No menu items!
HomeЯрилцлагаБ.Ууганцэцэг: Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдлыг нь сайн мэддэг ч сайн чанарыг...

Б.Ууганцэцэг: Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдлыг нь сайн мэддэг ч сайн чанарыг нь урамшуулж, дэмждэггүй

-

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Боловсролтой мөртлөө хүмүүжилгүй хүмүүс олширчээ гэж ярих болжээ. одоо тэгээд тэр хүмүүсийг яалтай вэ?

-Сургалт-хүмүүжил гэдэг ойлголтыг бид 30 жилийн өмнөөс гээж зөвхөн сургалтын үйл ажиллагааг чухалчилсан. Ингэснээр нийгэмд хүмүүжил гэх ойлголт гээгдсэн. Сургууль, боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагааг эрхэмлэх болсон. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эх өөрсдөө голлох үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгэм, өрх бүл, сургалтын байгууллага хүүхдийн хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулаагүйн гороо өнөөдөр ч гэсэн амссаар байна.

Хүүхдийн хүмүүжлийн асуудал нь сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нас зүйн сэтгэл судлал, боловсрол судлал гээд олон шинжлэх ухаантай холбоотой юм. Хүүхдийн эрхийн конвенцид эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ тусламж, дэмжлэг авах хэрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс эцэг эхчүүд зөвхөн өөрийн баримжаагаар бус, өөрөө хүмүүжсэн хүмүүжлийн арга барилаар хүүхдээ өсгөх гэж хичээх нь өрөөсгөл бөгөөд шинжлэх ухааны үндэс суурьтай хандах ёстой.

-Тэгвэл хүүхдээ шинжлэх ухаанчаар яаж хүмүүжүүлэх вэ?

-Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга номын зохиогч сэтгэл судлаач доктор Жоан Е.Дюррант хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл хэрэглэн хүндэтгэн харилцах арга зам бөгөөд хүүхэд амжилт гаргахад нь тус нэмэр болох түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх, түүний өсөлт хөгжилтийг дэмжин тэтгэх сургалтын арга барил гэсэн байдаг.

Тиймээс хүмүүжлийн үйл явц хүчирхийлэл, дарамтгүй, тухайн тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг чухалчилсан хүндэтгэл харилцаа бөгөөд хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан байна. Гэвч бид хүүхдийнхээ насны онцлогийг тэр бүр харгалзан үзэж чадахгүй байна.

Тухайлбал, насны онцлогт тохироогүй үг хэлээр харилцах, зодож цохих, стресс бухимдлаа хүүхдэдээ гаргах зэрэг буруу хүмүүжлийг бага наснаас нь олгоод байна. Тиймээс хүүхэд амьдралыг харах, асуудлаа шийдэх загвар нь буруу болдог. Хүмүүжлийн арга барилыг зодуулж авсан хүүхэд өөрт тулгарсан асуудлаа мөн хүчээр шийдэх загвартай болох нь олонтаа.

-Хүүхдийг хүмүүжүүлэх дараалал гэж байдаг байх нь?

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Хамгийн эхэнд хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнийг эцэг эхийн холын зорилго гэх бөгөөд үүнд эцэг эхчүүдийн зүгээс өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв илэрхийлдэг, үнэнч шударга, бусдыг хүндэлдэг, нийгэмдээ тустай зөв хүн болгох зэрэг маш олон жагсаалт гардаг. Хэрэв ирээдүйг нь зөв тодорхойлсон бол бага наснаас нь бэлтгэх хэрэгтэй.

Багаас нь бэлтгэхийн тулд та өөрөө ямар хүнийг бий болгох гэж байгаагаа сайтар эргэцүүлэн бодоорой, болж өгвөл бичвэл бүр сайн. Түүний дараа хүүхдэдээ элэгсэг дотно харилцах, зөв дэмжлэг үзүүлэх. Тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт нь тохирсон зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх дэмжлэгийг материаллаг талаас хардаг. Гэтэл хүүхдэд сонсох, ойлгох, ярилцах, асуулт асуухад нь анхаарал хандуулах хэрэгцээ дутдаг. Нөгөө талаас хүүхэд урмаар дутаж байдаг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдал, засах ёстой зүйлсийг нь сайн мэддэг ч сайн чанарыг нь урамшуулж, дэмждэггүй. Хэрэв урамшуулж, дэмжлэг үзүүлбэл хүүхэдтэйгээ ойлголцоход хялбар болдог. Гуравдугаарт, мэдээлэл олгох арга барил. Ингэхдээ хүүхдийнхээ насны онцлогт тохирсон мэдээлэл өгөх нь зүйтэй. Ялангуяа 3-6 насны хүүхдүүд ээж ааваасаа олон зүйлийг асуудаг. Түүнийг тухайн цаг бүрт нь мэдээллээр хангаж чадаагүйгээс болж, эцэг эхдээ итгэх итгэл нь сулардаг.

Цаашлаад өсвөр насандаа зөв зүйтэй мэдээ мэдээллийг аваагүй хүүхдүүд дуугүй, дотогшоогоо хүн болдог. Холын зорилгыг нь тодорхойлсон бол зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Хамгийн сүүлд, асуудал шийдвэрлэх. Энэ нь хүүхдэд тохиолдож болох бэрхшээлтэй нөхцөл байдлын талаар ярилцахдаа учир шалтгааныг таниулан ярих юм. Тухайн насанд юу тохиолдож түүнийг хэрхэн шийдэх тухай эцэг эх жишээ татан ярилцах нь чухал.

-Монголчууд хүүхдийг хүмүүжүүлэх талаар өөрсдийн гэсэн арга барил, уламжлалтай. Бас буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж үг бий?

-Тийм ээ. Монголчууд хүүхэд хүмүүжлийн арвин баялаг туршлагатай хүмүүс. Хүнээр хүн хийх ухаан ч гэж хэлдэг. Бид хүүхдийг хэрхэн насны онцлогт нь тохируулан хүмүүжүүлэх тухай бичигдээгүй олон хуультай шүү дээ. Эрхийг сурахаар бэрхийг сур, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ, хүн ахтай дээл захтай гэх зэрэг товч бөгөөд хүний сэтгэлд, тархинд хурдан сууж удаан хадгалагдах үгсийг бага балчир наснаас нь хэлж сургаж өөрсдөөрөө үлгэрлэдэг уламжлалтай.

Харин өнөө цагт хэт их үглэх, хүүхдээсээ хүсдэг зүйлээ өөрөө биелүүлэхгүй байх, үлгэр жишээ болохгүй байх, бусад хүмүүсийг хүүхдийн дэргэд муулах, хүүхдэдээ гар хүрэх зэрэг олон буруу үйлдлүүдийг хийж байна. Иймд эдгээр сөрөг үйлдлийг хийх тусам хүүхэд зөрүүд, гөжүүд, бухимдалтай буюу бухын хүзүүнээс хатуу болдог. Бага насны хүүхэд аливаа зүйлийг хийхдээ, яагаад тухайн зүйлийг хийх ёстой, хийж байгаа үйлдэл нь буруу эсвэл зөв гэдгийг мэддэггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд алдаа гаргавал тухайн зүйлийг хийх нь яагаад буруу байсан, ямар алдаа гаргасан гэдгийг нь тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд алдаагаа давтахгүй. Хэрвээ дахин дахин давтаад байвал та ойлгуулах арга хэлбэрээ өөрчлөөд үзэх хэрэгтэй. Аядуу зөөлөн өнгөөр өөрийнх нь харааны түвшинд хүрч харилцах нь чухал.

-“Чамайг сайн байвал ийм тийм юм авч өгнө” гэдэг болзлыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавьдаг. Тухайлбал, хувцсаа хураачихвал амттан авч өгнө, утсаа өгнө гэх зэрэг. Ингэж харилцах нь зөв үү?

-Энэ бол эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс төвөгшөөх, тайлбар хийхийг орхигдуулж байгаатай холбоотой. Тухайн цаг мөчийг аргалж өнгөрөөж байгаа хэрэг. Хэрэв залуу эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс татгалзсаар байвал тухайн хүүхэд цаашид хийх зүйлс, асуудлын талаар бодож чадахаа больдог. Хүүхдэдээ зарцуулж байгаа чанартай цаг бол дараагийн гарч болох эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд