No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЮ.Анхбаяр: Даралт ихдэх, түүнийг хянаагүйгээс болоод шигдээсээр өвдөх эрсдэл өндөр байдаг

Ю.Анхбаяр: Даралт ихдэх, түүнийг хянаагүйгээс болоод шигдээсээр өвдөх эрсдэл өндөр байдаг

-

120/80 эрүүл мэндийн нэвтрүүлгээр “Цусны даралт ихсэх өвчин” –ий талаар Бат-Энх эмнэлгийн ерөнхий эмч, дотрын зөвлөх зэргийн эмч Оюунцэцэг, УНТЭ-ийн зүрх судас , эмгэг судлалын тасгийн туслах профессор Ю.Анхбаяр, УНТЭ-ийн мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Л.Энхсайхан, ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, хоол зүйч, доктор М.Пүрэвжав нарын ярьсныг хүргэж байна.

-120/80 ямар үзүүлэлт болох, юуг илэрхийлдэг, ямар хүчин зүйлийн улмаас энэ тоо тодорхойлогддог талаар хэлж өгнө үү?

Н.О: -Даралт бол зүрхний булчингийн агших хүч. Нөгөө талаас захын судасны эсэргүүцэл, энэ хоёрын зөрүүг артерийн даралт гэж нэрлэдэг. 120 буюу өндөр тоо нь зүрхний булчин агшиж байх үед судасны  хананд өгч байгаа даралтын хэмжээг хэлж байгаа юм. 80 гэдэг нь зүрхний булчин суларч байх үед судасны хананд ирэх даралтын хэмжээг хэлнэ.

-Анхдагч артерийн даралт гэж юуг хэлээд байна вэ гэхээр зүрх болон судасны ханын эсүүд дотор орох калци ионы хэмжээг нааш цааш гаргаж байдаг насосын үйл ажиллагаа муудсанаас болж эс доторх кальци ихсэж, захын судаснууд агшиж эхэлдэг. Энэ механизмаар яваад байвал хоорондох зөрүү өндөр болоод артерийн даралт ихэсдэг гэсэн үг. Учир нь энэ үйл ажиллагааг явуулж буй насос залуу үед эрүүл мэт байж байгаад насжаад ирэхээр гажиг нь илэрдэг. Даралт ихдэлтэд зүрхний цохилтын тоо их үүрэг гүйцэтгэдэг. Зүрхний судасны цохиолт нас насанд өөр байдаг. Тухайлбал, нярай  минутад 130, 1-8 настай хүүхэд 100-120, өсвөр насны хүүхэд 80-100, насанд хүрэгч 60-80, 60-аас дээш насны хүмүүс 60-65 байна.

-Үзэгчид маань гайхаж магадгүй юм л даа. Миний даралт 120/80 байдаггүй шүү дээ. Тэгэхээр би ямар нэг эмгэгтэй гэсэн үг үү гэж ойлгож болох юм. Тэгэхээр та энэ дээр торуулж өгөөч?

Н.О: – Энэ бол хүн хүний өөрийн онцлогоос болдог. Ойролцоогоор 120/80 гэж байгаа боловч 10-аар доошоо дээшээ хэлбэлзэх нь байж болно. Ялангуяа туранхай, ерөнхий судасны агших чадвар султай үед 90/60 тай ч байж болно. Үүнийг бол гажиг гэж үзэхгүй.

-Хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин байнга явж байдаг. Тэгэхээр энэ  цусны даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой. Энэ нь ямар эрсдэл, хүндрэлд хүргэж болдог талаар ярилцъя?

Н.О: -АҮШУИС-ийн 2011 оны эрдэмтдийн судалгаа байдаг. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 хувь нь даралт ихтэй байсан.Энэ хүмүүсийн 28 хувь нь даралт ихтэй гэдгээ мэдэлгүй явж байсан. Даралт ихтэй гэдгээ мэдэхгүй, хянахгүй, тоохгүй байна гэдэг хүндрэлүүдэд хүргэнэ. 

-Мэдэхгүй байна гэдэг нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байна гэсэн үг үү?

Н.О: -Ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Илэрсэн ч тоодоггүй. Ингээд хяналтгүй байгаад байвал зүрхний шигдээс, тархинд цус харвах, бөөрний дутагдалд орох гэсэн амь насанд аюултай эрсдэл, хүндрэлүүд үүснэ.

-Харвалтын талаар яриагаа үргэлжлүүлье. Харвалт хэр тохиолдож байна вэ?

Л.Э– Харвалт бол монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг.Манай эмнэлэг төдийгүй аймаг, дүүргийн нас баралтын том шалтгаан дотор харвалт орж байгаа. Нэг хүн энэ шалтгаанаар нас барна гэдэг манай улсын хувьд том хохирол болж байна. Тийм учраас энэ хохиролд хүрэхгүйн үүднээс даралтын эмчилгээ, даралтаа хянаж байх тухай асуудал их чухал байгаа юм. Жишээлбэл, таван эмэгтэйн нэг, зургаан эрэгтэйн нэг нь харвалт өвчинд өртдөг. Дэлхий дээр 2 секунд тутамд нэг хүн харваж байдаг. Мөн зургаан секунд тутамд нэг хүн харвалтын улмаас нас бардаг. Дахиад зургаан секунд тутамд хэн нэгэн хүн ердийн амьдралаа хөгжлийн бэрхшээлтэй болгон хувиргадаг. Энэ баримт бол харвалт гэж өвчнөөс сэргийлэх ёстой гэдгийг харуулж байна. 40-өөд жилийн өмнө хийгдсэн судалгаагаар 100 мянган хүнд 52 тохиолдож байсан бол, 30-аад жилийн дараах судалгаагаар 117 болоод 2.2 дахин илүү харвалтын тоо нэмэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээгээр жилд 15 сая хүн харвалт гэж өвчнөөр өвддөг гэсэн байна. Үүний 5.5 сая нь нас барж, 5 сая нь тахир дутуу болдог. Тэгэхээр 4 гаранхан сая нь хэвийн амьдралдаа ордог гэсэн үг.

-Монгол улсын хувьд 190 харвалтын тохиолдол оногддог буюу өндөр үзүүлэлттэйд ордог. Харвалтад хүргэдэг олон хүчин зүйл дотор өндөр даралт чухал хүчин зүйл болдог. Харвалт нь үндсэн хоёр хэлбэртэй. Нэг хэлбэр нь тархины цус харвалт. Өөрөөр хэлбэл тархины судас задраад хэвийн бүтцээ алдаад тэр дотроос цус гадагшилж, тархины эдэд цусан хураа үүсч байгаа юм. Дараагийн нэг хэлбэр нь даралт ихэсдэг, цус харвадаг түүн дээр нь янз бүрийн цусны элементүүд сууж үүнтэй холбоотой тархины судас бөглөрдөг. Ингээд тархины тодорхой хэсэг цусан хангамжгүй болоод эд үхэждэг. Харвалтын шалтгааны дийлэнх хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлдэг.

-Харвалт өгөхийн өмнөх ямар шинж тэмдгийг анзаарч байх нь чухал вэ?

Л.Э: – Харвалт үндсэн хоёр янзын шинжээр илэрнэ. Нэг хэсэг нь ухаан алдаж унах, таталт өгөх, огиж бөөлжинө, тогой маш хүчтэй өвдөнө. Нөгөө хэлбэрийн харвалт нь хэл ам ээдрэх гар хөл суларна, нэг талын гар хөл бадайрах, гуйвах, тэнцвэр алдах зэрэг хэлбэрээр явагдана. Дэлхийн харвалтын байгууллагаас гаргасан албан ёсны гурван шинж тэмдэг байдаг. Та үүнийг мэдэж байх хэрэгтэй. Нэгдүгээрт ам мурийх, хоёрт гар сулрах, сүүлийнх нь хэл яриа ээдрэх, гацах. Энэ гурван шинж илэрвэл та харвасан байна гээд 103-т мэдэгдэх хэрэгтэй.

-Бас нэгэн хүндрэл бол зүрхний шигдээс байгаа. Тэгэхээр зүрхний шигдээст хэрхэн хүргэдэг, яаж нөлөөлдөг тухай ярина уу?

Ю.А: -Саяын ярьсан харвалт, шигдээс бол хурц хүндрэлдээ орно. Шигдээс нь эмнэлгийн тусламж авах, шинж тэмдгээрээ цаг хугацаа минутаар хэмжигддэг учраас хурц хүндрэлдээ ордог. АНУ-д жилдээ 1.5 сая хүн үүгээр өвдөөд 500-700 нь шигдээсийн шалтгаанаар нас бардаг. Манай улсын нас баралтын нэгдүгээр шалтгаанд харвалт, дараа нь шигдээс ордог. Зүрх нь эд эрхтэн системийг цусаар хангахаас гадна өөрөө цусан хангамжтай. Судсанд бөглөрөлт үүссэнээс болоод тэр хэсгийн булчин үхэждэг. Үүнийг шигдээс гэж ойлгож болно. Шигдээсний шинж тэмдэг нь цээжний өвдөлтөөр илэрнэ. Цээжний өвдөлт нь зүрхнийх үү, үгүй юу гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Энэ нь өвөрмөц шинж чанараар илэрдэг. Даралт ихдэх түүнийг  хянаагүйгээс болоод шигдээсээр өвдөх эрсдэл өндөр байдаг.

-Даралтаа би хэрхэн хэмжих вэ, яаж хэмжиж байх нь зүйтэй вэ?

Н.О: -40 хүртэлх насны хүмүүс таван жилд нэг удаа, 40-өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа хэмжүүлж байх хэрэгтэй. Хувь хүн даралтаа хэмжихийн өмнө анхаарч байх ёстой хэд хэдэн зүйл байдаг. Даралтаа хэмжихээс 30 минутын өмнө кофе ууж болохгүй, тайван байх, тамхи, архи хэрэглэсэн байж болохгүй. Нэг суудалдаа 3-5 минут болсны дараа үзүүлэх хэрэгтэй. Ер нь баруун гар талдаа үзүүлбэл зохимжтой. Учир нь ихэнх тохиолдол 10 орчмоор илүү байдаг тул даралт ихтэй талаа үзэж байх ёстой. Эмч нар механик аппаратаар хэмждэг. Яагаад гэвэл энэ аппаратаар хэмжих үед гадны нөлөө бага. Электрон аппаратууд жижиг хөдөлгөөн, янз бүрийн зүйл бодох зэрэгт маш мэдрэг байдаг. Нэгэнт даралт ихсэх эмгэг байгаа тохиолдолд даралтаа хяналтдаа авна гэсэн үг.

-Даралт ихэссэн тохиолд ямар арга хэмжээ авах вэ, яаж эмчлэх ёстой вэ?

Н.О: -Даралт ихдэж байгаа үед хүмүүс өөрсдөө дур мэдэн даралтын эм хэрэглэх нь буруу. Хяналтгүйгээр даралтаа ихэсгэх алхмыг өөрөө хийж байна гэсэн үг. Эмч дээр очоод өөрийн өвчний түүхээ яриад өөрт тохирсон эмчилгээг авах хэрэгтэй.

Ю.А: Ер нь бол даралт ихдэх өвчний урьдчилан сэргийлэлт нь анхдагч, хоёрдогч гэж байдаг. Анхдагч нь хөдөлгөөн, стресс, архи тамхины хэрэглээтэй холбоотой. Хоёрдугаарт нь эмийн хэрэглээ байдаг. Мөн эмийн сонголт, тунгаа зөв тааруулах хэрэгтэй.

-Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэвийн хэмжээнд нь байлгахын тулд ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг хэлж өгнө үү?

М.П: – Даралт ихсэх өвчин бол буруу хооллолт, шим тэжээлийн хангалтгүй байдал, биеийн жин ихсэхээс үүдэлтэй байдаг. Даралт ихсэх үед хэрэглэх тохиромжтой хоолонд эслэгийн агууламж өндөртэй хүнсийг нэрлэж болно. Тухайлбал, овьёос, бүтэн үрийн гурил зэрэг орно.  Эдгээр нь уусдаг эслэгийн төрөл учраас судасны хананд наалдсан өөх тосны илүүдлийг гаргадаг. Мөн бүх төрлийн хүнсний ногоог хангалттай байдлаар хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Бидний өдөр тутамдаа байнга хэрэглэх боломжтой бас нэг зүйл бол ногоо жимсний цэвэр шүүсийг шахаж хэрэглэх явдал юм. Тэр дундаа хүрэн манжин, лууван, цоохор майлзны шүүсийг уувал үр дүнтэй гэж үздэг. Түүнчлэн усыг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.

-Давсны хэрэглээ даралт ихсэх өвчинд хэрхэн нөлөөлдөг, яагаад нөлөөлдөг гэж үзээд байдаг талаар яръя?

Н.О: -Давсыг хорь гэж эмч хэлсэн бол түүнийг хэрэглэх шаардлагагүй. Давсыг хоногт 5 граммаас илүү хэрэглэх шаардлага байхгүй. Цайг давсгүй, хоолыг сул давстай идэж байх нь зүйтэй. Түүнээс бидний хэрэглэж байгаа талх бусад зүйлд давс хангалттай байгаа. 

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэвийн хэмжээнд нь байлгахын тулд өөр юуг анхааруулж хэлэх вэ?

М.П:- Хүнсний хэрэглээ өөрчлөгдсөнтэй холбоотой олон төрлийн түргэн хоолнууд идэх болсон. Эдгээр нь давсны агууламж маш өндөр. Давсны агууламж ихтэй хоол хүнс гадуур зөндөө зарагддаг учир зөвхөн цайны давсаа хязгаарласнаар давсаа тохируулна гэсэн үг биш.

-Идэвхтэй дасгал хөдөлгөөн цусны эргэлтэд яаж сайнаар нөлөөлдөг юм бэ?

Н.О: – Дасгал хөдөлгөөн нь зүрхний цохилтыг хурдасгаад, судсаар урсах цусны гүйдлийг идэвхжүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээрээ захын судасны эсэргүүцлийг механикаар сайн эргүүлж өгч судас хатуурах, нарийсахаас сэргийлнэ. Ер нь дасгал хөдөлгөөн нь зүрх, тархи, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

-Сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах гэдэг их чухал зүйл юм шиг байна?

Л.Э: – Стресс, сэтгэл хөдлөл гэдэг эерэг сөрөг олон нөлөөтэй. Тэр тусмаа даралт өндөр хэмжигдлээ гэсэн үед хүн айхгүй байх хэрэгтэй. Айдас тэр хүнд ямар ч тус болохгүй. Харин ямар арга хэмжээ авах вэ гэдэг шийдлээ олох хэрэгтэй. Нөгөө талаар гэнэтийн хүчтэй сэтгэл хөдлөл даралт өндөрсгөдөг учраас хүнрэл үүсэх аюултай. Тийм учраас тогтмол эмээ ууж, гэнэтийн зүйлд автахгүй, эрсдлийг тооцоолж хандах хэрэгтэй.

-Даралт ихэдсэн хүндрэл үүссэн хүнд ямар тусламж үзүүлэх хэрэгтэй вэ?

Н.О: – Хамгийн эхлээд тайвшруул. Хэвтүүлэх суулгах аль бололцоотойг хийнэ. Ингэхдээ тогойг нь өндөрлөнө. Хүндрэлийн үед захын судаснууд агшаад, энэ үед хүн даарах чичрэх шинж тэмдэг өгдөг. Энэ үед бүлээн жинг гар дээр тавина. Мөн булчинг сулруулна.Тухайн хүний өөрийн уудаг эм байдаг бол хэлэн доор нь тавьж өгнө. Хэлэн дор тавтсан эм хурдан биеэр тархаж, нөлөөллөө үзүүлдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд