No menu items!
HomeЭрүүл мэндMRSA гэж юуг хэлэх вэ, хэрхэн сэргийлэх вэ?

MRSA гэж юуг хэлэх вэ, хэрхэн сэргийлэх вэ?

-

Стафилококк нь 3 хүн тутмын 1-ний арьс болон хамарт агуулагдан амьдарч байдаг маш элбэг тохиолддог нэг төрлийн бактери юм. Энэ бактери нь биед нь оршиж амьдарч буй эзэн хүндээ ихэвчлэн ямар нэгэн өвчлөл, асуудал үүсгэх шалтгаан болдоггүй. Гэхдээ зарим тохиолдолд нөхцөл, эрсдэлт хүчин зүйл нь бүрдсэн үед Staphylococcus aureus

  • Хатиг, буглаа, мундас зэрэг арьс, зөөлөн эдийн үрэвсэл, халдвар
  • Шархны халдвар
  • Уушигны хатгаа
  • Цусаар түгсэн халдвар
  • Үжил зэрэг халдвар үрэвслийн шалтгаан болж улмаар үхэлд хүргэх нь ч бий.

Олон эм буюу антибиотикт тэсвэртэй Staphylococcus aureus –ийг Метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)) гэдэг бөгөөд ийм олон эмэнд тэсвэртэй S.aureus нь стафилококкоор үүсгэгдсэн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг хэд хэдэн бүлгийн эмэнд тэсвэртэй болсон байдаг учраас эдгээр эмээр эмчилбэл эмчилгээний үр дүн гарахгүй гэсэн үг юм.

МRSA нь ямар антибиотикуудад тэсвэртэй вэ?

Метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) нь

  • Пенициллины бүлгийн бүх антибиотикууд (Жишээ нь: пенициллин, ампициллин, амоксициллин, амоксиклав гэх мэт)
  • MRSA-ийн эсрэг идэвхтэй цефалоспориноос бусад Цефемийн бүлгийн бүх антибиотикууд (Жишээ нь: цефазолин, цефуроксим, цефотаксим, цефтазидим гэх мэт)
  • Монобактамын бүлэг (азтреонам)
  • Карбапенемийн бүлгийн бүх антибиотикуудад (имипенем, меропенем, эртапенем, дорипенем гэх мэт) тэсвэртэй.

Өөрөөр хэлбэл АНТИБИОТИК ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ MRSA-ийн халдварын үед эдгээр эмүүдийг хэрэглэвэл үр дүнгүй гэсэн үг юм.

Дээр дурдсанаас өөр бүлгийн антибиотикуудад MRSA нь тэсвэртэй (R) эсвэл мэдрэг (S) эсэхийг антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээгээр тодорхойлж, эмчилгээнд хэрэглэх эсэхийг эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Сүүлийн үед MRSA нь фторхинолоны эмүүд болох ципрофлоксацин, левофлоксацин, моксифлоксацин зэрэг эмүүд, мөн эритромицин, азитромицин, клиндамицинд тэсвэржилт нь эрс нэмэгдэж байгаа учраас эдгээр болон бусад эмүүдэд МЭДРЭГ ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ-ний дүнд үндэслэн эмчилгээнд хэрэглэх эсэхийг шийдэх нь чухал.

MRSA-ийн халдварт ямар хүмүүс өртөх эрсдэлтэй вэ?

MRSA нь эмнэлэгтэй холбоотой (нospital-associated MRSA) эмнэлгийн бус (community –associated MRSA) гэсэн хоёр хэлбэртэй.

Эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчид, эмнэлгийн ажилчид HA-MRSA-ийн халдварт өртөмтгий бүлэг болох бөгөөд ялангуяа эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэгсэд, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчид, судасны гуурс, шээсний катетр зэрэг эмнэлгийн хэрэгсэл тавиулсан, мэс засал, диализ эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчид MRSA-ийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй.

Харьцангуй эрүүл, эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй хүмүүс ч MRSA-ийн халдварт өртөж болох ба энэ нь ихэвчлэн хатиг, буглаа, шархны халдвар зэрэг арьс зөөлөн эдийн халдвараар илрэх бөгөөд шалтгаан нь эмнэлгийн бус буюу CA-MRSA байдаг. СА-MRSA-ийн халдварт өртөх эрсдэлтэй хүмүүст бөхчүүд, тамирчид, гомо эрчүүд, хүүхдийн асрамжийн газрын ажилчид, хөл хөдөлгөөн, хүн амын нягтрал ихтэй орчинд амьдардаг хүмүүс орно.

МRSA хэрхэн тархах вэ?

MRSA-г тээгчид болон MRSA-ийн халдвартай хүмүүс бусдад халдвар тараах эх уурхай болдог. Эдгээр эх уурхайгаас MRSA нь

  • бохирлогдсон арьснаас арьсанд хүрэлцэхэд
  • бохирлогдсон гадаргууд хүрэлцэхэд гэсэн шууд хавьтлын замаар тархдаг.

Эмнэлгийн орчинд эмнэлгийн ажилчид, эмч сувилагчид, эргэлтээр ирэгсдийн гар халдвар тараах гол хэрэгсэл болдог.

Эмнэлгийн бус нөхцөлд ч MRSA-аар бохирлогдсон арьс, гадаргуу, орчны эд зүйлстэй хүрэлцэхэд MRSA дамжин тархана.

MRSA-ийн тархалтаас, халдварт өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Гол арга зам нь гарын ариун цэвэр сахих, гадаргуу болон орчны цэвэрлэгээ, халдвар хамгааллын дэглэм, эрүүл мэндийн боловсрол юм.

Эмнэлгийн нөхцөлд:

  • Эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчид хүрэхийн өмнө, хүрсний дараа, ор, хаалга, эмнэлгийн тэргэнцэр зэрэг эмнэлгийн орчны эд зүйлд хүрсний дараа, ямар нэгэн ариун ажилбар хийхийн өмнө, цус зэрэг биеийн шингэнтэй хүрэлцсэний дараа зэрэг шаардлагатай бүх тохиолдолд гараа угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх
  • Эмнэлгийн өрөө, орчин, тоног төхөөрөмжийн гадаргууг байнга цэвэрлэж халдваргүйтгэж байх
  • MRSA-ийн халдвартай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ийм үйлчлүүлэгчтэй харьцахдаа хавьтлын сэргийлэлтийг дагаж мөрдөх
  • Эргэлтээр ирэгсдэд амны хаалт, халат өмсгөж, өрөөнд орох, гарахад гарын ариун цэвэр сахиулах
  • Шаардлагатай тохиолдолд MRSA тээгч эсэхийг нь илрүүлж тээгч бол MRSA-г устгах (деколонизаци) арга хэмжээ авах

Олон нийтийн дунд буюу эмнэлгийн бус нөхцөлд:

  • Зөвхөн эмчийн заалтаар антибиотикийг хэрэглэх
  • Судсаар эм тариа хэрэглэхгүй байх
  • Эрүүл ахуйн зөв дадалд суралцах (Ханиалгах, найтаах үед ам хамраа алчуур, сальфеткаар таглах. Эдгээр зүйлс байхгүй тохиолдолд гараа нугалж тохойн хэсэгрүүгээ ханиаж найтаах аргыг хэрэглэх. Энэ арга нь гарыг бохирдуулахгүй байх давуу талтай)
  • Гараа байнга угаах, ялангуяа олон нийтийн газар явж байгаад гэртээ ирэхдээ. Эсвэл спиртэн уусмал хэрэглэн гараа халдваргүйжүүлэх
  • Арьс салстаа бүрэн бүтэн, цэвэр байлгах, шивээс хийлгэхээс татгалзах
  • Алчуур, сам, гоо сайхны будаг хэрэгсэл зэрэг хувийн эд зүйлсээ хуваалцан хэрэглэхгүй байх
  • Тамирчид бэлтгэл сургуулилалт, тэмцээний дараа усанд орох, арьсны үрэвсэлтэй эмчид үзүүлж эмчлүүлэх
  • Бусдын шарх боолтонд хүрэхээс зайлсхийх. Хүрсэн бол гараа сайтар савандаж угаах
  • Арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж улайх, халуу оргих, хавдах, өвдөх зэрэг үрэвслийн шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
  • Хэрэв MRSA халдвартай гэдгээ мэдсэн бол эмнэлгээр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ тусламж үзүүлэгчдэд заавал мэдэгдэх, зөвлөгөө авах шаардлагатай.

MRSA эмчлэгдэх үү?

MRSA-ийн шалтгаант үрэвсэл халдвар нь эмчлэгдэх боломжтой. MRSA нь халдвар үрэвслийн шалтгаан, үүсгэгч мөн эсэхийг лабораторийн шинжилгээгээр илрүүлэх хэрэгтэй. MRSA илэрсэн тохиолдол болгоны үед заавал антибиотик эмчилгээ хийхгүй бөгөөд антибиотик уулгах, тарихгүйгээр хэсэг газрын эмчилгээ (зүслэг хийж идээг гадагшлуулах, тосон түрхлэг хэрэглэх гэх мэт) хийх тохиолдлууд ч байдаг тул МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Антибиотик эмчилгээ хийх тохиолдолд антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний дүнд үндэслэн антибиотик эмчилгээг сонгох нь чухал. Үүний тулд бактериологийн лабораторид үрэвсэл, халдварын голомтоос антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө авсан сорьцыг илгээж шинжлүүлэх хэрэгтэй. Ванкомицин нь MRSA-ийн халдварын үеийн сүүлийн сонголтын, нөөц антибиотик учраас MRSA илэрсэн тохиолдол болгонд сонгон хэрэглэхгүй, зөвхөн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: www.intermed.mn/

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд