No menu items!
HomeХэн юу хэлэв“Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсооно”

“Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсооно”

-

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудал олны анхаарлыг татаад буй. Энэ талаар холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл өгснийг нэгтгэн хүргэж байна.

С.Амарсайхан: Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсооно

Шадар сайд С.Амарсайхан: Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя.

Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.

Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.

Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, стандартыг хуульчлах ажил хийгдэнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулна. Мөн хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн.

Б.Баасандорж: ААН-үүдийн өөрсдийнх нь дотоод хяналт шалгалт ч чанга, төрийн байгууллагын хяналт шалгалт чанга байх ёстой

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж: Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Тэр утгаараа өнөөдөр лабораторийн асуудал тулгамдсан асуудал болоод байна.

Засгийн газрын хуралдаанаар лабораториудыг үндэсний хэмжээнд нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхийг хэлсэн. Тэгэхгүй бол төрийн байгууллагын лабораториуд байна, хувийн байгууллагын сайн сайн лабораториуд байна.

Эмээлтийн махны үйлдвэрийн жишээн дээр гэхэд махны дээжээс төрийн байгууллагуудын лаборатори шинжлээгүй, хувийн “САМО” гэх лабораторийн төв шинжилсэн. Аливаа зүйлийг шинжлэхэд хугацаа орно. Тухайн лабораторийн тавьсан стандартын дагуу шинжлүүлээд, хариуг нь хүлээж байгаад иргэдэд мэдээлсэн. 

Төрийнх гэвэл Мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэд нэг, мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх хоёр, Гаалийн ерөнхий газрын дэргэд лабораториуд бий. Эдгээр лабораториудын хүчин чадал нь өөр өөр. Иймд Засгийн газар онцгой анхаарч лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлье, үндэсний нэг том лабораторитой болох хэрэгтэй гэж байгаа юм. Хувийн лабораториуд зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явна. Гол нь нэг мэдээллийн системтэй байх ёстой.

Мөн ААН-үүдийн өөрсдийнх нь дотоод хяналт шалгалт ч чанга, төрийн байгууллагын хяналт шалгалт чанга байх ёстой. Эдгээрийг нэгдсэн цогц болгож, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

З.Мэндсайхан: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг 2023 оноос улс даяар мөрдүүлнэ

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Хүнсний зориулалтаар мах бэлтгэхээс өмнөх үеийн малын эрүүл мэндээс эхлээд худалдаалах хүртэлх бүх шат дамжлагын стандартыг нэгдсэн байдлаар зохицуулсан. Ингэснээр чанарын удирдлагын тогтолцоог нэлээд урагш ахиулсан гэж үзэж болно. Цаашид монгол хүний хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн бүгд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн баталгаатай болж, задгай худалдаа ч байхгүй болно. “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар мөрдүүлнэ.

Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Сүүлийн таван жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байна.

Малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт,  тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудтай.

Мөн ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарч байна.

/Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам/

Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Б.Баатархүү: “ХКҮ” компани “Мах импекс”-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг тул нэвтэрч, нэгжлэг хийсэн

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” гэх компанийн үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газар үзсэн.

Зургаадугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.12, 24.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Улсын Ерөнхий прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлснийг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалт хийгдэнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах зүйлс тогтоогдсон. Тухайлбал,

“Эм Ди Си Пи” компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Уг компани нь БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.

Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан. Мөн “ХКҮ” компанийн хаяг, шошготой 4,842 хайрцаг буюу 96 тонн дулааны аргаар боловсруулсан мах илэрсэн.

Хаяг, шошгогүй ямааны мах 92 тонн, ямааны шулсан мах 7,964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7,980 кг, хонины гулууз мах 1,500 ширхэг буюу 30 тонн тус тус байсныг Мэргэжлийн хяналтын газар анх битүүмжилсэн. Цагдаагийн байгууллага агуулахад шалгалт хийгээд хуулийн дагуу дахин битүүмжилсэн. Тоо хэмжээ нь анх Мэргэжлийн хяналтын газрын битүүмжилсэн үеийнх шиг байсан. Лац хөдөлсөн зүйл байхгүй. Түүнчлэн “ХКҮ” компани “Мах импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан тул нэвтэрч нэгжлэг хийсэн.  Түүнээс “Мах импекс” ХХК-д нэгжлэг хийгээгүй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд