No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хамрын таславч муруйснаар хамар байнга битүүрэх, үрэвсэл үүсэх өөрчлөлтүүд...

Эмч зөвлөж байна: Хамрын таславч муруйснаар хамар байнга битүүрэх, үрэвсэл үүсэх өөрчлөлтүүд илэрдэг

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Хамрын таславчийн муруйлт”ийн талаар эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

И.Батчулуун: Хамрын таславч муруйсан тохиолдолд эм уугаад, дусаалга хэрэглээд үр дүнгүй

УГТЭ-ийн, Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй их эмч, АУ-ны магистрант И.Батчулуун: Хамрын өвчлөл дундаас хамгийн их тохиолддог нь хамрын таславчийн муруйлт юм. Үүнээс үүдэлтэй хамрын дайвар хөндийн үрэвслүүд нь хурц болон архаг хэлбэрээр их тохиолддог. Таславч мөгөөрс нь хамрын хөндийг баруун зүүн хэсэгт голоор нь хувааж байгаа тасалгаа гэж ойлгож болно. Хамраар агаар орж, гарч амьсгалж байх ёстой атал хамрын таславч мөгөөрс муруйсний улмаас хамар нэг болон хоёр талдаа битүүрч эхэлдэг. Удаан хугацаагаар хамрын битүүрэлтэй яваад байвал хамрын үндсэн үйл ажиллагаа алдагдана. Мөн хамрын эргэн тойрон байгаа дайвар хөндийнүүд маань хамрын амьсгалтай зэрэгцэн агаарын сэлгэлцэл явуулж байх ёстой.

Гэтэл таславчийн мурийлтаас шалтгаалаад агаарын солилцоо нь алдагдаад ирдэг. Хамар нь гадаад орчинтой шууд харьцаж байдаг эрхтэн учир нян болон вирусийн халдвар авах боломжтой. Үндсэн үйл ажиллагаагаа алдсан байгаа дээр нь бид нар, агаар дуслын замаар халдвар авлаа гэхэд агааржуулалт алдсан дайвар хөндийнүүдэд маань үрэвсэл үүсч эхэлдэг. Энэ үрэвслийг гайморит гэж нэрлээд байгаа юм. Аль хөндийд  байрласнаас нь хамаараад тухайн үрэвслийг нэрлэдэг.  Бүтэц, байрлалын хувьд өөр өөр газар байгаа болохоос хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл гэж ойлгож болно.

Хамрын таславч нэгэнд муруйсан амьсгалын үйл ажиллагаанд саадтай болсон тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай. Хамрын таславч муруйсан тохиолдолд эм уугаад, дусаалга хэрэглээд үр дүнгүй. Түүнийг мэс заслын аргаар амьсгалын замд саад болж буй мөгөөрсний муруй хэсгийг тайрч авдаг. Мөгөөрс нь бүтцийн хувьд голдоо мөгөөрс, хоёр талаараа нимгэн салстаар хучигдсан байдаг. Түүнийг хоёр салстаас нь хуулж салгаад амьсгалахад саад болж байгааг нь хэсэгчлэн тайрч авдаг. Тэрнээс биш бүтнээр тайрдаггүй. Гэхдээ мэс заслын явцад гэмтлийн зэргээсээ хамаараад хэр их тайрахыг тухайн эмч шийддэг. Хамар өөрөө гоо сайхны хувьд ач холбогдолтой эрхтэн учир мэс ажилбарын явцад үүнийг чухалчилж үздэг. Харин таславчийн мурийлтаас үүссэн хамар дайвар хөндийнүүдийн  үрэвслийн үед эмийн болон хэсэг газрын эмчилгээ хийгддэг. Хамар дайврын хөндийнүүдийн үрэвсэлтэй байвал түүнийг эмчилсний  дараа  мэс ажилбар хийнэ. Иймээс нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлээд оношлуулах хэрэгтэй.

Д.Мягмарсүрэн: Хамрын таславчийн муруйлт нь хамар битүүрэлтийн нэг шалтгаан болдог

“Гранд мед” эмнэлгийн чих хамар хоолойн эмч Д.Мягмарсүрэн: Хамрын таславчийн муруйлт нь хамар битүүрэлтийн нэг шалтгаан болдог. Хамрын хөндийг хоёр тэнцүү хэсэгт хувааж байгаа ханыг хамрын таславч гэж нэрлэдэг. Хамрын таславч аль нэг тийшээ муруйснаас болоод амьсгалахад бэрхшээлтэй болох, хамар байнга битүүрэх, үрэвсэл үүсэх өөрчлөлтүүд илэрдэг үүнийг хамрын таславчийн муруйлт гэж нэрлэдэг. Төрөлхийн болон олдмол гэсэн хоёр янз байдаг. Гадны бэртлийн улмаас олдмол муруйлт нь үүсдэг. Төрөлхийн гэдэг нь төрөхдөө муруйлттай төрсөн гэсэн үг биш. Хүний өсөлтийг дагаж хамар өсдөг. Тэр явцад таславч муруй өсөх тохиолдлууд байдаг.

Д.Доржсүрэн: Хамрын таславчийн муруйлт иргэдийн дунд маш элбэг байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, Анагаах ухааны магистр Д.Доржсүрэн: Хамар нь нүүрний төв цэгт оршдог, зөв дүр төрхийг илэрхийлдэг чухал эрхтэн. Хамраа гэмтээсэн хүмүүс манай эмнэлэгт хандах нь элбэг байна. Ялангуяа, баяр ёслол, уралдаан тэмцээний үеэр гэмтэх нь элбэг. Хамрын гэмтэл дүр төрхөд маш их нөлөөлдөг.

Хамрын таславч нь хамрын хөндийг баруун, зүүн хэсэгт хувааж байгаа таславч хэсэг юм. Арын хэсэг нь яс, урд хэсэг нь мөгөөрснөөс бүрдэх бөгөөд голд байрладаг учраас хамрын үндсэн багана болно. Хамрын таславчийн муруйлт иргэдийн дунд маш элбэг байна. Нийт иргэдийг 100 хувь гэж үзвэл 80 хувьд нь тохиолдож байна. Таславч баруун талруугаа муруйсан тохиолдолд хамрын хөндийн баруун талын хэсэг шахагдаж, амьсгалахад саад үүснэ. Харин зүүн  талын самалдаг үрэвслээс болж хөөж, хавагнаснаар хамрын хоёр тал аль аль нь битүүрдэг болно.

Таславчийн муруйлтаас болж, самалдаг хөөж, хавагнасан тохиолдолд хамрын битүү арилгадаг цацлага цацахаар зөөлөн эдийг түр хугацаанд хүчтэйгээр агшааж байгаа л хэрэг. Үрэвсэл намдахгүй. Самалдаг нь шүүрэл ялгаруулдаг, хамрын дотоод салстыг чийгшүүлдэг үүрэгтэй тул цацлага цацаж, хүчээр агшаагаад байхаар үүргээ гүйцэтгэхийн тулд бүр ихээр ачааллаж,  улам л хэмжээ нь томордог. Тиймээс үрэвслийг эхлээд намдаах хэрэгтэй.

Таславч муруйлттай, хамар битүүрэлтэй удаан хугацаанд явсан тохиолдолд хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Хамрын хөндийг тойрсон дөрвөн хос хөндий бий. Духны хөндий, элхэг хөндий, суурийн хөндий, хацрын хөндийн аль нэгд нь үрэвсэл үүссэн тохиолдолд дайвар хөндийн үрэвсэл гэнэ. Үрэвсэл хүндэрсэн тохиолдолд эдгээр бүх хөндийг хамардаг. Үрэвслийн шингэнээр дүүрч, цаашлаад идээ болсон тохиолдолд идээ нь ясыг иддэг. Духны хөндийн дээр тархи байрлах бөгөөд нимгэн ялтсаар хамгаалагдсан байна. Идээ ясыг идсээр тархи руу орсон тохиолдолд менингит тусах эрсдэлтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд