No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг

Хэн, юу хэлэв: Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг

-

Архины шалтгаант өвчлөлийн талаар мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээллийг “Хэн, юу хэлэв” буландаа нэгтгэн хүргэж байна. 

Б.Болормаа: Архины хэрэглээнээс болж хамгийн их гэмтдэг эрхтэн нь нойр булчирхай

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Болормаа: Архи, спиртийн төрлийн ундаа нь хүний бие организмын бүх эрхтэн системийг гэмтээдэг сонгомол үйлчилгээтэй хор гэдэг нь хэнд ч нууц биш. Түүнчлэн хоол боловсруулах системийн талаас архины  шалтгаантай бие даасан эмгэгүүд үүсч байна. Тухайлбал,

1. Архины шалтгаантай элэгний цирроз үүсч байна.

2. Мөн архины хэрэглээнээс болж хамгийн их гэмтдэг эрхтэн нь нойр булчирхай юм.

3. Түүнчлэн цөсний хүүдийн эмгэг байна.

Мөн архи нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг даамжрах явцтай эмгэгүүдийг хүндрүүлж, нас баралтанд хүргэх  эрсдэлийг нэмэгдүүлдэг. УНТЭ нь жилдээ 1150-1300-аад хүнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн таван жилийн статистикийг харахад нойр булчирхайн цочмог үрэвсэл их байна. Тэр дундаа архины шалтгаантай нойр булчирхайн цочмог үрэвсэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлэх хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч нас баралт дорвитой буурахгүй байна. Тэр дундаа архитай холбоотой нойр булчирхайн эмгэгийн нас баралтын тоо буурахгүй байгаа. Мөн өвдөж байгаа болон нас баралтын дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс архины хэрэглээг бууруулах тухай нийгэм даяар ярих цаг нь болсон. Нойр булчирхайн өвчлөлөөс гадна архины шалтгаантай элэгний өвчин нэмэгдэх болсон. Манайхан суурь вирусийн халдвар ихтэй, хооллолтоосоо болоод элэг цөсний архаг эмгэг бүртгэгдэх нь их. Үүн дээр архины зохисгүй хэрэглээ нэмэгдсэний улмаас суурь эмгэг даамжирч нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх эрсдэл бий болдог. Тиймээс манай нийгмийн сөрөг үзэгдэл болоод байгаа архины хэрэглээтэй хүн бүр тэмцэх нь зүйтэй.

М.Наранбайгаль: Архины хордлогын эмчилгээг  хожимдуулбал амь насаа алдах, зүрхний шигдээс тусах эрсдэлтэй

Нийслэлийн түргэн тусламжийн чанар, аюулгүй байдлын албаны дарга М.Наранбайгаль: Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 1000-1200 дуудлага хүлээн авдаг бөгөөд үүний 40 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд байдаг. Мөн түүний 15 хувь нь архины хордлогын дуудлага байдаг.

Архины хордлогын эмчилгээг хожимдуулбал амь насаа алдах, зүрхний шигдээс өвчнөөр хүндрэх эрсдэлтэй. Тиймээс ч бид түргэн шуурхай үйлчилдэг. Түүнчлэн архины хэрэглээнээс болоод гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд гэмтэх, аваар осол их гарч байна. Архийг зохистой хэрэглэвэл ийм тохиолдол гарахгүй бөгөөд манай төв эмнэлгийн тусламж нэн шаардлагатай бусад хүмүүст очих үйлчилгээ сайжирна.

Б.Энхчимэг: Архины асуудлаас болоод СЭМҮТ-д хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа

СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэг: Архины асуудлаас болоод СЭМҮТ-д хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Архины хэрэглээгээ ямар түвшинд байна гэдгээ мэдэхийн тулд ирж байгаа залуус байхаас гадна ихэнх хүмүүс нь архинд донтох өвчний дунд үедээ орсон хойноо ирдэг. Ковидын жилүүдэд архинд донтох өвчний улмаас СЭМҮТ-д хандах хүний тоо нилээн нэмэгдсэн. Манайд жилдээ 1300-аад хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо 2000 орчим болсон. Тэдгээрийн 45 хувь нь архи олон хоног дараалж ууснаасаа болоод архины цагаан солиорол гэгддэг хий юм харж, сонссон биеэ авч явч чадахаа больсон хүмүүс байдаг. Хүмүүс ковидын улмаас хөл хорионд орсноор архи замбараагүй хэрэглэх нь өссөн үзүүлэлттэй гарсан.

Манай төвд архины хэрэглээгээ ямар түвшинд байна гэдгээ мэдэхийн тулд залуучууд их ханддаг болсон. Залуучууд тэг хэрэглээг гангараа болгож, архины хэрэглээгээ багасгах зорилгоор хандаж байгаа нь сайн талтай.

  • Архинд донтох нь сэтгэцийн өвчин юм. Донтох өвчин үүсч байгаа эсэхийг хувь хүн өөрөө хэрхэн анзаарах вэ гэхээр,
  • Ямарваа нэгэн байдлаар архи дарс уулаа гэхэд яарч байгаа эсэх,
  • Уугаад эхлэхэд өөрийн эрхгүй хөөрлийн байдалтай болж, амьдралд байсан стресс шийдэгдсэн мэт болох,
  • Мөн нэмж уух гэсэн хандлагатай байх нь архи дахин хэрэглэх гэсэн суурийг тавьж байдаг.

Тиймээс нэг уухаараа дахиж уух гээд байдаг билүү гэдэгт их анхаарах хэрэгтэй. Мөн ямар нэг шалтаг гараад уухад маргааш нь хордлогын байдалд ороод /шарталт/, түүнийгээ архиар тайлж байна уу гэдгээ анхаараарай. Шарталтаа архиар тайлж, нэг хоногоос дээш хугацаагаар ууж л байгаа бол архины донтолтын дунд үерүү орчихсон байгааг илтгэнэ. Архинаас болж солиорох нь шарталтын хамгийн хүнд хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчний төгсгөлийн шатанд гардаг шинж тэмдэг юм. Солиоролд орох тусам тархи, мэдрэлийн эсүүд маш их хэмжээгээр үхэж байдаг. Донтох өвчин гэдэг бол ерөөсөө л тархины өвчин бөгөөд хүний ухамсарт ухааны гээгдүүлдэг. Тиймээс иргэд шинж тэмдэг бага илэрч байгаа дээр нь харьяа, дүүргийн сэтгэц, наркологийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

С.Мөнхтуяа: Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч С.Мөнхтуяа: Монгол Улс архинаас шалтгаалсан хавдрын тохиолдлоор дэлхийд тавдугаарт орж байна. Мөн архины шалтгаант хавдрын нас баралт их байгаа юм. Архи хэтрүүлэн хэрэглэснээр амьдралынхаа 29 /дунджаар/ жилийг алддаг гэж үздэг.

Архинаас шалтгаалж ямар өвчлөлүүд үүсдэг вэ?

Архи нь мэдрэл, сэтгэцийн эмгэгийг гол шалтгаан болж байна. Тухайлбал, архинаас болж тархины үйл ажиллагааны болон зан үйлийн гэмтлүүд ихээр үүсдэг.

  • Архинаас шалтгаалсан сэтгэцийн болон зан үйлийн эмгэг үүснэ.
  • Архины шалтгаант ургийн хам шинж үүсдэг. Өөрөөр хэлбэл жирэмсэн үедээ архийг хэрэглэвэл ураг эмгэгтэй төрөх магадлалтай байдаг гэсэн үг юм.
  • Элэгний хатуурлын тохиолдлуудын 60 хувь нь архины шалтгаантай байдаг.
  • Ам, мөгөөрсөн хоолойн өмөн буюу хавдрын 30 хувь нь  архины шалтгаантай байдаг
  • Нойр булчирхай үрэвслийн 25 хувь нь архины шалтгаантай байдаг.

Эрчүүдийн дунд согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгаа. Монгол Улс нэг  хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээр Азид 4-т ордог. Спиртээс бусад согтууруулах ундааны нэг хүнд ногдох хэмжээ 2008 онд 58.6 л байсан бол 2018 онд 131.9 болж нэмэгдсэн. Энэ 10 жилийн хугацааг харвал согтууруулах ундааны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн байгаа юм

Монгол Улсын хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгааг хийж, 2019 онд дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс харахад архинд донтох эмгэг 6.2 хувийг эзэлж байна.

Архинд донтох нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Архинд донтох нь сэтгэцийн эмгэг мөн. Бидний уураг тархи өөрийн гэсэн үүрэгтэй. Биднийг хэвийн байх үед тархинаас допамин буюу баяр хөөрийн даавар ялгарч байдаг. Гэтэл архи, согтууруулах ундаа нь үүнд сөргөөр нөлөөлж, төв мэдрэлийн системийн тайвшруулах бодисыг их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнээс болоод хүний мэдрэлийн системийн тэнцвэрт байдал алдагддаг.

Архинд донтох эмгэг нь хүний уураг тархинд их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл ой санамж, шийдвэр гаргах байдал, тэнцвэр, мэдрэхүйн байдлыг өөрчилдөг. Мөн архинаас шалтгаалан тэнэгэрэл буюу ой тогтоомжийн процесс алдагддаг байна.

Архи нь сэтгэцийн бие даасан эмгэг үүсгээд зогсохгүй удаан хугацааны турш хэрэглэвэл 60 төрлийн эмгэг үүсгэдэг. Харин богино хугацаанд илэрдэг нөлөө бол ерөөсөө л хордлого  юм. Ялангуяа төв мэдрэлийн систем бүрэн хөгжөөгүй өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, охид архи, согтууруулах ундааны зүйлээс болж хордож, амь насаа алдах тохиолдол байна Удаан хугацааны турш архи хэрэглэснээр архины шалтгаант биеэ даасан эмгэгүүд үүсдэг. Энэ эмгэг хүндрээд ирэхээр олон эмгэгийн шалтгаант дутагдлаар амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг. Архи хэрэглэдэг хүний дархлаа мөн сул байдаг.

Н.Ням-Олдох: Архи, согтууруулах ундааны нөлөөгөөр  харшлын урвал өрнөж, чонон хөрвөс үүсдэг

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэргийн их эмч Н.Ням-Олдох: Архи, согтууруулах ундаа нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулах, дарангуйлах үйлчилгээг бий болгодог. Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг бөгөөд мөн арьс харшлын өвчний шалтгаан болон сэдрээх хүчин зүйл болдог.

Стандарт хэрэглээ ямар байх вэ?

300 мл шар айрганд 5 хувийн, 150 мл винонд 12 хувийн, 30 мл цагаан архинд 40 хувийн алкохол агуулагддаг байна.

Согтууруулах ундаа нь хүний биед олон төрлийн физиологийн эмгэгийг өдөөдөг. Хоногт 30 мл-ээс хэтрүүлэн хэрэглэснээр арьсны шарлалт, арьс загатнах, гиперпигментаци /арьс нөсөөжих/, чонон хөрвөс /харшлын хариу урвал/ илэрнэ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн арьсны өвчний илрэлүүдийн дийлэнх нь янз бүрийн эрхтний тогтолцооны үйл ажиллагааны доголдолтой шууд холбоотой.

Арьс, ам, залгиур, элэг, нойр булчирхай, хөхний хорт хавдар үүсэхэд хүртэл хүргэдэг байна.

Архийг хэтрүүлэн хэрэглэснээр цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний булчин гэмтэх, нойр булчирхайн архаг үрэсвэл үүсэх, цус алдах, ой тогтоолт буурах, мэдрэлийн эс эргэн сэргэхгүйгээр гэмтэх зэрэг өөрчлөлтүүд хүний бие махбодод илэрнэ.

Архины хэрэглээ нь арьсанд дараах байдлаар нөлөөлнө.

Арьсны улайлт:

Архины задралын эцсийн бүтээгдэхүүн болох ацетальдегид нь гистаминыг ихээр ялгаруулснаар арьс харшлын өвчнийг сэдрээж, улайлт үүсгэдэг.

Судалгаагаар зүүн хойд Азийн хүмүүсийн 40 хувь нь аетельдегидрогеназа ферментийн дутагдалтай байдаг. Улмаар архи уусны дараа харшлын өвчин сэдрэх магадлал өндөр байдаг аж.

Ягаан батга:

Ягаан батга өвчнөөр оношлогдсон 175 хүн, хэвийн арьсны 160 хүнийг хамруулсан судалгаагаар ягаан батга оношлогдсон хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болох нь оношлогдсон.

Ягаан батга өвчтэй хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэснээр нүүрний судсыг тэлж, улайлтыг өдөөдөг. Архи шалтгаан нь биш ч өвчнийг сэдрээж, даамжруулдаг.

Хайрст үлд:

Согтууруулах ундаа ихээр хэрэглэх нь хайрст үлд өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.

Хайрст үлд оношлогдсон хүмүүс дунд архины хэрэглээ өндөр байдаг. Оношлогдсон хүн долоо хоногт 80гр-аас дээш архи уух нь эмчилгээнд тэсвэртэй хайрст үлд, улайлт хэлбэрийн хайрст зэрэг хүндрэлд шилждэг.

Чонон хөрвөс:

Архины задралын эцсийн бүтээгдэхүүн болох ацетальдегидрогеназ нь гистаминыг ихээр ялгаруулснаар харшлын урвал өрнөж, чонон хөрвөс үүснэ. Хэдэн минутаас хэдэн цагийн дотор гарч болно. Архины хэрэглээ нь мөн арьсны халдварт өвчин болон хавдарт нөлөө үзүүлдэг. Ялангуяа арьсны эвэршдэг эсийн хавдар, суурь эсийн хавдарт нөлөө үзүүлдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд