбогдох боломжгүй байсан бол зөвхөн зургаан эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж байгаа гэв.

Иргэн та ЭМДЕГТ-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдийн жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Амаржаргалаас урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог зарим эмнэлэг яагаад хийхгүй байгаа талаар тодруулсан юм.

Тэрээр “Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог яагаад хийхгүй байгааг тухайн эмнэлгээс нь лавлаарай. ЭМДЕГ-тай гэрээ байгуулчхаад тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа бол түүнийг шалгаад өгөх боломжтой. Гэрээ хийчхээд тусламж үзүүлэхгүй байгаа бол эмнэлгүүдийн буруу. Тэдгээр эмнэлэг ЭМДЕГ-тай гэрээ хийгээд сар бүрийн тодорхой нэг өдөр үйлчилгээ үзүүлсэн хөлсөө нэхэмжилдэг. Манайх бол гүйцэтгэлийн нэхэмжлэлийнх нь дагуу санхүүжилт олгодог байгууллага” гэв.

ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж байгаа хувийн зургаан эмнэлгийн жагсаалтыг хүргэе.

1. Төмөр замын төв эмнэлэг – 88024103 /Хэрэв та төмөр замын ажилтан биш бол 12А маягт үзүүлж үйлчлүүлнэ/

2. Их зайсан эмнэлэг – 11 450553

3. Эпимон эмнэлэг- 99108420

4. Халиун эмнэлэг- 70189953

5. Чимэжүд эмнэлэг- 70002780

6. Бриллиант эмнэлэг- 76087777

Одоогоор дээрх зургаан эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж байгаа бөгөөд та өөрийн насны багцад тохирсон үйлчилгээг авах боломжтой.

Жич: Иргэн та нэмэлт мэдээлэл лавлах бол ЭМДЕГ-ын 1800-1363 дугаарт холбогдоорой.