No menu items!
HomeХүмүүсБ.Амарсайханы тухай бидний мэддэггүй баримтууд

Б.Амарсайханы тухай бидний мэддэггүй баримтууд

-

“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьсан анхны Монгол жүжигчин Балжиннямын Амарсайханы тухай баримтууд

1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд насны дурсамж нь төмөр замтай салшгүй холбоотой. Дээрээ таван ах хоёр эгчтэй айлын бага хүү, арван жилээ 51-р сургуулийг төгссөн. Аав нь насаараа тээврийн тэрэг барьсан жолооч, ээж нь эмч мэргэжилтэй.

Түүний удамын урлагийн хүн гэвэл “Зууны манлай” дуурийн дуучин Уртнасан, үеэл эгч. 10-р анги төгсч байхад нь аав ээж нь  эдийн засгийн сургуульд оруулах санаатай байсан ч. Тэрээр нууцаар СУИС-д очоод шалгалт өгчихсөн. Сургуульд тэнцэж болох хамгийн доод оноог авч явсаар байгаад тэнцсэн. Зарим багш нар түүнийг  сөөнгө хоолойтой болохоор сайн жүжигчин болж чадахгүй. Эртхэн замаа бодож байсан нь дээр дээ” гэдэг байсан гэнэ.  

Тэрээр оюутан болсон түүхээсээ ярихдаа. Яг үнэндээ сайн жүжигчин болохыг амьдрал дээр л сурдаг юм билээ. СУИС- д бол азаар маш сайн багштай байсан. Одоо хэр нь “Ямар азаар ийм багштай учрав” гэж боддог юм шүү. Ангийнхан дундаа багшийгаа хамгийн их зовоосон нь би байх. Сахилгагүй, зөрүүд. СУИС-ийн багш нар бидэнд “Та нараас нэг нь жүжигчин болно, бусад нь соёлтой үзэгчид болно” гэж хэлдэг байж билээ. Манай ангиас бол олон жүжигчид гарсан нь багшийн минь л ач. Эби, Болд-Эрдэнэ, Ялалт, Навчаа, 25-р суваг ТВ-ийн Баярхүү, Гантигмаа, ТВ-9 ийн Болорчимэг, ДОЗ Интертайментийн Зулаа гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь олон байгаа гэжээ.

СУИС-ийн 4-р курст сурч байхдаа Бадар-Ууган найруулагчийн “Уулын хөх сүүдэр” нэртэй кинонд тоглож, дипломын ажлаа Камертоны Болдын дуулсан дууны клипээр хийж хамгаалжээ. Дараа жил нь “Тавилан”, 2000 онд “Удирдагч” гэдэг кинонд тоглосон. 1999 онд сургуулиа төгсөөд 2 жил аар саархан бүтээл хийж байгаад олны жишигээр Ирланд руу явжээ.

Тэрээр Ирландад хар ажил хийж байсан үеэсээ ичдэггүй хэмээжээ. Хүн болгон л ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр гадагшаа явж байсан үе. Тэр үед миний үеийнхэн кино жүжигт тоглож “Од” болцгоож байсан л даа. Харин би Ирланд руу явж аяга таваг угааж, элдэв хар ажил хийж байсныхаа хүчээр одоо англи хэлээр кинонд тоглож байна. Яг үнэндээ би энэ амьдралаасаа огт ичдэггүй. Амьдралд байдаг л зүйл шүү дээ.230 доллартай Ирландад очоод солиулахад 200 аад долларын мөнгөө байрныхаа хөлсөнд өгөөд үлдсэн 24 евроныхоо 10 еврогоор нь хуучин унадаг дугуй худалдаж авч, бусдаар нь хоолны мөнгө болгож амьдралаа эхэлсэн дээ. Таньдаг залуу маань намайг нэг газар ажилд оруулж өгсөн. Эхэндээ хэл мэдэхгүй, учраа олохгүй болохоор тааралдсан ажлаа хийнэ. Юу эсийг хийх билээ. Аажимдаа хэл сайжрах тусам ажил сайжирдаг. Жил гарангийн дараа манай ажлын газар дампуурахад босс нь намайг авч үлдэв. Тэгээд л өглөөний 5 цагаас эхлээд бүх ажлыг ганцаараа хийдэг боллоо. Тогооч, зөөгч, цэвэрлэгч гээд бүгдийг нь шүү дээ.Монголдоо ирээд үндсэндээ уран бүтээлийн ажилдаа орж. Видео студи ажиллуулж эхлэв. Нийтдээ 7, 8 жил энэ чиглэлээрээ ажиллаж, нилээд олон реклам сурталчилгаа хийлээ. Сүүлдээ зориг гаргаж гэнэт шийдээд л кино руу орсон гэнэ. 

ХОЛЛИВУУД БА “МАРКО ПОЛО”

Лос-Анжелест “United East West” нэртэй агентлаг байдаг юм. Тэр агентлагтай гэрээ хийж тэд намайг зуучилсан юм. Ийм зуучлалаар л дамжуулж бид өөрсдийгөө гаргаж ирнэ үү? гэхээс өөрөө зүтгээд гарч ирнэ гэдэг бараг л боломжгүй. Холливуудад байдаг ийм агентлагууд нь 2 янз. Нэг нь бол жүжигчдийг тухайн кинонд зуучилж өгөөд авах юмаа аваад л явчихна. Том том нэртэй жүжигчидтэй ажилладаг гэсэн үг. Нөгөөх нь бол зуучлахын хажуугаар өөрийн байгууллагадаа байлган сургаж, сурталчлах жишээтэй. Тэгэхээр ирээдүйд Холливуудын кинонд тоглохын тулд тэд нарт таалагдах учиртай. Тэд нар руу хэдэн сая хүсэлт ирж байгаа шүү дээ.

Марко Поло”г найруулсан найруулагч нь “Карибийн тэнгисийн дээрэмчид-5” киног найруулсан найруулагч. Энэ кинонд 34 орны жүжигчид тоглож, 700 гаруй хүнтэй баг ажилласан. 10 гол дүрийн жүжигчний нэг нь би. Тэд гол дүрийн жүжигчиддээ их анхаарал тавьдаг. Аригбөхийн дүрд тоглохдоо хэрэглэх байсан хиймэл үсний макетийг хийхдээ миний үсний сорьцыг шинжлэхийн тулд намайг Лондон руу 1-р зэрэглэлийн нислэгээр явуулж байгаа юм. Энэ чинь бас их хүндлэл хэмээжээ.

Япончууд “Чингис хаан” киног бүтээхдээ Зэлмэ баатрын дүрийг санал болгожээ.Тэрээр “Чингис хаан”кинонд тоглосон тухайгаа ярихдаа “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Зэлмэ баатрын дүрийг бүтээсэн Сүхээ ах дээр очиж учраа хэлж туслахыг гуйлаа. Тэгсэн Сүхээ ах надад шууд л “Хоёулаа Дамчаа гуай дээр очьё” гэдэг юм байна. Дамчаа гуай чинь урианхай хүн, Зэлмэ баатар бол бас урианхай хүн. Дамчаа гуайнх Биокомбинатад байсан юм. Би болохоор үзэг цаас бэлдчихсэн, аминдаа ярьсан болгоныг нь тэмдэглэж авах санаатай. Дамчаа гуай гарч ирээд миний машинд сууж, тэр хоёр нэг шил юм ууцгаав. “Энэ хүүхэд япончуудын “Чингис хаан” кинонд Зэлмэд тоглох гэж байгаа юм байна. Таниас үг сонсох гэж ирлээ” гэсэн чинь, над руу тоомжиргүйхэн харснаа “Чи тоглох гэж байгаа юм уу?” гэж голонгуйхан асуулаа. “Тийм ээ” гэсэн чинь “Наад бичиг цаасаараа яах вэ? Чи зүгээр л Монгол хүн яаж баярлаж, яаж уурлаж, яаж мориндоо морддогийг, яаж омогшдогийг харуулж Монголоороо л тогло. Угаасаа япончууд чамайг эхний план дээр зогсоохгүй, чи сайн унш. Чи тэр “Нууц товчоо”г унш, “Чингис хааны цадиг”-ийг унш, “Чингис хааны нууц түүх”-ийг унш, “Алтан товч” ийг унш” гэж хэлж билээ. Тэгээд их ч уншсан даа. Тэгж л би түүхэнд дуртай болсон, одоо хэр нь түүхийг бол дунд сургуулийн түүхийн багшаас бараг ч дээр ярина шүү гэжээ. Тэр кинонд Дамчаа гуайн хэлснээр тоглосон, яг л Монголоороо. Монгол хүний характер, япон хүний характер, Монгол жүжигчний школь, япон жүжигчний школь газар тэнгэр шиг л ялгаатай байсан. Кинонд тоглож байхдаа л түүхийн номнуудаа уншиж байв. Тэгж л би Монголын түүхийн талаар өөрийн гэсэн ойлголт, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болж байгаа юм.

Би их азтай, Дамчаа гуайтай тэгж уулзаж сургаалийг нь сонсож, дараа нь “Боолын гэрээ” кинонд хамт тоглосон. Хожим нь нэг арга хэмжээн дээр Дамчаа гуайтай тааралдаад өмнө нь сөгдөж сууж байгаад Японы кинонд тоглосон шагналын дээж мөнгөнөөсөө өгч байв. Бодоод байхад олон сайн хүмүүсийг баярлуулж чадахгүй байнаа. Намайг анх кинонд хөтөлж оруулсан хүн бол талийгаач Бадар-Ууган багш юм шүү дээ. Саяхан миний Сугар багш маань өнгөрлөө. Манай багшийн шавь нарыг тоолох юм бол барахгуй. Үнэхээр аугаа хүн. Багшийгаа 2 удаа л баярлуулж амжсан гэж боддог доо. “Үргээлэг” киног бид ангиараа хийсэн юм. Түүнд багш минь их баярласан. “Марко Поло”д тоглочихоод багштайгаа уулзах гэж цэцэг барьчихаад СУИС-ийн коридороор алхаж явахад ямар сайхан, бахдалтай байсан гээч. Тэгэхэд багштайгаа хамт хоол идсэн минь бид 2-ын хамгийн сүүлчийн уулзалт байсан юм.

Түүний  бүтээсэн зарим кинонуудаас дурдвал. “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Аравт”, “Үргээлэг”, Япончуудын бүтээсэн “Чингис хаан”, “Марко Поло” гэх мэт.

Түүний  амьдралын хэв маяг бол ууланд морь унаж, хоолтой, хоолгүй, явган нүцгэн, халуунд халж, хүйтэнд хөрч тэсч үлдэх тэр мэдрэмжээр өөрийгөө Монгол хүн гэдгээ, эр хүн гэдгээ мэдэрдэг. Энэ нүүдэлчин хэв маягаараа бахархдаг гэнэ. “Төмөр өргөх”,зааланд цаг өнгөрөөх дуртай. Боксоор хичээллэдэг байсан. Гэхдээ мэргэжил нь үргэлж өөрчлөгдөж байхыг шаарддаг бөгөөд  “Марко Поло”-д тоглохдоо 94 кг болсон. Харин “Итгэл” кинонд 77 кг-тай болсон гэнэ. Тиймээс  тоглох дүрдээ тохируулан турж, таргалахад бэлэн байж, биеэ яг л “баримлын шавар” шиг байлгах ёстой мэт санагддаг гэжээ.

Сүүлийн үеийн уран бүтээлээс нь Дэлхийд эртнийхээрээ 7-д ордог, 68 дахь удаагаа зохион байгуулагдаж буй International Film Festival Mannheim-Heidelberg фестивалийн Нээлтийн киногоор “Хөх тэнгэрийн хязгаарт” кино нь нээлтийн киногоор шалгарчээ. 2020 онд Япон, Монголд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болгох гэнэ.

  Г.Бадамханд

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд