No menu items!
HomeХэн юу хэлэвС.Лхагвадорж: Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан тэтгэмж...

С.Лхагвадорж: Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан тэтгэмж авах боломжтой

-

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадоржийн өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Эмэгтэй даатгуулагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарах боломжтой байдаг. Энэ талаар яриагаа эхэлье?

– Монгол Улсын төрөөс эмэгтэй даатгуулагч, эхчүүдэд чиглэсэн нийгмийн хамгаалал, түүн дотроо нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг бодлогоор авч үзэж, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт замаар олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Хуулиараа эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй даатгуулагч 55 насанд хүрээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох нөхцөлтэй. Харин даатгуулагч эхчүүдийн тухайд төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авч, 6 нас хүртэл нь өсгөсөн 4-өөс дээш хүүхэдтэй бол 5 жилийн өмнө буюу 50 настайдаа олон хүүхэдтэй эхчүүдийн нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүний тулд нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай.

Олон хүүхэд төрүүлсэн, улсдаа 20 жил ажилласан эсвэл 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ээжүүдэд тэтгэвэр тогтоож өгдөг тусгайлсан, хөнгөлөлттэй нөхцөлийн заалт байгаа. Энэхүү хуулийн зохицуулалт даатгуулагч эхчүүдэд тэтгэвэр, тэтгэмж тогтоох асуудалд нилээд ач холбогдолтой юм.

– Хүүхдийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоход ямар бичиг баримт шаардлагатай вэ?

– Даатгуулагч эх 20-иос доошгүй жил НДШ төлсөн байх шаардлагатай. Магадгүй тухайн ээжийн хувьд 1995 оноос өмнө улсад ажилласан бол түүнийгээ нотлох хөдөлмөрийн дэвтэр хэрэгтэй.  Хэрэв хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, эсвэл үрэгдүүлсэн бол тухайн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, 1995 оноос өмнө ажилласан хугацааг нь нотлох ажилд авсан, чөлөөлсөн архивын лавлагаа хэрэг болно. Мөн бүр шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гэж заасан байгаа. Дөрөв буюу түүнээс дээш хүүхдийг өөрөө төрүүлсэн эсвэл гурав хүртэл настайд нь өргөн авсан бол төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдүүдийг төрсний гэрчилгээ шаардлагатай байдаг. Дээрээс нь 1995-2020 оны хоорондох НД-ын дэвтэр шаардлагатай байгаа.

Нийгмийн даатгалын байгууллагаас 2021 оноос эхлээд үйлчилгээгээ цахимжуулах ажлын хүрээнд НД-ын цахим дэвтрийг олгож эхэлсэн. Тэгэхээр даатгуулагч ээж нар маань 2021 онд НДШ төлсөн тохиолдолд цахим дэвтэрт нь үндэслэж нотлох баримт авна. Олон хүүхэд төрүүлсэн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох ээжүүдийн хувьд саяын хэлсэн бичиг баримт шаардлагатай бөгөөд харьяалах орон нутгийнхаа НД-ын хэлтэст өргөдөл хүсэлтээ гаргана.

– Төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн тоогоор жилийг нэмэгдүүлж байгаа. Энэ талаар тодруулна уу?

– Монгол Улсын Засгийн газраас эхчүүдэд чиглэсэн олон бодлого хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд төрүүлсэн болон гурав хүртлэх настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор нэг хүүхдэд  нэг жил 6 сараар бодож НДШ төлсөн хугацааг нь нэмэгдүүлэх хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.

Гурван хүүхэд төрүүлсэн ээж байлаа гэж бодоход тэр ээж өөрөө НДШ төлсөн хугацаан дээр нь гурван хүүхдийнх нь тоогоор  4 жил 6 сар нэмэгдэж орж байгаа.  2020 онд 22.,9 мянган ээж яг энэ хуулийн болзлоор жилээ нэмэгдүүлсэн.

Нэг сая төгрөгний цалингийн дундажтай, гурван хүүхэд төрүүлсэн ээж тэтгэвэр тогтоолголоо гэж бодъё. Энэ бол олон хүүхэд төрүүлсэн эхийн болзол биш шүү.  Цөөхөн хүүхэдтэй ээжүүдийн хувьд, 55 настай, өөрийнх нь шимтгэл төлсөн хугацаа 20 жил байлаа гэхэд түүн дээр гурван хүүхэд төрүүлсэн бол 4 жил 6 сар нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 24 жил 6 сар НДШ төлсөн даатгуулагч өндөр настны тэтгэвэр тогтоолоо гэхэд 7 жилийн дундаж цалингийн хэмжээнээс нь сарын тэтгэврийг тооцон гаргана. Ингэхдээ 20 жил шимтгэл төлсөн бол 45 хувиар, 20-иос илүү жил шимтгэл төлсөн бол жил тутамд 1,5 хувиар, сар тутамд нь 0.125 хувиар тэтгэврийг нэмэгдүүлдэг байгаа.

Тэгэхээр энэ хүний хувьд өөрөө 20 жил шимтгэл төлсөн, 3 хүүхэд төрүүлсэн бол 24 жил 6 сартай болж байна. Хэрэв энэ хүн 20 жил шимтгэл төлөөд  тэтгэвэр тогтсон бол  тухайн ээжийн хувьд 51.75 хувиар тэтгэвэр тогтоно. Ингээд сардаа 517, 500 төгрөгний тэтгэвэр авах жишээтэй байна.

– Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн, түүнээс жирэмсний чөлөө авахаас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагчид олгох зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, төрөхөөс нь өмнө буюу жирэмсний 31-32 долоо хоногтойгоос нь эхлээд 60 хоногийн тэтгэмж буюу календарийн хугацаагаар бол 2 сарын тэтгэмж өгнө. Төрсний дараа буюу амаржсанаас нь хойш 2 сарын хугацаанд мөн амаржсаны тэтгэмжийг олгодог.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тухайн даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас 100%-иар бодож, 4 сарын хугацаанд олгодог.

– Даатгуулагч эхчүүд эмнэлгийн хуудсаа хэрхэн бичүүлэх вэ? Хаана хандах вэ? Материалаа, баримт бичгээ өгсний дараа хэд хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгодог вэ?

– Эхчүүдийн хувьд жирэмсний эмнэлгийн хуудас, амаржсаны эмнэлгийн хуудас гэсэн хоёр эмнэлгийн хуудсыг бичүүлж авна. Тухайн эх жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлэхдээ жирэмслэлтийнхээ 31-32 долоо хоногтой болох үедээ хяналтад байсан эмнэлгийн байгууллагадаа хандан бичүүлнэ. Даатгуулагч эх хяналтын хуудас бичигдсэнээс 28 хоногийн дотор НДБ-т өгч хянуулна. Албан журмын даатгуулагч ажил олгогчоороо дамжуулан, сайн дурын даатгуулагч өөрөө харъя нийгмийн даатгалын хэлтэстээ эмнэлгийн хуудсаа өгнө. Эмнэлгийн хуудас олгох журам саяхан шинэчлэн батлагдсан. Ингэснээр эмнэлгийн хуудсыг цаашид эмнэлгийн байгууллагаас нийгмийн даатгалын байгууллагад шууд цахимаар ирүүлснээр даатгуулагчдад чирэгдэлгүй, илүү хялбар болох юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тухайн даатгуулагч, ажил олгогчоос тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд 4 долоо хоногийн дотор бодож олгоно гэсэн байдаг.

– Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ ажил эрхэлдэг болон хувиараа даатгал төлдөг хүмүүст ялгаатай байдаг уу?

– Ялгаагүй. Өмнө нь албан журмын даатгуулагчдын хувьд дундаж цалингаас нь 100 хувиар, сайн дурын даатгуулагч эхчүүдэд 70 хувиар тооцож олгодог байсан. Дундаж цалин хөлснөөс нь адилхан 100 хувиар тооцож олгох хуулийн зохицуулалт 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. 2020 онд хүүхэд төрүүлсэн 7400 сайн дурын даатгуулагч эхэд олгох тэтгэмжийг 30%-иар нэмэгдүүлж олгосон. Үүнд 3,4 тэрбум төгрөгийг нэмэлтээр зарцуулсан байгаа.

– Шимтгэл төлөлт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тасрахгүй байх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

– Албан журмын даатгуулагч эх эхний 2 удаагийн төрөлт дээрээ л жирэмсний болон амаржсаны тэтгэмж дараалан авах боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2 дахь хүүхдээ төрүүлэх тохиолдолд тэтгэмж олгогдох боломжгүй байсан юм. Эхний 2 удаагийн төрөлт хамаарна гэдэг хуулийн зохицуулалт 2020 оноос хүчингүй болсон. Ингэснээр хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан тэтгэмжийн даатгалын сангаас буюу нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болсон.

Энэ хугацаанд ажил олгогч нь тухайн даатгуулагчийн хүүхэд асрах чөлөөтэй байх үеийн шимтгэлийг хариуцна.  Нөгөө талаас бол сайн дурын даатгуулагч эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асарч байх хугацаандаа төлбөл зохих шимтгэлийнхээ 50%-ийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50%-ийг нь тэтгэмжийн сангаас буюу нийгмийн даатгалын сангаас эсхүл улсын төсвөөс төлж өгөх хуулийн зохицуулалт 2020 оноос хэрэгжиж байгаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд