No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

76: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Ганхуягийг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Тэрээр анх удаа Их хуралд сонгогдсон залуу гишүүдийн нэг. Их хурлын сонгуульд МАН-аас 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Өмнө нь ХҮН, АН-ын гишүүн байсан. Мөн 2016 оны Их хурлын сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшин ялагдаж байв. Тэрээр улс төрд хүч үзэж, нэг бус сонгуульд оролцож, ялж, ялагдаж үзсэн туршлагатай.

Түүний аав, ээж Архангай нутгийн хүмүүс. Аав нь Армид 30 жил зүтгэсэн хурандаа цолтой нэгэн. Х.Ганхуяг 1977 онд Улаанбаатар хотод төржээ. 1984-1994 онд Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 1994-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн.

Мөн 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний Академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ.

2003 онд “Хера” группийг үүсгэн байгуулсан тэрбээр бизнесийн салбарт гаргасан амжилтын түүхээсээ хуваалцсан байдаг. 30 хүрээгүй залуугийн үүсгэн байгуулсан компани ТОП 100 аж ахуйн нэгээр шалгарч байв.

Тэрбээр, “Намайг Солонгост эдийн засгаар магистрт сурч байх үед ээж минь нуруугаа гэмтээгээд хүнд мэс засалд орох болсон юм. Мэс засалд шаардагдах мөнгө нь тухайн үед манай гэр бүлийг хямраах хэмжээний байлаа. Тиймээс сургуулиасаа завсардаж, мөнгө босгох хэрэгтэй болсон. Тэгээд янз бүрийн арга сүвэгчилсээр мөнгөө босгосон бөгөөд үүнээс хойш бизнес хийх хэрэгтэй юм байна гэж шийдсэн дээ. Ингээд 2003 онд солонгос хэлний мэдлэгтээ дулдуйдан, Hite шар айргийг найзын хамт борлуулж эхэлсэн.

Үүнийг худалдаалдаг байсан бусад 5 компани нь MCS гэх мэт том компаниуд байв. Бид гурвуулхнаа, зардал багатай байсан болохоор бараагаа бөөний төвүүдэд хямд нийлүүлэх стратеги баримталж, жилийн дараа гэхэд нэг л өрсөлдөгчтэй үлдсэн. Улмаар бид түгээлтдээ онцгой анхаарсны хүчинд 2008 он хүртэл зах зээлдээ АПУ-гийн дараа орох тоглогч байв. Гэвч удалгүй импортын шар айрганд өндөр татвар тогтоосон хууль гарснаар энэ бизнес маань ашиггүй болсон.

2005 оны сүүл үед тоног төхөөрөмжийн салбар руу орсон. Анх Хьюндэйгийн гурван ширхэг экскаватор аваад, зарах гэж мөн ч их зүдсэнээ санаж байна. Жижиглэнгийн бараа борлуулдаг байсан хүмүүс 200-300 мянган долларын аварга бүтээгдэхүүн борлуулж эхлэхэд цоо шинэ ур чадварууд шаардагдаж байв. Брошураа бариад л өглөөнөөс орой хүртэл явдаг байсан тэр үе маань надад олон зүйлийг сургасан.

Харин барилгын салбар луу орсон маань 2008 оноос юм. Тэр жил бетон зуурмагийн үйлдвэр байгуулъя гэж шийдээд, краудфандингийн төсөл санаачилж, зах зээлээс 5 тэрбум төгрөг босгохыг зорьсон. Зөвшөөрлөө 6 сар хөөцөлдөж аваад, яг хувьцаагаа гаргах гэтэл эдийн засгийн хямрал эхэлчихсэн. Үүний улмаас 3 орчим тэрбум төгрөг босгож, 2009 онд үйлдвэр маань ашиглалтад орсон бөгөөд нэг жилийн дараагаас л ашигтай ажиллаж эхэлсэн” хэмээжээ.

Хувийн амьдрал

Залуугаасаа бизнест хөл тавьсан учраас залуу нас завгүй өнгөрч, 30 гарсан хойноо гэр бүл зохиосон хэмээсэн байдаг. Гэргий Т.Уранзул нь дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын сацуу “Kids Art Mongolia” зургийн дугуйланг ажиллуулдаг аж. Тэд гурван хүүхэдтэй. Х.Ганхуяг чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Тэрбээр бокс, фитнесээр хичээллэдэг. Асралт хайрхан руу авирч үзээд тэсвэр хатуужил, ачаалал даах тал дээр анхаарах шаардлагатайгаа мэдэрсэн тул боксоор хичээлллэж эхэлжээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгосон. Энд тэрбээр өөрийн орлого 499,8 сая, гэр бүлийн орлого 113,9 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр 3,05 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нэг амины орон сууц, нэг зуслангийн байртай, 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий Landrover, RangeRover машинтай. 45 сая төгрөгийн газар эзэмшдэг бол 447 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Тэрбээр дотоодын хадгаламжиндаа 40,4 сая төгрөгтэй бол гадаадын хадгаламжиндаа 1,2 сая төгрөгтэй.

Женерал индастриал солюшн ХХК ХХК, Майн тех МСҮТ боловсрол сургалтын байгууллага, Мон аяут ХХК, Ремикон цемент шохой ХХК, Ремикон ХК, Эм Би Си Си холдинг ХХК, Хера Экуйпмент ХХК, Даунтаун фейшн ХХК, Сонголожистик ХХК ХХК, НХГ ХХК, Хера Энержи ХХК зэрэгт хувьвцаа эзэмшдэг. Тэрбээр 1,4 тэрбумын авлагатай бол 306 саяын зээлтэй гэж мэдүүлжээ. ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

33 тэрбум төгрөгийн зээлтэй нь холбоотой асуудал

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан аж.

Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан бөгөөд тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар ажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажиллаж байв.

Харин үүний хариуд тэрбээр, “Би 20 шахуу жил бизнес эрхэлсэн. 1990 оны өмч хувьчлалын дараа бизнес эрхлэх боломж хүн бүхэнд нээлттэй болсон. Миний ойр тойрны хүмүүс бизнес эрхлэхээр яагаад надтай хамааруулж харлуулах гээд байгааг ойлгохгүй байна. Онцлон хэлье, би Хөгжлийн банкнаас зээл авсан гэх “Вертекс” компанид нэг ч хувь эзэмшдэггүй. Зээлийн хувьд, тухайн компанийн зүгээс ч банкнаас тавигддаг шаардлага, зохих журмын дагуу барьцаа хөрөнгөө байршуулж, бизнесийн зээл авсан” хэмээх тайлбарыг хийжээ.

“Тав хоног нетфликсын горимд шилжлээ”

 2020 оны 11-р сард УОК, Засгийн газар хуралдаж тав хоногийн бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосноор хэдхэн салбараас бусад бүх ААН, байгууллагуудыг гэр, цахим хэлбэрээр ажлаа явуулахыг зөвлөмж болгосон. Харин энэ үеэр Х.Ганхуяг гишүүн “Тав хоногийн хугацаатай НЕТФЛИКС-ын горимд шилжлээ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн нь олон хүний дургүйцлийг хүргэв.

“Нийслэлийн өмчид юу юу орсон талаар маш тодорхой байх ёстой”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Х.Ганхуяг гишүүн “Хот тосгод болон Захиргааны эрх зүйн хуулиуд орхигджээ. Нийслэлийн өмчид юу юу орсон талаар маш тодорхой байх ёстой. Эцсийн өмчлөгч нь нийслэлийн иргэд байх ёстойгоос гадна тэдгээрийн өмнөөс хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь НИТХ байна гэсэн үзэл баримтлалыг суулгах шаардлагатай. Ямар тохиолдолд, ямар өмчийг Нийслэлийн Засаг дарга шилжүүлж авах нь тодорхой байх хэрэгтэй. Энэ хуулийн 22-р зүйлд Нийслэл хот гадаадад төлөөлөгчтэй байна гэж байна.Тэгэхээр энэ төлөөлөгч ямар зардлаар, юу хий нь маш тодорхой байх хэрэгтэй” гэжээ.

Олимпын наадамд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгуулжээ

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпийн наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулжээ.

2022 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн олимпийн 24 дэх наадам, 2024 онд Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах Зуны олимпийн 33 дахь наадам, Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдыг бэлтгэх, амжилтын чанарыг ахиулах, дэмжих чиглэлд холбогдох шийдвэрийг санаачлан батлуулахын төлөө дээрх лобби бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллах юм байна.

Хуулийн төслүүд өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Уг хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүний хамтаар санаачлан, боловсруулжээ.

Одоо үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцжээ.

Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоомж, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна. 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд