No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хаврын улиралд мацаг барьж болохгүй

Эмч зөвлөж байна: Хаврын улиралд мацаг барьж болохгүй

-

Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх талаар мэргэжлийн хүмүүс, байгууллагаас өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Д.Нацагдорж: Хаврын цагт идэх, идээ ундаандаа маш сайн анхаарах ёстой

“Мамбадацан” нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Д.Нацагдорж: Монголын уламжлалт анагаах ухаанд хүний эрүүл мэндийн байдлыг жил, улиралтай нь уялдуулж авч үздэг. Тухайлбал хаврын цаг эхлэхэд байгаль, гараг эрхсийн нөлөөлөл нь хүний биед өөрчлөлт авчирна. Хий, шар, бадганы онолоор дулааны улиралд бадгана аривдах үйл явц өрнөдөг. Тиймээс бид хаврын цагт идэх, идээ ундаандаа маш сайн анхаарах ёстой.

Хүмүүний ходоод тодорхой хэмжээтэй. Хүн ямар ч улиралд, цаг үед өөрийнхөө ходоодны хэмжээнд идээ ундаагаа зохицуулах ёстой. Зарим үед хүмүүс идээ ундаагаа хэтрүүлэх гээд байдаг. Энэ нь бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.Хаврын улиралд ходоодны галын илчийг сайжруулах шимтэй идээ, ундаа хэрэглэх нь зүйтэй. Энгийн жишээ хэлэхэд, хаврын улиралд буцалсан усыг уух хэрэгтэй. Тодруулбал, таван аяга усыг саванд хийж нэг аяга ус болтол ширгээгээд уухад эмчилгээ болно. Мөн хаврын улиралд хий, бадганыг арилгахад туслах зүйлийг хэрэглэнэ. Бидний гар дор байдаг зүйл бол зөгийн бал, цагаан гаа. Тиймээс зөгийн бал, гаатай усыг бага багаар уух нь хаврын эрүүл мэндэд нэн чухал.

Л.Энхтунгалаг: Хаврын улиралд мацаг барьж болохгүй

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч Л.Энхтунгалаг: Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гурван махбодь тэнцвэртэй байвал бие эрүүл байна гэж үздэг. Харин хий,шар,бадгана өвчнийг үүсгэж байдаг гол хүчин зүйлүүдийн нэг нь буруу хооллолт юм. Тиймээс идээ ундаагаа зөв тохируулан хэрэглэх нь зүйтэй.

Хоолны хэмжээг зөв тохируулж чадахгүй, хоол сойсноор биеийн тамир тэнхээ хүч чадал барагдаж, ядарч сульдан, нойргүйдэж, сэтгэл санаа хямардаг. Ингэснээр хийн олон өвчнүүдийг үүсгэж байдаг. Харин хоол ундны хүнд, хөнгөний хэмжээг тохируулж чадахгүй цадтал идсэнээр шингээлт муудаж ходоодонд бадгана үүсдэг байна.

Уламжлалт анагаах ухаанд улиралдаа тохируулан хооллохыг зөвлөдөг.

Өвлийн эхэн буюу адаг сар – Энэ үед хүний шар усны нүх хаагдаж доторх галын уур гадагш гарч задрахгүй болсноор ходоодны галын илч хүч төгөлдөр байдаг. Иймээс хонь, адуу зэрэг амьтдын махны шөл бүхий тослог шимтэй идээг гол болгож бурам, сүү зэрэг шимтийг идэж уувал зохино. Мөн дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг тэжээл ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэнэ.

Хавар – Энэ үед ходоодны галын илч буурч эхэлдэг тул хөнгөн, сэрүүн идээ ундааг ойр ойр бага идвэл тохиромжтой. Тухайлбал, бүх төрлийн цагаан идээ, шар идээ болох шар тос уураг, будаатай цай гэх зэрэг хоолыг зохицуулан хэрэглэнэ. Мөн хаврын улиралд мацаг барьж болохгүй. Хавар мах, өөх тослогийн зүйл өрөм, ааруул зэргийг арай түлхүү хэрэглэж, аарцтай хар шөл, шар тосоор зуурсан арвайн гурил, сармистай хоол, хийцтэй цай зэргийг хэрэглэх нь зүйтэй.

Зун – Энэ үед ходоодны галын илч буурч өчүүхэн болдог. Ерөнхийдөө биеийн хүч тамир бага болдог үе юм. Зуны улиралд махан хүнснээс бүрэн татгалзаж цагаан идээ ундааны дэглэмд шилжиж тараг, айраг, хоормог, цийдмээр хооллож ундаалдаг. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэх аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж ,ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог.

Намар – Нарны илч бие махбодийг халуунаар энэлгэж шар махбодь аривдах үе юм. Зун хурсан шар хөдөлдөг учир амтлаг, гашуун, хөнгөн, сэрүүн чанартай зүйлс хэрэглэнэ. Мөн энэ үеийг өвлийн улиралдаа бэлдэж ходоод гэдсээ цэвэрлэх үе гэж үздэг.

Т.Цэрэнтогтох: Хаврын цагт хүйтэн хоол хүнсний хэрэглээг багасгах хэрэгтэй

“Медипас” эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтох: Хаврын цагт биеийн тамир доройтож, хөгшрөл хурдан явагддаг. Өөрөөр хэлбэл, хамгийн их тамир барагддаг үе нь хавар юм. Бид хаврын улирлыг зөв өнгөрөөж, зохицож чадвал хүний бие хөгшрөлт багатай байна. Хавар нь хүнээс амьдрах ур ихээхэн шаарддаг улирал юм.

Хаврын улирлыг шар идээний үе гэдэг. Тухайлбал шар тос, цөцгийн тос, зөөхий, өрөм, арвайн гурил гэх мэт зүйлсийг хэрэглэвэл зохистой. Үдээс өмнө шим ихтэй хүнс хэрэглэж, үдээс хойш шингэц арвинтай хоолыг түлхүү хэрэглээрэй гэж зөвлөе. Мөн хоолны тухайд борц голдуу идвэл шим авдаг. Борц нь намрын аагаараа байгаа учир тэжээллэг чанартай гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрэглэхээс өмнө 3-6 цаг дэвтээх хэрэгтэй.

Мөн хаврын цагт нэмэлтээр амин дэм хэрэглэж хэвшээрэй. Ялангуяа Д амин дэмийг заавал хэрэглэх ёстой. Ер нь жилийн дөрвөн улиралд ууж байх хэрэгтэй.

Д амин дэмийн дутагдал нь хөх, бамбай булчирхай, өндгөвч зэрэг булчирхайлаг эрхтний хорт хавдраар өвчлөх  эрсдэлийг 60-70 хувь нэмэгдүүлдэг. Харин Д амин дэмийг тогтмол хэрэглэж хэвшвэл 17 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн судалгаа байдаг.

Үүнийг хэрэглэхээс өмнө цусны шинжилгээ өгч, ямар тунгаар уух вэ гэдгээ тогтоочихвол илүү үр дүнтэй байх болно. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээ нь 2000 тун байдаг. Мөн байгаль нь Д амин дэмийг нийлэгжүүлж байдаг учир агаарт гарч байгаарай.

Түүнчлэн хаврын улиралд усан мацаг барьдаггүй гэдгийг эмэгтэйчүүд маань анхаарах хэрэгтэй.  Энэ нь эргээд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Харин гүзээний мацаг, таван цулын мацгаар өвөл идсэн махны хорыг гадагшлуулдаг.

НЭМҮТ: Хаврын улиралд цагаан идээ хэрэглэх нь ходоодны галын илчийг сэлбэнэ

Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна. 

Энэ үед өвлийн эх, адагт дотор хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг бөгөөд цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна. 

Иймд өвөл дуусан цагаан идээнд шилжих завсрын энэ үед “үүц” махаа задалж хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг. Шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсраг, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэж иржээ. 

Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.

Баримтлах зарчим:

  • Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах, 
  • Өдөр унтахыг тэвчиж, сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах, 
  • Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд