No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Энхбаатар: Улаан хоолойн сөөргөө бүрэн эдгэрдэг өвчин

Ц.Энхбаатар: Улаан хоолойн сөөргөө бүрэн эдгэрдэг өвчин

-

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт улаан хоолойн сөөргөө өвчний талаар ярилцлаа. Энэ салбартаа  арав гаруй жил хоол боловсруулах эрхтний эмгэгийн болон ходоод, гэдэсний дурангийн эмч хийж байгаа, Уян дуран оношлогооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ц.Энхбаатартай ярилцсаныг хүлээн авна уу.

-Улаан хоолойн сөөргөө өвчин эдгэрдэггүй гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

-Улаан хоолойн сөөргөө бол ходоод, улаан хоолойн сөөргөө урсгалын өвчин юм. Улаан хоолойн сөөргөө өвчнийг эдгэрдэггүй гэх боловч бүрэн эдгээж болно. Хүмүүс, зарим эмч нар тэгж ярьдаг.  Гэхдээ энэ нь байнга дахиад байдаг архаг өвчин юм. Тэр ч бүү хэл улаан хоолойн хавдрын урьтал өвчин гэж болно. Гэхдээ сөөргөө бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин.

-Эдгэрдэггүй гээд байгаагийн учир нь юу вэ?

-Энэ өвчинг эхний үеүдэд эмч нэг удаа бүрэн эдгээгээд өгнө. Дараа нь эрүүл ахуйн болон хоолны дэглэмийг зөв барьж чадахгүйн улмаас дахиад л цээж хорсоод эхэлдэг. Уг өвчин дахидаг юм.

– Энэ тухайгаа уншигчдад дэлгэрүүлээд хэлж өгнө үү?

-Тиймээ. Ойлгомжтой болгох үүднээс уг өвчний шалтгаанаас эхлэе. Энд шинжлэх ухааны нарийн тодорхойлолт ойлголт хэрэггүй, улам ойлгомжгүй болж энгийн хүн төөрөлдөөд явчихна.  

Ходоодны хүчил ходоодонд орж ирсэн хоолны хамт цааш 12 нугалаа гэдэс рүү  явах ёстой. Гэтэл ходоодонд байгаа хүчил дангаараа болон хоолны хамт дээшээ улаан хоолой уруу ороод байгаа юм. Ходоодны салст хүчлээсээ өөрийгөө хамгаалж чаддаг, харин улаан хоолойн салстанд  ходоодны хүчлээс хамгаалах тогтолцоо бараг байхгүй гэж хэлж болно. Хүчил орж ирвэл салст гэмтэж үрэвсэн сөөргөө өвчин үүсэж байгаа юм.

Сөөргөөтэй хүн “миний хүчил ихсээд,  улаан хоолой хорсоод байна” гэдэг. Ходоодны хүчил ихсэх өвчин маш цөөн. Ихэнх хүний ходоодны хүчил ихэсдэггүй.

Хэвийн байх үед ч сөөргөө өвчин тохиолдоно. Ямарч хүн 100 насалсан ч  эрэгтэйд дөрвөн бүтэн порц хоол, эмэгтэйд дөрвөн хагас порц хоол боловсруулах хүчил гарсаар байдаг. Цаг тухайд нь таарсан хоолыг өгөхгүй эсвэл өгсөн хоолны чанар муу байгаас үүдэн ходоодонд сул байгаа хүчил ходоод улаан хоолойгоо гэмтээгээд байгаа юм.

Эмчилгээг зөв хийвэл сөөргөө бүрэн эдгэрнэ. Сөөргөө удаан үргэлжилбэл улаан хоолой шархалж улмаар нарийнтах өвчин болно. Мөн богино Барретын шинж илэрнэ. Үүнийг хавдрын урьтал өвчин гэж үздэг. Ходоодонд сул байгаа хүчил хүнийг тонгойх хэхрэх, юм өргөх, хэвтэх үед улаан хоолой уруу сөрөн орж салстыг гэмтээдэг.

-Тэгэхээр улаан хоолойн сөөргөө өвчний шалтгаан нь ходоодны хүчил улаан хоолой уруу орох явдал болж байна. Тийм үү?

– Яг үнэн ердөө л ходоодны хүчил улаан хоолойн салстыг гэмтээж байгаа юм. Харин ходоодны хүчил улаан хоолой уруу сөрж ороход олон хүчин зүйл нөлөөлдөг. Эмчилгээ эндээс л эхлэх ёстой. Сөөргөө үүсэх эрсдэлт хүчин зүйлийг дурьдая. Үүнд:

Улаан хоолойн доод хуниас сулрах явдал ихээхэн үүрэгтэй байдаг

Өрцний ивэрхий

Ходоодны үйл ажиллагааны алдагдал.  Энэ нь хоолны дэглэм буруу байх, эрүүл ахуйн буруу зуршлаас үүдэлтэй байдаг.

Ходоодны хүчил сэдээх дэмжих зүйл байнга хэрэглэх. Үүнд исгэлэн жимс, янз бүрийн гаа, бохь, олон ашигласан тосонд хийсэн бүтээгдэхүүн болох хуушуур, пирошки, зарим боов, боорцог, хийжүүлсэн ундаа, халуун ногоо зэрэг

Өглөө хоолгүй гарах, 2 хоолны зай 5 цагаас дээш хугацаагаар холдох, оройн хоолыг эрт идэх / оройн хоол өдөрт идэх бүх хоолны 25%-тай тэнцүү хэмжээтэй байх бөгөөд унтахаас 4 цагийн өмнө идсэн байх нь зохимжтой./

Махан хоол, уураг бага хэрэглэх. Бод доо 18 насанд хүрсэн эрэгтэй хоногт 500 гр /ястай/ мах хүнсэндээ хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл бид 500 гр махаар таван хүний хоол хийдэг шүү дээ.

Хэт өлсгөлөн болон  хооллосны дараа биеийн тамирын дасгал, биеийн хүчний ажил хийх

Стресс

Байнгын биеийн хэвтээ байдал

Таргалалт, архи тамхи хэрэглээ

Зарим эм, даавар, чихрийн шижин, склеродерми гэх мэт эмгэг

Жирэмслэлтийн сүүлийн 3 сар

Санаатай болон санамсаргүй байнга огиж хэхэрдэг зэргийг дурдаж болно.

-Сөөргөө өвчний үед цээж хорсохоос гадна өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Янз бүрийн л шинж тэмдэг зовиур илэрнэ.

1. Сөөргөө өвчний үндсэн шинж тэмдэгт цээж хорсох, горойх, хоол саадтай орох, зурж өвдөх, хоолойд юм тээглээд байх мэдрэмж мэдэгдэх, гулгих, шүлс үе үе ихээр гарах, оргих, аюулхай, цээжний өмнө хэсгээр өвдөх зэрэг багтдаг.

2.  Мөн улаан хоолойн бус шинж тэмдгүүд гэж байна. Тухайлбал, залгиур хоолой эмгэгийн шинж тэмдэг, хоолой сэрвэлзэх, сөөх, цэр гарах, хоолой, амьсгал бачуурах, хамар битүүрэх, чихээр хатгах, байнга ханиалгах, багтраа буюу астма ч үүсч болно.

3. Хүнд онцийн мэдэгдэх зовиургүй байхад сөөргөө өвчний сүүлийн шатны өөрчлөлтүүд аль хэдийн орсон байх тохиолдолд цөөнгүй байдаг шүү. Ийм тохиолдлууд голдуу урьдчилан сэргийлэх үзлэг болон ходоод өвдсөний улмаас ходоодоо дурандуулах үед илэрдэг.

– Улаан хоолойн сөөргөө өвчний үед ямар хоолны дэглэм барих ёстой вэ, нарийн заасан зүйлс байдаг уу?

– Дээр мөн дурдсан байгаа. Жирийн л монгол хоолоо идэхэд болно. Учир нь ходоодны хүчил, цөс хоёр чанартай хоолыг 5 цагийн дотор боловсруулж дуусна. Өглөө боов, талх, печень идэж болно. Энэ цаг хүрэхгүй хугацаанд боловсордог учир цагийн дараа дахин юм идэх шаардлага гарна, каш бантан, ногоотой шөл идэж болно.

Энэ 2-3 цагийн хугацаанд боловсорно. 3 цагийн дараа дахин хооллох болно. Харин чанартай мах өөх нь таарсан монгол хоол 5 цагийн хугацаанд боловсордог. Ийм учраас өдөрт 3-4 удаа хооллох хэрэгтэй. Хоолны дунд хөнгөн чанарын юм идэх нь зохимжтой.

-Анхаарах нэг чухал зүйл бол хүн босоод л хоолоо идэх ёстой. Жишээлбэл, хүн 4 цагт босоход 30 минутын дараа ходоодонд хүчил гарч, цөс уутандаа дүүрсэн байдаг. Ийм учраас өглөөний хоол чухал байдаг. 4 цагт босчихоод 9 цагт хоолоо идвэл бүтэн 5 цаг ходоодны хүчил ходоодондоо сул байна гэсэн үг. Тэр хүчил хүнийг тонгойх, хэхрэх, огих, юм өргөх, дасгал хийхэд улаан хоолой руу сөрж орон сөөргөө үүсгэж байдаг төдийгүй хеликобактер үржүүлж, ходоодоо гэмтээж байдаг юм.

Тиймээс 6 цагт босоход 6 цаг 30 минутанд хоолоо иднэ гэсэн үг. 7 цаг босвол 7 цаг 30 минутанд өглөөний хоолоо идвэл зохимжтой. Ямарч тохиолдолд 8 цагаас оройтож өглөөний хоолыг идэхгүй байх хэрэгтэй. Олон цагаар ажилладаг хүмүүс 5 цаг тутам хооллож байх, шөнийн ээлжтэй бол 00 цагт махан хоол иднэ, өглөө ажлаасаа буухаас өмнө заавал юм идэх, хариад хоолоо идэж байхыг зөвлөе.

-Та энэ өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой гэж дурдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

– Сөөргөөтэй хүн мэргэжлийн эмчид хандаж ходоод улаан хоолойгоо дурандуулах хэрэгтэй. Тухайн хүнд дээрх олон хүчин зүйлийн чухам аль нөлөөлөөд байна вэ гэдгийг тогтоолгоод эмчилгээг хийлгэж өөрт таарсан зөвлөгөө санамжийг ягштал дагаж мөрдөхөд л болно. Манай эмнэлэг энэ төрлийн эмчилгээг хийж байгаа.

– Энэ өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Дээр заасан хугацаагаар хооллож хэвших, ходоодны хүчил ихэсгэдэг зүйлс хэрэглэхээс зайлс хийхэд болно. Ямар ч шинж тэмдэггүй улаан хоолой сөөргөө байдаг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 40-өөс бага насныхан 2 жилд 1 удаа, 40-өөс дээш насныхан  жил тутам ходоод улаан хоолойгоо дурандуулахыг зөвлөдөг. Мэдээж ямар нэг зовиуртай бол шууд л дурандуулж эмнэлэгт хандаарай. Зарим хүн өвчтэй үед нь дурандуулж болохгүй гэдэг. Өвчтэй тусмаа онош тодруулах зорилгоор дурандуулах шаардлагатай.

-Уншигчид тантай яаж холбоо барих вэ, танай эмнэлгийн хаяг хаана вэ?

-Манай эмнэлэг багшийн дээд, UBH center-ийн 3 давхарт 302 тоотод байрладаг. 99097082, 88119720 дугаараар холбоо барьж болно. Мөн “Ходоодны уян дуран” /Ц.Энхбаатар. АУ-ны доктор, клиникийн профессор/ гэсэн фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой.

-Танд баярлалаа.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд