No menu items!
HomeЯрилцлагаЦ.Ганчөдөр: Монголын нийт нутгийн 77.8 % нь цөлжилт болжээ

Ц.Ганчөдөр: Монголын нийт нутгийн 77.8 % нь цөлжилт болжээ

-

Судлаачдын индэр” булангийнхаа энэ дугаарт монгол орны газрын доройтол, цөлжилтын сэдвийг хөндлөө. Энэ талаар Шинжлэх ухааны академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Ганчөдөртэй ярилцлаа.

Та Цөлжилтийн судалгааны салбарт ажилладаг юм байна. Салбарынхаа талаар болон өөрийн судалгааны ажлын талаар яриагаа эхэлье?

– Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь 2004 онд анх байгуулагдсан. Монгол орны хэмжээнд цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг судлах, үнэлэх, түүнийг сааруулах туршилт явуулдаг, улсдаа ганц судалгааны төв юм.

Манай салбарын эрхэм зорилго Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй цөлжилтийг үнэлэх онол, аргазүйн үндэслэл боловсруулах, цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлох, зураглах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр судалгааны ажлын хүрээнд ургамал, хөрс, ус, уур амьсгал, үнэлгээ, зураглал, нийгэм эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй судлаачид баг бүрдэж ажилладаг. Харин миний хувьд газрын доройтлыг бууруулах ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажлыг 2008 оноос хийж гүйцэтгэж байна. 

Цөлжилт, газрын доройтол гэсэн хоёр ойлголт байдаг. Юугаараа ялгаатай вэ?

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид зааснаар “Цөлжилт нь хуурай, гандуу, чийг дутмаг газар нутагт байгалийн, тэр дундаа уур амьсгалын хувьсал өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөн дор илрэх газрын доройтол юм” хэмээн үзсэн. Энгийнээр хэлвэл, үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг, хуурай цөл болон хувирах үйл явц юм. Харин газрын доройтол гэх ойлголтод, тодорхой нэг газар нутагт, хүний үйл ажиллагааны бохирдол болон ус, салхины элэгдэл гэх мэт биофизик доройтлын хэлбэрүүдийг авч үзэж болно.

Европын Комисс, Хамтарсан Судалгааны Төвийн 2018 онд гаргасан “Дэлхийн цөлжилтийн атлас”-д, манай гарагийн хуурай газрын 75 гаруй хувь нь хэдийнэ доройтсон бөгөөд, 2050 он гэхэд 90 гаруй хувь нь доройтно. Энэхүү газрын доройтлын асуудлаас болж 700 сая хүртэлх хүн нүүлгэн шилжинэ гэсэн тооцоо гаргасан байгаа юм. Харин манай орны хувьд цөлжилтөд өртөмтгий буюу хуурай, гандуу бүс нутаг 90 орчим хувийг хамардаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 % нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг манай судлаачид тогтоогоод байна. Иймд хөрсний үржил шимийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажлыг, нийгмийн хөгжилтэйгээ уялдуулан, цаг алдалгүй хийж байх шаардлагатай болов уу гэж боддог.

-Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах судалгааг яагаад сонирхож, хийх болсон бэ?

Хүүхэд байхаас л ургамал тарьж ургуулах сонирхолтой байсан учраас, энэ ажлыг хийх суурь болсон болов уу. Анх их сургууль төгсөөд, ахмад эрдэмтэн А.Хауленбек багшийнхаа удирдлага доор Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийн анхны шонг зоосноор ажлын гараа маань эхлэж байлаа.

Бакалаврын ажлаа “Алтайн өвөр говийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах боломж”, магистрт “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан, хамгаалалтын ойн зурваснд тарималжуулсан мод, сөөгний өсөлт хөгжилт”, докторт “Төв Монголын хээрийн бүсийн, доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт, цөлжилтийг сааруулах ойн нөхөн сэргээлт” сэдвээр диплом бичиж хамгаалаад, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Улс орныхоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд, өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулж, өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэг, судлаач хүн бүрийн, чинь хүсэл байдаг.

-Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамгийн сүүлд гарсан судалгааныхаа үр дүнгүүдээс танилцуулаач?

-Хамгийн сүүлд гарсан үр дүнгүүдээс танилцуулахад, “Байгалийн эрсдлээс хамгаалах ойн зурвас байгуулах мониторинг”, “Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах”, “Доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт байгалийн нөхөн сэргээлт явуулж, ургамлан нөмрөгийн өөрчлөлт ба салхиар үүсэх хөрсний элэгдэлд нөлөөлөх нөлөөллийг бэлчээрийн газартай харьцуулсан судалгаа”, “Элсэнтасархай орчны бичил уур амьсгалын мониторинг” зэрэг  судалгааны ажлуудыг дурдаж болох юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах судалгааны үр дүнгээс дурдвал, Элсэнтасархай орчмын элсэрхэг хөрс бүхий газарт хайлас, улиас, харгана хамгийн илүү дасан зохицож, амьдрах чадвар болон жилийн өсөлтийн эрчим өндөр байна. Ойн зурвас нь 5-30 дахин алслах зайд салхины хурдыг бууруулж, хамгаалах нөлөөлөл нь 24.58-193.35 м зайд илэрсэн дүнтэй байна. Хамгаалагдсан талбайд, салхины зонхилох чиглэлээс элсний хуримтлал 0.2-0.8 м хуримтлагдаж, 5-30 м алслагдах зайд элсний нүүлт хөдөлгөөн бүрэн зогсож, олон наст бэлчээрийн ургамал түрэн ургаж байна.

Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах судалгааны ажлын хүрээнд Монгол орны улаан номонд орсон, эмийн болон аж ахуйн ач холбогдолтой 10 овгийн 17 төрлийн 21 зүйл мод, сөөгийг тарьж ургуулах туршилт явуулав. Эдгээр ургамлууд дотор орчны бүс нутагт тархалттай гандигар, яшил, тэхийн шээг, монос, арц, бүйлс зэрэг нэн ховор, Монгол орны улаан номонд орсон, эмийн болон аж ахуйн ач холбогдолтой мод, сөөг багтаж байна.

Доройтсон газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн судалгааны дүнгээс үзвэл, 10 жилийн дараа бэлчээрт олон настай, үр нь салхи болон малын хөлөөр тархдаг нэг наст, хөл газрын ургамлын төрөл зүйлүүд давамгайлсан.

Харин хамгаалсан талбайд чийглэг, олон наст ургамлын төрөл зүйлүүд илүү давамгайлан ургаж байна. Ургамлын зүйлийн баялаг, олон янз байдал нь бэлчээрт илүү, харин эсрэгээр ургамлын тусгаг бүрхэц хамгаалсан талбайд илүү буюу, хамгаалсан талбайд хөрс элээгч салхины босго хурд нэмэгдсэн, хөрсний салхиар элэгдэх эрчим буурсан дүнтэй байна.

Энэ бүхнээс үзэхэд, бэлчээрийг хашиж хамгаалах нь ургамлын тусгаг бүрхэц, биомассыг нэмэгдүүлж, улмаар хөрсний элэгдлийг бууруулах эерэг талтай. Гэхдээ бэлчээрт ургамлын зүйлийн олон янз байдал, баялаг байгаа явдал нь зөвхөн хашиж хамгаалах биш, харин жилийн 4 улиралд сэлгэн ашиглах, бэлчээрийн мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх (Силвопасторализмын цогц систем) зэрэг, газрын доройтлыг сааруулахад чиглэгдсэн уламжлалт болон дэвшилтэд арга технологиудыг санал болгон, илүү зөв менежменттэй ашиглах арга замыг эрэлхийлэх шаардлагтайг илтгэж байна.

Элсэнтасархай орчны бичил уур амьсгалын мониторинг судалгаанд HOBO U30 маркийн автомат уур амьсгалын мэдээ цуглуулагч суурилуулан, хөрсний өнгөн болон гүний температур, агаарын температур, харьцангуй чийгшил, нарны цацрагийн гийгүүлэлт, салхины хурд болон чиглэл зэрэг мэдээллийг гурван секунд тутамд бүртгэж, нэг цагийн нарийвчлалтайгаар тоон мэдээлэлд хөрвүүлэн судалгаанд ашиглаж байна. Нэг анхаарал татсан зүйл бол, манай орны нөхцөлд баруун зүгийн салхи зонхилдог. Харин тус суурин автомат станцын мэдээнд тулгуурлан боловсруулсан үр дүнгээс үзэхэд, зөвхөн 5-10 м/с болон түүнээс дээш хурдтай, бидэнд шууд мэдрэгддэг, элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлэгч хүчтэй салхи л баруун болон зүүн хойт зүгээс салхилж, нийт салхины дийлэнхи хувь нь зүүн урд зүгээс салхилж байгаа явдал юм. Иймд бидний судалгаа явуулж буй нутагт, цөлийн хуурай уур амьсгалын нөлөө илүү давамгайлж байна хэмээн ойлгож болохоор байна. Салхины хурд нь элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлж, хөрсний гадаргын усны ууршилт эрчимтэй явагдахад илүү нөлөө үзүүлдэг бол, харин аль чиглэлээс илүү давамгайлж байгаа явдал нь түүний сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

-Монгол улсын засгийн газраас 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр” батласан. Мөн 2020 онд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг орон даяар зарлаж байна. Энэ бүхэнд судлаач хүнийхээ хувьд ямар санал бодол хэлэх вэ?

-Газрын доройтлыг бууруулах туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд урт хугацаа шаарддагддаг бөгөөд ганц хоёр жилийн дотор үр дүн нь гарчихдаг ажил биш юм. Иймээс “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр (2019-2023)”-ийн хүрээнд Монгол орны байгалийн бүс, бүслүүрт урт хугацааны туршилт, судалгааны төвүүдийг байгуулах ажлуудыг дэмжиж, нягт хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна. Манай Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархай, Говьсүмбэр аймгийн Чойр сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой хэмээх газруудад “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах технологи туршилт, хяналт, мониторинг” явуулах суурин судалгааны станц байгуулан урт хугацаанд судалгаа явуулах эхлэлийг тавиад байгаа юм.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ны хүрээнд тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах хөдөлгөөн өрнүүлж, төр засгийн бодлого шийдвэрт тусган, дэмжиж ажиллаасай хэмээн хүсэж явдаг. Харин бүх тариалангийн талбайг ойн зурвастай болгох боломжгүй бөгөөд, юуны түрүүнд усалгаатай газар тариалан болон хуурай гандуу бүс нутгийн жижиг тариалангийн газруудад хамгаалалтын ойн зурвасыг байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл хуурай гандуу бүс нутгийн тариаланчид байгалийн эрсдэлд илүү өртөмтгий байдаг, улмаар ойн зурваст тарьж ургуулсан мод, сөөг ургамлыг эхний 3-5 жил найдвартай услах шаардлагатай юм.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд