No menu items!
HomeХэн юу хэлэвН.Эрдэнэхүү: Мэс заслын эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь төлж байна

Н.Эрдэнэхүү: Мэс заслын эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь төлж байна

-

Хорт хавдрын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг болжээ. Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүгийн өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Хавдрын тусламж үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг ЭМДС-гаас хөнгөлдөг болсон. Иргэд хавдрын эмнэлгээс хичнээн төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой вэ?

– Манай эмнэлэг хавдрын бүхий л төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Нийт 33 тасаг албадын хэмжээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, сэргээн засах гэсэн үндсэн таван төрлөөр тусламж үйлчилгээгээ явуулдаг. Хавдар зөвхөн нэг газар байдаг зүйл биш. Тархинаас авахуулаад бусад эрхтэн системд нөлөөлдөг учраас тэр болгонд тусламж, үйлчилгээ үзүүлднэ.

Бид ганцхан цусны хавдрын эмчилгээг л хийгүй байгаа. Харин бусад бүх төрлийн хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж, оношлогооны хувьд бүгдийг нь хийж байна.

– ЭМДС-гаас хэвтэн эмчлэх, бай эмчилгээний зардлыг хариуцдаг болсон. Өөр ямар тусламж үйлчилгээг даатгалын сангаас хариуцаж байна вэ?

– Монгол Улсын Их Хурлаас баталсан 03-р тогтоол гэж бий. Үүний хүрээнд асар том шинэчлэлтүүд хийгдсэний нэг нь бай эмчилгээ юм. Энэ эмчилгээг манайх хийдэггүй байсан. Харин хийлгэх хүмүүс өөрсдөө эмээ гаднаас худалдаж авчирдаг байлаа.

Гэтэл тэр эм нь 1.8 саяас 12 сая төгрөг хүртэл үнэтэй. Үүнийг боломжтой иргэд авдаг, боломжгүй нь орхидог байсан. Харин даатгалын хуулийн өөрчлөлтөөр хүмүүс бүгд бай эмчилгээг авах боломжтой болсон.

Анх үндсэн таван бай эмчилгээг оруулъя гэж яригдаж байсан болов ч нэгэнт хууль хэрэгжиж байгаа учир Монголд бүртгэгдсэн байгаа бай эмээ бүгдийг нь оруулъя гэж ХСҮТ, ЭМДЕГ, ЭМЯ ярилцсан. Үүний үндсэн дээр бүх бай эмээ оруулаад явж байгаа. Бай эмийг ганц удаа хэрэглэхгүй. Үүнд дотор насан туршдаа ч уух эм байна. Харин энэ насан туршдаа эмчилгээгээ хийлгэх бололцоог даатгалын хууль олгосон. Тэгэхээр энэ нь олон хүнийг санхүүгийн дарамтаас чөлөөлж байгаа юм.

– Өнөөдрийн байдлаар ЭМДС-гаас хичнээн хүн тусламж үйлчилгээ авсан байна вэ?

– Өмнө нь бай эмчилгээ, шугаман уртасгуур, туяа эмчилгээнд орж байгаа хүн болгон 500-600 мянган төгрөг төлдөг байсан. Одоо энэ мөнгийг төлөхөө больсон.

Мэс заслын эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь төлж байна. Өмнө нь өндөр өртөгтэй хэрэгслийн тодорхой хувийг иргэн өөрөө төлдөг байсан бол даатгалын хуулиар 100 хувь үнэгүй болгосон.

Мөн бай эмчилгээ хийлгэх хүмүүсийн тоо эрс ихэссэн. Ер нь бол манайд жилдээ 13,000 хүн эмчилгээнд орж байгаа. Түүний ихэнх нь мэс засал, хими, туяа эмчилгээ хийлгэдэг. Бид нийтдээ 1.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг бай эмчилгээнд аваад байна. Тэгэхээр 1.5 тэрбумыг өөрсдөөсөө гаргах гэж байсан тэр хүмүүсийн эмчилгээг улс даасан гэсэн үг. Түүнчлэн компьютер томографын төлбөрийг даатгал хариуцаж байгаа. Иргэд өөрсдөөсөө 30 хувийг л гаргана.

Гэхдээ долоон төрлийн хүмүүсийн зардлыг 100 хувь дааж байгаа шүү дээ. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, хүүхэд гэх мэт хүмүүс багтдаг. Эдгээр хүмүүс хамтын төлбөр төлөхгүй. Бусад хүмүүс бол хамтын төлбөр төлнө юм.

– Сүүлийн үед ямар төрлийн хавдрын өвчлөл зонхилж байна вэ?

– Монгол Улс дэлхийд хавдрын үхлээрээ тэргүүлж байна. Нэгдүгээрт ходоод, хоёрт элэгний өвчлөлөөр тэргүүлж байна, үүний араас хөх болон умайн хүзүү ордог. Энэ дундаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой хавдрууд бий. Зургаан жилийн өмнө хавдрын шалтгаанаар өдөрт зургаан хүн нас барж байсан. Өнөөдөр статистикаас харахад 12-13 хүн нас барж байна.

– Урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

– Энэ өвчний 75 хувийг бид хянах бололцоотой. Үүний тулд бид эрт илрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хожуу шатандаа илэрч байгаа тохиолдол багасч, эмчилгээ сайн авч, дагаад үхэл цөөрнө. Тэгэхээр хавдрын хяналтын тогтолцоо байх ёстой.

– ЭМДС-гаас төлбөрийг хариуцдаг болсноор гадаадруу явах урсгал буурч байгаа юу?

– Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ковидын үед манай эмнэлгийн хавдрын тусламж үйлчилгээ эрс ихэссэн. Жишээ нь туяа эмчилгээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 хувь ихэссэн байна лээ. Ковидын шалтгаанаар амбулаторийн тусламж, үйлчилгээ буурсан ч гэсэн химийн эмчилгээний хувь мөн ихэссэн байгаа.

Химийн эмчилгээ хийлгэх гэж хүмүүс манай дээр их ирдэг байлаа. Одоо гайгүй болсон. Яагаад гэвэл даатгалын хуулиар иргэд бусад эмнэлгүүдэд ч гэсэн үйлчлүүлэх боломжтой болсон нь ачааллыг багасгаж байна. Гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа учраас аймаг, дүүргүүд химийн эмчилгээгээ хийж байгаа. Даатгалын шинэ хуулийн ачаар өөрчлөгдсөн гэсэн үг. Бодлогын давуу тал гэдэг л энэ.

– Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?

– Хамгийн чухал зүйл бол амьдралын зөв хэвшил юм. Үнэхээр удамшлаар тодорхойлогдож байгаа бол зарим хүчин зүйлийг бид яаж ч чадахгүй. Гэхдээ тэр нь 25хан хувь байхгүй юу. 75 хувь нь биднээс хамаатай.

Хүний бие өдөр бүр мутацид орж, хавдар үүсэх процесс явагдаж байдаг. Харин түүнийг бидний биеийн дархлаа устгадаг. Тэгэхээр хүний дархлааны тогтолцоо сайн байх тусам хавдрын эсүүд үүсэж, үржиж чадахгүй.

Мөн дандаа иргэдэд бурууг өгч болохгүй. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Эрүүл, аюулгүй амьдрах бололцоог бид хангах ёстой юм. Ингэж байж л хавдар аюулгүй болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд