No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Шилбээр өвдөх, дух орчмоор сэнгэнэх нь ясны сийрэгжилтийн шинж"

“Шилбээр өвдөх, дух орчмоор сэнгэнэх нь ясны сийрэгжилтийн шинж”

-

Дотрын тэргүүлэх зэргийн эмч Ц.Сэр-Одтой ярилцлаа.

Сүүлийн үед ясны сийрэгжилт өвчин хэт залуужиж байна. Хоёулаа яриагаа уг өвчний тухай мэдээллээр эхлүүлье?

-Тус өвчин нь ясны жингийн бууралтыг бий болгож, ясыг хэврэгшүүлж улмаар хугарах үйл явцыг үүсгэдэг юм. Ясны сийрэгжилтээр гол төлөв настай хүмүүс өвчилдөг байсан. Харин сүүлийн үед өдрөөс өдөрт залуужиж байгаад маш их харамсаж байна. Энэ нь байгаль экологи, хоолны дэглэм, хөдөлгөөн алдагдсантай холбоотой гэж дэлхий нийтээрээ санал нэгдээд байна. Хөдөлгөөн багасаад ирэхээр бодисын солилцооны алдагдал маш их явагддаг. ДЭМБ-аас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн 6 хүний нэг нь, харин эрчүүдийн 4 хүн тутмын нэг нь ясны сийрэгжилт өвчнөөр өвчилж байна гэсэн тоо баримт гарсан байгаа юм.

-Ясны сийрэгжилт өвчний шинж тэмдэг хамгийн анх яаж илрэх вэ?

-Ясны сийрэгжилт нь шинж тэмдэг хамгийн багатай өвчин юм. Тэр ч утгаараа дэлхий нийтээрээ “чимээгүй тахал” гэж нэрлээд байна. Хамгийн эхний шинж бол ханиад хүрч, дархлаа суларч эхэлдэг. Ханиад хүрээд ирэхээр хүмүүс ясны сийрэгжилт байна гэж огт төсөөлдөггүй. Дараагийнх нь шүдний асуудал ихтэй болж ирдэг.

Шүд цоорох, буйлны үрэвсэл гэх мэт. Мөн үс цайдаг. Нэлээд хожуугийн шинж тэмдэг нь булчингаар өвдөх, шилбээр өвдөх, дух орчмоор сэнгэнэж даарах гэх мэт хэний ч санаанд оромгүй өөр өвчний шинжээр илэрдэг талтай.

-Тус өвчнийг хэрхэн оношилдог вэ?

-Дэлхий нийтээрээ ясны сийрэгжилт өвчнийг эрт оношлох, эмчлэхийг дэмжин ажиллаж байна. Хамгийн эрт илрүүлдэг арга бол эхо денситометрийн арга гэж үздэг. Ясны жингийн бууралт тухайн хүнд байна уу гэдгийг хамгийн түрүүнд тогтоодог. Харин рентген бол нэлээд сүүл үед шинж тэмдгээ өгсний дараа илрүүлдэг.

Ясны сийрэгжилт өвчин илрэх шинж тэмдэг багатай учраас хүнд шатандаа орсны дараа ясны хугарал байдлаар илрэх нь олонтаа. Жишээ нь миний өвчтөн зурагт үзэж хэвтэж байгаад нөгөө тал руугаа эргэх төдийд л гурван хавирга нь хугарчихсан байгаа юм.

Өөрөө ч тэрийгээ мэдэлгүй, зүрх өвдөөд байна, бичлэг хийгээд өгөөч гэж ирсэн. Гэтэл ясны сийрэгжилт хүнд үедээ орчихсон байсан. Хавиргаа хугарсанаа ч тухайн өвчтөн мэдээгүй. Тэгэхээр ясны сийрэгжилт хүндэрсэн үеийн ясны хугарал бас их онцлогтой. Тун ялихгүй шалтгаанаар хугарсан байдаг. Харин гэмтлийн шалтгаантай хугарал бол өөр шүү дээ. Унасан, юманд цохьсон, дарагдсан гэх мэт тодорхой шалтгаантай байдаг.

-Тус өвчин бүрэн эдгэдэг үү?

-Ер нь эдгэрэхдээ жаахан муу. Харьцангуй залуу насанд эдгэрэлт явагддаг. Харин нас ахих тусам хэцүү. Түнхний хугаралтай өвчтөн эдгэсэн тохиолдол маш цөөн байдаг. Босдог юм аа гэхэд тахир дутуу болдог.

-Манайхан өвдчихсөн хойноо эмнэлэгт хандана уу гэхээс өвдөхөөсөө өмнө очдоггүй хайнга зантай. Ясны сийрэгжилт өвчтэйгөө мэдсэн хэрнээ тоохгүй яваад байвал өөр бусад эрхтнүүдэд нөлөөлөх үү?

-Дээр хэлсэн шинж тэмдгүүд илрэхэд манайхан ясны сийрэгжилтийн шинж гэж огт боддоггүй. Ээж минь настай болж байгаа юм чинь үс нь бууралтаж байна, хүүхэд минь чихэр их иддэг юм чинь шүд нь хорхойтлоо гэдэг ч юм уу. Тийм байдлаар хүлээж авдгаасаа болж хугацаа их алддаг. Бусад эрхтнүүддээ муугаар нөлөөлөхөөсөө илүү хэврэгшсэн яс амархан хугарч, илүү хүнд байдалд хүргэдэг.

-Ясны сийрэгжилт үүслээ гэхэд кальци уух ёстой гэсэн бодол шууд төрдөг шүү дээ. Кальцийг ер нь өөрсдөө дур мэдэж уух нь зөв үү?

-Манайхан өөрсдөө дур мэдэж эм, тариа хэрэглэдэг нь үнэхээр замбраагүй. Үүнд би маш их харамсдаг. Өвчнүүдийг хооронд нь ялгаж оношлох нь хамгийн чухал гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Хамгийн наад зах нь үзүүлээд нарийн шинжилгээ өгчих гэхэд л маш дургүй хүлээж авдаг.

Үг дуугүй хаалга шидээд гардаг төвөгтэй асуудал байна. Хамгийн түрүүнд дээрх шинж тэмдэг илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө авах шаардлагатай. Харин кальцийн хувьд ясны сийрэгжилттэй байвал уух нь зөв. Харин хэзээ, хэдэн ширхэгээр, ямар хугацаатай уух вэ гэдгийг эмч шийдэж өгнө. Кальци биед их байхад дээрээс нь уугаад байвал кальцийн илүүдэл болно.

Их хэмжээгээр хэрэглэхээр биед байх бусад эрдэс бодисоо түлхэж гаргадаг аюултай. Ингэснээр зүрхэнд ачаалал үүсэх, цаашлаад цус өтгөрөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд олон эмчид үзүүлээд нэршил ондоотой нэг эмийг давхардаж хэрэглэх явдал их байдаг. Тийм учраас ууж байгаа эмнийхээ талаар эмчлэгч эмчээсээ сайн асууж байх хэрэгтэй. Эмч нар ч гэсэн та одоо ямар эм ууж байна, хэд хоног хэрэглэж байна гэх зэргийг сайтар лавлаж асууж байж жор бичих шаардлагатай.

-Бага насны хүүхдүүд гэлтгүй, манайхан маш их кола ууж байна. Энэ нь ясны сийрэгжилт үүсгэдэг гэдэг. Энэ үнэн үү?

-Үнэн. Коланы хөөсөрдөг ид шидийг үзүүлдэг тэр бодисондоо гол учир нь байгаа юм. Нэг ёсондоо газ гэсэн үг. Тэр хийжүүлсэн бодис кальцийг ясанд хүргэхээс өмнө биенэс гадагшлуулаад байгаа юм. Кальцийн дутагдалд оруулаад ясыг сийрэгжихэд хүргэдэг. Дэлхийн хөгжилтэй орнууд бол хүүхдийн хоол хүнснээс хөөсөрдөг ундааг бүр мөсөн зайлуулсан. Тэр байтугай төрөх насны эмэгтэйчүүдэд өгөхийг, мөн хүүхдийн ойр орчимд худалдаалахыг ч хориглосон байдаг.

-Эцэст нь та нийт уншигчиддаа хандаж юу зөвлөх вэ?

-Ер нь танагтай сайн өтөлж байгаа хүмүүсийг яс сайтай гэдэг шүү дээ. Тийм учраас ясыг бэхжүүлдэг хоол хүнсийг маш ихээр хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал сүү цагаан идээ, тараг, ээдэм, бяслаганд хамгийн их кальци агуулагддаг. Эдгээрийг л хүүхдүүддээ идэж сургах, өөрсдөө иддэг байхад ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж чадна. Хоёрдугаарт манай оронд жилийн ихэнх өдөрт нартай байдаг. Тиймээс наранд 30 минут нүүр хүзүү гараа ил гаргаад, хөдөлгөөнтэй тоглоомоор хүүхдүүдээ тоглуулаад байхад нарнаас Д витаминаа авчихна. Манай ард түмэн эртнээс насандаа тохирсон хөдөлгөөнтэй байсан. Тийм ч учраас ясны сийрэгжилт гэдэг өвчин байгаагүй гэж хэлж болно. Хоёр насандаа хурга ишигтэй хөөцөлдөнө. Тав зургаатайдаа унага, тугалынхаа араас гүйж байна. Найман нас хүрээд морь уначихаж байна. Ийм л мундаг малаасаа түрүүлж гүйдэг байсан ард түмэн. Харин одоо бол нэг байшингаас нөгөө байшингийн хооронд тав алхахдаа хооронд бөөн уур уцаар, үглээн дуулаан болдог болчихсон. Энэ залхуу байдлаасаа л салах юм сан. Тэгвэл л бид энэ өвчнөөр өвчлөхгүй, санаа зовохгүй байж чадна гэж хэлье.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд