No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #8: Хоёр дахь удаагаа гэр бүл болж буй хүмүүс харилцаандаа...

Зүрхээ сонс #8: Хоёр дахь удаагаа гэр бүл болж буй хүмүүс харилцаандаа юуг анхаарах вэ?

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт дахин гэр бүл болон бүрэлдсэн хүмүүсийн онцлог болоод харилцаанд нь тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Хоёр дахь удаагаа гэр бүлтэй болж буй хүмүүс нь шинээр гэрлэж байгаа хосуудаас олон зүйлээр ялгаатай байдаг. Тухайлбал, урьдах гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгосон ч гэлээ шинэ гэр бүлд нь санхүү, хууль, хүүхэдтэй холбоотой асуудлууд үргэлжилж байдаг.

Дахин гэр бүл болсон хүмүүст харилцааны ямар асуудлууд тулгардаг вэ?

Мэдээж, тэр хүмүүсийн хувьд хүүхэд болоод гэрлэлтийн байдлаа хүлээн зөвшөөрөөд амьдарч байгаа. Үүнээс гадна,

  • Тэдгээр хүмүүсийн ах дүү хамаатан садангуудын хувьд үл итгэх, хүүхэдтэй харилцах тал дээр нь ойлгомжгүй байдал үүсэх асуудлууд гардаг.
  • Мөн дагавар хүүхэдтэй гэр бүл болж байгаа хүмүүс хүүхдийг хэрхэн дуудахаас эхлээд, харилцааны олон асуудлуудтай тулгардаг.
  • Заримдаа хүмүүс хэтэрхий их яардаг. Хүүхдэд шинэ орчин, эцэг эхэд дасах хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгохгүйгээр нэгэнт гэр болсон юм чинь шууд аав, ээж хэмээн дууд гэдэг.

Гэтэл хүүхэд энэ асуудалтай бүрэн эвлэрч амжаагүй байхад гаднаас тулгалт ирэхээр сэтгэл зүйн хувьд зөрчилтэй байдалд ордог. Хүүхдэд тулгахын оронд ярилцаж, шинэ харилцаагаа яаж эхлүүлэх вэ, юу гэж дуудвал өөрт нь зүгээр байгааг асуух хэрэгтэй.

Хүүхэд төрсөн эцэг эхээ мэдэх, тэдэнтэйгээ харилцах бүрэн эрхтэй. Үүнийг хүүхдийн эрхийн конвенц, бусад хууль тогтоомжид тунхаглаад, заачихсан байдаг. Тэгэхээр хүүхэд сэтгэл зүйн хувьд тэднээс хайр халамжийг мэдрэх хэрэгцээтэй гэсэн үг. Томчууд өөрсдийн асуудлаас болж гэр бүлээ салгачхаад, түүнийг хүүхдэд хүчээр тулгаж, төрсөн эцэг эхтэйгээ харилцахыг хориглоно гэдэг нь байж болохгүй зүйл.

Тухайн салсан эцэг, эх нь хүчирхийлэл үйлддэггүй, хүүхдэд аюул учруулдаггүй л бол харилцаатай байхыг зөвшөөрөх хэрэгтэй. Мөн хүүхдэд сөрөг мэдээллийг өгөхгүй байхад анхаараарай. Зарим хүмүүс хүүхдэд ээж, аавыг нь муулдаг. Гэтэл төрсөн эцэг эх гэдэг тухайн хүүхдийн хувьд хорвоод байхгүй хамгийн сайхан хүн нь шүү дээ.

Өмнөх гэр бүлийн хүн, одоо хамт амьдарч байгаа хүн ч тэр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг байх. Ингэж хүсэж байгаа бол өөрсдийн зөрчлийг хойш тавиад хүүхдэд сайн сайхан зүйлийг харуулах хэрэгтэй.

Шинээр гэр бүлийг бүрэлдүүлж байгаа нь насанд хүрсэн хүн та өөрөө юм. Тиймээс та аливаа асуудалд насанд хүрсэн хүн шиг оролцох хэрэгтэй. Өөрсдийн сэтгэл хөдлөл, зөрчлийг хүүхдэд тулгаж, мэдрүүлснээр асуудлыг улам хурцдуулна. Харин түүний оронд хүүхэдтэй аль болохоор нээлттэй харилцах нь зүйтэй. Ингэснээр хүүхдийг сэтгэл зүйн зөрчилтэй асуудлаас хамгаалж чадна.

Харилцаандаа юуг анхаарах вэ?

Насанд хүрэгчид шинэ гэр бүлийн харилцааны соёлыг бий болгож буйгаа ойлгох хэрэгтэй. Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, асуудал тулгарвал ярилцаж шийдэж байгаарай гэж зөвлөе. Мөн уурласан бол хэсэг хугацааны дараа ярилцаж, харилцааны эерэг уур амьсгалыг бий болгох шаардлагатай байдаг.

Мөн хүүхэдтэй ярилцахдаа урьдчилж асууж, зөвшөөрөл авах хэрэгтэй. Хүүхдийн байр суурийг хүндэтгэж, зөвшөөрөл хүссэн байдлаар харилцаж байгаарай. Хүүхдийг хүчилж, тэдэнд тулгах нь өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг юм шүү.

Шинээр бүрэлдэн бий болсон гэр бүлийн гишүүд, хойд ээж, аав нар өөрсдөдөө цаг гаргаж байх хэрэгтэй. Та өөрийн сэтгэл зүй, бие махбодь, эрүүл мэнддээ цаг гаргаж чадвал эргэн тойрон байгаа хүмүүстэйгээ эрүүлээр харьцах боломжтой.

Нийгмийн харилцаа, шаардлага, сөрөг мэдээллүүд гэр бүлийн харилцаанд их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Харамсалтай нь хүмүүс түүнийг хэрхэн нөлөөлж байгааг мэддэггүй. Ялангуяа хүүхдэд. Энэ тохиолдолд гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө аваасай гэж хүсье. Дахин гэр бүл зохиож байгаа хүмүүсийн хувьд эхний 3-5 жил бэрхшээлтэй байх болно.

Зарим хүмүүс бусад юу гэх бол гэж сэтгэлээр унаж эхэлдэг. Таны амьдрал бол таных, таны гэр бүл бол таных учраас бусдад яаж харагдах нь чухал биш.

Мөн хүмүүс нэгэнт л гэр бүл болчихсон юм чинь гээд хувь хүний орон зай, хэм хэмжээг зөрчих гээд байдаг талтай. Хэдийгээр гэр бүл болсон ч гэлээ тэд хувь хүмүүс. Өөрийн гэсэн үнэт зүйл, орон зайтай учир хүндэтгэж харьцаарай.

Шинэ соёл, гэр бүл бий болж байгаа учир битгий их яараарай гэж хэлмээр байна. Та урьдынхаа амьдралд цэг тавчихаад шинэ амьдрал эхлүүлж байгаа. Заримдаа хүн урьдынхаа харилцааны соёлоор одоогийн гэр бүлдээ хандах гээд байдаг. Үүнээсээ болоод зөрчил үүсдэг. Тийм учраас аль хэдийн өнгөрсөндөө цэг тавьчихсан, цоо шинэ зүйл эхэлж байгааг өөртөө сануулж байгаарай.

Эрүүл эерэг харилцаа нэг л өдөр гэнэт бий болчихдоггүй. Үүний тулд бүх гишүүд ямагт чармайж байх хэрэгтэй. Гэхдээ чармайж байна гээд хэн нэгнийг тулган шаардаж болохгүй. Ялангуяа хүүхдийг шаардах эрх бидэнд байхгүй шүү дээ. Бид тэдэнд цаг хугацааг өгөх хэрэгтэй.

Мөн ээж, аавууд хүүхдэд ганцаарчилсан цагийг гаргаж өгч байгаарай гэж хэлье. Ингэвэл бие биедээ дасч, илүү сайн ойлголцож чадна. Мөн хүүхэд дотносоод ирэхээрээ нарийн нандин зүйлсээ ярьж эхэлдэг. Харин дараа нь хүүхдэд зан үйлийн асуудал гаргахад, эцэг эхчүүд түүнийг нь сөхөж, хүүхдийн эсрэг ашиглаж болохгүй.

Хэрэв ийм асуудал гарвал сайхан харилцааны гүүр шууд нурж унана. Хүүхэд хэзээ ч танд итгэхгүй. Амьдрал баялаг шүү дээ. Өөрт ашигтай байдлаар асуудлыг шийдэхийн тулд мэдээллийг ашиглаж, сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй. Гэхдээ та насанд хүрсэн хүн учир ухамсар, оюун ухаанаараа харилцаагаа авч үлдэх ухаалаг шийдвэр гаргаж байгаарай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд