No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Энхтөр: Төрөхийн өвдөлт хүүхдийн амин чухал эрхтнүүдийг бэлтгэж байгаа жам ёсны үйл...

Ш.Энхтөр: Төрөхийн өвдөлт хүүхдийн амин чухал эрхтнүүдийг бэлтгэж байгаа жам ёсны үйл явц

-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийг 2011 оноос удирдаж буй Анагаах ухааны доктор, хүний их эмч, клиникийн профессор, Ш.Энхтөртэй Эх, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, салбарын ололт амжилт, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-ЭХЭМҮТ одоогоор хэчнээн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай төв үндэсний хэмжээнд эх, эмэгтэйчүүд, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа эмнэлэг. Хүүхдийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, эрдэм шинжилгээний салбар гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эрдэм шинжилгээний салбар нь хүрээлэнгийн зохион байгуулалттай, судалгааны ажил хийхээс гадна төгсөлтийн дараах бүх сургалтуудыг хариуцдаг. Сүүлийн жилүүдэд бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.

-Төвийн ачаалал хэр зэрэг нэмэгдэж байгаа бол?

-Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй өсөж байгаа тул ачаалал маш их байна. 2017 оны статистикаар амбулаториор буюу поликлиникийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо 200 мянга давсан. Тэдний 40-өөд хувь нь хөдөө, орон нутгаас, үлдсэн нь нийслэлийн бүхий л хэвшлийн эмнэлгээс ирж байгаа өвчтөнүүд юм. Зургаан жилийн өмнө энэ тоо 130 орчим мянга байсан.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн тоо жилд 10 гаруй мянгаар нэмэгдэж байна гэсэн үг. Явцаас харахад энэ жил ч гэсэн иймэрхүү л үзүүлэлттэй байна. Мөн 2017 онд хэвтэн эмчлүүлсэн эх, хүүхдийн тоо 40 мянга давсан бол 12 орчим мянган эх жилд амарждаг. Тэдний 90-ээд хувь нь эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүд. Суурь эмгэгтэй, цусны даралт ихтэй, зүрх, бөөр, цусны өвчтэй болон бусад хүнд нөхцөл байдлын улмаас төрөлт нь хэвийн бус явагдах магадлалтай, эрсдэлтэй жирэмсэн эхчүүд буюу онцгой тохиолдлууд ирдэг.

-Төвийн ачаалал ихсэж буйн шалтгаан юу вэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, орон нутгийн боловсон хүчний чадавх муу байгаа нь нөлөөлж байна уу?

-Маш олон хүчин зүйл нөлөөлж байна. 2014 оноос хойш эх, хүүхдийн эндэгдлийн тохиолдлыг бүртгэж, шалтгааныг нь харуулахдаа тухайн эхийн нийгмийн байдлыг хүртэл судалдаг болсон. 2012-2015 онд эндсэн эхчүүдийн 60 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын түвшин нь дунджаас доогуур байсан. Тиймээс нийгмийн болон тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүчин зүйл гээд олон зүйл нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд нарийн мэргэжлийн, өндөр технологийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага манайхаас өөр байдаггүй нь ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГҮЙДЛИЙН ТҮВШНИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Улсын хэмжээнд үргүйдэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж их ярьж байна. Та бүхний судалгаагаар үнэхээр ийм байгаа юу?

-Үргүйдэл төрийн анхааралд орсон, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хэмжээнд байна. Гэхдээ үргүйдэлтэй холбоотой гаргасан судлаачдын тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа. Тиймээс манай төв дээр НҮБ-ын хүн амын сан, Засгийн газар, ЭМЯ хамтран үргүйдэл, нөхөн үржихүйн төвийг 2014 онд байгуулсан. Одоо энд үргүйдлийн шалтгааныг үндэсний хэмжээнд нарийн тооцоо судалгаа хийж тогтоохоор ид ажиллаж байна. Үргүйдэлтэй хосуудын мэдээллийг улсын хэмжээнд цуглуулж, үргүйдлийн тусламж үйлчилгээний үндэсний хэмжээний дата баазтай болно гэсэн үг. Үүний тусламжтай үргүйдлийг бууруулахад бодлогын хэмжээнд төр засгаар шийдүүлэх асуудал их бий.

-Хэчнээн эмэгтэйд үр шилжүүлэн суулгасан бэ. Амжилттай болох магадлал хэдэн хувьтай байгаа вэ?

-Ард иргэдийн нэрлэдгээр “хуруу шилний” хүүхдүүд буюу олон улсад IVF (In vitro fertilisation) гэж ярьдаг эмчилгээг энэ онд 80 орчим эмэгтэйд хийсэн. Үр тогтолтын хувь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. IVF эмчилгээний амжилттай үр тогтох магадлалыг 30 хувьд хүргэх зорилт дэлхийн хэмжээнд байдаг. Манайд одоогоор амжилт 25 орчим хувьтай байна. үүнийг 30 хувьд хүргэх, түүнээс давуулахаар чармайн ажиллаж байна.

-Энэ үйлчилгээний эрэлт хэр байна вэ?

-Үр шилжүүлэн суулгадаг хувийн эмнэлэг олон. Мөн санхүүгийн боломжтой хэсэг нь гадаад руу явдаг болсон учраас ачаалал ихтэй гэж хэлэхгүй. Энэ бол их өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ боловч одоогоор үйлчлүүлэгчээс нэг ч төгрөг авдаггүй. Гэтэл олон улсад тухайлбал, БНСУ-д IVF технологийн үйлчилгээний нийт зардлын 30 хувийг үйлчлүүлэгчээс, үлдсэнийг эрүүл мэндийн  даатгалын сангаас төлдөг. Тиймээс цаашид үйл ажиллагаа тогтворжоод ирвэл энэ үйлчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах тооцоо судалгаа, үндэслэлийг Засгийн газар, парламентын түвшинд тавьж шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа. Гэхдээ энэ асуудал 1-2 жилийн дотор шийдэгдэхгүй байх.

-Бас нэг эмзэг асуулт асуумаар байна. Танай дутуу нярайн тасагт хүүхдээ алдсан ээжүүдийг бусад дутуу төрсөн ээжүүдтэй хамт байлгадаг нь их хэцүү санагдсан. Ээжүүд нэг нэгнээ л тайвшруулаад суудаг юм билээ. Сэтгэлзүйчийн орон тоогоо нэмж болдоггүй юм уу?

-Улс орон хөгжихийн хэрээр шинэ ажлын байр, мэргэжилтний хэрэгцээ шаардлага бий болдог. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зөвхөн эрүүл мэндийн салбарт бүү хэл Монголын иргэн бүрт хэрэгтэй болчихоод байна шүү дээ. Гэхдээ ийм том хүрээнд ярихаа больё.

Манайх эрүүл мэндийн байгууллагуудаас хамгийн анх сэтгэлзүйчтэй болсон, 2011 онд. Сэтгэлзүйч эмч ажилтнуудаас гадна сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай өвчтөнүүдэд тусламж үзүүлдэг. Энэ жил дахиад нэг орон тоо батлуулсан. Одоо эмнэлгийн хэмжээнд хоёр сэтгэлзүйчтэй болж байна.

Нэг нь эмч, ажилтнуудад, нөгөө нь үйлчлүүлэгчдэд чиглэж ажиллана. Төсвийн байгууллага учир сэтгэлзүйч байтугай эмч, сувилагчийн орон тоогоо нэмэхэд ч амаргүй байдаг. Өнөөдрийн хувьд бидэнд харамсалтай нь үүнээс илүү боломж байхгүй байна.

ЭМЧ НАРЫН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БАЙНГЫН МЕХАНИЗМ БОЛ ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ НЭМЭХ

-Эмч, ажилчдын харилцаа хандлага жирэмсэн, амаржсан ээжүүд болон бусад өвчтөнүүдэд ч сөрөг мэдрэмж төрүүлж байгааг хүмүүс хэлдэг л дээ. Та удирдлагын хувьд үүнд мэдээж анхаардаг байх. Хэрэгжилтэнд ямар саад бэрхшээл байна вэ?

-Хоёр талтай асуудал. Бид байгууллага дотроо байнга үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчлүүлэгчээ сонсож, харилцаа хандлагаа сайжруулахаар ажилладаг. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, хүний нөөцийн алба, ёс зүйн хороо хамтраад эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулах ажил зохион байгуулдаг. Маргааш хүртэл ийм сургалт хийхээр бэлтгэж байна.

Янз бүрийн аян, сургалтын дараа бага зэрэг сайжирч, чих халууцахаа больж, урам ордог. Гэвч өвчлөл ихсэж, ачаалал нэмэгдэнгүүт эргээд л эмч, ажилчид хүний төлөө явсаар байгаад гээд л уйлаад ярихаар хэцүү шүү дээ.

Хэрэглэгчдийн санал асуумжийн тогтмол судалгаагаар ахицтай нэг үе байхад заримдаа гаргасан амжилтаасаа буух нь ч бий. Ерөнхийдөө бол үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж бага багаар дээшилж байгаа ч зорьсон түвшиндээ хүрэхгүй л байна. Нөгөө талаар, нийгэм өөрөө бухимдал ихтэй байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, дэлхийн түвшний техник технологи хэрэглэж байгаа зэрэг ахиц дэвшилтэй л байна. Гэхдээ эмч мэргэжилтэн, сувилагч, эх баригчид маань ахуй амьдралдаа санаа зовсон, дээрээс нь гудамжинд, ажлын байрандаа стресстэй байна шүү дээ. Тиймээс цалин хөлсийг нь дэлхийн түвшинд хүргэдэггүй юм гэхэд дориухан нэмэх цаг болсон. ОХУ-д бол хүүхдийн эмч нарын цалинг бусад эмч нараас тодорхой хувиар өндөр тогтоож хуульчилсан.

Инфляцын түвшинтэй уялдуулсан учраас цалин хөлсний системд өөрчлөлт орсон ч энэ ялгаа хадгалагддаг. Нөгөөтэйгүүр, бодлогын хэмжээнд хүүхдийн эмчээр суралцаж байгаа оюутны болон төгссөний дараа мэргэшүүлэх сургалтын төлбөрийг төрөөс даадаг, төгссөний дараа ажлын байраар хангадаг болвол төр боловсон хүчний маш том чадавхтай болно. Үүнээс илүү хүүхдийн эмч мэргэжилтэн болох хүсэлтэй хүмүүсийн сонирхлыг татах хөшүүрэг байхгүй. Дагаад хариуцлага, харилцаа хандлага ч сайжирч, хүмүүс ч шаарддаг болно.

-Сувилагч нарын цалинг нэмсэн нь хэр зэрэг бодитой дэмжлэг болсон бэ?

-Овоо нэмсэн шүү дээ. Сувилагч нар ТҮ-2, 3 дугаар шатлалаар цалин авдаг байсан бол одоо ТҮ-4, 5 руу орж, эмч нартай адилхан цалин авдаг болсон. Үндсэн цалин 120-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс үндсэн цалингаас тооцдог илүү цаг, мэргэжлийн зэргийн болон хортой нөхцөлийн нэмэгдлүүдээ оруулаад овоо дориун цалин авдаг болсон.

-Улсын эмнэлгийн эмч нар хувийн эмнэлэгтэй. Танайд ч гэсэн бий. Ингэж давхар ажиллахыг зөвшөөрдөг юм уу?

-Байгууллага бол албан ёсоор зөвшөөрдөггүй. Давхар ажил эрхлэлт бол салбарын хэмжээнд шийдэх ёстой бас нэг тулгамдсан асуудал. Зохицуулалт байхгүй учраас л ард түмний дунд эмч нар хувийн эмнэлэг дээрээ инээгээд суудаг, тэнд хүндэрсэн өвчтөнөө улсын эмнэлэг рүү зөөдөг гэх мэт яриа их бий.

Хөдөлмөрийн хуулиар бол манайд дандаа бүтэн цагийн ажилтан бий. Тиймээс удирдлагын зүгээс үндсэн ажилтан шиг л ажиллах шаардлага тавьдаг.

Хэрэв хөдөлмөрийн хуульд тодорхой зохицуулалт хийж, цагийн ажилтныг зөвшөөрөх боломжтой болвол гэрээний үндсэн дээр ажил үүрэг, цагаа тохироод хамтраад ажиллавал улирдлагуудын хувьд ч илүү амар. Гэтэл одоо бол энд ажиллаж байгаа нэртэй ингээд яваад байгаа нь байгууллагыг хохироож, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байгаа бас нэг шалтгаан болж байна.

Хүн хэдэн ч ажил хийж болохыг олон улсад зөвшөөрчихсөн, уг нь. Эцэст нь, цалин хөлсний тогтолцоонд эмч, ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх дорвитойхон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг төр засгаас хүсэж байна даа.

-Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд танай төв 500 гр төрсөн нярайг ч хүн болгохоор зорьж байгаа гэсэн?

-Манай улс 500 гр, мөн жирэмсний 22 долоо хоногтой төрснийг амьд төрөлтөд тооцдог. Одоогоор 700 гр нярайг хүн болгосон амжилттай байна. Энэ амжилт бол өндөр техник технологийн л ач тус юм. Өндөр хөгжсөн орнуудад 500 гр төрсөн нярайг ч хүн болгодог.

Дутуу төрөлтийн эзлэх хувийн жин дэлхийд 10 хувь байдаг. Манай улсад дутуу төрөлтийг хүлээн авч эмчилдэг цорын ганц тасаг манайд байдаг. Бид 2012 оноос дутуу нярайд зонхилон тохиолддог уушгины эмгэгшлийг эмчилдэг сурфактанд эмчилгээ хийж эхэлсэн.

Үүний зэрэгцээ дутуу төрсөн болон уушги дутуу хөгжилтэй нярайг эмчлэх явцад хараа, мэдрэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болох, тархи, уушгины өвчлөл удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг.

Бид энэ бүхнийг эрт оношилж, үндсэндээ дутуу төрсөн нярайн эмгэг бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг цэгцлээд байна. Түнхний мултралыг эхо аппаратаар оношилсон даруйдаа хөнгөхөн сойлт хийхэд сарын дотор хэвийн болж байна. өмнө нь 2-3 насанд нь буюу хожуу оношлогддог, 2-3 хагалгаанд ороод ч насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлддэг байсан шүү дээ. үүнийг л нярайн эрт үеийн илрүүлэг гэдэг.

ЭХ, НЯРАЙГ АРЬСААР НЬ ШҮРГЭЛЦҮҮЛЭХ ВАКЦИН ХИЙХЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ

-Эх, нярайн эндэгдлийг бууруулахад бусад энгийн тусламж үйлчилгээ хэр зэрэг ач холбогдолтой вэ?

-Нярайн эндэгдлийг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Тийм ч учраас нярайн эрт үеийн буюу төрснөөс хойш хоёр, 24, 72 цагийн дотор үзүүлэх тусламж үйлчилгээнд онцгой анхаарах нь эндэгдлийг бууруулах нэг том арга хэрэгсэл болдог.

Дөнгөж амаржсан эх, төрсөн нярайд заавал үзүүлэх энгийн тусламж үйлчилгээ маш тодорхой байдаг. Энэ бол хөрөнгө мөнгө шаардахгүй үйлчилгээ. Тухайлбал, эх, нярайг арьс арьсаар нь шүргэлцүүлэх, төрсөн даруйд нь нярайг амлуулах гэх мэт.

Өмнө нь хүүхдийг төрөнгүүт жинлэж, вакцин тарьдаг байсан бол одоо эх хүүхэд хоорондоо харьцаагаа бүрдүүлж, ангир уургаа нярай амласны дараа бусад клиник үйлчилгээ үзүүлж байна.

Төрөнгүүт нь вакцин хийснээс хүүхэд маш их стресс авч, уйлдаг үүний улмаас хөхөө амлах рефлекс нь саатдаг. Цаашлаад ходоод гэдэсний замд нөхцөлт эмгэг төрүүлдэг нянгууд идэвхжих эрсдэл үүсдэг. Тиймээс нярайн ходоод гэдэсний хамгаалах тогтолцоог нь бүрдүүлэхэд нэг дусал ангир уураг ч атугай өгмөөр байна шүү дээ.

Өөрөөр хэлбэл, эх, хүүхдэд нэн чухал ач холбогдолтой үйлчилгээний дараалал хүртэл шинжлэх ухаанч, хүнийхээ сайн сайханд чиглэдэг болсон. Тиймээс төрөх өрөөний дулаан байнгын 20 градусаас дээш байх, эх, нярайг дааруулахгүй гээд эмнэлгийн удирдлага хүртэл анхаарч байгаа.

-Жирэмсэн үеийн болон төрөлтийн хүндрэлээс сэргийлж, сэтгэл зүйгээ бэлтгэх, төрөлтөө өөрөө удирдах боломж эхчүүдэд их бий. Гэвч хяналтын эмч нар эм бэлдмэл, витаминуудыг бөөн бөөнөөр бичиж өгдөг, жирэмсэн эх өөрөө хэн нэг эмч, эх баригчид мөнгө өгчихвөл санаа зовохгүй төрнө гэсэн ойлголттой яваад байна л даа?

-Залуу үе маань зөв хандлагатай байвал монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна. Хүн эцэг, эх болохын тулд өсвөр наснаасаа бэлтгэгдэх ёстой. Тийм учраас үүнд зориулж 10-19 насны охид, хөвгүүдэд нөхөн үржихүй эрүүл мэндийн боловсрол олгож, гэр бүлээ төлөвлөх нь чухлыг ойлгуулдаг.

Мөн жирэмсний явцад хамгийн багадаа зургаан удаа өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад үзүүлсэн байх ёстой.

Үзлэг, үйлчилгээ чанартай байж, төрөлт ойртох тусам жирэмсэн ээж бие махбодоороо бэлтгэгдэхийн сацуу эмчээр хэлүүлэлтгүй төрөх үйл явцын шат дарааллыг маш сайн мэдсэн байх ёстой. Харамсалтай нь, энэ тал дээр маш хангалтгүй байна.

Төрөлтийн өвдөлт 10-12 цаг үргэлжилдгийг жирэмсэн эх өөрөө мэдэхгүй учраас миний өвдөлтийг намдаасангүй гээд дээгүүр, доогуур гомдол мэдүүлдэг. гэтэл төрөх үеийн өвдөлт хүүхдийн амин чухал эрхтнүүдийг шинэ орчинд гарахад нь бэлтгэж байгаа жам ёсны үйл явц.

Хүүхдийнхээ төлөө өвдөлтөө даваад гарах сэтгэхүй ээжид байхгүй байна. Энэ мэт хувь хүнээс шалтгаалах маш олон зүйл байгаа шүү дээ. Үүнээс гадна мэдээж жирэмсний хяналтын үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна.

ЭХЭМҮТ орон нутагт хүүхдийн эмч үнэгүй бэлдээд өгөх боломжтой


Мөн ДЭМБ, НҮБ-ын хүн амын сан, манай эх барихын практикт баримталдаг зарчмаар бол төрөх явцыг төлөвлөж, төрөлтийг эмч удирдаж, эх баригч, нярайн эмч заавал байна гэсэн хатуу дүрэмтэй.  Гэтэл орон нутагт хүний нөөцийн хомсдолоос болж эх баригч төрөлт удирдаж байна. Ингэснээр эхэд ч, шинэ төрсөн нярайдаа ч хүрч ажиллаж чадахгүй, эрсдэлтэй байдал үүсэх нь ч бий.

2016 ОНД БАГА НАСАНДАА ЭНДСЭН ХҮҮХДИЙН 66.6 ХУВИЙГ СЭРГИЙЛЖ БОЛОХ БАЙСАН

-Сүүлийн үед шулуун гэдэсний төгсгөл нь битүү, гүйцэт тээлттэй атлаа уушгигүй хүүхдүүд төрж байгаа талаар сонсогдох боллоо. Төрөлхийн хөгжлийн гажигт ямар өвчнүүд зонхилж байна вэ?

-Статистикаас харахад төрөлхийн хөгжлийн гажиг ихсэх хандлагатай байна. 2015 онд тав хүртэлх насны 1000 хүүхдэд эзлэх төрөлхийн хөгжлийн гажиг тав байсан бол 2017 онд 8.3 болж нэмэгдсэн.

Цусны эргэлтийн тогтолцооны төрөлх гажиг, сэтэрхий уруул, тагнайтай, яс, булчингийн гаж хөгжилтэй, мөн нүүрний гаж хөгжлийн тохиолдлууд тэргүүлдэг. Бид энэ бүх болзошгүй эмгэгийг хэвлийд байхад нь илрүүлж, оношлоод мэс засал хийж байна.

Тухайлбал, хүүхэд хэвлийн ханагүй байгааг ураг үед нь илрүүлж, төрөнгүүт нь нярайн гэдэсний ханыг нөхөх мэс засал хийдэг. Мөн нярайн зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийг ядахдаа өөрсдийнхөө түвшинд хийдэг болъё гээд зүрхний тосгуур хоорондын таславч (цоорхой)-ийг битүүлэх мэс заслын чадавхаа бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Уушгигүй хүүхэд төрөөд байгаа нь үнэн юм уу?

-Үнэн. Гэхдээ тун цөөхөн тохиолдол байна.

-Шалтгаан нь юу вэ. Агаарын бохирдол уу?

-Агаарын бохирдлоос болж нас бараад байгааг тогтоосон судалгаа байдаггүй. Гэвч ингээд хэлэхээр сошиал орчинд эх захгүй дайралтад өртдөг. Тиймээс мэргэжлийнхний дунд л яригддаг. Харин уушгины үрэвслээр нас барахад нөлөөлж байгаа хүчин зүйл агаарын бохирдол мөн. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёрт нян, вирусээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл ордог. Үүнээс гадна тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хоол тэжээл, эцэг, эхийн асаргаа сувилгаа, өөрийнх нь дархлаа, суурь өвчлөл зэрэг уушгинд үрэвсэл үүсэх, өвчин нь хүндрэх нэг нөхцөл болж байна.

-Бага насны хүүхдүүд ямар шалтгаанаар эндээд байна вэ?

-Манай тандалт, судалгааны алба 2012 оноос эх, хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл, бодлогын арга хэмжээний судалгаа мэдээлэлтэй гарын авлага шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад зориулж гаргасан. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 47 байгууллагаас мэдээллийг нь цуглуулж нэгтгэсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсад жилд 1400 орчим хүүхэд тав хүртэлх насандаа эндэж байгаагийн 200-гаад нь буюу 17-18 хувь нь осол гэмтлээр нас барж байна. Эв эрүүл, сав саруул өсөж байгаа хүүхдүүд зам тээвэр, муу усны нүх болон гол руу унах, халуун тогоо зэрэг ахуйн ослоор, гэмт хэргийн золиос болж эндэж байгаа нь байж болохгүй зүйл юм. Тиймээс үүнд салбар дундын хамтын ажиллагаа хамгийн чухал байна. Машин барьж яваа аав хүүхдээ өвөр дээрээ суулгасан, хажуугаар нь утсаар ярьж, зарим тохиолдолд тамхи асаах гэх мэт зэрэг үйлдэл хийж явдаг жишээ тааралдаж байна шүү дээ. Энэ бол дэндүү тэнэглэл.

-Үнэхээр харамсалтай юм, осол гэмтэл бол урьдчилан сэргийлж болох шалтгаан. 1400 эндэгдлээс ер нь хэчнээн нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан бэ?

-Та маш чухал асуулт тавилаа. Сэргийлж болох нас баралт гэсэн ойлголт бий. Эндэх ёсгүй өвчнийг хэлдэг юм. Харамсалтай нь, өнөөдөр монголд маш олон сэргийлж болох нас баралтаар хүүхдүүд, иргэд маань эндээд байна. ганц тоо хэлье.

Улсын хэмжээнд 2016 онд 1628 хүүхэд тав хүртэлх насандаа эндсэн. Үүний 1084 буюу 66.6 хувь нь сэргийлж болох нас баралт байсан. ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан сэргийлж болох нас баралтын жагсаалтад дэлхий дахинд уушгины үрэвсэл буюу хатгалгаа, суулгалт өвчин, осол гэмтлийг оруулсан.

Монголд ч гэсэн энэ гурван шалтгаанаар дийлэнх хүүхэд эндэж байна. Үүн дээр принатал буюу нярай үед үүссэн эмгэг ордог. манай тандалт судалгааны төвөөс шалтгаан бүр дээр нарийвчилсан тоо гаргасан тул үүнийг ашиглаад уушгины үрэвсэл, суулгалт өвчнийг багасгахын тулд бодлого, тусламж үйлчилгээгээ хаашаа чиглүүлэх боломжтой нь гараад ирэх юм.

-Эрүүл мэндийн асуудлыг эмч нар, эмнэлгүүд шийдэх ёстой гэсэн хандлага байсаар л байна. Энэ буруу хандлагыг яаж өөрчлөх вэ?

-1990-2015 онд хэрэгжсэн мянганы хөгжлийн зорилтод хүрч, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар дангаараа зүтгэсэн гэж би хардаг. 2030 он хүртэл хэрэгжих тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн салбараас мөн л эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад  голлон анхаарч байгаа.

Онцгойлон санаа зовоож буй зүйл бол энэ зорилтоо биелүүлэхийн тулд эрүүл мэндийн салбар дангаараа чадахгүй. Салбар дундын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоо туйлын чухал. Тийм ч учраас эрүүл мэнд, боловсролын салбар хамтран сүүлийн жилүүдэд тасалдаад байсан эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д дахин орохоор боллоо. 

Хүнд өвчин туссан хүнийг эмчлэх арга технологийг сайжруулах ажил салбарын хэмжээнд явж байгаа. Гэтэл заавал өндөр технологи шаардахгүйгээр, хүн өвчлөлөөс сэргийлж болдог. Ер нь хувь хүн эрүүл амьдрах дадал зуршилтай болж, урьдчилан сэргийлэх нь одоо чухлаар тавигдаж байна. Энэ бол бага зардлаар маш олон хүндрэлээс сэргийлэх боломж. үүнийг бүрдүүлэх нь эрүүл мэндийн салбарын бие дааж шийдэх асуудал биш.

ОРОН НУТАГТ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Танай төвийн ачаалал эрс нэмэгдэхийн хэрээр хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа байх. Цаашид үүнийг бодлогын хувьд шийдэхээр төлөвлөсөн ажил бий юу?

-Өвчтөн, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх нь манай салбарт тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн. Олон жил ярьж байна.

Манай төв одоогоор хүүхдийн эрүүл мэндийн 25-26 чиглэлийн нарийн мэргэжлийн, өндөр технологи бүхий тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр үйлчилгээний тасаг улсдаа ганцхан байгаа, тэр нь манайд төвлөрч буйгаас л энэ бүх хүндрэл үүсээд байгаа юм.

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн  хүүхдийн тасгийг өргөжүүлж, төрөлжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх асуудал сүүлийн үед салбарын хурал зөвлөгөөн дээр нэлээд өндрөө  авч ярих болсон. Ингэж байж хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

Манай үзүүлж буй 25-26 үйлчилгээнээс ядаж 5-6 төрлийг орон нутагт бий болгох хэрэгтэй. Үнэндээ орон нутагт нярайн кабинет байгуулахаас өөр ямар ч аргагүй байна. Тэнд байхгүй учраас л наашаа гүйгээд байна шүү дээ.

Хүүхдэд зонхилон тохиолддог өвчнүүд болох амьсгалын замын, хоол боловсруулах, мэдрэл, ерөнхий мэс засал, нярай, сэргээн засах эмчилгээ хийх чадавхтай болгоё гэж бид зорьж байгаа юм. Гэтэл одоо өвөл амьсгалын замын өвчлөл нэмэгдэнгүүт л хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй оволздог атлаа зун болохоор яг үнэндээ хоосон, илүү зардал болоод байна шүү дээ.

Ядаж сэргээн засах тусламж үйлчилгээг хийж сурах хэрэгтэй. Тухайлбал, уушгины хүнд үрэвслээр өвчилсөн хүүхдийг эмнэлэг 7-10 хоног эмчилж гаргадаг. Үүний дараа үргэлжлүүлэн бүрэн гүйцэт эмчлэх, биеийн байдалд нь оруулах хэрэгцээ их байна.

Өвөл хүнд өвдсөн хүүхдийг зун нь сэргээн засаад байвал дараа жил нь ханиад хатгалгаанаас эхлээд өвчлөх нь бага болно шүү дээ. Бид үүнийг л хүсээд байгаа юм.

-Яагаад ажил хэрэг болохгүй байна вэ?

-Энэ асуудлыг хүүхдийн зөвлөгөөний үеэр ярихад зарим дарга ойлгохгүй байна. Уг нь шинээр тасаг байгуулах шаардлагагүй юм.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхдийн 50 ортой тасаг байлаа гэхэд амьсгал, хоол боловсруулах, мэдрэл, нярайд зориулан гээд тус бүрт нь 8-10 ор гаргаж, тасаг доторх нөөцөө зөв хуваарилахад л болно.

Шаардлагатай мэргэжилтнийг нь бид үнэ төлбөргүй сургаад өгнө шүү дээ. Энэ боломжийг ашиглаад санаачилгатай ажиллаж байгаа орон нутаг бий. Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд хэдэн жилийн өмнөөс өвчлөл, эмчилгээний бүтэц нь том хотын шинжтэй болж байгааг тооцоод нярайн тасаг байгуулсан.

Одоо дахиад бусад эмчилгээний тасаг байгуулахаар зөвлөгөө аваад, захиалга өгөөд явж байна. Яг ийм байдлаар төвлөрлийг сааруулбал эмнэлгийн чанар, хүртээмж, хүлээгдэл сайжирна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд