No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Доржмаа: Сэтгэл гутрал, нойргүйдэлтэй хүмүүс их хандаж байна

Б.Доржмаа: Сэтгэл гутрал, нойргүйдэлтэй хүмүүс их хандаж байна

-

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн сэтгэц, наркологийн донтолтын эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Б.Доржмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Иргэд танай эмнэлгийг хэр их мэдэж үйлчлүүлдэг вэ?

-Баянзүрх Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн нэг. Ойролцоогоор 300 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд сэтгэц, наркологийн баг иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Манай багт мэргэжлийн сэтгэцийн эмч хоёр мэргэшсэн сэтгэлзүйч сувилагч тус бүр нэг бий.

Манайх үнэ төлбөргүй үйлчилдэг. Бусад нарийн мэргэжлийн эмч нараас ялгаатай нь урьдчилж цаг авалгүйгээр үйлчүүлж болдог. Хандаж байгаа иргэн бүрт хүрч үйлчлэх зорилготой. Хоёр эмчийн нэг нь сэтгэц, нөгөө нь донтолтоор дагнаад ажиллаж байна. Мэдээж хүн амын тоогоо дагаад ачаалал өндөр.

Ялангуяа, сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс мэргэжлийн эмчийн хяналтад байдаг. Үүнээс гадна шинэ өвчлөл нэмэгдсээр байгаа. Үүнд сэтгэцийн өвчтэй хүмүүс байна, мөн сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс ч бий.

Гэхдээ манай сэтгэлзүйчид хандаж буй иргэдийн тоо харьцангуй бага. Уг нь энэ олон хүн амд сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай хүн олон байгаа нь тодорхой.

Гэвч сэтгэл зүйн эмч дээр ирж үзүүлбэл хүмүүс намайг мэдрэл муутай болчихож гэж бодно, Шархадны эмнэлэгт очиж хэвтэх хүмүүс л энд ирдэг гэсэн ойлголт түгээмэл. Тухайн хүний сэтгэл санаа тавгүйтсэн, стресстэй болсон байна, сэтгэцийн эмчид үзүүл гээд хүмүүсийг манайх руу явуулдаг. Гэвч ихэвчлэн ууртай, дургүй л орж ирдэг.

“Би яахаараа энд ирэх ёстой юм, би эрүүл хүн, танайд галзуу солиотой хүмүүс л ирэх ёстой биз дээ” гэж харьцана. Хүнд сэтгэцийн ямар ч асуудал тулгарч болно, мөн энэ байдлаас гарах боломжтой гэдгийг бид тайлбарлаж, ойлгуулаад явуулдаг. Ер нь дүүргийн эмнэлэгт мэргэшсэн сэтгэлзүйчид үнэ төлбөргүй ажилладаг гэсэн мэдээлэл иргэдийн дунд бага байх шиг байна.

-Сэтгэцийн үйлчилгээ авах нь барууны өндөр хөгжилтэй оронд бол том соёл. Энэ соёлыг л илүү дэлгэрүүлмээр санагдлаа.

-Яах аргагүй тийм. Хүмүүс хамгийн гол нь зөвөөр хүлээн авч, хэрэгцээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрт тулгамдаж буй асуудлыг ойлгохгүй, түүнийгээ даван туулах чадваргүй үед л тухайн хүнд маш том асуудал үүсдэг. Гэр бүлийн дунд үл ойлголцол гарна, салж сарниж байна. Мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах нь энэ бүх хүндрэлийг даван туулахад хэрэгтэй гэдгийг л иргэдэд ойлгуулмаар байна.

-Яг энэ чиглэлээр боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшдэг хүмүүс харьцангуй бага шүү. Бас л галзуу солиотой хүмүүстэй харьцана гэсэн ойлголттой. Харин бусад дүүргийг бодвол манайх мэргэшсэн сувилагчтай. Миний бодлоор энэ мэргэжлийг л хүмүүст зөв таниулмаар байгаа юм.

Эмэгтэйчүүд гоо сайхны үйлчилгээ байнга авч, хэрэгцээ шигээ ойлгочихсон байдаг. Тэгсэн хэрнээ өөрийнхөө сэтгэл зүрхийг ойлгох, сэтгэл санааны тулгамдсан асуудлаа бусадтай нээн хуваалцах тал дээр хойрго ханддаг. Нэг бол ийм үйлчилгээ байдгийг мэддэггүй юм уу, эсвэл сэтгэц, наркологи гэсэн нэрэнд нь болоод байдаг юм шиг санагддаг.

-Энэ мэргэжлийн онцлог юу бол?

-Сэтгэцийн эмч, сувилагчийн мэргэжлийг үнэхээр сонирхсон, сэтгэл зүрхээ зориулна гэсэн хүмүүс л сонгож байгаа. Гэхдээ нөхцөл байдал, цалин хангамж хэцүү л дээ. Жишээ, нь би 23 жил ажиллаж байгаа хэрнээ 630 мянган төгрөгийн үндсэн цалинтай.

Татвар, суутгалаа хасаад 500 гаруй мянган төгрөг л гар дээрээ авч байна. Гэтэл энэ ажил хэвийн бус, эрсдэлтэй гэж явдаг. Яагаад гэвэл бид өдөр тутамдаа сэтгэцийн хувьд хэвийн бус хүмүүстэй ажилладаг. Сэтгэцийн эмч нар ажлын байран дээрээ халдлагад өртөж, амиа алдсан тохиолдол ч бий.

Хэдийгээр ийм хэцүү ч гэсэн нэгэнт сонгосон хүмүүс мэргэжлээсээ буцдаггүй. Хэрэв энэ мэргэжлийг зөв ойлгуулж, хэрэгцээг нь таниулвал хүмүүст маш их хэрэгтэй. Манай мэргэжлийн сайхан тал их бий.

Ялангуяа, хүмүүст тус болж, тодорхой үр дүнд хүрснийг харах сайхан байдаг. Би өмнө нь донтолтын чиглэлээр түлхүү ажиллаж байсан. Хамгийн сүүлд архинаас татгалзаад 10 жил боллоо гээд нэг залуу ороод ирсэн. Би өөрөө мартчихаж. Гэтэл намайг энд байгааг мэдээд зорьж ирээд талархлаа илэрхийлж байсан. Энэ бүгдээс урам авч байгаа юм. Ер нь сэтгэцийн хувьд тайвшраад, үр нөлөөгөө үзүүлсэн бол хүмүүс орж ирээд талархаад гардаг юм.

-Удахгүй сувилагч нарын өдөр тохиох гэж байна. Танай сувилагчдын ажил хэр хүнд вэ?

-Сүүлийн үед сэтгэцийн мэргэшсэн сувилагч маш цөөрсөн. Ихэнх нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж байна. Мэргэшсэн сувилагч бол сэтгэцийн өвчлөлтэй хүнтэй яаж харьцах, ямар асаргаа сувилгаа хийх, гэр бүлийнхэнд нь ямар мэдээлэл зөвлөгөө өгөх вэ гээд бүх зүйлд суралцсан байдаг.

Маш өндөр мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой. Яагаад гэвэл сэтгэцийн өвчин гэдэг хүний мэргэжил, нас хүйс, боловсрол харгалзахгүй үүсч байгаа шүү дээ. Тэгэхээр ямар түвшний хүн орж ирнэ, түүнд нь тохируулж харилцах ёстой. Харин манай сувилагч үүнийг сонирхоод, мэргэшээд ирсэнд маш их баяртай байдаг.

-Та нар янз бүрийн хүмүүстэй харьцаж байна. Өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарсан бол. Ер нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нэмэгдэж байна уу?

-Сэтгэцийн өвчин нийгмийн байдлыг дагаад нэмэгдэж байгаа. 1990-ээд оны үед бидэнд замын түгжрэл, утааны асуудал байсангүй. Тэр үед сэтгэцийн өвчин илүү удамшиж илэрдэг байв. Гэтэл одоо стресстэй холбоотой үүсч буй эмгэг нэмэгдсэн. Сэтгэл гутрал, нойргүйдэл, хүүхэд ахуй насандаа авсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүс илүү хандаж байгаа. Мөн сүүлийн үед донтолт улам нэмэгдэж байгаа нь яах аргагүй анхаарах асуудал болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

шинэ мэдээ

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

Шинэ машин худалдаж авбал Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй гэдэг мэдээлэл худал гэв

"Өнөөдрөөс эхлэн шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,000 төгрөг" болсон талаарх мэдээлэл гараад буй. Харин Авто Тээврийн Үндэсний Төвөөс...

трэнд