No menu items!
HomeОнцлохМонголын алдартай балетууд

Монголын алдартай балетууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа монголын алдартай балетуудыг танилцуулж байна. Монгол улсад 1953 оноос эхлэн эдүгээ хүртэл олон төрөл зүйлээр хөгжиж, хөгжмийн зохиолчдын авьяас билгийг нээж, ур чадварыг шалгасаар олон улсын төвшинд хүрэх хэмжээний бүтээл ч төрөн гарчээ.

Ж.Чулуун УРАН ХАС

Зууны манлай удирдаач, хөгжмийн зохиолч, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг анх 1973 онд тоглогдож байжээ. 2 бүлэг, 3 үзэгдэлт уг бүжгэн жүжгийг бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд цомнолыг академич Б.Ширэндэв бичжээ.

Нутаг хошуундаа “Уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаа тэдний амьдрал, хайр дурлал, болоод тухайн нийгмийн байдлыг сонирхолтой, хөгжилтэйгөөр өгүүлсэн байдаг.

“Уран Хас жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлан хийж байтал түүний сэтгэлт бүсгүй Хандармаагийн найзууд ирж түүнд саад болно. Удалгүй Хандармаа ч ирэв.

Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлэн, өндөр хясаанаас үсэрч шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийцгээх үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад, гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Энэ үед нутгийн залуус сониучирхан цугларна.

Хас өндөр хадан хясаанаас үсэрч энх тунх бууж ирэхэд, Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлана. Хасын ээж бахархалтайгаар хүүгээ харна.

Хас өөрийн хийж байгаа 12 жил нь ивээлээрээ бүждэг Эрдэнийн цагаа танилцуулж залуусын хүсэлтээр, эхний зургаан жилийн тухай багт үзүүлбэрийг үзүүлэхэд найз залуус нь түүний авьяас, уран ухааныг магтан хөгжилдөцгөөнө.

Хасын тухай сонссон Хошуу ноён, тахаруудын хамт энэ үед ирж түүний уран авьяасыг ашиглах зорилгоор зарлиг буулган Хүрээ рүү Хасыг авч явав. Түүнийг ээж, найз нөхөд, хайрт бүсгүй нь үдэн гаргана” хэмээн үйл явдал цааш өрнөнө. Анх тайзнаа тавигдахад Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа нар тоглосон түүхтэй.

Д.Лувсаншарав  НАРНЫ ДОМОГ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Нарны домог” бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав хөгжмийг зохиосон. Төрийн соёрхолт, МУУГЗ С.Сүхбаатар дэглэн найруулснаар ардын бүжгэн жүжиг тайзнаа амилсан түүхтэй.

 “…Тайзны гэрэл улаан өнгөөр тунарах дор нэгэн баатар хүвгүүн нэмэгдэнэ. Цэнхэр өнгө тунарах дор бас нэгэн хүвгүүн мэндлэв. Гэрлүүд агшин зуур солигдон дорхиноо таван эрэлхэг хүвгүүн Алунгуа эхээс мэндлэв.

Алунгуа эхийн өлмийн таван өнгийн нөмрөгт чулуун мэт байснаа хагарах адил зэрэг дэрхийн өндийнө.

Таван баатар эрийн эр зоригийг гайхуулсан бүжиг бүжин дуусахын алдад их давалгааны захад нэгэн цас цагаан лянхуа дэлгэрэн дотроос нь нэгэн гоо эм мэндлэв. Гэрэл тэр бүсгүй дээр цогцлон гоо сайхан бүсгүй дэлбээн дотроо бүжиж таван баатар эрс шунан дурлаж бүжиглэж байгаад хоорондоо муудалцан сэлэм далайлцахын үед Алунгуа эх гарч ирнэ.

Алунгуа эх хүүхдүүд баатруудад нэг нэг сум өгч байна. Баатрууд өндийн авч адислаад бүжиглэх дундаа өвдөглөн тус тусдаа хугалан хаяна. Алунгуа эх таван сумыг бүгдийг нийлүүлэн таван сум нэгэн дор цуглуулан боож өгөхүй дор баатрууд дамжуулан аваад адислан хугалахыг зоривч эс бүтнэ…” хэмээн үйл явдал цааш өрнөнө.

Ж.Мэнд-Амар ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ

 Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн уг балетын цомнолыг балетмейстер хореограф, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяандагва бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амар хөгжмийг нь туурвисан. Тус балетыг анх 1987 онд тайзнаа тоглож байжээ. 1987 онд ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр), Унгарын Будапешт хотноо ДБЭТ-ын балет ангийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ (70 гаруй балетын жүжигчид) тоглож Монголын соёл урлагийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Дашрамд дур,дахад олон улсын нэр хүндтэй уралдаанаас Монголын балетмейстер, бүжиг дэглээчдээс анх удаа өндөр дээд шагнал хүртсэн хүн бол Б.Жамъяндагва юм. 1981 онд Москвад болсон ОУ-ын уралдаанаас Э.Чойдогийн “Хөгжмийн эгшиг” балетын хослол бүжгээр тэргүүн байр эзэлсэн юм. Уралдааны төгсгөлд нэрт балетмейстер Ю.Григорович, Б.Жамъяндагва хоёрын уран бүтээл тунаж үлдсэн байжээ. Тэгэхэд олон улсын шүүгч, Америкийн алдарт балетмейстер Р.Жоффрий “Би бүх дэлхийг тойрч үзсэн хүн. Ийм сонин тавилттай бүжиг хаана ч үзээгүй. Энэ тэмцээнд Жамъяндагвын бүжигтэй харьцуулах номер байхгүй байна” гэж үнэлсэн гэдэг. 

Э.Чойдог ШАРИЛЖИН ДУНДАХ ЦЭЦЭГ

Монголын нэрт хөгжмийн зохиолч, хөгжимчин. Э.Чойдог 1926 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1937 онд Дотоод яамны бага сургуульд элсэн орж 1940-42 онд Уран сайхны сургуульд сурч, Улсын төв театрт 1949 он хүртэл хөгжимчнөөр ажиллаад 1952 он хүртэл Дорнод аймгийн театрт хөгжмийн багш хийжээ. 1952-53 онд эргээд Улсын хөгжимт драмын театрт, 1953-56 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч болж 1957-61 он хүртэл Москвагийн консерваторид элсэн орж хөгжмийн зохиолч, их театрын захирал, Бүх холбоотын ардын жүжигчин, Сталины нэрэмжит 2-р зэргийн шагналыг 3 удаа хүртсэн М.Чулаки багшийн удирдлага дор суралцсан байна. Ховд аймгийн театрт жил гаруй хөгжмийн багш хийж, ЗХУ-д диплом хамгаалсны дараа Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт 1967 он хүртэл ажиллаж байгаад. Ардын дуу бүжгийн чуулгад 1981 он хүртэл удирдаач хийж, 1981-88 онд Дархан хотын “Залуучууд” театрт хөгжмийн багшаар ажилласан.

 “…Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь… гээд л дуулсан эзнээ уярааж нялхруулдаг “Миний сайхан ээж” дуу, “Жалам хар”-ын аялгууг зохиосон билээ.  Тэрбээр 1976 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1986 онд “Мөнгөн залаа” балет, “Найрамдал” симфони удиртгал, “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг туурвисан тул Төрийн шагнал хүртсэн.

“Шарилжин дундах цэцэг” хэмээх нэг бүлэг гурван үзэгдэлт балетын гол дүрүүд нь Урангоо, Галт, Ширүүнгарьд, / Залуу дайчин, Ёмбо нар билээ. Уг бүжгэн жүжиг олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайлган зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санаж буйгаар түүх эхэлдэг ажээ. 

Х.Билэгжаргал БӨРТЭ ЧОНО

Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал 1954 онд  Завхан аймгийн Чандмань-Өлзийт суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсжээ. 1972-1976 онд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид Б.Гибалина, А.Неминский нарын удирдлага дор мэргэжлийн хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлжээ. 1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч,  1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажилласан.  

Тэрбээр “Ламбугайн нулимс”, “Гэрэл сүүдэр” дуурь,  “Бөртэ чоно” балет, “Ховор хүмүүс” киноны хөгжим, “Атга нөж” жүжгийн хөгжим, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Миний Монгол”, “Сүүтэй цагаан аялгуу” романс, “Зүүдний хайртай нутаг” дуу зэрэг олон бүтээлээрээ  Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Э.Чойдог ЧОЙЖИД ДАГИНА

XVII зууны үед төвд хэлнээс орчуулагдан, монголчуудын дунд дэлгэрсэн “Чойжид дагины тууж”-ыг 2005 онд Э.Чойдогийн хөгжмөөр Б.Жамъяндагва балет болгон дэглэсэн.   

“36 настай Чойжид бүсгүй хүндээр өвчлөн, тусыг эс олсоор өөд болов. Модны доор үхэтхийн унах түүний сүнсийг авахаар эрлэгийн элч, бурхан хоёр нэгэн зэрэг иржээ. Ийнхүү бурхны тааллаар Чойжид бүсгүй дагинын дүрд хувиран эрлэг тамын өргөөгөөр аялна. Тэнд алаан хядаан, цус нөж, аймшигт тамлалыг олж үзэв” хэмээн балетийн нэгдүгээр үзэгдэл өрнөнө.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд