No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБид хүүхдээсээ алдах бүтэлгүйтэх боломж бүрийг нь булаагаад байвал юу болохыг та...

Бид хүүхдээсээ алдах бүтэлгүйтэх боломж бүрийг нь булаагаад байвал юу болохыг та нэг бодоод үзээрэй

-

Та хүүхдэдээ хайртай юу? Мэдээж шүү дээ, хачин юм асуух гэж хэмээн гайхаж магад. Тийм ээ, бид үр хүүхдээ хайрын дээдээр хайрлаж, хамаг бүхнээ зориулдагтай хэн ч маргахгүй. Гэвч сайн сайхныг санаж хийсэн тэр зүйлс хүүхдүүдэд маань харин ямар санагддаг бол? Бид өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийнхээ хүүхэд насыг булааж аваад байгаа юм биш биз? Энэ талаар хүүхдийн сэтгэл зүйчийн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

– Та хамгийн сүүлд “Хамгийн сайныг л хүүхдэдээ өгнө” гэсэн нэртэй ном бичжээ. Хүүхдэдээ хамгийн шилдэг, хамгийн сайн гэснийг л өгөх юу нь буруу  гэж?

– Хүн бүр хүүхдэдээ хайртай. Хэн ч бай үр хүүхдэдээ аль сайн сайхан гэснийг л өгмөөр, сургамаар санагдах нь мэдээж. Гэвч бидэнд шилдэг, сайхан санагдсан зүйлс тэр бүр хүүхдэд тустай сайн байдаггүйд хамаг учир байгаа юм. Томчууд бид өөрсдийн үзэмжээр сайн сайхан, үр дүнтэй, шилдэг гэж дүгнэсэн зүйлсээ өгөх гэж улайрсаар хүүхдийн өөрийн хүсэл, хэрэгцээг орхигдуулчихдаг.

– Тодорхой жишээгээр тайлбарлаж болох уу?

– Жишээлбэл Швейцарын зарим сургуульд хэрэгждэг “бие даан суралцуулах хөтөлбөр”. Хүүхэд хичээлийн зорилгоо өөрөө тодорхойлж, түүндээ тохирсон агуулгыг өөрөө сонгох нь тэдэнд тустай гэх санаагаар хэрэгжүүлсэн. Анх сонсоход нээрэн ч хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзаж байх шиг санагдана. Гэвч хүүхдүүдийн үүднээс харвал огт үгүй. Сургууль гэдэг газрыг хүүхэд биднээс өөрөөр хардаг. Тэдний хувьд сургууль бол дүрэм журмыг дагах, заалгах газар. Сургуульд суралцах, дасан зохицох ёстойгоо тэд мэднэ. Хүүхдүүд юуг сурах хэрэгтэй вэ гэдгийг томчуудаас мэдэж авахыг хүсдэг. Гэтэл үүнийг өөрсдөө хайж ол гэхээр ямар санагдах вэ? Хүүхдүүдийн хувьд “хараат бус, бие даасан сургалт” гэдэг бол шал дэмий хоосон үгээс цаашгүй.

– Тэгэхээр хүүхдэд эрх чөлөө олголоо гэж санадаг маань үнэндээ эрх чөлөө биш байх нь ээ?

– Тийм ээ. Бие дааж, том хүн болохын тулд эцэг эх, багш нар, томчуудыг дагаж дуурайх хэрэгтэйгээ хүүхдүүд өөрсдөө дор нь ойлгочихно. Жинхэнэ ба өнгөц эрх чөлөөг тун сайн ялгаж чадна. “Тоглоомын талбайд дураараа тоглоорой” гэж хэллээ гэж бодоход дураараа бус, харин том хүний сонгож өгсөн, хараа хяналттай орон зайд буйгаа тэд мэдэж л байгаа. Энэ нь ч буруу биш. Гэхдээ хүүхдүүд өөрийнхөөрөө байхыг, жаахан том болоод ирэхээрээ орчин тойрноо ганцаараа, бие даан судалж үзэхийг хүсэж эхэлнэ. Эрсдэл хийж үзэхийг хүснэ. Цаг ямагт томчуудын хараанд байхыг хүсэхгүй.

-Эцэг эхчүүд хүүхдээ хайрлах, хүмүүжүүлэхдээ зөвхөн “өгөхөд” төвлөрч, дэндүү бөөцийлж буй тухай та хөнджээ. Сэтгэл засалч эмч хүний хувьд та ялагдаж чаддаггүй, өөрийгөө дайчлах, тэмцэх чадвар сул хүүхдүүдтэй ажиллаж үзсэн нь лавтай. 

-Тийм шүү. Бид хүүхдээсээ айдас түгшүүр, санаа зовох асуудлуудыг нь арилгаад, алдах бүтэлгүйтэх боломж бүрийг нь булаагаад байвал юу болохыг та нэг бодоод үзээрэй. Ялангуяа хангалуун амьдралтай эцэг эхчүүд хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хэтрүүлж, хэт эрхлүүлэх нь элбэг. Үр хүүхдэдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаагаа мэдэрч, гэм буруугийн мэдрэмжээ дарах гэсэндээ хийдэг үйлдэл л дээ. Өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд үргэлж хүүхэдтэйгээ хамт байх боломжгүй. Заримдаа аав, ээжгүйгээр байж сурах, хааяа бүтэлгүйтэж үзэх нь хүүхдэд ч хэрэгтэй. Энэ чинь амьдрал шүү дээ.

– Тэгвэл материаллаг бус маягаар хэт эрхлүүлнэ гэсэн ойлголт байх уу?

– Байна аа, жишээлбэл хүүхэд нь сэтгэл тавгүйтэх, урам хугарах бүрийг том асуудал болгодог эцэг эхчүүд бий. Тэр тоогоор хүүхдээ сатааруулан саатуулж, гадуур авч яван зугаацуулах, амттан өгч, аргадан ярих маягаар асуудлыг нь мартуулж, сарниулна. Дандаа ингээд байвал хүүхэд урам хугарах, гомдох гэхчлэн таагүй мэдрэмжийг давж гарах, тэсвэр тэвчээр, хатуужил зэрэг амьдралд хэрэгтэй чадваруудыг эзэмшихэд хүндрэл үүснэ.

– Сургууль дээр энэ бүхнийг хэрэгжүүлэх амаргүй. Та багш нарт юу гэж зөвлөх вэ?

– Нээлттэй, шударга байх хэрэгтэй. Тухайн хүүхдээс ямар бүтээмж хүлээж байгаагаа ойлгомжтой тодорхой хэлж, үүнийг биелүүлэхэд нь туслах хэрэгтэй. Харин бусад асуудалд багш хөндлөнгөөс оролцохгүй байх маш чухал. Зөрчил үүсэх юм уу дүрэм журмыг зөрчсөн үед л багшийн зүгээс оролцоно уу гэхээс бусдаар бол багш юм бүрийг зааж зааварлах шаардлагагүй. Хичээлд саад болоогүй л бол хүүхдүүд нэг нэгнээ шоолох, таагүй хандах, муудалцах нь байх л зүйл. Хүүхдүүд сургууль дээр өөр хоорондоо харилцаж сурдаг.

– Та сургуулиудыг шүүмжилж, өнөөгийн сургалтын үйл ажиллагааг үндсэндээ амьтан сургахтай зүйрлэсэн. Та үүгээрээ юу хэлэх гэсэн бэ?

– Хүүхдүүд сургуульд явж, нийгэмд нийцэн зохицож сурах ёстой. Гэвч сургуулиуд ингэж хэлж тайлбарладаггүй. Хувь хүний чадамж, бие даах чадварыг нь дэмжиж байна л гэлцэнэ. Нийгмийн чадамжийг дэмжих мэдээж чухал. Гэхдээ бусдын яриаг тасалдаг ч юм уу сахилгагүй, дуу шуу ихтэй, эсвэл мэдрэмжээ үг яриагаар илэрхийлдэггүй чимээгүй хүүхэд байлаа гэхэд нөгөө дэмжлэг үнэн хэрэгтээ “сахилгажуулах, засаж залруулах үйл ажиллагаа” болж хувирдаг нь үнэн шүү дээ.

Анхаарвал зохих дүрэм журам, зохистой зан харилцааг сургуульд зааж сургах зөв ч гэлээ түүнийг дагахгүй, хайхрахгүй байлаа гээд тэр хүүхэд сэтгэл зүйн эмгэгтэй гэсэн үг биш. Хүний ааш авир орчин нөхцөлөөс шалтгаалаад өөрчлөгдөж байдаг. Ангидаа үймүүлээд байгаа хүүхэд өөр газар, өөр үед дандаа тийм байна гэсэн үг биш.

– Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сургууль төдийгүй чөлөөт цагийг хүртэл төлөвлөдөг болжээ. Энийг та юу гэж боддог вэ?

– Ямар ч төлөвлөгөөгүй, жинхэнэ чөлөөт цаг үнэндээ хүүхдэд маш хэрэгтэй. Ийм үед л хүүхэд элдвийг сэдэх, бодох боломжтой болдог юм. Өөрийгөө анзаарч, өөрийнхөө учрыг олж сурна, өөрийнхөө дураар тоглоно, бас уйдаж гиюүрнэ. Эд нар бүгдээрээ хүүхдэд маш их хэрэгтэй. Тэгвэл бид хүүхдэдээ өгч чадах хамгийн сайн, сайхан зүйл юу вэ, тодорхойлж үзье л дээ.

Айдасгүй, тухтай мэдрэмж л хүүхдэд хамгийн чухал. Ийм мэдрэмжтэй үедээ хүүхэд урам зоригтой байна, өөрийгөө, ойр тойрноо чөлөөтэй нээнэ, анзаарна. Айдасгүй, чөлөөтэй байснаар хүүхдийн сониуч зан сэрж, танин мэдэх эрэл хайгуулд гардаг.

Түүнчлэн томчууд бид өөрсдийн үнэт зүйлс, хүсэлтээ хүүхдэдээ хэлж таниулж, заримыг нь тэднээс хүсэх, шаардах ч хэрэгтэй.  Хамгийн гол нь үр хүүхдүүдийн маань хувь хүн болох төлөвших хөгжил биднээс хараат бус, өөрийнхөөрөө явагдах учиртайг л мартаж болохгүй.

– Эцэг эхчүүдэд та юу зөвлөх вэ?

– Хүүхдэдээ итгэ! Та үүнийг чадна. Би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүүхэд гэдэг чинь жижиг биетэй том хүн биш. Юм бүхэнд төгс байх албагүй. Бид өөрсдөө ч төгс байж чаддаггүй шүү дээ. Бас хувь хүний онцлог, зан чанар, хүсэл сонирхлыг нь өөрсдийн дураар хэвлэж, форматалж чадахгүй гэдгээ бид ухаарах ёстой. Бидний үүрэг гэвэл үр хүүхдээ өсөж хөгжих замд нь амьдралын илүү туршлагатайн хувьд хамт байж, хөтлөн явах үүрэгтэй хүмүүс. Харин дотоод ертөнцийг нь бид өөрсдийн дураар тодорхойлж чадахгүй.

Доктор профессор Аллан Гуггенбюль бол Швейцартаа алдартай хүүхдийн сэтгэл зүйч бөгөөд 1984 оноос хойш хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэл засалчаар ажиллажээ. Цюррих мужийн Багшийн сургуульд сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны хичээл заахын хажуугаар хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжлийн сэдэвт олон ном бүтээл, судалгааны өгүүлэл бичсэн. Хамгийн сүүлд бичсэн “Хүүхдэдээ хамгийн сайныг л өгнө буюу хүүхдийнхээ хүүхэд насыг бид хэрхэн дээрэмддэг вэ?” хэмээх ном нь багагүй шуугиан тарьсан билээ.

Эх сурвалж: Германы өдөр тутмын “Südkurier” сонинд өгсөн ярилцлага

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд