No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Вакцины дараах дархлаа тогтоц

Хэн юу хэлэв: Вакцины дараах дархлаа тогтоц

-

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа вакцины дараах дархлаа тогтцын талаар мэргэжлийн хүмүүс ямар тайлбар хэлснийг нэгтгэн хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Саруул:

Халдвар аваад эдгэрсний дараа тогтох дархлаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Энэ талаар нарийвчлан судалсан судалгаа ч дэлхийд байхгүй. Тиймээс Covid-19-ийн халдварт байгалийн дархлаа хэр удаан тогтох нь тодорхойгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд халдвар авахгүй байх хамгаалалт үүсэж байна. Харин вакцины дараах дархлаа нь удаан хугацаанд халдвараас хамгаална гэсэн судалгаа бий. Иймээс вакцины дараах дархлааг найдвартай дархлааны тоонд оруулж байгаа.

Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа үүсэж, тогтоно хэмээн судлаачид үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө эсвэл дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авсан тохиолдолд өвдөж болно.

/2021.05.09 news.mn, тодруулгын хэсгээс/

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлaа судлалын тэнхимийн эрхлэгч, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, анагаах ухааны доктор Т.Хонгорзул:

Вакцин хэр удаан дархлаа тогтоох вэ гэхээр одоогийн байдлаар дунджаар 6-12 cap байна гэж үзэж байгаа. Энэ хугацаанд л судалгаа шинжилгээ хийгдсэн болохоор одоогоор ингэж үзэж байна. Нэг жил тогтоно гэж байсан бол жилийн дараа үзэхэд дархлаа тогтсон хэвээр байж болно. Дархлаа тогтоц их удаан үргэлжилдэг.

Зарим вакцины дараа дархлаа тогтоц насан туршид нь үүсэж болно. Хоёр жил ч болж болно. Харилцан адилгүй учраас урьдчилан хэлэх боломжгүй. Дэлхий нийтээрээ хоёр тун вакцин хийгээд тэрийгээ судлаад үр дүнг нь үзээд гаргаж ирсэн шүү дээ.

/2021.05.10 medbook.mn, ярилцлагын хэсгээс/

НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг:

Дархлаажуулалтын үр дүнгийн талаар урьдчилсан судалгааг хоёр байгууллага хамтран хийсэн. Манай улсад хамгийн өргөн хэрэглэж байгаа: 

Астразенека– вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс 14 хоногийн дараа 56 хувийн дархлаа тогтсон бол хоёр дахь тунгийн дараа 100 хувь дархлаа тогтож, коронавирусийн эсрэг бие үүссэн байна.

Вероселл– вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 99.3 хувьд эсрэг бие үүссэн. Вирусийг саармагжуулж, идэвхгүй болгодог эсрэг биеийг үзэхэд уг хоёр вакцины 85-90 хувьд саармагжуулах эсрэг бие үүсэж байна. Тиймээс бидний хэрэглэж байгаа энэ хоёр вакцин хангалттай дархлаа үүсгэнэ гэж үзэж болно.

Хувь хүн дархлаа тогтсон эсэхээ үзэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Хоёр дахь гол зүйл бол тархвар зүйн судалгааны заалтаар буюу халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, онцгой байдлын албан хаагчид тархвар зүйн үүднээс эсрэг биеийн шинжилгээг хийлгэж байх шаардлагатай. Тэгэхээр вакцины дараах дархлаа тогтцод эргэлзэх зүйл байхгүй. Вакцины үр дүн ямар байхав гэдэг дүгнэлтийг үндэсний хэмжээний био бэлдмэлийн лаборатори хийх ёстой.

/2021.05.20 ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр/

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран:

Коронавирус гадаргуугийн S буюу сэртэнгийн уургаараа хүний бие рүү хамар залгиураар дамжин орж, уушгийг гэмтээдэг. Ингэхдээ хаалгыг түлхүүрээр нээдэг шиг дотогш нэвтэрдэг. Хүний бие рүү нэвтрэх үедээ хэлбэрээ өөрчилдөг юм. Иймд өөрчлөгдөөгүй хэлбэрийн эсрэг бие үүсвэл хамгийн сайн гэж үзэж байгаа.

Дархлаажуулалт хийснээр хүний генийн мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй. Сэртэнгийн уураг мэдээллээ солих боломжтой байдаг. Pfizer вакцин энэ мэдээллийг солих боломжгүй болгон гагнасан байдаг тул өндөр үр дүнтэй. Хүн ДНХ гэдэг бодист генийн мэдээллээ хадгалдаг. Генийн мэдээллийг өөрчлөхийн тулд хүнд байдаггүй бодис хэрэгтэй.

Pfizer вакцины тухайд насанд хүрэгчдэд 95 хувийн нөлөөтэй байсан бол хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Энэ вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээлэл буюу РНХ бодисыг тасалж аваад, өөх тосонд оруулаад хүний биед тарьдаг.

/2021.06.10 ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр/

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:

Халдвар авч байгаа 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй иргэд. Өдөр бүр халдвар авч байгаа хүмүүсийн 90 хувь нь вакцинаа бүрэн хийлгээгүй иргэд байна.

Ковид туссан сүүлийн гурван өдрийн 6,600 гаруй хүний 6,000 нь буюу 90% нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, хоёр дахь тунг хугацаандаа ирж хийлгэж амжаагүй нэг дэх тунг хийлгэсэн иргэд, хүнд өвчтэй буюу дархлаа сул, хүүхэд зэрэг иргэд байна.

Хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна.

Дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгааг ХӨСҮТ хийсэн. АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүсийг амь насны эрсдэлээс 88-100%, халдвараас 80-90 хувь хамгаалж байна.

Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн. 9 хувь нь хүндэвтэр өвдсөн. 1 хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн.

Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа.

Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

/2021.06.15 ikon.mn/

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:

Вакцинжуулалт цар тахлын үед халдвараас сэргийлэх, хүндрэл, нас баралтаас сэргийлэх гэсэн үндсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг. Вакцинд хамрагдсан иргэд халдвар авсан, вакцинд хамрагдаад хүндрэл үүсч байгаа тохиолдлуудад иргэд анхаарлаа хандуулан вакцин үр дүнгүй юм бишүү гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагад тавьж байна. Бид бүхэн олон төрлийн судалгаа хийж байна. Вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй бүлгээс халдвар авч байгаа тохиолдлын судалгааны үр дүнгээр олон улсын түвшинд ямар үр дүн үзүүлж байна тэр түвшний үр нөлөөг үзүүлж байна гэдгийг баталж байна.

Монгол улсын хувьд Синофарм үйлдвэрийн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг түлхүү хийж байна. Мөн АстраЗенека, Файзер, Спутник зэргийг хийж байна. Тиймээс вакцины үр нөлөөнд  иргэд маань эргэлзэх хэрэггүй.

Вакциныг 100 хувь хамгаална гэж ойлгож болохгүй. Олон улсад Синофарм үйлдвэрийн вакцин 80 хувийн үр нөлөөтэй гэж үзэж байна гэдэг талаар мэдээлсэн. Тиймээс цаана нь 20 хувийн хамгаалалт тогтоогүй хүмүүс үлдэнэ. Сая хүнийг бүрэн дархлаажууллаа гэж тооцвол 800 мянга нь дархлаа тогтсон, 200 мянга нь хамгаалагдаагүй байх магадлалтай. ДЭМБ-аас ч вакцины I, II тундаа хамрагдсан бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай гэж зөвлөж байгаа.

Иргэд эсрэг бие тогтсон эсэхийг тогтоолгох шинжилгээг хийлгэж байна л даа. Гэтэл титрийн хэмжээ өндөр гарсан тохиолдолд халдвараас 100 хувь сэргийлэгдсэн юм байна гэж ойлгож болохгүй. Эсрэг биеийн титрийн хэмжээ олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Вакцинаас гадна өөр байдлаар ч эсрэг бие үүссэн байхыг үгүйсгэхгүй.

/2021.06.16 ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд