No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Эрдэнэтөгс: Зарим хүүхдийн шүд оройтож, эсвэл эрт ургах нь бий

Д.Эрдэнэтөгс: Зарим хүүхдийн шүд оройтож, эсвэл эрт ургах нь бий

-

Ч.Цэрэндуламын нэрэмжит Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн их эмч Д.Эрдэнэтөгстэй хүүхдийн шүдний онцлогийн талаар ярилцлаа. 

-Монгол хүүхдүүдэд шүдний ямар өвчлөл зон­хилдог вэ. Энэ нь юутай хол­боотой вэ гэдгээр яриагаа эхлэх үү?

-Тэгье. Гадаадын хүүх­дүүд өөрөөр өвчлөөд, монгол хүүхэд арай өөр шүд­ний өвчин тусна гэж байхгүй. Бүгд л ижил төр­лийн өвчлөлтэй байна. Харин монголчуудын хувьд хөгжилтэй орнуудын хүн амтай харьцуулахад өвчлөл илүү өндөр байгаа. Монгол хүүхдүүдийн хувьд шүдний зөөлцийн бо­лон холбоосын үрэвслийн хэлбэр элбэг тохиолдож байна. Энэ нь манайхны хэ­нэггүй зан­гаас болж байгаа юм. Хүүхдийнхээ шүдийг эрт үзүүлэхгүй хүндэрсэн хой­но нь эмнэлэгт хандаж байгаатай холбоотой. 

-Зарим хүүхдийн сүүн шүд оройтож  ургадаг.  Уг нь зургаан сартайгаас шүдэлж эхлэх  ёстой гэж онолд заа­сан байдаг. Гэтэл зарим нь дөрвөн сартайдаа шүдэлж байхад зарим нь найман сар болж байж цухуйх нь ч бий. Энэ нь ямар нэгэн эрдэс бодис дутагдсан, эсвэл илүүдсэний шинж үү?

-Ер нь хүүхэд 6-8 сар­тайдаа шүдлэх ёстой. Ха­рин зарим хүүхдийн шүд оройтож, эсвэл эрт ургах нь бий.  Үүнд санаа зовох зүйл­гүй. Тухайн хүүхдийн биеийн онцлог, өсөлтөөс хамаараад эрт болон жаахан хожимдож ургах нь бий.  Хүүхдийн шүд эрт юм уу хожуу шүдлэх нь ямар нэг эрдэс бодис илүүдсэн эсвэл дутагдсаны шинж биш юм.  

-Сүүлийн үед хүүхдийг хөхөөр удаан хооллох хэ­рэггүй гэдэг болсон. Эхийн сүү чихэрлэг учраас хүүхдийн сүүн шүдийг маш ихээр хорхойтуулдаг гэж ярьдаг. Энэ талаар?

-Хүүхдээ хөхүүлж бо­лол­гүй яах вэ. Ой хоёр, гурван сар хүртэл  хөхүүлэхэд бу­руутах зүйл­гүй. Харин ма­найхан хүүхдээ шөнө унтахдаа  шөнөжин  хө­хүүлдгээс болж амандаа сүү­тэй хонодог.  Энэ нь хүүхдийн шүдний цооролд нөлөөлдөг. Ингэлээ гээд хүүхдээ битгий хөхүүл гэсэн үг биш. Хөхний сүү хүүхдэд маш ашигтай. Гэхдээ шөнө байнга битгий хөхүүлээч ээ гэж ээжүүдэд зөвлөмөөр байна. Манайхны нийтлэг ду­тагдал бол хүүхдэдээ хөхөө хөхүүлээд тэр чигээрээ унтдаг явдал. Хүүхдээ шүдэлмэгц хө­хүүлсний дараа тусгай зо­риулалтын зөөлөн самбайг буцалсан усанд норгож байгаад шүдийг нь арчиж болно. Мөн хүүхдийн шүд цэвэрлэдэг зориулалтын ху­руувчаар  амны хөндий,  шүд, салстыг нь сайн цэ­вэрлэх хэрэгтэй.  

-Хүүхдийн ханиаданд өгдөг эм бэлдмэл, сироп шүд­ний өвчлөлд нөлөөлдөг үү?

-Ханиаданд уудаг анти­биотикийн төрлийн эм бэлдмэлийг эмчийн заав­раар тунг нь тааруулаад өгөхөд хүүхдийн шүдэнд нө­лөөлөхгүй. Харин тунг нь хэтрүүлбэл ямар ч эм хор­той. 

-Хүүхдийн сүүн шүд цоороод ломбодуулдаг. Ха­­рин энэ шүд байнгын шүдээр солигдоход ямар нэ­гэн гажигтай ургах то­хиолдол бий юу. Ломбо байнгын шүдэнд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Ломбо тавиулснаар шүд­­ний элдэв гажиг үүснэ гэж үгүй. Хүүхдийн шүд тодорхой насанд унадаг. Жи­шээлбэл доод үүдэн шүд зургаан настайд унах жишээтэй. Харин тэр үеэс нь эрт шүдийг авахуулбал шүдний гажиг ургалт үүснэ. Сүүлийн үед хоол хүнс зөөлөрч, зулгаах хүч шаардахаа больсноос хүүх­дийн эрүү, хоншоорын хөгжил удааширч байна. Үүнээс болж шүд бөөгнөрөх, гажиг үүсэх аюултай бай­гаа.

-Байнгын шүд хэлбэр муутай, орсгой ургадаг нь юутай холбоотой вэ. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Буруу зан үйлээс болж орсгой, шаамий болдог. Жишээ нь хэлээ, хуруугаа хөхсөнөөс болж орсгой болох нь бий.  Мөн түрүүний хэлсэнчлэн сүүн шүдийг наснаас нь эрт авахуулах нь гажиг ургалтад нөлөөлнө. Энэ мэт буруу зуршлыг нь засч, аль болох хийлгэхгүй байхад эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. 

-Хүүхдийн сүүн шүд унахгүй удахаар байнгын шүд нь давхар ургачих вий гэж эцэг, эхчүүд санаа зовдог. Энэ талаар?

-Манай эцэг, эхчүүд энэ талын мэдлэг хомс гэдэг нь ажиглагддаг. Интернэт, мэдээлэл хөгжсөн энэ үед хүүхдийн шүдний талаар бүх төрлийн зөвлөгөө авч болно.  Зарим эцэг, эхчүүд “Манай хүүхдийн байнгын шүд нь ургадаггүй. Сүүн шүдийг нь авахуулъя” гэ­дэг. Шүд тодорхой дэс дараалалтай, заагдсан нас, хуваарийн дагуу л ургадаг шүү дээ.   Энэ үед тухай бүрт нь эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Сүүн шүд хугарчихвал байнгын шүд нь түрж ургах болов уу. Эсвэл заавал авахуулах ёстой юу?

-7-8 настай хүүхдийн үүдэн сүүн шүд хугарсан хэрнээ өөрт нь зовиур байх­гүй бол дараагийн байн­гын шүдэндээ түрэгдээд унана. Гэхдээ юунаас болж хугарсан бэ гэдгийг эмчид үзүүлж байж мэдэх ёстой. Хорхойтоод тал нь үйрээд унасан уу, эсвэл юманд цохиод хугалсан уу гэдгээс хамаараад эмчилгээ нь өөр байна. Хэрвээ юманд цохиж хугалсан бол рентген зураг авахуулж, байнгын шүдний эх үүсвэрийг  гэмтээсэн эсэхийг мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь шалтгааныг нь тогтоох шаардлагатай.

-Байнгын шүд урга­чихлаа. Гэтэл үүдэн хоёр шүд нь урт ургаад, ха­жуугийн хоёр үүдэн шүд нь жижигхэн бол яах вэ. Үүнийг засч болдог уу?

-Боломжтой. Үүнд гажиг заслын эмчилгээ хийдэг. Ихэвчлэн уруулын хөвч бо­гино хүүхдийн шүд орсгой, хоёр тийш салж ургадаг. Тиймээс эмчид үзүүлж, уруулын хөвч уртасгах эм­чилгээ, эсвэл шүдний ап­парат зүүлгэх зэрэг тохирох эмчилгээ хийлгэж болдог. Ер нь хүүхдийг аль болох эрт оношилсноор эмчилгээ сайн авна гэсэн үг. 

-Хүүхдийн шүдний оо нь том хүнийхээсээ юугаараа ялгаатай байдаг вэ?

-Хүүхдийн оо фтор бай­даггүйгээрээ ялгаатай. Үүнээс гадна гаатай сэн­гэ­нэсэн бус, чихэрлэг, жимс­­ний амттай, залгихад хор хөнөөлгүй. Тиймээс том хүний, хүүхдийн гэж ангилдаг юм. Бага насанд нь хүүхдийн шүдний оогоор угааж байгаад байнгын шүд нь ургаж эхлэхэд  фтор агуулсан оо хэрэглүүлэх хэрэгтэй.  

Ер нь манайд худал­даа­лагдаж буй шүдний оонууд харьцангуй чанартай гэдгийг энэ дашрамд хэлье. Харамсалтай нь монгол­чууд шүдээ угаах техник буруу байдгаас шүдний өвч­лөл өндөр байна. Хэчнээн үнэтэй оо хэрэглэсэн ч шүдээ буруу угаадаг хүн хамгийн хямдхан оогоор зөв угаадаг хүнээс илүү шүдний өвчлөлд өртдөг юм.  

-Хүүхдийн шүдэнд ямар хоол хүнс хэрэгтэй, яаж арчлах талаар зөв­лөгөө байнга гардаг.  Гэх­дээ хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс цааш цоорохгүй гэгчээр энэ талаар дахин зөвлөгөө өгөхөд илүүдэхгүй байх?

-Хүүхдийн шүдийг анх ургаж эхэлсэн цагаас л арчлах хэрэгтэй.  Би тү­рүүнд хэлсэн шүү дээ. Анх ургамагц нь зөөлөн самбай норгож арчих ёстой гэж. Мөн хүүхдийнхээ шүдийг зургаан сар тутамд эмчид  үзүүлж  байх хэрэг­тэй. Бүр нэг эмнэлэгтээ хяналтад ороод явбал илүү үр дүнтэй байдаг. Мөн хүүхдийнхээ шүдийг 6, 7 нас хүртэл нь байнга эцэг эх , асран хамгаалагч нь угааж цэвэрлэж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн шүдийг бүр багаас нь угаагаад хэвшил болгочихвол өөрөө аяндаа шүдээ хайрлах, хамгаалах үзэл бодол төлөвшин суудаг. Энэ дадал зуршлыг  таны хүүхэд насан туршийн да­дал болгон авна гэдгийг эцэг, эх та бүхэн ойлгож хүүхдийнхээ шүдийг байнга анхаарч хайрлан хамгаалж байгаарай гэж захья.

 Эх сурвалж: Өглөөний сонин

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд