No menu items!
HomeХүмүүсБидний сэтгэлд мөнхөрсөн Бага Ааяа

Бидний сэтгэлд мөнхөрсөн Бага Ааяа

-

Монголын театрын домог болсон жүжигчдийн нэг Лувсанбалдангийн Лувсан “Ирж яваа цаг” киноны Багаяа өвгөний дүр болон олон сайхан жүжиг, кинонд дүрээ мөнхөлж, үзэгчдийг сэтгэлд мөнхөрсөн билээ.

1908 онд Төв аймгийн Баянцогт сумын нутаг Жирэм хэмээх газар төрсөн. Л.Лувсан гэдэг 18 настай жаал хүү 1926 оны “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчин байсан. Том байгагүй түүнийг “Алаг морины Лувсан” гэдэг байв. 1931 онд цэрэгт татагдан Тамсагийн отрядад байлдагч, бага дарга, 1933 онд нисэх онгоцны жолооч болсон.

1935-1939 онд Баянтүмэнгийн нисэх хороонд дайрагч нисэгч, Баян-Түмэнд байлдаж явсан ахмад дайчин билээ.

 Л. Лувсан 1939 оноос хотын эд хэрэглэгчийн хоршоонд зааварлагчаар ажиллаж байв.

Бага наснаасаа сайн дурын уран сайханд явж “Өргөмөл сувд” жүжгийн лам, “Ардын зориг” жүжгийн Хурц, “Цэнд комиссар” жүжгийн хиа зэрэг ролиуд болон олон тооны концертод оролцон тоглодог байж. Улмаар 1940 оноос УТТ-т дагалдан жүжигчнээр орсон.

Д.Сэнгээ, Ч. Лодойдамба нарын “Өөрийн замаар” (1954. УДЭТ) жүжигт Шагдарын төлөв, шударга зан, хиргүй цагаан сэтгэл, Л. Ванган, А. Дашням нарын Тожоо жолооч (1955. УДЭТ) жүжгийн Төмөрийн дүрийн хуучинсаг үзэл, дээрэлхүү зан танхай дураараа аашилдаг байдлыг маш үнэн, туйлын энгийн байдлаар гаргаж жүжигчний урлагийн түүхэнд амьд дүрүүдийг бүтээжээ. Лувсангийн бүтээсэн олон сайн дүрийн нэгэнд БНМАУ-ын Төрийн шагналт зохиолч Ч. Ойдовын “Далан худалч” инээдмийн жүжгийн Далайн дүр юм.

Тэрээр театрын тайзан дээр төдийгүй кино дэлгэцнээ олон сайхан дүрүүдийг бүтээсэн. “Гэм нь урдаа” (1956) киноны Самдан, “Цэргийн хүү” киноны Дорж, “Талын цуурай” киноны Сэнгэ, “Хоньчин Найдан” киноны Молом өвгөн зэрэг киноны багахан ролийг нэлээд тод томруун болгож жүжиглэсэн. Дүрийг маш сонин содон донжтой гаргаж чаддаг жүжигчин төдийгүй жижиг дүрийг гайхалтай амьдруулж чаддаг байв.

“Лувсанг олны хэсэгт өмнөх планд гаргахлаар үзэгчдийн анхаарал түүн рүү татагдаад гол дүрээ цохиж, дарчихаад болдоггүй учир найруулагч хамгийн арын планд байрлуулдаг байсан” хэмээн Ардын жүжигчин Д.Чимэд-Осор дурссан байдаг. К. Станиславский “Жижиг дүр гэж байдаггүй харин жижиг жүжигчин гэж байдаг” хэмээсэн байдаг. Л. Лувсан бол зохиолд төдий зурагдаагүй жижиг дүрийг уг жүжгийн голлох дүрийн хэмжээнд хүртэл тоглож чаддаг.

Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” кинонд Лувсан гуайн тоглосон Багаяа өвгөн “Охин үр минь өөрөө очдоггүй юм шүү” гэж сэтгэлээ шавхан монгол өвгөдийн ухааныг харуулдаг хэсэг, “Өглөө” кинонд хэлтгий захтай дээл өмссөн Шарав Сүхбаатарын өрөөнд орж Лениний зураг зурах тухай яриа болж, машинаар хүргээд өгье гэхэд “зүгээр би дэгдээд харьчихя” гэдэг хэсгийг үзэгчид санаж байгаа байх.

Удам залгасан авьяас

Лувсан гуай арван хүүхдийн эцэг бөгөөд хүү Нямсүрэнг нь “Тань руу нүүж явна” киноны хүү Дарьсүрэнгийн дүрээр үзэгчид сайн таних билээ. Лувсан гуайн бэр, Нямсүрэнгийн гэргий Оюунцэцэг мөн л жүжигчин. “Говийн зэрэглээ” Номин, “Гарын таван хуруу” Сүрэн зэрэг олон сайхан дүрийг бүтээсэн юм.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжигт Л.Лувсан гуайн тав дахь үе Ж.Ирмүүн дүр бүтээсэн. Тэрээр Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдаас шалгарч энэ жүжгийн Батын дүрийг бүтээжээ.

Тэрээр Алтан гадас одонгоор хоёр удаа шагнагдаж, 1956 онд Урлагийн гавьяат жүжигчин цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

Хоёр эзний ганц зарц (1938. УДЭТ),

Учиртай гурван толгой (1940. УДЭТ. Балганы дүр)

Гайхамшигт лимбэ (1940. УДЭТ. Хо Ваны дүрд)

Шарай голын гурван хаан (1941. УДЭТ. Цэнгэл баатарын дүр)

Нүүрэлдэлгээ (1941. УДЭТ. Кочины дүрд)

Хот айл (1942. УДЭТ. Батнасангийн дүрд)

Талын баатар (1943. УДЭТ. Партизан ламын дүр)

Хатанбаатар Магсаржав (1943. УДЭТ. Вандановын дүр)

Амарсанаа (1944. УДЭТ)

Урлал (1944. УДЭТ)

Цогийн идэр нас (1945. УДЭТ. Довдонгийн дүрд)

Ийм нэгэн хаан байжээ (1946. УДЭТ. Жимий жанжны дүрд)

Жаргалыг хүссэн Мөнхөө  (1947. УДЭТ. Ховчийн дүрд)

Далан худалч (1948. УДЭТ. Далайн дүрд)

Алтан ай  (1949. УДЭТ. Коруны дүрд)

Эрдэнийн Дорж (1950. УДЭТ. Жолоочийн дүрд)

Цасан хүү (1951. УХЗТ)

Өөрийн замаар (1954. УДЭТ. Шагдарын дүрд)

Тожоо жолооч (1955. УДЭТ. Төмөрийн дүрд)

Кремлийн цаг (1957. УДЭТ. Забелины дүрд)

Аль нь хэцүү вэ? (1958. УХЗТ. Уулын эзний дүрд)

Арвайхээрийн талд (1961. УДЭТ. Осорын дүрд)

Шаарлагдсан хүмүүс (1962. УДЭТ. Клеш дүрд)

Хар санаа хайр сэтгэл (1963. УДЭТ. Миллерийн дүрд)

Интоорын цэцэрлэг (1964. УДЭТ. Фирсийн дүрд)

Буутай хүн (1967. УДЭТ. Иван Шадрины дүрд)

Дэлгэцийн бүтээл:

Л. Лувсан гуай 30 гаруй кинонд олон сайхан дүрийг бүтээсэн байдаг.

“Цогт тайж” Дайчин хиа

“Гэм нь урдаа” Сандаг

“Ардын элч” гамин цэрэг

“Үүрээр” Хайруул

“Улаанбаатарт байгаа миний аавд” худалдан авагч

“Өглөө” “марзан” Шарав

“Түмний нэг” гутал хайчилдаг өвгөн

“Хүргэн хүү” жолооч

“Цэргийн хүү” Дорж

“Ирж яваа цаг” Багаяа

“Ингэх гээд байсан юм” жимсчдийн манаач

“Намар нахиалсан мод” Шагдар

“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” тагнуул өвгөн

“Давааны цаана даваа” Дугар

“Эхлэл” Сүх (Топорь)

“Хоньчин Найдан” Молом өвгөн

Эх сурвалж:

Н. Ганхуяг, “Монголын театрын нэвтэрхий толь”, УБ. 2007

Д.Оюунбадрах, “Алаг морины Лувсан”, УБ. 1991

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд