No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг бөгөөд амьсгалын замаар дамжин...

Эмч зөвлөж байна: Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг бөгөөд амьсгалын замаар дамжин халдварладаг

-

Манай Улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин дэлхийн дундажтай харьцуулахад 3.4 дахин их байгааг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Энэ удаагийн хэн, юу хэлэв булангаараа сүрьеэ өвчний талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Б.Болор-Эрдэнэ: Сүрьеэ болон ковид-19 халдвар нь ижил төстэй шинж тэмдгүүдтэй

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Болор-Эрдэнэ: Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орон. Сүрьеэ өвчин нь архаг явцтай, удаан хугацаанд эмчилгээ шаардлагатай байдаг. Мөн сүүлийн үед сүрьеэгийн халдвартай хүмүүс ковидын халдвараар хавсарч өвдөх тохиолдол нэмэгдэж байна.

Сүрьеэ, ковидын халдвар аль аль нь хүний амьсгалын замыг гэмтээж байна. Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг. Тухайлбал ханиах, найтаах, дуулах, ярих үед бусдад дамждаг бөгөөд бактерийн халдвар юм. Харин коронавирус нь вирусийн шалтгаантай, агаар дуслын замаар дамжин халдварладаг.

Сүрьеэ болон ковид-19 халдварын шинж тэмдэг

Энэ хоёр өвчин ижил төстэй шинж тэмдгүүдтэй. Сүрьеэ нь архаг өвчин учраас удаан хугацаанд ханиах, цустай цэртэй ханиах, халуурах, цээжээр өвдөх, хүйт даах, чичрүүдэс хүрэх, шөнө хөлрөх, удаан хугацаагаар цэртэй болон цэргүй ханиалгах, хоолны дуршил буурах, ядарч сульдах, даамжраад ирвэл биеийн жингээ алдах зовиур илэрдэг.

Харин ковид-19-ийн халдвар хурц халдвар бөгөөд амьсгалын дээд замын үрэвслийн шинжээр эхэлдэг. Тухайлбал хоолой өвдөх, найтаах, хамар битүүрэх,халуурах, үе мөчөөр өвдөх, толгой өвдөх, цаашлаад амьсгалын доод замын шинж тэмдэг буюу ханиалгах, бие сульдах шинж тэмдэг илэрч байна. ХӨСҮТ-ийн хэмжээнд сүрьеэ болон ковидын халдвар хавсарсан өвчтөнүүдийг эмчлэх тусгай тасаг байгуулан ажиллаж байгаа. Уг тасагт өвчнийг оношилж, эмчилж, эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Сүрьеэ нь эмийн эмчилгээтэй өвчин бөгөөд хэд хэдэн өвөрмөц антибиотик хэрэглэдэг. Харин ковид-19-ийн халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ одоогоор гараагүй.

Сүрьеэ болон ковид-19 халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сүрьеэ

  • Сүрьеэ өвчин нийгмийн өвчин бөгөөд тархалт ихтэй учир эрүүл хүмүүс дархлаагаа сайн байлгах нь хамгийн чухал. Тухайлбал, сайн унтаж амрах, уурлаж уцаарлахгүй, ядарч сульдахгүй байх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулах, агаарт сайн гарах хийх хэрэгтэй. Нарны туяа бол сүрьеэгийн халдварын эсрэг хамгийн өвөрмөц байгалийн хамгаалалт.
  • Хэрэв сүрьеэ өвчнөөр оношлогдсон бол аль болох хурдан хугацаанд эрт эмчилгээндээ орж, эмчилгээгээ таслахгүй хийлгэх нь маш чухал.
  • Мөн энэ цаг үед ханиаж найтаахдаа ам хамраа дарах, гараа угаах, маск зүүх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд гэр бүлийн хүмүүсээ яаралтай оношилгоо шинжилгээнд хамруулах шаардлагатай.

Ковид-19

  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Маск тогтмол зүүх
  • Эрүүл ахуйн дэглэм сайн баримтлах
  • Мөн вакциндаа хамрагдаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Вакцин нь өвдөхөөс биш юм аа гэхэд хүндрэлээс сэргийлнэ гэж үзэж байгаа.

Ямар хүмүүс хүндэрч байна вэ?

Архаг суурь өвчтэй, сүрьеэгийн үлдэц ихтэй, тархмал гэмтэлтэй, өндөр настай хүмүүс амьсгалын дутагдалд орох эрсдэл үүсч байгаа.

Мөн уушгины архаг өөрчлөлтийн сууринд үүсч байгаа ковидын халдвараар өвдсөн хүмүүст бүтцийн хүнд өөрчлөлтүүд илэрч, амьсгалын дутагдалд орж, хүндрэх нь элбэг байна.

2020 оны 09 дүгээр сарын нэгнээс 2021 оны 09 сарын 30 хооронд сүрьеэгийн халдвартай коронавирусээр өвчилсөн хүмүүст судалгаа хийсэн. Уг судалгаагаар, сүрьеэгийн эмийн эмчилгээний явцад халдвар авсан 208 өвчтөн байсан. Нийт хавсарсан халдвар авсан 502 өвтөн байсан. Үүнээс олон эмний дасалтай сүрьеэ өвчтэй 32, идэвхтэй сүрьеэ өвчтэй 470 хүн байсан.  Нийт 46.4 хувь нь сүрьеэгийн эмчилгээний явцад халдвар авсан бөгөөд 2 хүн нас баржээ. Судалгааны дүгнэлтээс харахад ерөнхий ковидын халдвартай хүмүүстэй харьцуулахад хавсарсан халдвартай хүмүүсийн хувь ялгаагүй боловч нас баралтын хувиар ковидын нас баралт өндөр байгаа юм.

З.Мягмаржав: Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг бөгөөд амьсгалын замаар дамжин халдварладаг

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламж хүлээн авах тасгийн эрхлэгч, хүний Гавьяат эмч З.Мягмаржав: Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг бөгөөд амьсгалын замаар дамжин халдварладаг. Ихэнх тохиолдолд уушгийг бусад тохиолдолд бусад эрхтнийг гэмтээдэг. Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл 10 мянган хүн амд 10,1 хувийн тоон үзүүлэлттэй байгаа. Жилд дунджаар 3000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 12 хувь нь хүүхэд байна. Сүрьеэ өвчнөөс хамгаалах гол арга нь вакцин.

Дэлхийд болоод Монголд хүүхэд төрсний дараах 24 цагийн дотор вакцин хийдэг. Вакцин нь 6-7 жил хүүхдийг дархлааг хэлбэржтэл хамгаална. Үүнээс хойш бүрэн гүйцэт хамгаалахгүй, өвчлөх тохиолдол бий. Гэхдээ вакцин хийлгэсний хамгийн том давуу тал нь амь насанд аюул учруулах сүрьегийн менингит болон бусад хүндрэлээс сэргийлнэ. Тиймээс вакцинд хамрагдах нь нэн тэргүүний чухал асуудал юм. Дутуу төрсөн хүүхэд өсөлт бойжилт нь хэвийн болсон үед нөхөж вакцинжуулалтад хамрагдах ёстой.

Дээхнэ үеийн судалгаагаар жилд бүртгэгдэх 4000 тохиолдлын 70 хувь уушгины халдвартай, үлдсэн нь уушгины бус хэлбэрийн сүрьеэ байдаг байсан. Харин орчин үеийн судалгааны статистикаас харвал 60 хувь нь уушгины, 40 хувь нь уушгины халдваргүй буюу бусад эрхтнийг гэмтээсэн сүрьеэ байна. Бага насын хүүхдийн хувьд уушгины угийн булчирхайн сүрьеэ, булчирхай, яс, арьс, нүдний сүрьеэ тохиолдож байна. Сүрьеэгээр өвчлөхгүй эд, эрхтэн цөөн.

Б.Уранчимэг: Хөдөлмөрийн насныхны дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Статистикч эмч Б.Уранчимэг: Манай улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин дэлхийн дундажтай харьцуулахад 3.4 дахин их байна. Жилд 13,000-14,000 хүн энэ өвчнөөр өвчилж байна гэсэн тооцоолол бий. Дэлхий дээр жилд 400 гаруй мянган хүн олон эмд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа бол манай улсад энэ тоо 1,000 орчим байна. Эндээс харвал олон эмд дасалтай сүрьеэгийн өвчлөлөөр манай улс дэлхий болон бүсийн дундажтай харьцуулахад 4-5 дахин их байгаа юм.

Хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийн хувьд дэлхийн дундаж долоон хувь, манай улсынх 12 хувь байна.100 мянган хүн амд оногдох өвчлөлийн түвшин манай улсад 437 байгаа бол ОХУ-д 46, БНХАУ-д 59. Гэхдээ энэ үзүүлэлтээр хамгийн өвчлөл өндөртэй нь Филиппин улс байна. Харин манай улс эмчилгээний амжилтаараа дэлхийн дунджаас дээгүүр байгаа. Халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэг 88 хувийн амжилттай эмчилж чадсан.

Хамгийн сүүлийн мэдээллээр сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд Монгол Улс орсон. 2014-2015 онд Монгол Улс дахь сүрьеэгийн тархалт ямар байгааг анх удаа судалсан бөгөөд 100 мянган хүн амын 22,000 гаруй нь сүрьеэтэй гэж гарсан. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүс болон тэдний гэр бүлийнхний 74 хувь нь санхүүгийн ямар нэгэн дарамтад өртөж байна гэх судалгаа бий.

Сүрьеэ өвчний илрүүлэлт

Жил бүр сүрьеэгээр өвчилж байгаа 8,000- 10,000 хүнийг оношилж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Манайд жилд 13-14 мянган хүн сүрьеэгээр өвчилж байгаа боловч илэрч оношлогдож байгаа  нь ердөө 3,000-4,000 орчим байна. Үүний цаана 10 мянга гаруй хүн оношлогдохгүй явж байгаа гэсэн үг.

Түүнчлэн ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдвартай хүний тоо 17 гэх тооцоо байгаа ч дөрвөн хүн нь л оношлуулсан. Харин цаана нь 13 хавсарсан оноштой хүн бүртгэгдээгүй байна гэсэн үг.

Сүрьеэгийн өвчлөл зүүн болон төвийн бүсийн орон нутгуудад хамгийн өндөр бүртгэгддэг. Тэр дундаа төмөр зам дагуух орон нутгуудад их байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Мөн эд  хөдөлмөрийн насныхны дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна. Түүнчлэн 55-аас дээш насныхны дунд өвчлөлийн түвшин өндөр байгаа нь судалгаанаас харагддаг. Үүнээс үзвэл нас ахих тусам сүрьеэд өртөх магадлал нэмэгдэж буй нь харагдаж байна.

Б.Буянхишиг: Сүрьеэ өвчний үед хөлрөх шинж тэмдэг илэрнэ

ХӨСҮТ-ийн СТСА-ны лавлах лабораторийн зөвлөх эмч Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Буянхишиг: Сүрьеэ өвчин нь нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин аль ч эрхтэн системийг гэмтээж болох боловч ихэнхдээ (70%) уушгийг гэмтээдэг. Амьсгалын замаар халдварладаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. 

Уушгины сүрьеэгээр өвчилж, цэрээр  сүрьеэгийн нян ялгаруулж байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг. Тэдний ханиалгах,  найтаах,  цэрээ хаях, ярих , дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдан халдвартай агаараар амьсгалсан хүмүүс СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР  авдаг.

Сүрьеэ өвчний үед ямар шинж илэрч болох вэ?

Та болон таны ойр дотны хүмүүст:

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах,
  • Цээжээр өвдөх, 
  • Зарим үед цустай цэр гарах
  • Хөлрөх ялангуяа шөнө хөлрөх
  • Халуурах( өндөр биш халуурах, бие зарайх), 
  • Шалтгаангүй турах,
  • Хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг  илэрч байвал,

Хаана хандах вэ?

Дээрх  шинж тэмдэгийн аль нэг илэрвэл  “Сүрьеэ байж болзошгүй” тул  харьяа аймаг, дүүргийнхээ  өрх, сумын эмчид хандаж үзлэгт орох, улмаар сүрьеэгийн эмчид хандаж, цээжний  рентген шинжилгээ болон цэрний шинжилгээ өгөх нь чухал.

Б.Сурмаажав: Улсын хэмжээнд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны хяналтын эмч Б.Сурмаажав: Улсын хэмжээнд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Нийт бүртгэгдэж буй сүрьеэгийн тохиолдлын тоо буурсан ч гэсэн сүрьеэ өвчлөлийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм. 2021 онд 2,364 тохиолдол бүртгэгдсэний 317 нь 0-15 насны хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл нийт бүртгэгдсэн тохиолдлын 12,3 хувийг хүүхэд эзэлж байна. Бүртгэгдсэн 317 тохиолдлын 81 хувь уушгины бус эрхтний сүрьеэ буюу цээжний болон захын тунгалгийн булчирхайн сүрьеэгээр өвдсөн байна.

0-5 насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнээс сүрьеэгийн халдвар авч байна. Хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь нийгэмд сүрьеэгийн өвчлөл их байгааг харуулж байгаа юм.

Ц.Даваасүрэн: Монгол Улсад сүрьеэгийн эсрэг эмчилгээ үнэ төлбөргүй

ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Ц.Даваасүрэн: Манай улс нь  сүрьеэгийн тархалт өндөртэй улсын тоонд ордог бөгөөд жил бүр 3000-4000 хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг. Сүрьеэтэй өвчтөний эмчилгээ хамгийн багадаа 6 сар түүнээс дээш 2 жил хүртэлх хугацаа шаарддаг. Монгол Улсад сүрьеэгийн эсрэг эмчилгээ үнэ төлбөргүй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улсын төсөвт сүрьеэгийн эсрэг эмийн зардлыг тусган санхүүжүүлдэг. Мөн  Олон улсын байгууллага Глобаль сангаас сүрьеэгийн эсрэг эмийн тодорхой хувийг санхүүжүүлэхээс гадна эмийг үнэгүй хүргэж өгдөг тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Манай улсад сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байна. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд зарцуулж буй  Засгийн газрын санхүүжилт жил бүр нэмэгдэж байна.

Сүрьеэгээр өвдөж байгаа хүмүүсийн  70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Сүрьеэгээр өвдсөний улмаас ажлаа хийх боломжгүй болдог. 2018 онд хийсэн сүрьеэтэй өвчтөн болон тэдний гэр бүлд учирч буй зардлын судалгаагаар  сүрьеэтэй өвчтөний 39 хувь санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зээл авсан, 45 орчим хувь нь ажилгүй болж, 70 хувь нь  санхүүгийн дарамтад өртсөн гэсэн судалгааны үр дүн гарсан. Ажилгүй, орлогогүй, санхүүгийн дарамтад орсон  сүрьеэгээр өвдсөн хүмүүст нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай болдог. 

Д.Баярболд: Сүрьеэ арьс, яс, дотор эрхнүүдийг гэмтээдэг

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварлаж, хүний биеийн арьс, яс, дотор эрхнүүдийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Монгол Улсад жилд дунджаар 13,000-14,000 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байдаг боловч, илрүүлэг үзлэгээс хамран ердөө 3000-4000-ыг л илрүүлж байна. Нийт оношлогдож байгаа хүний 60 хувь нь Улаанбаатар хотод байна. Тиймээс цаашид бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн хүнийг эмчлэхийн төлөө анхааран ажиллах шаардлагатай байна. Сүрьеэгүй эрүүл ирээдүйг бүтээж, хүн ард, залуучуудаа эрүүл байлгахын төлөө хамтдаа хичээе.

Ц.Билэгтсайхан: Хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ХӨСҮТ, олон улсын байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан энэ оны 1 дүгээр сараас эхлэн 30 гаруй арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. ДЭМБ-аас 20 жилийн өмнө сүрьеэг “АЮУЛТАЙ ӨВЧИН” хэмээн зарласан ч энэхүү өвчин дэлхий дахинд нас баралтын 10 шалтгааны нэг хэвээр байна. Цаашлаад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид Ковид-19 цар тахалтай хамтдаа тэмцэж, 4 давалгааны ард хохирол багатай даван туулаад байна. Ковид-19-ын энэ нөхцөл байдал халдварт өвчин тэр дундаа сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоог сааруулах нөлөө үзүүлсэн. Бид өмнө нийт тооцоологдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол сүүлийн 2 жил энэ нь 20 хувь болж буурсан. Тиймээс цаашид илрүүлэгийн хувийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жил бид илрүүлэг, оношилгоон дээр илүү их ажиллахаар төлөвлөсөн болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд