No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

76: УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг онцолж байна.

Товч намтар

Архангай аймгийн харьяат тэрээр 1981 онд төрсөн. Х.Булгантуяа дунд сургуулиа Австрали улсад 1996 онд төгсжээ. Мөн нэгэн ярилцлагадаа “Австралид очсон хамгийн анхны гэр бүл манайх байлаа” гэсэн байдаг. Түүнчлэн 1997 онд Монгол-Туркийн хамтарсан Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн математикийн анги, 2006 онд БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр, 2008 онд АНУ-н Йелийн их сургуульд Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр зэрэг хамгаалжээ.

Тэрээр ажлын гараагаа 2006 онд Австралийн Паладин Ресурсис, Японы хөрөнгө оруулалттай Frontier Securities LLC-д бизнес хөгжлийн зөвлөхөөр эхэлсэн. Үүний дараа 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд төслийн Зөвлөх, төслийн удирдагч, 2012-2013 онд Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд Монгол Ардын Намын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос Монгол Улсын Сангийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, УИХ-д сонгогджээ. Тэрээр англи, хятад, япон хэлтэй бөгөөд триатлоны спортоор хичээллэдэг аж.

Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн зэрэг сонгуульт ажилтай.

Хөрөнгө, орлого

Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ тайлагнасан байдаг. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн жилийн орлого 30 сая 457 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 71 сая 285 мянга. Тэрээр 485 сая төгрөгний хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.

Мөн 75 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 80, Subaru, Outback зэрэг хоёр машинтай бөгөөд 20 сая төгрөгийн эзэмших-629 м2, эзэмших-697 м2 хоёр газартай. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 11 сая 248 мянган төгрөг аж. Мөн бусдаас 100 мянган төгрөгний авлагатай бөгөөд Гарден Артс ХХК-ны 50 хувийг эзэмшдэг гэж ХОМ-дээ дурджээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний талаарх мэдээллүүдийг товчлон хүргэе.

Х.Булгантуяа: Манай татварын хуультай нийцэхгүй байна

Европын холбоо анх удаа 2017 оны арван хоёрдугаар сарын 5-нд  татварын хувьд ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орон, бүс нутгийн “хар жагсаалт”-ыг дэлгэсний дотор Монгол Улс багтсан. Агуулгадаа “Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш. Мөн ЭЗХАХБ (OECD)-аас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцод нэгдээгүй. BEPS буюу “Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэх” асуудалтай тэмцэх, энэ талаарх стандартуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж Европын холбоо тайландаа тусгаж байсан.

Энэхүү тайлангаа гаргах буюу Монгол Улсыг хар жагсаалтад оруулахаасаа өмнө Европын холбооноос Монгол Улсын Сангийн яаманд дөрвөн чиглэлээр татварын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх, шалгуур шаардлагуудыг татварын хуульдаа тусган оруулах зөвлөмж  бүхий ил захидлыг хүргүүлжээ.

Харин уг захидлын хариуд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Танай тавьсан шаардлага манай хууль тогтоомж, ялангуяа, манай татварын хуультай нийцэхгүй байна” гэсэн утгатай захидал илгээснээр манай улсыг татварын “хар жагсаалт”-д орсон гэх мэдээллийг isee.mn сайт нийтэлжээ.

Х.Булгантуяа: Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн вакцинжуулалт яах ёстой вэ

УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт яах ёстой вэ. Хөхүүл эхчүүд яах ёстой вэ. Хүүхдүүдийн вакцин хэзээ ирнэ гэсэн төсөөлөлтэй байгаа вэ. 2022 оны вакцинаа хөөцөлдөж байгаа юу, гурав дахь тунг хийнэ гэж яриад байна. Энэ тун хавар орж ирэх үү. Вероссел вакцин 6 сарын хугацаатай юм шиг байгаа юм. Одоо бараг эхнээсээ хугацаа нь дуусаад дараагийнх нь хийх ёстой юм шиг байна. Энэ бэлтгэл хангагдаж байгаа юу?” гэсэн асуултыг асуужээ.

Гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт эхэлсэн. 6-р сарын 14-өөс эхлэн бид 14-34 долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд Pfizer вакцин хийж байгаа. Манай улс 2.5 сая тун вакцин авах гэрээ хийгээд, эхний татан авалтууд эхэлсэн…” гэсэн байна.

Энэ асуудал нь, коронавируст халдварын цар тахалтай холбоотой цаг үеийн бүхий л асуудлыг иргэд хүртэл мэдэж байхад төрийн бодлого тодорхойлогч хүн наад захын мэдээлэлгүй байна гэх шүүмжлэл дагуулав.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд