No menu items!
HomeЭрүүл мэндЛ.Аръяасүрэн: Зүрхний шигдээсийн үед цээжний зүүн талд, өвчүүний араар өвддөг

Л.Аръяасүрэн: Зүрхний шигдээсийн үед цээжний зүүн талд, өвчүүний араар өвддөг

-

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн оролцож, зүрх, судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

-Зүрхний бүтэц, үүргийн талаар яриагаа эхлэе?

-Зүрх нь атгасан гар шиг хэмжээтэй, судсаар дамжуулан эд эсэд хүчил төрөгч буюу тэжээлийг хүргэх үүрэг бүхий булчинлаг эрхтэн юм. Зүрх нь дөрвөн хөндий, дөрвөн хавхлагтай байна.

-Зүрхний дутагдал юунаас болж үүсдэг вэ?

-Энэ нь шалтгаанаасаа хамаараад аль ч насанд тохиолдож болох боловч ихэвчлэн ахмад настанд элбэг тохиолддог. Дэлхийн нийт хүн амын 65-аас доош насныхны 1 хувь, 75-84 насныхны 7 хувь, 85-аас дээш насныхны 15 хувьд тохиолддог бөгөөд 65-аас дээш насныхны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гол шалтгаан болдог.

Зүрх нь шахуургын үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй болох, өөрөөр хэлбэл биед шаардлагатай хэмжээний цусыг шахаж, бие махбодоор эргэлдүүлж чадахгүй болохыг зүрхний дутагдал гэж хэлнэ. Түгээмэл шалтгаан нь зүрхний шигдээс, зүрхний ишеми, артерийн даралт ихсэлт, зүрхний хавхлагын өвчнүүд, зүрхний булчингийн өвчин, халдвар, зүрхний төрөлхийн гажиг, уушгины өвчнүүд, архи, зарим эмийн бодисууд юм.

Зүрхний дутагдлыг улам хүндрүүлдэг эмгэгүүдэд халдвар, бөөрний хүнд өвчин, цус багадалт, зүрхний хэм алдагдах, бамбай булчирхайн зарим өвчнүүд, чихрийн шижин зэрэг багтана.

Зүрхний дутагдлын үед амьсгаадах, цөөн хоногт биеийн жин огцом нэмэгдэх, ханиалгах, хэржигнэх, хэвлий, хөл, шилбээр хавагнах зовиурууд илэрнэ. Үүнээс гадна ядрах, толгой эргэх, зүрх дэлсэх гэсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрч болно. Эдгээр тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Амьсгаадахын зэрэгцээ хүйтэн хөлс гарах, цээжний өвдөлт намдахгүй байх, зүрх дэлсэж, ухаан алдах тохиолдолд яаралтай тусламж авах шаардлагатай.

Иргэд эрсдэлт хүчин зүйл буюу дараах буруу хэв маягаас татгалзах хэрэгтэй. Үүнд, тамхидалт, дам тамхидалт, жингийн илүүдэл, шингэний хэрэглээг хянах, согтууруулах ундаа, кофены хэрэглээ зэрэг багтана. Ханасан өөх тос, транс тос, холестрол багатай хоол идэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /зүрхний дутагдалтай бол эмч, хөдөлгөөн засалчийн зааврын дагуу дасгал хөдөлгөөнийг хийнэ/ зэргээр амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох нь маш чухал.

-Зүрхний ямар төрлийн эмгэг монголчуудын дунд элбэг тохиолдож байна?

 -ШУГТЭ-т иргэд хандаж байгаа, хүндэрч байгаа таван бүлэг зүрхний өвчин байна. Тодруулбал, зүрхний шигдээс, хавхлагын гажиг, төрөлхийн гажиг, хэм алдагдал, зүрхний дутагдал. Эдгээр өвчний улмаас эмнэлгийн ачаалал их байна.

Хоолой, шүдний өвчлөлтэй холбоотойгоор зүрхний хавхлагын гажиг элбэг тохиолдож байгаа. Энэ нь манай улсын цаг уурын нөхцөл байдалтай холбоотой. Өглөө халууцаж байснаа үдээс хойш даардагтай холбоотойгоор хоолой, шүдний эрүүл ахуйд өөрчлөлт ордог. Мөн хүүхдийнхээ хоолой, шүдний эрүүл ахуйд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа 7-11 насны хүүхдийн шүд, хоолойг маш сайн эрүүлжүүлж байх хэрэгтэй. Сайтар эмчлэхгүй бол халдвар нь бөөр болон зүрх, дотор эрхтнийг гэмтээдэг.

Зүрх нь дөрвөн хавхлагтай байна. Эдгээр хавхлагуудыг үйл ажиллагаа алдагдсанаар хавхлагын гажиг үүсдэг бөгөөд үүнд олон шалтгаан бий. Тухайлбал, хэрх өвчин, насжилттай холбоотойгоор хатуурлын улмаас, өөр газраас идээт голомт тээвэрлэгдэн ирэх гэсэн дийлэнх гурван шалтгааны улмаас үйл ажиллагаа нь алдагддаг.

-Хэрхэн эмчлэх вэ?

-Шүд, хоолойг эрүүлжүүлнэ. Хэрх өвчний гаралтай байх юм бол эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийж, хяналтанд авна. Хавхлагын эмгэгтэй байвал жил тутамд нэг удаа зүрхний эхо шинжилгээ хийгээд эмч хянаад явна.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Доороосоо даарахгүй байх нь чухал. Ханиад томуугаас сэргийлэх, аяга, таваг, эрүүл ахуйн ариун цэврийг сайтар сахих, шүдээ сайтар угаах, шүдээ эмчлүүлэх, өлөө, оройдоо содтай бүлээн усаар хоолойгоо зайлах, амин дэмээр баялаг хоол хэрэглэх, шингэн сайн уух зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.

-Зүрхний шигдээс нас баралтын голлох шалтгаан болдог. Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ?

-Зүрхний шигдээс нь 50-аас дээш насныханд тохиолддог байсан бол одоо залуужсан. 25, 28 насанд ч тохиолдох болсон. Зүрхний судас ямар нэгэн байдлаар бөглөрч, тухайн хэсэгт цусан хангамж байхгүй болсонтой холбоотойгоор хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. Үүний улмаас зүрхний шигдээс үүсдэг бөгөөд удамшил, нас, хүйс, таргалалт, тамхи, давсны хэрэглээ, өөх тос, хөдөлгөөний хомсдол, артерийн гипертензи, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлс нөлөөлнө.

Зүрхний тасагт хавтэж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь эрэгтэй, тэдгээрийн 80-аад хувь нь тамхи татдаг байна. Давсны хэрэглээ нь харвалт, зүрхний шигдээс, зүрхний эмгэгүүдтэй шууд холбоотой байдаг гэдгийг анхаарч, давсны хэрэглээгээ багасгах нь мөн чухал.

-Зүрхний шигдээсийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Байрлал- Цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх

Онцлог- дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх

Дамжилт- зүүн гар, дал, мөр рүү өвдөлт дамжих

Хугацаа- 20 минут хүртэл өвдөх

Эрчим- өвдөлт сулаас аш хүчтэй байж болно

Намдах- титэм судас тэлэх эмэнд эсвэл хийж буй үйлдэл, ачааллаа зогсооход өвдөлт намдана

 Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Дээр дурьдсан эрсдэлт хүчин зүйлсээс байгаа тохиолдолд эмчид үзүүлж, жилдээ нэг удаа зүрхний цахилгаан бичлэг, эхо хийлгэж байх хэрэгтэй. Хэрэв бүтцийн өөрчлөлт байхгүй бол эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх нь чухал. Хэрэв зүрхний ямар нэгэн эмгэгээр оношлогдсон тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн товлосон хугацаанд заавал очиж үзүүлж байх шаардлагатай. Товлосон цагтаа ирж үзүүлэх нь цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд