No menu items!
HomeЭрүүл мэндЖ.Гижир: Анх таван залууг сургалтдаа хамруулж байв. Одоо тэд огт амсдаггүй

Ж.Гижир: Анх таван залууг сургалтдаа хамруулж байв. Одоо тэд огт амсдаггүй

-

СЭМҮТ өөртөө туслах өдрийн эмчилгээ хийгээд хоёр жил гаруй болжээ. Тус бүлэг архины хамааралтай хүмүүст зориулан 21 хоногийн сургалт явуулдаг бөгөөд үр дүн тун сайн байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 500 гаруй хүн хамрагдсанаас 60-70 хувь нь архинаас бүрэн гарчээ. Өөртөө туслах бүлгэмийн нийгмийн ажилтан Ж.Гижиртэй уулзаж, сургалтын үр дүнд, энэ үйл ажиллагааг илүү өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

-СЭМҮТ архинаас гаргадаг тун үр дүнтэй сургалт явуулдаг гэж иргэд ам сайтай байна. Энэ сургалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай төвийн өдрийн эмчилгээний баг наркологийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Архины хамааралтай хүмүүст зориулсан оюун санааны сургалтыг 21 хоногийн хугацаанд явуулдаг юм. Гэхдээ 21 хоногийн хичээл дууссан ч гэсэн “баяртай” гээд явуулдаггүй, өөртөө туслах бүлгэмд долоо хоногт нэг удаа хамруулдаг юм. Энэ үеэр хүмүүс архи уухгүй байх үеийн мэдрэмжээ ярьж, арга туршлагаа бусадтайгаа хуваалцдаг. 2016 оноос 500 гаруй хүн манай сургалтад суугаад гарлаа. Жилдээ 15 бүлэг хичээллэдэг. Үр дүн сайн байгаа. Нийт хамрагдсан хүмүүсийн 60-70 хувь нь архи огт уухаа больсон.

-Хүмүүс архи уудаг нэгнээ засаж авах гэж үйлээ үзэх юм. Гэвч үр дүн тийм ч сайн  биш байдаг. Харин танайх ямар сургалт явуулдаг болоод ийм олон хүнийг архинаас гаргачихав?

-Ер нь архины хамааралтай болсон хүмүүсийн ар гэрийнхэн аргаа барсан байдаг. Лам, бөөгөөр явна, кодлуулна, өтөө түүлгэнэ, хэлээ хануулна гээд хаана ямар арга чарга байна, тэр бүгдийг гүйцээсэн байдаг. Гэтэл архинаас гаргадаг эм тан, шидтэн дэлхийд байхгүй шүү дээ. Хаанаас ч хайгаад нэмэргүй.

Харин бидний сургалт яагаад үр дүнд хүрч байна вэ гэвэл оюун санаанд нь нөлөөлдөг юм. Дэлхийн 150 оронд хэрэгжиж байгаа, туршилтаар батлагдсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохоор үр дүн өндөр байдаг. Нэг ёсондоо архи биш тархи ярьсаар байгаад хүний тархин доторхыг угаагаад гаргана гэсэн үг.

“Архи гэдэг чинь идээний дээж биш, зүгээр л нэг усанд нуугдсан химийн бодис юм байна. Харин идээний дээж гэдэг чинь сүү” гэх мэтээр Монголын өв соёл дээр тулгуурласан байдлаар тайлбарлаж ярихаар хүмүүст илүү хүрдэг юм.

-Анх энэ сургалтыг эхлүүлэхдээ ийм үр дүнд хүрнэ гэж бодож байв уу?

-Бид анх өдрийн эмчилгээгээ нээж, үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүмүүс “Би архичин биш” гээд ирж өгөхгүй хэцүү байсан. Тиймээс хороодтой гэрээ хийж, зарим тохиолдолд өөрсдөө гудамжаар явж цуглуулах зэргээр эхний хэдэн хүнээ хамруулж байлаа.

Харин эхний сургалт амжилттай болж, хүмүүс архинаас гараад эхлэхээр бусдадаа нөлөөлж, дагуулаад ирдэг юм билээ. Бид 2016 онд сургалтдаа хүн суулгах гэж хайдаг байсан бол одоо хүмүүс дугаарлан хүлээдэг болсон. Бид төсөв мөнгөндөө тааруулж сургалт хийдэг болохоор хүний тоо хязгаартай. Тиймээс зориод ирсэн хүмүүсийг дараагийн сургалтад ирээрэй гээд явуулдаг юм.

• Архины хамааралтай болсон хүмүүсийн ар гэрийнхэн аргаа барсан байдаг. 

• Архи бол идээний дээж, Монголын ёс гурав, аз жаргал ёроолд нь байдаг юм уучих, уучих гэх зэрэг бусдын хатгааснаас үүдэлтэй архидалт хүмүүст нөлөөлж, байх ёстой юм гэж ойлгодгоос архинд бага багаар орсоор байна. 

• Санаагаар болдог бол дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, аймгуудын эрүүл мэндийн төв болгонд өдрийн эмчилгээний салбар нээчихмээр байна.

-Хүмүүс архинаас гарч, сургалт үр дүнгээ өгөхийг харахад сайхан санагдана биз?


-Архины асуудалтай хүмүүстэй ажиллана гэдэг тийм ч хүсмээр зүйл биш. Дандаа л зан төрлийн өөрчлөлттэй хүмүүс ирдэг болохоор тэдэнтэй харьцах амаргүй. Гэхдээ хүмүүс архины асуудлаа шийдэж, өөрөө гоё болохоос гадна гэр бүлдээ амар амгалан амьдрал бэлэглэж байгааг харахаар сайхан санагддаг.

Өөрөө хичээгээд архинаас гарчихсан хүмүүсээ харахаар хайр хүрч, хүндэлнэ. Тиймээс бид энэ ажлаа хийх дуртай байдаг. Анх сургалтад суух хүн олдохгүй байх үед гудамжаар их явдаг байлаа. Энэ үед архи ууж байгаа хүмүүстэй уулзаж учир байдлаа ярина. Маргааш нь эрүүл болсных нь дараа дахиж очиж ярилцдаг байв. Ингээд яриад эхлэхээр зарим нь араас бөөвөг бөөвөг гээд дагаад ирдэг юм.

Би өөрөө шархадны эцэст амьдардаг. Анх таван залууг сургалтдаа хамруулж байв. Одоо тэд тавуулаа архинаас бүрмөсөн гарсан. Огт амсдаггүй гэсэн үг. Энэ хэрээр бүгдийнх нь амьдрал сайхан болсон. Нэг залуугийн эхнэр нь салаад явсан байсан ч жилийн дараа эргээд нийлсэн. Нэг нь Солонгос улсад ажиллаж байна. Нөгөө нь ажил хийж олсон мөнгөөрөө охиноо швейцар улс руу явуулсан байх жишээний. Би өмнө нь тэднийг машиндаа чихэж аваад явдаг байсан бол одоо бүгд өөрсдийн машинтай, гэр орныхоо амьдралыг дээшлүүлсэн мундаг залуучууд болсон.

-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ. Хүмүүсийг архинаас гаргах ажилтай яагаад холбогдчихов?

-Би нийгмийн ажилтан, нийгмийн сэтгэл судлаач хүн. Сэтгэл зүйгээр магистр хамгаалах гээд явж байна. Өмнө нь 15 жил архи уусан. Архинаас гараад 13 жил болж байна. Ширээн дээрээ шампанскгүй шинэ жилээ тэмдэглэнэ. Цагаан сараар архи огт гаргадаггүй. Архи уудаг байхдаа бусдын л адил “Энэ бол байх л зүйл” гэсэн ойлголттой байв.

Харин архинаас гараад сайхан болоод ирэнгүүт “Ерөөсөө нийгмийн сайн сайхны төлөө бусдад тусалъя, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ бусадтай хуваалцъя” гэж бодсон юм. “Ахынхаа зовлонг битгий давтаарай. Ах нь ээжийгээ амьдад нь архи уудаг байлаа. Харин ээжийгээ амьдад нь архинаас гарч чадаагүй өгөр толгой.

Ийм сайхан ээж бурхан чамд байна. Миний дүү ээжийгээ амьдад нь архинаас гарчих” гээд ярихаар хүмүүс өөрийн эрхгүй нулимс урсгадаг. Энэ мэтээр бодит амьдралаа ярьж өгөхөөр хүмүүст илүү нөлөөлдөг юм.

Соён гэгээрүүлэх ажил хийсний ачаар алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль авлаа. үр дүн сайхан л байна. Цаашид ч илүү олон хүнд хүрч үйлчилмээр санагддаг юм.

-Таны бодлоор архидалтын уг үндэс нь юу байна вэ?

-Архи бол байх ёстой зүйл гэж бодоод байдагт хамаг учир байгаа юм. Бид баярлахаараа, гуниглахаараа, найз нөхөдтэйгөө уулзахаараа гээд ямар нэг тохиолдол болгонд архи ууж байна. Архи бол идээний дээж, Монголын ёс гурав, аз жаргал ёроолд нь байдаг юм уучих, уучих гэх зэрэг бусдын хатгааснаас үүдэлтэй архидалт хүмүүст нөлөөлж, байх ёстой юм гэж ойлгодгоос болж архинд бага багаар орсоор байна. Хүмүүс ихэвчлэн “Би бол зүй зохистой хэрэглэгч болохоос архичин биш” гэж ууж явсаар гүнзгий орчихоод байна.

-Энэ үйлчилгээг илүү өргөжүүлж, улам олон хүнийг хамруулмаар санагдлаа. Дутагдаж гачигдаж байгаа зүйл юу байна?

-Манай сургалт 80 мянган төгрөгийн төлбөртэй. Өдөрт хоол өгнө, эм тариагаар хангана, оюун санааны үйлчилгээ үзүүлнэ гэж бодохоор зардлаасаа давсан өртөгтэй сургалт юм. Төрөөс нэг удаагийн сургалтад зориулж арваад хүний төсөв өгдөг. Энэ төсөвтөө тааруулж л үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг нь санаагаар болдог бол дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, аймгуудын эрүүл мэндийн төв болгонд өдрийн эмчилгээний салбар нээчихмээр байгаа юм. Гэвч дээдчүүл төсөв мөнгийг нь баталж өгөхгүй байгаагаас энэ ажил биеллээ олохгүй  байна. Жишээ нь, толгойтын Наркологийн төв эмнэлэг энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж олон жил зүтгэлээ. Гэвч төсөвгүй болохоор эхлүүлэх ямар ч үндэсгүй болчихоод байгаа юм.

Хүмүүст үйлчилдэг цэгийн тоог л олон болгож байж илүү олон хүн хамруулна шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар зөвхөн СЭМҮТ дээр л сургалтын төв ажиллаж байна. Архи ууж байгаа хүмүүст төлбөрийн чадвар байхгүй шүү дээ. Тэд хэдэн зуун мянгаар нь мөнгө гаргаж, эмчилгээнд хамрагдаж чадахгүй.

Харин 21 хоногт 80 мянган төгрөгийн төлбөр гэдэг боломжийн үнэ. Тиймээс төрийн зүгээс анхаарлаа хандуулж, өдрийн эмчилгээний төвүүдийг нээгээд өгчихвөл хүмүүсийг архины хамаарлаас гаргах ажил нэлээд өргөжиж, үр дүнгээ өгнө.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд