Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй

0
61

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцууллаа.

Тэрбээр “Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас Түгжрэлийг бууруулах үндэсний хороон ажлыг дагнан явуулах боломжгүй байсан. Улмаар тус хороонд зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. 

Нийслэлийн түгжрэлд хамгийн их хамааралтай нь сургууль, цэцэрлэгийн асуудал буюу боловсролын салбар юм байна гэж үзээд өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад Үндэсний хорооны даргын ажлаа хариуцуулсан байдаг.

Уг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэрээр хавсарга байдлаар нэг сайд хариуцах биш, бодлогын хувьд тусалдаг, тусгай үүрэг даалгавар биелүүлдэг сайд байх нь зүйтэй гэж намайг Үндэсний хороон даргаар тохоон томилсон” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн “Өнгөрсөн саруудад түгжрэлийг бууруулах захиргааны олон арга хэмжээнүүдээс татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар 2,882,000 гаруй хүн зорчилт хөдөлгөөн дээр захирагдаж байгаа. Энэ тооноос бидний ажлын гол чиглэл гарч ирсэн. 

1,844,683 гаруй буюу 64% нь хувийн авто машинаар, 24% буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. Бидний цаашдын зорилго бол автобус, хувийн машин хоёрын байрыг солих, чадвал тэнцүүлэх бодлого барих ёстой. Улаанбаатарчуудын 64% нь хувийн авто машинаар явж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ. 

Түгжрэлийг бууруулахын тулд хувийн машинуудын хэрэглээг хязгаарлах, бууруулах, шахах механизмыг ашиглах шаардлагатай болж байна. 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг ингээд яриад сууж байхад нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдэж байгаа” гэлээ.

Мөн тэрбээр дугаарын хязгаарлалтын тухайд “Дугаарын хязгаарлалтыг өвөл яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдсан. Би үүнээс татгалзсан. Учир нь дугаарын хязгаарлалт богино хугацаанд буюу сараас илүү хэрэгжих ёсгүй. Хүний хувийн өмчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэв.