No menu items!
HomeЭмч зөвлөж байнаС.Баянжаргал: Мах иддэггүй хүүхдийн уургийн хэмжээг заавал нөхөх хэрэгтэй

С.Баянжаргал: Мах иддэггүй хүүхдийн уургийн хэмжээг заавал нөхөх хэрэгтэй

-

Улсын II төв эмнэлгийн эмчилгээний хоол зүйч С.Баянжаргалтай ярилцлаа. 

Өглөөний хоол нь хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог 

-Хоёулаа өглөөний хоолны талаар яриагаа эхэлье. Өглөөний хоолны ач тус юу вэ?

Судалгаанаас харахад монголчуудад өглөөний хоол идэх зуршил маш муу байдаг.

Өглөөний хоол идэхгүй байна гэдэг ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл үүсэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний хоол гэдэг нь тэр өдрийн эрч хүч болж байдаг. Өглөөний хоол идэхгүй эсвэл чанаргүй муу хоол идэх нь ходоодонд маш муу нөлөөтэй. Өглөөний хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсэх гол эх үүсвэр  ч болдог.

Ер нь, өглөөд хүний цус өтгөн, цөс өтгөн, шээс ч мөн адил өтгөн байдаг. Тийм болохоор заавал өглөөд хооллох хэрэгтэй. Ер нь, өглөө хоолоо идэхгүй байна гэдэг нь маш муу бензинтэй машин явж байна гэсэн үг л дээ.

Муу бензинтэй машины амьдрах хугацаа улам л багасна биз дээ. Яг түүнтэй адил. Өглөө хоол идэхгүй байхаар тухайн өдрийн ажлын бүтээмжээс гадна биеийн дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэнд багасч байдаг. Дэлхий дээр урт удаан насалсан хүмүүсийг харахад өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн хүмүүс л өндөр насалж, биеийн ерөнхий эрүүл мэнд дархлааны хувьд сайн байдаг.

Дунд сургуулийн хүүхдүүд ч мөн адил. Өглөө цайгаа уудаг биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай  хүүхэд онц сурдаг, сэргэлэн цовоо байдаг. Хүүхдүүд багадаа ямар зуршил олж авна насан туршдаа тэр зуршлаараа амьдардаг болохоор, ялангуяа хүүхдийн өглөөний хоолыг заавал өгч байх хэрэгтэй.

Англид 20 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаагаар өглөө цайгаа уудаг хүүхдүүд онц сурдаг, цайгаа уудаггүй хүүхэд сул дорой, уур уцаартай байдаг.

Өглөөний хоол иддэггүй хүүхэд ухамсрын хувьд ч өглөөдөө цай ууж хэвшсэн хүүхдээс муу байдаг гэж судалгааны дүн нь гарсан байдаг юм. Тэгэхээр өглөөний хоол гэдэг хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог гэсэн үг.

Хүмүүс өглөөний хоолыг өөртөө зориулж байна гээд л хүнд хоол маш их иддэг шүү дээ. Ялангуяа хоносон хоолоо халааж иддэг. Зарим нь хөнгөн хооллож байна гээд өндөг, хиам шарж иддэг. Ер нь, өглөөний хоолонд яг юу идэх ёстой байдаг вэ?

– Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүнийг үр тарианы төрөл буюу гурил будаа, махны төрөл буюу уураг агуулсан хүнснүүд, хүнсний ногооны төрөл, жимсний төрөл, сүүний төрөл гэсэн үндсэн таван бүлэгт хуваадаг. Үүн дээр өөх тосны төрөл гэж нэмэгдээд зургаан бүлэг болдог.

Үүнээс бид үр тарианы төрлийг өглөө түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн сайн өглөөний цай гэвэл  үр тарианы төрөл, тэр дундаа овъёос болон будааны төрлүүд гэж үздэг. Хүмүүс өглөөний цайндаа ихэвчлэн өндөг шарж, хиам иддэг шүү дээ.

Ийм байдлаар өглөөний цайнд хортой хүнс маш их хэрэглэдэг. Сайн идэж авна гэдэг чинь маш их идэх тухай биш хэрэгцээтэй амин дэм, бодисуудаа сайн нөхөж авах хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм.

Өглөөдөө тараг, аарц, сүү эсвэл үр тарианы төрлөөс заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Овъёос, гурвалжин будаа, хөц будаа ч юмуу хальстай үр тариа хэрэглэвэл маш сайн. Мөн жимсний төрөл орсон байвал хамгийн сайн өглөөний хоолонд тооцогддог. Өглөө хүний биеийн эд эсүүд өөрт хэрэгтэй шим тэжээлтэй амин дэмүүдээ авах гээд “өлсчихсөн” байдаг гэх үү дээ.

Өдөр болохоор тэр чадвар улам буурна гэсэн үг. Өглөөний хоолоороо биеийн эд эсүүд хамгийн их шим тэжээлтэй амин дэмүүдээ авдаг. Юун тулд өглөө болж шинэ өдөр ирж байгаа билээ, өглөөний хоолыг шинээр нь л хэрэглэх хэрэгтэй. Өмнөх оройны хоносон, шөнөжин бактери цуглуулсан хоолыг идэх нь буруу. Ийм хоолыг хүүхдээс аль болох хол байлгах хэрэгтэй.

-Сүү, үр тариа идэх хэрэгтэй гэхээр сүүнд дэвтээж иддэг “cereal”-уудыг идэж болох нь ээ?

-Бусад үр тариаг бодвол “cereal”гээд байгаа хоол амин дэм ихтэй. Гэхдээ сереал дотроо хоёр янз байгаа. Бүхэл үр тариа агуулж байгаа гэж байна. Тэр нь овъёос. Эрдэнэшишийнх буюу эрдэнэшишийн нэвс гэж байгаа.

Тэр нь хүүхдэд зориулсан ихэнхдээ хайрцагтай зардаг, шоколадтай, жимстэй гээд байдаг сереал. Хүүхдэд өгдөг, хөөлгөсөн, өнгө амт оруулсан сереал бол биед энерги өгч байгаа ч гэсэн шим тэжээлийнхээ хувьд сайн биш.

Чихэртэй л адил энгийн нүүрс ус их агуулдаг учир амархан өлсгөнө, дархлаа муутгана. Тийм учраас аль болох хальслаг буюу натураль байдлаараа байгаа овъёосыг сүүнд дэвтээгээд идвэл маш сайн өглөөний хоол болж байна гэсэн үг.

Овъёос нь таван төрлийн эрдэс бодис агуулдаг. Өглөө ер нь эрдэс бодис шим тэжээлтэй юм хэрэглэх хэрэгтэй. Өглөө эд эсүүд тухайн шим тэжээлээ аваад хамгийн сайн боловсруулдаг. Орой болохоор авч боловсруулдаг, зарцуулах процесс нь биш аваад хадгалах процесс нь түлхүү явагддаг.

Тэгэхээр орой идсэн хоол өөх болж хуримтлагдаад үлддэг гэсэн үг. Өглөө идсэн хоол маш сайн эд эсүүдэд хэрэгцээт шим тэжээл болж очиж шингэдэг  учраас л өглөөдөө сайн хоолло гээд байдаг хэрэг. Ер нь, бүхэл үр тарианууд өлсөх мэдрэмжийг их дардаг. Ислэг ихтэй учраас өдрийн хоолны цаг хүртэл цатгалан байлгадаг. Бодисын солилцоог ч сайн явуулдаг.

-Тэгвэл өдөр, орой ер нь юу идэх вэ?

-Өдөрт яг гурван удаа хооллоод хоолныхоо дундуур шингэн сайн уугаад орой нь хүнд хоол идэхгүй байвал зүгээр. Өглөөд хоол тэжээлийг боловсруулах процесс сайн явагддаг гэсэн шүү дээ. Харин орой бол бидний идсэн хоол энерги, өөх болж хадгалагддаг. 

Ходоодонд хамгийн их ачаалал өгдөг нь мах байдаг.Тийм учраас оройдоо мах бага иддэг байх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Орой гурилан юм идвэл хамгийн их өөх болж хадгалагддаг .

Тийм болохоор өглөө маш сайн цайгаа уучихаад, өдрийн хоолоо баланстай идэж чадвал оройн хоолыг алим, таргаар орлуулж болно. Гол нь тэнцвэртэй хооллолт хэрэгтэй.

Баланстай хооллолт гэдэг нь юу вэ гэхээр миний хоолонд ногоо байна уу, уургийн төрөл байна уу, үр тариа буюу гурилан бүтээгдэхүүн байна уу. Өнөөдөр би сүү жимс хэрэглэсэн үү гэдэг байгаа юм. Түрүүнд дурдсан таван төрлийн үндсэн бүтээгдэхүүнээ идэж, шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг чинь л баланстай хооллолт байгаа юм.

Би сая эмнэлгийнхээ эмч нарт нэг сарын турш баланстай хоол идүүлэх хөтөлбөр явуулсан юм. Тэр хөтөлбөр маань дуусаад би яг одоо репортыг нь бичээд сууж байна л даа. Хөтөлбөрт хамрагдсан эмч нар маань хоол идэж эхлэхээсээ өмнө урьдчилсан шинжилгээ өгсөн. Дуусаад бас урьдчилсан шинжилгээ өгсөн.

Гэтэл эмч нар маань даралтын эмээ уухаа больчихсон. Би хоолоо бэлтгэхдээ давс, өөх тос маш бага хэрэглээд, таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон, зөв цэвэрлэж, зөв боловсруулсан хоол өгсөн юм л даа. Давс ер нь бараг л хэрэглээгүй гэж болно. Гэтэл даралт ихтэй эмч нар маань даралтны эмээ уухаа больчихсон, бие хөнгөрөөд сайхан байна гээд эерэг өөрчлөлт орсон.

Бас цусны сахарын хэмжээ нь илт буурсан. Нэг эмчийн цусны сахарын хэмжээ нь 10-тай өндөр гардаг байсан чинь энэ хөтөлбөрийн дараа 6-аас дээш гарахаа больсон байгаа юм. Гол нь тэр эмч нар бага давстай, бага хоол гэдгийг мэдээгүй, өмнө иддэг байсан хоолнуудаа санагалзаагүй.

Яагаад гэвэл бүх амин дэм байгаа болохоор хурдан цадаж, шаардлагатай амин дэмээ авсан байгаа юм. Миний таньдаг IV цахилгаан станцын хоол зүйч маань бас ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн чинь эмч нарын ерөнхий эрүүл мэндийн байдал эрс дээшилсэн байгаа юм.

Тэгэхээр баланстай хооллоод л сурчихвал элдэв өвчнөөс хол байж чадна. Эрүүл байхад оройтсон гэж бодох хэрэггүйг энэ хөтөлбөр баталсан.

-Хүмүүс оройн хоолоо шингээе гээд жимс идээд байдаг. Хоолны араас шууд жимс идэх нь зөв үү?

-Жимсний тухайд би яг тэгж хэлэхгүй. Жимсийг хоолтой хамт хэрэглэх бас зохисгүй. Жимс чихэрлэг учраастодорхой хэмжээгээр илчлэг өгдөг. Гол нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг болохоор хоолыг шингээх тал бол байдаг. Гэхдээ жимс, ногоог хамтад нь хэрэглэх ер нь дэмий. Аль болох зайтай хэрэглэх хэрэгтэй. Жин хасах, жин нэмэгдэхээс сэргийлэх гэж байгаа бол оройдоо хөнгөн хооллох нь зүгээр.

-Хүмүүс турна гээд оройн хоолоо их сойдог шүү дээ. Ер нь хоолны дэглэм барих талаар зөвлөгөө өгөөч?

-Хоолны дэглэм гэдэг чинь хоолоо багасгах тухай л асуудал биш шүү дээ. Бүх хүн баланстай, бүх хүнсний шим тэжээлээ өдөртөө бүрэн авч чаддаг байх хэрэгтэй. Ер нь хоолны дэглэм гэдэг чинь зуршил байх ёстой .

Орой хоол сойж турна гэдэг буруу. Баланстай л хооллоод сурчихвал оройдоо өлсөхгүй. Гурил таргалуулдаг гээд гурилан бүтээгдэхүүн идэхгүй, будаа муу гээд будаа идэхгүй байна гэдэг чинь балансаа алдагдуулж байна л гэсэн үг. Гурилан бүтээгдэхүүн, үр тариаг өглөө идэх ёстой юмуу, орой идэх ёстой юмуу гэдгээ л мэдчих хэрэгтэй.

Сүүлийн үед уургаар барьдаг хоолны дэглэм маш их болчихсон. Франц хоолны дэглэм, япон хоолны дэглэм л гэнэ. Тэд нар үнэндээ эрүүл мэндэд сайн биш.

Үр тарианы төрөл хэрэглэхгүй байна гэдэг чинь гаднаас ямар ч энерги авахгүй, өмнө нөөцөлсөн энергиэ л зарцуулж байна гэсэн үг. Өдөрт дан нэг төрлийн амин дэмийг хэрэглэх нь бидний элэг болон тархинд маш хортой нөлөө үзүүлдэг. Тийм хоолны дэглэмийг удаан барих, ойрхон барих маш муу.

Хүмүүс ер нь хэтэрхий туйлширч байна. Турна гэж их ярьдаг болсон байна. Турахдаа миний хэлсэнчлэх зөв баланстай хоолоо идээд ерөнхий дархлаа болон хооллох зуршлаа эрүүл болгочихвол хүн хүссэн хүсээгүй илүүдэл жингүй, хүссэн жиндээ байж чадна.

Гэнэт салхи шуурганд өртөж байгаа юм шиг дэглэм барьдаг. Хоолны дэглэм барина гээд аль нэг хэрэгцээт амин дэмээ хязгаарладаг өөрсдийн биеээ хямрааж, зовоох үйл явц хүмүүсийн дунд их болжээ. Хүн турахдаа гол нь биш эрүүл зөв баланстай хоолоо иддэг болж чадвал бүх зүйл нь хэвийн байж чадна.

Янз бүрийн дэглэм хайж байснаас өглөө цайгаа уудаг болчихъё, өдөр баланстай хооллодог болчихъё, орой хөнгөн хооллодог болчихъё, өдөрт ядаж хоёр литр ус уудаг болчихъё, ядаж нэг жимс өдөрт иддэг болчихъё, давсны хэрэглээгээ өдөрт маш бага болгоё гэдэг зуршил дээрээ л анхаараад дээрээс нь 30 минут дасгал, хөдөлгөөн хийдэг болчих хэрэгтэй.

Амьдралын хэв маяг ямар байна тэр хүн өөрөө тийм л харагдана. Буруу амьдарч байснаа хоёрхон долоо хоног зөв амьдрахыг хичээгээд, эргээд л буруу амьдрал руугаа орж байна гэдэг өөрөөрөө маш их тоглож байгаа хэрэг. Түүний оронд зуршлаа л зөв болгочих хэрэгтэй. Тэрнээс биш аль нэг хүнсийг хориглоод л өөрийгөө зовоох хэрэггүй. 

Бид тодорхой хэмжээгээр бактериудтай найзалж л байх хэрэгтэй.

-Бид өдөртөө усанд найруулж кофе, баахуу цай, ногоон цай их уудаг шүү дээ. Түүнийг хоёр литр усны хэрэгцээнд тооцох уу?

-Усанд ямар нэг бодис холилдчихоороо яг бүхлээрээ эд эсдээ очих нь бага болчихдог. Яагаад гэвэл тэр бодисуудыг боловсруулах гэсээр байгаад боловсруулж чадалгүй орхидог.

Өөрөөр хэлбэл тэр цай, кофе хоол боловсруулах замаар зүгээр ороод л гарчихдаг гэсэн үг. Эд эсдээ шингэж, шим тэжээл болж чаддаггүй. Тиймээс цэвэр ус л ууж байх хэрэгтэй. Түүнээс биш, би шингэн юм сайн уудаг гээд өдөржин дан кофе ч юмуу, цай уугаад байж болохгүй.  

Хоол боловсруулах замаар л ороод гараад байгаа хэрэг. Яг эд эсдээ хэрэгтэй тэр шингэн байдлаараа очихгүй байна гэсэн үг.

-Нимбэг хольсон ч адилхан уу?

-Нимбэг нь бидний цусан дахь өөх тос зэрэг илүүдэл зүйлсийг бууруулдаг. Дээр нь маш их “С” витамин агуулдаг учраас дархлааг сайжруулахад тусалж байдаг. Тиймээс нимбэгтэй усыг бага хэмжээгээр өдөрт хэрэглэх нь зөв. Ер нь бол цэвэр усыг цэвэр усаар нь л уух хэрэгтэй.

-Хүмүүс крантны усандаа шүүлтүүр их хэрэглэдэг болсон байна. Бидний ахуйн хэрэглээндээ хэрэглэж байгаа крантны ус эрүүл ахуйн хувьд найдваргүй байдаг юмуу?

-Байгууллагууд тэр тусмаа хоол үйлдвэрлэж байгаа бүх газар усны шинжилгээ өгдөг. Усны шинжилгээ өгөхөөр харьцангуй сайн гардаг юм. Ер нь усыг хэтэрхий, байнга цэвэршүүлээд байх хэрэггүй. Усанд тодорхой хэмжээгээр эрдэс бодис агуулагддаг. Шүүчихээр тэдгээр эрдэс бодисыг нь аваад хаячихдаг гэсэн үг.

Ер нь, туйлширч хэрэггүй. Жишээ нь, саяхан канген ус гээд нэлээд шуугилаа. Тэр канген усыг хэт шүлтлэг болгочихсон байдаг. Бид мах их иддэг, өөх тос хэрэглэдгээсээ болоод шүлтлэг ихтэй ус уух нь зүгээр ч, байнга тийм зүйл хэрэглээд байвал дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэх чадвар сул болно. Тийм учраас бид тодорхой хэмжээгээр бактериудтай найзалж л байх хэрэгтэй. 

-Хүмүүс нэг тал дээр их маргалддаг шүү дээ. Ер нь хооллохынхоо өмнө ус уух ёстой байдаг юмуу, дараа нь уух ёстой байдаг юмуу?

-Бидний улаан хоолой чинь хоол идсэний дараа ходоод руу хоолыг бага, багаар оруулж байдаг. Ходоод тэр бага багаар ирж байгаа хоолыг боловсруулж нарийн гэдэс рүү жаахан жаахнаар өгч байх ёстой. Ер нь бидний ходоодны хүчил чинь маш хүчтэй хүчил шдээ.

Улаан хоолойноос ирсэн хоолыг ходоод задалж байсан чинь дээрээс нь баахан шингэн зүйл хийчихээр хоол улаан хоолой дээрээ ч төвлөрөхгүйгээр тэр чигээрээ ходоод руугаа орррл, ходоодны хүчтэй хүчил шингэн зүйлд саармагжчихна.

Нэг аяга хоол идээд араас нь шингэн зүйл уулаа. Тэгэхээр ходоодонд нь хоол багтахгүй хоёр тийшээ болж байгаа юм. Нарийн гэдэс рүүгээ ч цутгаад, улаан хоолой руугаа ч шахалдаад байна л гэсэн үг. Яахаа мэдэхгүй болно л гэсэн үг. Тиймээс хоолныхоо өмнө ус уух нь ходоод гэдсийг бэлдэж өгдөг .

Нэг ёсондоо шүүрлийг нь ялгаруулж цэвэрлээд, бэлтгэл ажлыг нь хийж байгаа юм. Тэгэхээр хоолны өмнө ус уух нь хоол бага багаараа ходоод руу ороод зөв боловсроход тусалдаг. Ер нь хоолтой хамт шингэн зүйл уух нь хоолны боловсруулалтыг маш их муутгадаг учраас хоолныхоо өмнө л уусан нь дээр.

-Өлөн дээрээ ус уух нь зөв үү? Усыг ер нь хүйтэн уудаг юмуу, халуун уудаг юм уу?

-Ер нь биеийн хэмтэй ойролцоо темпратурт усыг ууна. Хэт хүйтэн ус гэдсийг хямраадаг. Тасалгааны хэмээс л багагүй байхад болно. Өглөө ус уух нь хоол боловсруулах замыг хоол хүлээн авахад бэлдэхээс гадна биед үүссэн илүүдэл хортой нэгдлүүдийг биеэс түргэн зайлуулах сайн талтай мөн цөс өтгөрөхөөс сэргийлж бөөрийг цэвэрлэж өгдөг.

-Усыг орой унтахаасаа хэдэн цагийн өмнө уух ёстой байдаг вэ?

-Хэт орой шингэн уух нь бөөрний ачааллыг нэмдэг. 19.00 цагаас хойш хэт их шингэн уулгүй өглөө, өдрийн хоолны өмнө эсвэл хоолны хооронд хангалттай уух хэрэгтэй.

-Хүмүүс дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа шууд ус уудаг. Тэр зөв үү?

-Дасгал хөдөлгөөн хийхэд хөлсөөр ус болон эрдэс гадагшилдаг тул түүнийгээ ус ууж нөхөх нь зүйтэй. Мөн бодисын солилцоог ч сайжруулж дасгалын үр дүнг нэмэгдүүлнэ. Гэхдээ нэг дор их хэмжээтэй уухгүй байхад анхаарах хэрэгтэй.

Мах иддэггүй хүүхдийн уургийн хэмжээг заавал нөхөх хэрэгтэй

-Хүүхдэд тохиромжтой хамгийн зөв өглөөний цай юу вэ?

-Ямар нэг консервант хийгээгүй бүтээгдэхүүнийг л хүүхдэд өглөө гэлтгүй л өгөх хэрэгтэй. Эрүүл хүнс гэхээр хүмүүс янз бүрээр л ойлгодог.

Ер нь бол сая миний дурдсан зургаан төрлийн хүнснээс, хүүхдэд бол зургуулаа орсон хоол өгөх ёстой. Хамгийн гол нь баланс гээд байгаа чинь л хамгийн чухал. Зарим хүүхэд ногоонд дургүй бол зарим нь маханд дургүй байдаг.

Тэгвэл мах муу иддэг хүүхэд байвал  ургамлын гаралтай уураг агуулсан хүнсний ногоог өгөх хэрэгтэй. Гурил будаа идээд байдаг хүүхдүүдийн гурил, будааг юугаар баяжуулж өгөх юм гэдгийг л баланс гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрс ус, уураг гээд шим тэжээлээ тэнцвэртэй ижил төвшинд хэрэглэх нь чухал.

Сургуулийн хүүхдийн өдрийн хоолны төсөл хэрэгжиж байна. Хоол зүйчтэй сургуулиуд бол хүүхдүүдэд баланстай хоол өгөхөд илүү анхаардаг. Харин гэртээ бол хүүхдүүдэд өглөөний цайг л ууж сургах хэрэгтэй. Заавал ч үгүй. Эцэг эхчүүд үүнийг маш хатуу анхааруулж, захимаар байгаа юм. Багаасаа л өглөөний цайгаа уудаггүй бол яваандаа зуршил болоод ирнэ. Тэгээд 30, 40 хүрэв үү, үгүй юу л янз бүрийн өвчтэй болно гэсэн үг шүү дээ. Ганган сайхан хоол хийхээс илүүтэй зөв, хэрэгтэй хоолыг зөв тэнцвэржүүлж өгч байх хэрэгтэй. Бүхэл үр тарианы төрлийг хүүхдэд сайн өгөх хэрэгтэй. Чихрийн амтанд оруулахгүй, чихэрнээс л хол байлгах хэрэгтэй.

-Хүүхдүүд мах идэхгүй, дан будаа иддэг эсвэл дан ногоо иддэг байх нь элбэг. Тэгвэл мах иддэггүй хүүхдэд уургийг нь яаж орлуулах вэ?

-Шош, буурцагны төрлийг олон төрлөөр нь хэрэглүүлж байж махтай адил уургуудыг өгдөг. Гэхдээ, хүмүүс цагаан хоолтнууд ганцхан төрлийн хүнс хэрэглээд бусдыг нь хэрэглэхгүй үлдээснээсээ болоод өвчлөлд маш их өртдөг. Тиймээс мах иддэггүй бол, мах иддэг байлаа ч уураглаг хоол хүнсийг олон төрлөөр нь л хэрэглэх хэрэгтэй.

Маханд муу хүүхдийн өсөлт бусдаасаа хоцорч байна л гэсэн үг. Яагаад гэвэл нэг төрлийн тэжээл нь дутагдаж байна шүү дээ. Тиймээс дүфү, шар буурцаг, хүрэн шош, өндөг зэргээр махыг орлуулан хоолонд хольж өгөх хэрэгтэй. Түүнчлэн мах иддэггүй хүүхдэд уураг болгож самарны төрлийг хэрэглүүл эх хэрэгтэй. Мах иддэггүй ч гэлтгүй ер нь хүүхдэд самар их сайн.

Тэр тусмаа наранцэцэгийн самар, Монголын боргоцойны самрыг өгч байх хэрэгтэй. Ийм самруудад “В12”-ын төрөл маш их байдаг учир тархины үйл ажиллагаа болон биеийн хөгжилд сайн. Гэхдээ самрыг хэтрүүлэн хэрэглэвэл өөх тос ихтэй учир цөсний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, биеийн жинг ч бас их нэмдэг.

Гэхдээ бас дан ургамлын гаралтай уураг хэрэглүүлээд байх хэрэггүй. Амьтны гаралтай уургийг хэмжээнд хэрэглүүлж байх нь чухал. Махыг жижиглэн хөөрхөн хэлбэр дүрсэнд оруулж хоол хийвэл хүүхдэд идэхэд илүү сонирхолтой. Мөн мах бага иддэг хүүхдэд сүү цагаан идээ, ээдэм, бяслаг зэргийг өгөх нь амьтны гаралтай уургийн хэрэглээг хангахад тустай.

-Шинээр төрж байгаа хүүхдүүд тархины даралттай, диатезтай төрж байна гэдэг. Тэр нь эхийн хоол хүнснээс шалтгаалж байна уу? Жирэмсэн эх ер нь яаж хооллох ёстой вэ?

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд кальци, уураг гээд бүх л шим тэжээлийн бодисууд, тэр тусмаа төмөр, фолийн хүчлийн хэрэгцээ байнга нэмэгддэг. Түүнийгээ үргэлж хоолоороо авч чаддаггүй учраас нэмэлт бэлдмэл заавал хэрэглэнэ.

Ер нь, жирэмсэн болохоор төлөвлөсөн бол таван сарын өмнөөс л өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ямар шим тэжээл дутагдалтай байна гэдгийгээ мэдээд жирэмсэн болохоосоо таван сарын өмнө тэрийгээ нөхөх хэрэгтэй. Ямар нэг шим тэжээл дутагдах нь урагт маш хэцүү байдаг. Жирэмсэн үедээ цитрусын төрлийн жимс идвэл харшил үүсэх нөлөөтэй байдаг.

Ер нь бол харшил үүсгэгч ихтэй самарны төрөл, өндөгний төрлийг жирэмсэн байхдаа хэрэглэхээс зайлсхийх ёстой. Монголд энэ талаар хийсэн судалгаа байхгүй ч олон улсад жирэмсэн эх өөрөө харшилтай бол хүүхэд нь хүнсний харшилтай болох эрсдэл нь илүү өндөр байдаг гэсэн олон судалгаа байдаг.

Тиймээс жирэмсэн эх харшил үүсгэгч хүнснүүдийг бага хэрэглэх нь зөв. Хоол хүнсэндээ үхрийн элэг, ногоон байцаа, шош зэрэг фолийн хүчил, төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсний үед дотор муухай оргих, өтгөн хатах гэдэг зовиурыг хоол хүнсээрээ зохицуулж, хамгаалж байвал сайн. Чихэрлэг хоол хүнсийг хэрэглэхгүй байвал зүгээр. Чихэрлэг хоол хүнс дархлаа муутгадаг. Чихэрлэг хоол хүнс их идэхээр өвчлөмтгий, аливаа зүйлд өртөмтгий болчихдог.

-Ер нь нялх хүүхдийг хоолонд оруулахда а юу өгөх ёстой вэ. Ер нь яаж хооллох вэ?

-Нэг долооо хоногт нэг л төрлийн ногоог идүүлж сургах замаар зааж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд яг хэл сурч байгаа юм шиг шинэ төрлийн хоолыг хэд хэдэн удаа албадуулж гуйлгуулж идэж сурдаг. Жишээлбэл, эхний удаад дан усанд шингэн чанасан каш ч өгдөг юмуу.

Дараагийн долоо хоногт нь бантан өгнө. Дараагийн долоо хоногт нь дан махны шөл өгөөд, дараагаас нь жаахан мах өгнө. Долоо хоногт л нэг төрлийн хүнсийг тэр хүүхдийн гэдсэнд зуршил болгоод байвал зүгээр.

Сүү, таргийг байнга өгч байх хэрэгтэй. Гэдэсний сүү боловсруулах чадвар бага насандаа хамгийн өндөр байдаг. Ялангуяа элгэн тараг, бактеритай таргийг бага байх тусмаа сайн өгөх хэрэгтэй.

Аль болох хадгалах хугацаа нь бага, натураль таргийг л хэрэглэх ёстой. Хүүхэд эхийнхээ сүүнд цадахгүй байвал 4 сартайгаас ч хооллож болно. Гэхдээ эхлээд цардууллаг хүнс, дараа нь махны шөл, мах, ногоо гэсэн дарааллаар явах хэрэгтэй. Жимс, жимсгэнийг харин нэлээд сүүлд өгөх хэрэгтэй. Эхлээд үндсэн хоолнуудыг нь буюу хэрэгтэй шим тэмжээлийг нь идүүлж сургах хэрэгтэй.

-Хүмүүс хүүхэддээ йогурт их өгдөг шүү дээ? Йогурт таргийг орлож чадах уу?

-Йогурт бол ёстой хэрэггүй. Тэр тусмаа гаднаас оруулж ирж байгаа йогуртууд бүр хэрэггүй. Монгол тараг л хамгийн сайн. Ямар ч таргийг хоёр жил хадгална гэж байхгүй штээ.

Гэтэл тэр гаднаас орж ирж байгаа тарагнуудын хадгалах хугацаа нь бүтэн жил байдаг. Тэрэнд юу хийчихсэн болоод жил хадгалж байна гэдэг чинь сонин байхгүй юу.

Дээрээс нь тийм йогуртуудад ямар ч ашигтай бактери байхгүй. Дандаа чихэр, амт оруулагчаар хийсэн байгаа. Тэгэхээр дархлааг муутгаж, хаашаа шингэхээ мэдэхгүй өөх болж хуримтлагдаад байна л гэсэн үг.

Амтны боол болох хэрэггүй 

-Зуны халуунд хүмүүсийн даралт ихэсдэг шүү дээ. Даралтаа хэвийн байлгахын тулд ямар хоол хүнс хэрэглэх вэ? 

-Монголчууд зуны улиралд тийм ч их мах хэрэглэдэг байгаагүй шүү дээ. Тэгэхээр аль болох хүнд хүнс буюу мах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өөх тос чинь хамгийн их өвчлөл үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр мах хэрэглэж байна гэдэг чинь нүдэнд харагдахгүй өөх тос явж л байна гэсэн үг.

Тийм болохоор зундаа махаа багасгаад ногоо, исэг сүү цагаан идээнийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Давсны хэрэглээгээ багасгах нь даралтыг бууруулдаг.

Кальци, кали, магни хэрэглэвэл даралтыг хэвийн байлгахад тустай. Кальци сүүнд, кали нь ногоонд, магни нь самарны төрлүүдэд их байдаг. Тэгэхээр энэ төрлийн хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл цусны даралт тогтвортой байхад тусалдаг.

-Хүн хоол хүнсээрээ дамжуулж өөрт хэрэгтэй амин дэмээ бүрэн авах боломжтой юу? Заавал нэмэлт витамин уух шаардлагатай юу?

-Уг нь болдог бол Монголдоо тарьж ургуулсан, Монголдоо хийж байгаа зүйлсээ идэж уувал боломжтой. Тодорхой хэмжээгээр баланстай хооллож чадвал бас амин дэмээ бүрэн авах боломжтой . Тэгж хооллохгүй байгаагаас болоод л янз бүрийн асуудал үүсч байна.

Хүн болгон л миний хоолонд бүхэл үр тарианы төрөл хэр байна, махны төрөл хэр байна, ногооны төрөл хэр байна, өдөрт би ядаж нэг аяга сүү цагаан идээ хэрэглэсэн үү, ядаж нэг ширхэг жимс идсэн үү гэдгээ л хардаг болчих хэрэгтэй. Тэгж чадаж байвал бүх хоол хүнснээсээ шим тэжээлээ нөхөж чадаж байна гэсэн үг.

Монголчуудын хувьд хоолоо баланстай хэрэглэвэл “Д” амин дэмээс бусад төрлийн амин дэмийг авах шаардлагагүй гэж үздэг юм. Гэхдээ бид хангалттай зөв баланстай хооллохгүй байгаа болохоор тодорхой хэмжээгээр амин дэмүүдийг хэрглэж байж болно. Гэхдээ бид тунг нь тааруулж хэрэглэдэггүйгээсээ болоод янз бүрийн шим тэжээлийн бодисын дутагдал, илүүдэлд орж байдаг.

Жишээлбэл, А витаминь чинь илүүдвэл дутсанаасаа илүү хортой гэдгийг хүмүүс харьцангүй мэддэг болчихож. Төмөр илүүдвэл элгэнд маш хортой. Тэгэхээр юм болгон өөрийн гэсэн баланстай байх хэрэгтэй. Эмчийн заавраар эсвэл өөрийн дураар нэг амин дэм хэрэглэлээ гэж бодоход удаан хугацаанд хэрэглэж болохгүй.

Удаан хугацаагаар хэрэглэх нь л яваандаа асуудал үүсгэдэг. Бидэнд юун тулд хоол боловсруулах эрхтэн гэж байгаа билээ. Зөв хоолоо л биедээ өгөх нь чухал. Дандаа л бэлдмэлээр хооллоод байвал бидэнд хоол боловсруулах эрхтэн гэж байхын хэрэггүй  биз дээ.

Хоол боловсруулах зам гэдэг чинь илүүдсэнийгээ хаашаа хийх вэ, дутагдсаныгаа хаанаас нөхөх вэ гэдгээ мэдэж байдаг. Гэтэл бэлдмэл уучихаар тухайн шим тэжээл маш өндөр тунтайгаар нэг дор бүхлээрээ ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр эд эс болгонд ачаалал өгч байдаг. Тийм болохоороо хоолоороо л амин дэмээ нөхөж, зохицуулж сурах нь чухал. Багш маань “Та нар амтны боол болов доо” гэж хэлдэг байсан.

-Гадуур улаан бурхан зэрэг халдварт өвчин их байна. Ер нь, халдварт өвчний үед ямар хүнс хэрэглэх нь зүйтэй вэ?

-С амин дэмээр баялаг хүнсний ногоо хэрэглэвэл зүгээр. Уураглаг хоол хүнс хэрэглэвэл бас зүгээр. Ийм мэдрэг үед харшил үүсгэгч хүнснээс хол байх хэрэгтэй. Харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүнд  цитрусын төрлийн жимс, өндөг ордог. Дархлаагаа сайжруулах ёстой болохоор чихэрлэг зүйл бүр огт өгөхгүй байх ёстой.

       Навчит, байцаат ногоог угаагаад л бүрэн цэвэрлэчихлээ гэж ойлгож болохгүй 

-Та түрүүнд хүнсний ногоог зөв угаах, боловсруулах тухай хэллээ. Ер нь, хүнсний ногоог яаж зөв хэрэглэж хэвших вэ?

-Тухайн ногоо ямар ч хөрсөнд ургасан бай хоол хүнсийг боловсруулах арга хамгийн чухал. Зүгээр усанд угаагаад л хэрэглэнэ гэдэг буруу хандлага. Ялангуяа навчит, байцаат ургамал маш их хорхойтой байдаг. Ялангуяа хаана ч ялгаагүй хүнсний ногоо тарихдаа бордоо хэрэглэдэг болсон, хүмүүс хүнсний ногооны аюулгүй байдалд итгэхээ больсон энэ үед хүнсний ногоогоо зөв угааж, хэрэглэх хэрэгтэй байгаа юм.

Жишээ нь, байцаат болон навчит ургамлыг бүрэн цэвэрлэхийн тулд  давстай хүйтэн усанд 30 минут сойж угаана. Үүний тулд, таван хувийн уусмалтай ус буюу нэг литр усанд нэг халбага давс хийгээд ногоонуудаа хийчихнэ.

Тэгэхээр хорхой, муу юмнууд нь дээрээ хөвөөд гараад ирдэг юм. Тэгж л бид хүнсний ногоо тарьж ургуулахад ашигладаг бордооны муу нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалж чадна. Бидний өргөн хэрэглэдэг хүнсний ногооны тухайд гэвэл, төмсийг хальстай нь ашиглаж сурах хэрэгтэй.

Төмсийг бол хальстай нь сайн угаагаад, эсвэл хальсыг нь маш нимгэн арилгах хэрэгтэй. Төмс “С” витамин ихтэй ногоо. Гэтэл төмсийг хэтэрхий болгох нь “С” витамин болон амин дэмүүдийг нь устгачихдаг. Хальстай нь жижиг хэрчээд будаатайгаа хамт агшаачихаж ч болно шүү дээ. Тогонд ч хэмнэлттэй. Ер нь ногоонуудыг шарахаас илүү жигнэж, битүү шарж хэрэглэх юм бол шим тэжээлээ бага алддаг гэсэн үг.

Шарах шүүгээнд шарах, жигнэх аргаар хальстай нь болгож идэх хэрэгтэй. Харин лууван, сонгино зэрэг амин дэм нь тосонд уусдаг ногоо гэж байдаг. Тэрийг бол шарж хэрэглэх хэрэгтэй.

-Халууны улиралд бид сэрүүцэх гэж байна гээд зайрмаг зэрэг хүйтэн зүйл их иддэг. Гэтэл халуунд халуун ногоо хэрэглэх нь зүйтэй гэж уншиж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Халуун орны хүмүүс халуунд үүсэх бактерийг дарангуйлж халуун ногоо түлхүү хэрэглэдэг. Яг сэрүүцэх зорилгоор бол биш болов уу. Бид хэт хүйтэн биш цэвэр ус уух, усархаг жимс ногоог хөргөгчинд хийж хүйтэн, түүхий идэх зэргээр хэрэглэж болно. Халууны улиралд аль болох хурдан шингэх хэт их мах, өөх тостой хоолноос татгалзах нь тустай.

– Хоорондоо харшдаг хүнс гэж байх уу? Жишээлбэл, мах сүү ч юмуу харшдаг уу? Бид банштай цай их уудаг. Энэ нь буруу хооллолт гээд хүмүүс их маргалддаг шүү дээ?

-Тэр талаар ярьвал их зүйл байгаа л даа. Гэхдээ иймэрхүү зүйлийг яг баталгаатай хэлэхэд хэцүү байдаг юм. Ер нь бол ургамлын гаралтай уураг агуулж байгаа бүтээгдэхүүнийг амьтны гаралтай уураг агуулж байгаа бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь хоолны балансыг алдагдуулдаг.

Өөрөөр хэлбэл олон төрлийн хүнс хэрэглэж байгаа хэрнээ яг ижил төрлийн амин дэмийг бүгдээс нь авч байна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл, махыг шош буурцагтай хэрэглэх нь буруу.  Учир нь хоёулаа уураглаг хүнс.

Сүү ч мөн адил. Сүү мах хоёр хоёулаа уураг ихтэй, хамтад нь хэрэглэхээр уургийн боловсролт нь бие биедээ блок үүсгэдэг гэх үү дээ. Зарим хүнс гэдсэнд ороод задрахдаа гүйлгэх суулгах зэрэг таарахгүй, харших тохиолдол бий. Жишээ нь, загасны махыг сүүтэй хэрэглэж болохгүй гэдгийг хүн болгон л мэддэг шүү дээ. Сүү, загас хоёр хоол боловсруулах системд ороод харшилна гэсэн үг.

Жимсийг ч ногоотой хэрэглэх нь зохисгүй. Ер нь бүх идэж байгаа хоолонд үр тарианы төрөл орсон байх юм бол бусад хоолныхоо шимэгдэлтийг дэмжиж өгч байдаг. Ганцхан ногоо, ганцхан үр тариа, ганцхан мах хэрэглээд байх биш цогцоор нь хэрэглэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, миний хэлээд байгаа баланстай хооллолт л чухал. Харин уураглаг хүнс дотроо амьтных ургамлынх хоёрыг нийлүүлээд байвал зохицохгүй.

-Харшилтай хүмүүс аль болох ямар хүнснээс зайлсхийх ёстой вэ?

-Харшил үүсгэдэг хүнснүүд байдаг. Тэр тусмаа исгэлэн жимсний төрлүүд. Цитрусын төрлийн жимснүүд буюу мандарин, апельсин, жүрж, киви мөн помидор бол харшил үүсгэгчтэй байдаг.

Зарим тохиолдолд хүнсний ургамлуудаас их харшил өгдөг. Зарим нь хүнсний амтлагчнуудаас ч харшилтай болдог. Хоол амтлагч дотор ихэнхдээ “MSG” гээд бодис байдаг. Тэрнээс үүдээд хүнсний харшилтай болсон хүмүүс олон байдаг. Ерөнхийдөө, астма ч юмуу харшлын өвчнүүд амтлагчтай хоол идсэнээс болж үүсэх нь элбэг. Тиймээс хэрэглэж байгаа амтлагчиндаа бас анхаарах хэрэгтэй.

Тухайн хүний хоол боловсруулах замын микрофлор буюу ашигтай бактери муу байснаас болж хоол хүнсний харшил үүсдэг. Монголчуудын хувьд хамгийн сайн микрофлорыг дэмжих хүнс юу байна гэхээр маш сайн бактеритай тараг л уух байгаа юм.

Тараг нь хоол боловсруулах замыг тэнцвэртэй байлгаж өгдөг. Ер нь хоол боловсруулах зам нь л тэнцвэртэй байвал тэр хүний дархлаа, хоолны боловсруулалт сайн, дээрээс нь харшил бага үүсдэг. Тэр тусмаа хүмүүс зуны улиралдаа цагаан идээ, айраг, тараг хэрэглэж байвал зүгээр.

-Ер нь ямар хүнсэнд нүүрс ус их байдаг вэ?

-Нүүрс ус гэдэгт ерөнхийдөө гурилан бүтээгдэхүүнүүд орж байгаа. Нүүрс ус маань гэхдээ энгийн нүүрс ус, нийлмэл нүүрс ус гэж байдаг. Нэг ёсондоо сайн, муу гэж хоёр янз байна гэсэн үг. Тиймээс нүүрс ус хэрэглэж байна гээд л нүүрс ус гээд биччихсэн орц, найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээд байх нь зохисгүй.

Энгийн нүүрс ус гэдэгт нь чихэр, зөгийн бал зэрэг аманд оронгуутаа хайлдаг сахарны төрлийн бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ашиггүй буюу муу нүүрс ус гэсэн үг. Харин нийлмэл нүүрс ус гэдэгт цардуул, хүнсний хивэг, ислэг, хальстай үр тариа, гурилан бүтээгдэхүүнүүд байдаг.

Сүүлийн үеийн биеийн жин нэмэгдэлт бялуу, кекс гээд чихэрлэг их агуулсан хүнснээс маш их үүсч байгаа. Тэр маань энгийн буюу муу нүүрс уснаас үүсч байгаа гэсэн үг. Нэг ёсондоо хэрэгцээгүй нүүрс ус ихээр хэрэглээд тэр маань өөх болж хадгалагдаад байна л гэсэн үг. Харин сайн нүүрс ус нь биед байгаа хортой нэгдлүүдийг биеэс гаргаж байдаг. Нийлмэл буюу сайн нүүрс усанд бүхэл үр тарианууд ордог. Гэхдээ цагаан гурил, цагаан будаа, каш, гоймон бол сайн нүүрс усны төрөлдөө хамаарахгүй. Дандаа хальстайгаа байдаг үр тариа, бүхэл үрийн гурил, 2, 3-р гурил, хөц, арвай будааг хэрэглэвэл хэрэгцээт нүүрс усаа авч байна гэсэн үг.

         “Linex” эмээр тараг бүрж болно 

-Үйлдвэрийн таргууд их байдаг шүү дээ. Тэрнээс алийг нь сонгож хэрэглэх вэ?

-Таргаа сонгохдоо бифидо бактери агуулсныг сонгох хэрэгтэй. Тэр бактериуд гэдэсний ашигтай бактериудыг дэмжиж өгдөг. Тэгснээр гэдэсний орчин сайн болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч хоол идсэн дайсны тал буюу бактеритай хоол ороод ирсэн ч боловсруулаад, бушуухан зайлуулах чадвартай болдог гэсэн үг. Хүнсний харшил ч тэр, ер нь харшил өвчин хоолноос их болж байгааг хүмүүс сайн мэддэггүй. Мэдээж ус, агаар гээд олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Гэхдээ хоолноос хамгийн их үүсдэг. Тэгэхээр ашигтай бактериудыг хэрэглэж чадвал ямар нэг өвчнөөс хол байж чадна гэсэн үг.

Сүү, цагаан идээ хэрэглэсэн ч ашигтай бактериудыг нь хийгээгүй Хятадаас авчирсан хөрөнгөөр тэжээчихсэн таргууд гадуур их байна л даа. Тэр байдал нь хүмүүсийн бодисын солилцоог хямралд оруулаад байна уу даа гэж боддог. Хөдөөний хамгийн холын, эрүүл хөрс хэрэглэдэг бэлчээрийн малын сүү, цагаан идээ хамгийн сайн. Тарагт байдаг сүү хүчлийн микрофлор нь ялзруулагч бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулдаг.

Ходоод, гэдэс өвдөхөөр бид “линекс” гээд эм уудаг шүү дээ. Тэр эмний нэг таблетад нөгөө ашигтай бактери чинь тэр чигээрээ байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хотод ашигтай бактеритай таргаа олж чадахгүй, үйлдвэрийн бэлэн таргуудад хангалттай итгэхгүй байгаа бол линексийг аваад шууд сүүнд холиод тараг болгочихож болно. Тэр таргаа хөрөнгө болгоод таргаа бүрээд уугаад байж болно.

-Ашигтай бактериудыг удаан байлгах хоол, хүнс нь тарагнаас өөр юу байж болох вэ?

-Ер нь тодорхой хэмжээгээр исэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байх юм бол ашигтай бактериудаа илүү сайн тэжээж чаддаг. Ашигтай бактерийн гол хоол хүнс нь таргаас өөр юу байдаг вэ гэхээр нөгөө л бүхэл үр тариа, ургамал ногоонууд. Ашигтай бактериудыг гэдсэнд удаан амьдруулдаг гол хоол хүнс нь эд нар гэж ойлгож болно. Махан болон чихэрлэг хоол хүнсийг задлахын тулд тухайн ашигтай бактериуд 10 дахин ажиллах хэрэгтэй болдог. Бид нар ашигтай бактери л сайн байвал хоол боловсруулах зам, ажлын бүтээмж бүх зүйл сайн байна гэсэн үг. Ихэнх харшил нарийн гэдэстэй холбоотой байдаг. Сүүлийн үед гурил шингээх чадвараа алдсан, сүүний гулуптин, лактоз гэдэг уураг шингээж чадахгүй, сахар шингээж чадахгүй болсон гээд хүнсний харшил үүсч эхэлж байгаа. Энэ бол гэдэсний орчин муу байгаагаас л болдог. Тиймээс ашигтай бактериа тэжээж гэдэсний орчноо сайжруулах хэрэгтэй.

-Линексээр яаж тараг бүрнэ гэсэн бэ?

-Тарагны хөрөнгөний оронд л линексээ хэрэглэнэ гэсэн үг. Нэг литр сүүг буцалгаад 40-45 хэм хүртэл нь хөргөөд дээрээс нэг ширхэг линексээ хийнэ. Тэгээд л яг тараг бүрж байгаатай адил сэрүүн газар хадгалаад л болоо. Тэрийгээ дараа нь хөрөнгө болгож ашиглаад байж ч болно.

Тараг бүрэх арга 

Линекс нь хүний биед шаардлагатай ашигтай бактериуд буюу бифидиум бактерийг агуулдаг. Тараг нь сүүн хүчлийн бактерийн тусламжтай исэж бүрэлддэг. Линекс эмэн дотор 2-3 төрлийн сүүн хүчлийн бактер агуулагддаг тул тараг исгэх боломжтой. Өөрөөр хэлбэл гадуур зарагддаг “БИФИДО” үйлдвэрийн тараг л болно гэсэн үг юм.

Нэг литр сүүгээ хөөрүүлж буцалгана. Буцалсан сүүнээсээ бага зэргийг /100 мл-ийг ч юмуу/ тасалж аваад линексээ хийгээд сайн хутгана. Дараа нь үлдсэн 900 мл сүү рүүгээ линекстэй хольсон сүүгээ /хөрөнгөө/ хийгээд самарна. Аяндаа 40 хэм буюу халуун бүлээн болно. Тэгээд өөр саванд юүлж хийгээд тасалгааны хэвийн темпратурт, аль болох сэрүүн нар тусахгүй газарт дөрвөн цаг байлгана. Аяндаа тараг чинь бүрэлдээд бэлэн болчихно. Зарим үед найман цаг ч болж мэднэ. Тэр бүрэлдсэн таргаа дараа нь хөрөнгө болгоод л шинэ тараг уугаад байна гэсэн үг.

Эмч нарт идүүлсэн хоолны зурагнаас: 

Эх сурвалж: itoim.mn

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд