No menu items!
HomeУхаарахуйЖадо: Өнөө цагт монголчуудад Дамдин Янсан бурхныг шүтэх нь ач тустай

Жадо: Өнөө цагт монголчуудад Дамдин Янсан бурхныг шүтэх нь ач тустай

-

2016 оны ярилцлагыг сэргээн хүргэж байна.

Жадо ринбүүчи манай оронд  анх Бакула ринбүүчийн урилгаар ирж  олон сүм хийдтэй номын барилдлага тогтоосон билээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүүчи манай улсын иргэн болсон. Ийнхүү монголчууд Жадо Ринбүүчийгийн сургааль номыг тогтмол хүртэж байх сайхан завшаан бүрдэж байна. Жадо Ринбүүчи 2004 оноос эхлэн Далай ламын ойр бараа болон шадарлаж, дээдийн номыг дэлгэрүүлэх үйлэнд шамдаж байгаа юм. Жадо ринбүүчийг  ном тавих үеэр түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна. Энэ удаа та ямар ном тавьж байна вэ?

-Анх 1991 онд ирж байсан. Түүнээс хойш долоо, найман удаа ирсэн байх. Энэ удаа Гандантэгчинлэн хийдийн урилгаар Дамдин Янсан бурхны ван, авшиг болон номын увидасыг дамжуулахаар ирээд байна. 5-р Далай багш Дамдин Янсан бурхны номыг анх зохиосон. Дамдин Янсан бурханы дамжлага, увидасыг хоёр ч удаа монгол лам нар залгуулж байсан түүхтэй.

Энэ номын гурван аймгийг Дамцагдорж гэдэг монгол лам зохион эмхэтгэсэн юм. Дамцагдорж лам Түвдийн Дашлхүмбэ хийдэд 20-иод жил сууж Дамдин Янсангийн нарийн увидасыг хүртсэн байдаг.

1959 онд Түвдийн тусгаар тогтнол алдагдаж олон мэргэд хэлмэгдэх үеэр Дамдин Янсан тэргүүтэй бурхадын нууц увидасын дамжлага тасрахад хүрсэн. Гэвч энэ номын увидасыг Архангай аймгийн Тариатын хүрээний Сэнгээ гэвш бүрдүүлэн авч үлдсэн.

1990-ээд онд Далай лам Сэнгээ гэвшийг залж, түвдийн мэргэдэд Дамдин Янсан бурхны увидасыг хүртээлгэсэн билээ. Сэнгээ гэвшээс би энэ номын увидасыг хүртсэн. Монгол ламаас авсан увидасыг би хадгалж байгаад монгол лам нарт буцаан дамжуулж байна.

-Энгийн үгээр хэлбэл Дамдин Янсан бурхны номын утга чанар юунд оршдог вэ?

-Дамдин Янсан бурхан бол Жанрайсаг бурхны догшин хувилгаан дүр юм. Энэ номын аймгийн гол утга нь хүний сэтгэлийг ариусгаж, асрал нигүүлслийг төрүүлэхэд оршдог. Дамдин Янсан бурхныг монголчууд эрт үеэс шүтэж ирсэн.

Монголын бүх сүм хийдэд Дамдин Янсан бурхны дүр хөрөг их байдаг. Гол горхи ширгэж, хур бороо татарч газар усны хорлол их болсон өнөө цагт монголчуудад  Дамдин Янсан бурхныг шүтэх нь ач тустай. Дамдин Янсан бурханыг шүтсэнээр дээр оршигч гариг саа, дунд оршигч хүмүүн бус, доор оршигч лус савдгийн ад зэтгэрийг дардаг.

-Монголчуудын бурханы шашинд оруулсан хувь нэмрийг та хэрхэн үнэлдэг вэ?

-Бурхан багш нирваан дүрийг үзүүлэхдээ тэргүүнээ хойд зүгг хандуулж таалал барьсан. Энэ нь цаанаа их учир шалтгаантай.

Бурхан багш миний шашин хойноос хойшоо дэлгэрнэ гэж амьд сэрүүн байхдаа айлдсан. Энэтхэгээс хойд зүгт Түвд, түүнээс хойд зүгт Монгол оршдог. Ингэж Бурхан багш ирээдүйн бошиг үзүүлсэн дагуу Түвд, Монгол оронд бурхны шашин хүчтэй дэлгэрсэн.

Монголчуудын түүхэнд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Гурав дахь удаагийн дэлгэрэлт нь бурхны шашны онолын сургалтад монголчууд их хувь нэмэр оруулсан. Одоо мэдэгдэж байгаагаар таван зуугаад монгол лам бүтээлээ түвд хэлээр туурвисан.

Монгол лам нарын туурвисан ном бүтээл онолын өндөр ач холбогдолтой, Түвдийн сүм хийд, лам нар монгол лам нарын сурах бичгийг үзэж, гол судлагдахуун болгож ирсэн түүхтэй. Түүхэнд Монголоос номын олон мэргэд гарсан.

1990-ээд он бол  Монголд бурхны шашин дэлгэрсэн нэг шинэ үе болсон гэж үздэг?

-Тийм ээ. Энэ бол үнэхээр бурхны шашны шинэ дэлгэрэлтийн үе. 1990 оны эхээр хүмүүс ахуйн хэрэглээн талаас бурхны шашныг шүтэж байсан. Одоо хүмүүс боловсрол, ухаарч танихын үүднээс шашнаа шүтэж байна.

Сүм хийдэд ч бас дэвшил гарсан байна. Винайн ёсонд жинхэнэ сүм хийд бол боловсролын байгууллага гэж заасан байдаг. Монголоос олон гэгээн мэргэд гарсны учир нь сүм хийд нь жинхэнэ боловсролын байгууллага байсных. Одоо Монголын сүм хийд эргээд энэ хэлбэр рүүгээ шилжиж байна.

-Бурхны шашин  монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та харж байна вэ?

-Та бүхэн өөрсдөө дотроо байгаа болохоор сайхан чанараа анзаардаггүй байх. Монголчууд бол дорны их соёлтой ард түмэн. Монголд ирээгүй байхад коммунизмын нөлөөгөөр соёл уламжлал устсан гэж сонсож байсан. Гэтэл анх ирэхэд надад хэд хэдэн зүйл ажиглагдсан. Гандан хийдээр явж байхад сүсэг бишрэлтэй олон настай хүнийг харсан. Үүнээс би Монголд уламжлал соёл алдагдаагүй юм байна гэж бодсон.

Монголчууд ахмад үеэ их өргөж хүндэлдэг. Энэ бүхэн бол бурханы шашны нөлөөн дор үүссэн монголчуудын сайхан соёл.

-Жинхэнэ бурхны шашинтан гэж хэнийг хэлэх вэ?

-Өөрийн сэтгэл нь энэрэн нигүүлсэхүйгээр дүүрэн, учир шалтгаан, үйлийн үрийн үндсэнд ажил амьдралаа зохицуулж буй тэр хүнийг бурханы шашинтай хүн гэж болно. Бурханы шашин зөвхөн итгэл бишрэлээр хязгаарлагддаггүй. Учир шалтгааны үндсэн дээрээс сүсэглэж байгаа нь бурханы шашин онцлог. Шинжлэх ухаанч учир шалтгааны үндэстэй шашин гэж байх юм бол түүнд бурхны шашин зүй ёсоор орно гэж Эйнштейн хэлсэн байдаг.

-Хүн төрөлхтөн хөгжих тусмаа сөрөг зүйлийг өөрсдөдөө төрүүлээд байдаг. Үүнийг бурхны шашинд хэрхэн тайлбарлах вэ?

-Олон зуун жил улс орнууд хөгжсөөр ирсэн. Барууны улс орнууд хөгжлөөрөө тэргүүлж байна. Улс орны эдийн засаг хичнээн өндөр хөгжсөн ч төгс аз жаргалтай байж чадаж байна уу.

Жинхэнэ аз жаргал хүн хүндээ итгэх итгэл, энэрэнгүй сайхан, хуурмаггүй сэтгэл юм. Өнөөдөр хүмүүс бие биетэйгээ гар барьж уулздаг. Гэтэл нөгөө хүнээ явсны дараа түүнд зуун хувь итгэл өгч  чаддаггүй шүү дээ.

-Өнөөдөр өрнөдийн хүмүүс бурхны шашныг ихэд сонирхох болжээ?

-Барууны хүмүүс хайж байсан учир шалтгаанаа бурхны шашнаас олсон нь шүтэх нэг шалтгаан болсон байх. Зуун жилийн өмнө хүмүүс цэвэр итгэл үнэмшил дээр тулгуурлаад амьдарч байсан бол өнөөдөр учир шалтгаан, үндэслэлтэй зүйлд суурилж амьдрах болжээ. Бурхны шашин шинжлэх ухаантай зохицолдгоотой байдаг нь уг шашныг шүтэх хоёр дахь шалтгаан болж байна. Бурхны шашинд орсон барууны олон хүн надад аав, ээжийгээ урьд өмнөхөөсөө илүү хайрлах болсноо ярьдаг.

-Та Монголд цөөнгүй ирж байсан. Таны нүдэнд Монгол орон хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Би ирэх болгондоо сүсэгтнүүдтэй уулзаж хүсэл бодлыг сонсдог. 1990 оны эхээр Монголд ирэхэд хүмүүс аж амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэгт санаа зовдог байсан. Нэг үе энэ минь, тэр минь архи ууж байна, яах вэ гэж их ярьдаг байсан. Одоо багасчээ.

Эдийн засаг улам сайжирч байгаа нь харагдаж байна. Одоо монголчууд гадаад явмаар байна гэж их ярих болжээ. Монголд ирэх болгондоо би төрсөн Түвд нутагтаа ирж байгаа шиг сайхан санагддаг.

Би номоо айлдахын өмнө нэг зүйлийг дандаа оршил болгож ярьдаг. Дэлхий нийтээрээ байгаль эхээ хайрлаж амьдрах учиртай. Хэдхэн төгрөгний төлөө монголчууд байгаль, амьтнаа их сүйтгэж байна. Байгаль их нарийн тогтолцоотой. Мод их тайрснаас болж бороо орохгүй байж болно шүү дээ. Хүрээлэн байгаа орчноо хайрлахгүй бол Монголын унаган байгаль алдагдана.

-Монголын залуучуудад та юу захиж хэлэх вэ?

-Монголын залуучуудад уламжлалт соёлоо, орчин цагийн мэдлэг боловсролыг хослуулж амьдрахыг хичээх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ахмад үеэ хүндэлж, сургааль номыг сонсдог, сайн явдалтай байвал жинхэнэ сайн сайхныг бүтээж чадна.

О.ГЭРЭЛ

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд