No menu items!
HomeХүмүүсЭхнэрийн шүтээн

Эхнэрийн шүтээн

-

Хүн бүр л өөр өөрийн шүтэж, хүндэлж хайрлаж явдаг, уран бүтээлийг нь сонирхон шимтэх дуртай гадна дотны жүжигчидтэй байдаг.

Тэр ёсоор эхнэрт маань шүтээн болсон нэгэн жүжигчин бий.

Холливудын од асан Хит Лэжер. Түүний бүтээлүүд, амьдралын хэв маяг, өвөрмөц дотоод ертөнц одоо ч олны анхаарлыг татсаар байдаг. Асар богино хугацаанд алдрын оргил, амьдралын аз жаргалд хүрсэн шигээ уй гашууг тайлах хорт эмний дунд хорвоог орхисон амьдрал нь богинохон байлаа.

1979 оны дөрөвдүгээр сарын 4-нд Австралийн Перт хотноо нарт ертөнцөд ирсэн Хит Лэжерийг эцэг нь залуудаа авто спортын тамирчин байсан тул хүүгээ тамирчин болгохыг хүсдэг байсан гэнэ. Харин ээж нь франц хэлний багш.

Хит аравхан настайдаа Питер Пений дүрд тоглосноор кино урлагт хөл тавьсан гэж үздэг. Энэ үеэс л Хит кино урлагт татагдан орж эргэлт буцалтгүй энэ замыг сонгосон байна. Сиднейн кино урлагийн сургуульд суралцаж байхдаа тэрбээр хэд хэдэн телевизийн цувралд дүр бүтээснээр өөрийн карьераа эхэлсэн гэж тооцдог.

Улмаар Хит Лэжер 1999 онд мөрөөдлөө биелүүлж Холливудад очих завшаан олдсон юм. Тэрбээр “Үзэн ядах 10 шалтгаан” хэмээх найруулагч Гил Жангерийн кинонд Патрик Веронагийн дүрд тоглосноор америкийн кино ертөнцөд хөл тавьсан хэмээдэг.

2000 онд алдарт найруулагч Роланд Эммерих Хитийн далд авьяасыг олж тодруулан “Эх оронч” кинонд тоглуулснаар түүнийг олон олон кино найруулагчид, продакшнууд булаалдаж эхэлсэн юм.

2001 онд “Хүлэг баатрын түүх” кинонд гол дүр бүтээсэн нь түүний Холливудад бүтээсэн анхны томоохон дүр. Ингээд л тэрбээр жүжигчний мэргэжил эзэмшсэнээсээ хойш алдрын оргилд хэдхэн жилийн дотор авиран гарсан юм.

Улмаар 2005 он хүртэл “Тушаал”, “Казанова”, “Ах дүү Гримм” зэрэг цөөн хэдэн кинонд тоглож алдар хүнд ч түүнийг тойрсонгүй.

Хит Лэжерийн бусад Холливудын жүжигчдээс эрс ялгарах онцлог нь тэрбээр цөөн тооны кинонд л тоглож амжсан байдаг. Ахархан амьдрал, уран бүтээлийн богинохон хугацаа түүнд тохиогоогүйсэн бол хэмээх харууслын ард үлдэх үгс ихээ.

Тэр ахархан хугацаанд бүтээсэн хоёр л кино түүнийг өдгөө мартагдашгүй түүхийн эзэн болгосон байдаг.

Энэ бол мэдээж хэрэг хүн бүхний мэдэх “Бөгтөр уул”, “Харанхуйн хүлэг баатар”. Найруулагч Энг Лигийн кино ертөнцийг доргиосон бүтээл болох “Бөгтөр уул” кинонд найруулагчийн саналыг хүлээж аван ижил хүйстэн ковбой залуусын дүрд тоглох Холливудын жүжигчид олдож өгөхгүй л байж. Энэ үеэр өөрийгөө задалсан, хэр баргийн жүжигчдийн бүтээж чадахааргүй дүр хайж байсан Хит Лэжер удаан бодсонгүй түүний саналыг хүлээж авсан юм.

Мэдээж хэрэг түүний энэ дүр магтаалын хажуугаар олон янзын яриа дагуулсан юм.

Хит Лэжер Жек Гилленхаал нарын гал халуун үнсэлт олныг цочирдолд оруулж заримдаа түүнийг агуу зоригтон хэмээх ч болов.

Асар олон тооны кино наадмуудаас шагнал хүртэж үүний зэрэгцээ Хит Лэжерийг ижил хүйстэн, тиймдээ ч энэ дүрд тоглох саналыг зоригтойгоор хүлээн авсан гэх хоржоонтой мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байлаа.

Гэсэн ч энэ мэдээлэлд няцаалт өгч сураггүй болтол нь дарж чадсан зүйл удахгүй олон нийтэд ил болсон билээ. “Бөгтөр уул” кино 2005 оны есдүгээр сард АНУ даяар нээлтээ хийснээс сар гаруйн дараа тус кинонд хамтран тоглосон жүжигчин бүсгүй Мишель Уиллиамс Хит Лэжерийн охиныг төрүүлсэн юм.

Тэд киноны зураг авалтын үеэр үе үе хамтдаа алга болж Энг Лиг бухимдуулдаг байжээ. Жек Гилленхаалыг үнсэх түүний халуун үнсэлт чухамдаа Мишель Уиллиамст зориулсан жүжигчин хүний сэтгэлийн хат байсан нь одоо олонд ил болсон.

Мишель ч түүний дүрийг маш сайн ойлгож хайрладаг байсан талаар хожим Холливудад бүтээгдсэн Хит Лэжерийн амьдралын тухай цуврал баримтат кинонд өгүүлсэн байдаг.

Хит Лэжер Мишель Уиллиамсаас өмнө хэд хэдэн жүжигчин бүсгүйчүүдтэй нэр холбогдож амжсан байлаа. 2000-2005 оны хооронд тэрбээр Хийтер Грэхэм, Наоми Ваттс, Жулиа Стилес нартай нэр холбогдон богино хугацаагаар хамтран амьдарч байсан.

Мишель Уиллиамсын хожмын дурсамжинд Хит Лэжертэй учирснаар тэд жинхэнэ агуу хайр гэж юу байдгыг хоёулаа мэдэрсэн талаар өгүүлсэн байдаг.

Тиймээс ч тэдний аз жаргалын үргэлжлэл болсон бяцхан охин Матильда Рөүз мэндэлж “Бөгтөр уул” кинонд хамтран гол дүр бүтээсэн жүжигчин Жек Гилленхаалаар охиноо загалмайлуулж байжээ.

Хит Лэжер хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө байнга эхнэр охин хоёроо дурдаж “Миний амьдралын хамгийн үнэт эрдэнэ бол миний хоёр бүсгүй” хэмээн ярьдаг байсан аж. Тиймээс ч тэднийг хэсэгтээ л Холливудын үлгэр жишээ гэр бүл хэмээн нэрлэдэг байв. Паппарацичдын дуранд Хит Лэжерийн үлгэр жишээ эцэг, Мишель Уиллиамсын аз жаргалтай харц байнга өртдөг байв.

Гэсэн ч тэдний аз жаргал харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй. Хэвлэлийнхний эцэс төгсгөлгүй мөрдөн мөшгилт, янз бүрийн цуу яриа аз жаргалтай хосуудын дунд ан цав үүсгэж улмаар хоорондын харилцаагаа төгсгөл болгож буйгаа Хит Лэжер Сиднейн “Daily Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа анх удаа цухуйлгасан байдаг.

Түүний араас Хит Лэжерийг хар тамхинд донтсон, үүнтэй түүнтэй холбогдсон гэх шар мэдээллүүд цуварсаар.

Эцэст нь жороор олгодог тайвшруулах төрлийн эм хэрэглэж, нойргүйдэлтэйгээ тэмцдэг талаар Лэжер ч үнэнээ хэлсэн аж.

Түүнд алдар хүнд, хөрөнгө мөнгө хангалттай байсан ч тэрбээр “хайртай хоёр бүсгүй”-гээсээ салсан нь амьдралд нь асар хүнд цохилт болж хувирсан юм. Ганцаардал, шаналал түүний харцнаас илэрч тэрбээр сүүлчийн уран бүтээл болох “Харанхуйн хүлэг баатар” киноны алиалагчийн дүрд тоглохоор бэлтгэж эхэллээ.

Зочид буудлын нэг өрөөнд өөрийгөө хэдэн долоо хоногоор олноос тусгаарлаж ганцаардал шаналлын дунд тэрбээр дүрдээ орох бэлтгэл хийсэн гэдэг.

Үнэхээр ч түүнийг алиалагчийн дүрд хэт орсноос болж амиа алдсан ч гэдэг. Тус кинонд түүний бүтээсэн дүр үнэхээр агуу байлаа. Хэзээ ч ямар ч жүжигчин Бэтмений алиалагчийн дүрийг түүн шиг олны сэтгэлд үлдээж чадаагүй юм. Энэ дүрд тэрбээр уусан шингэж багийнхан болон найруулагчаа гайхашруулж байсан гэдэг.

Тус киноны гол дүрд хамтран тоглосон Кристиан Бэйл хожим дурсахдаа “Ийм агуу жүжигчинтэй, дүрдээ хувирч нэвт шингэж чаддаг ийм уран бүтээлчтэй би өмнө нь таарч байсангүй хойшид ч таарахгүй биз дээ. Түүний дотоод ертөнц яг л алиалагч шиг нууцлаг, өвөрмөц” хэмээж байсан.

Найруулагч Крис Ноланы төлөвлөөгүй олон жүжиглэлтийн хэсэг Хит Лэжерээс урган гарсаар байж. Жишээ нь найруулагчийн эмнэлэг дэлбэлэх үедээ цочиж байгаа хэсэг түүний өөрийнх нь төсөөлөл байсан гэдэг.

Хит Лэжерийг 2008 оны нэгдүгээр сарын 22-нд Манхеттэнд цаг бусаар нөгчсөний дараа зун нь тус кино нээлтээ хийж байлаа. 28 настай алдарт жүжигчний үхэл яг л бусад оддын үхэлтэй төстэй.

Түүнийг амьсгал хураасан байхыг нь гэрийн үйлчлэгч нь анх олоход яг л Мэрилин Монро зэрэг одод шиг элдэв мансууруулах эм, нойрны эм хаа сайгүй хөглөрч байсан гэх.

“Миний хоёр байгаа цагт би сэтгэл тайван үхэж чадна” хэмээн ярьдаг байсан тэрбээр үнэхээр тайван амьдралаа дуусгасан нь тэр аж. Хожим Мишель Уиллиамс ярилцлагадаа “тэр хэнээс ч илүү хайрлаж бас зовоож чаддаг байлаа, түүний хайр агуу” хэмээн хэлсэн байдаг.

Кино академиас анх удаа түүхэндээ Оскарын шагнал Хит Лэжерт зориулж нэхэн олгож байлаа.

Эхнэр маань миний төрсөн өдрөөр Хит Лэжер нас барчихсан хэмээн харуусан ярих дуртай. Эхнэрийн шүтээн Хит Лэжер гэж.

О.Нар

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд