No menu items!
HomeХэн юу хэлэвКовид-19 халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэн, юу хэлэв?

Ковид-19 халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэн, юу хэлэв?

-

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 449 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,855 болж нэмэгдлээ. Бид энэ удаагийн “Хэн, юу хэлэв” булангаараа ковид-19-ийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүс ямар мэдээлэл хүргэснийг нэгтгэн хүргэж байна.

Ц.Билэгтсайхан: Цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуульд кластер халдвар нэмэгдэж байгаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Сүүлийн долоо хоногт халдвар их бүртгэгдэж байгаа улс орнуудын дунд манай улсын иргэдийн их зорчдог улсууд буюу Турк, Япон, БНСУ багтаж байгааг дурдъя.

Тандалт судалгааны ажлууд ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хийгдэж байна. Тухайлбал, нэг эх уурхайгаас таван тохиолдлоос дээш халдвар батлагдсан халдварын 13 кластер голомт бүртгэгдсэн.

Мөн өнгөрсөн долоо хоногоос танхимын сургалт эхэлсэнтэй холбоотойгоор ЕБС, Их, дээд сургуулиуд, цэцэрлэгийн кластер халдвар нэмэгдэж байгаа. Гэсэн ч одоогоор Омикроны давлагааны эд ачаалалтай харьцуулахад орны ачаалал 50 хувиар буурсан.

Харин ХӨСҮТ дэх нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай орны ачаалал улсын хэмжээнээс 7-8 дахин, хүнд буюу хүчил төрөгчийн хэрэгцээ шаардлагатай орны ачаалал 3-4 дахин өндөр байгааг хэлье.

УОК, Засгийн газраас гаргасан шийдвэр нь боловсролын хоцрогдлыг арилгахыг дэмжсэн шийдвэр байсан. Гэхдээ халдварын эрсдэл огт буураагүй байна. Тиймээс ААН болон иргэд аялал жуулчлал, албан томилолтоо төлөвлөж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатайг хэлье.

Түүнээс гадна ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгч байгаа иргэдийн 49 хувь нь ойрын хавьтал болсон хүмүүс бол 15 хувь нь албан байгууллагаас шинжилгээ шаардсан байна. ААН-үүдийн хязгаарлалтыг сулруулсан тул PCR шинжилгээ иргэдээс шаардахгүй байхыг хүсье.

Өөрөөр хэлбэл, шаардлагагүй шинжилгээний тоог нэмэгдүүлэхгүй байхыг сануулж байна. Гадаад руу явах иргэдийн урсгал өндөр байна. Иймд ХӨСҮТ гадаад улсыг зорих иргэдэд хэрхэн шинжилгээ хийж байгааг өөрийн албан ёсны хуудсаар тогтмол хүргэж байгаа.

/2022.02.18, ЭМЯ-ны мэдээллийн цаг/

О.Батбаяр: Халдварын тоо байгаа ч нас баралт эрчимтэй буурсан

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Дэлхийн улс орнууд хилээ нээж, хорио цээрийг цуцалж байгаа шалтгаан нь коронавируст халдвар цар тахлаас нутагшмал хэлбэр рүү шилжиж байгаа гэж үзсэнтэй холбоотой.

Цар тахлын үед тохиолдол, нас баралтын тоо өндөр, давлагаа огцом өсөлттэй байдаг бол нутагшмал хэлбэрт шилжихээр халдвар байсаар байх боловч нас баралт бага, тохиолдлын тоо огцом өсөлтгүй байдгаараа цар тахлын хэлбэрээс ялгаатай юм.

Тиймээс коронавирусийн халдвар нутагшмал хэлбэрт шилжсэн буюу нас баралт томуугийн хэмжээнд хүрч буурсан нөхцөл байдал нь улс орнуудыг хилээ нээх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Манай улсын хувьд ч халдварын тоо байгаа ч нас баралт эрчимтэй буурсан. Цар тахлын үеийн дельта хувилбарын үетэй харьцуулбал одоо 10 дахин нас баралт буурсан байна. Мөн эмнэлгийн ачаалал буурч, сүргийн дархлаа хангалттай тогтсон нь манай улсыг хилээ нээх, хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

/2022.02.18, ЭМЯ-ны мэдээллийн цаг/

Ж.Нарангэрэл: Омикрон хувилбарын дэгдэлт хэвээр үргэлжилж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар орон даяар коронавирусийн Омикрон хувилбарын дэгдэлт хэвээр үргэлжилж байна. Гэхдээ тохиолдлын тоо харьцангуй буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал буурсан нааштай үзүүлэлт байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 9.9 хувь нь эмнэл зүйн нэн хүнд, хүнд хэлбэрээр өвджээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад, нэн хүнд болон хүнд тохиолдлын хувь 0.8 хувиар буурсан. Ерөнхийдөө өндөр настай, хавсарсан эмгэгтэй, дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд нэн хүнд болон хүндээр өвдөж байна. Тиймээс дархлаажуулалтын бүүстэр болон дөрөв дэх тунгийн хамрагдалтын тухай зөв мэдээллийг авч, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй зөвлөе.

Мөн иргэдийн хөл хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол нэмэгдэх хандлага байна. Ийм учраас энэ тал дээр эцэг эхчүүд, иргэд олон нийт маань анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг сахих хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 402 жирэмсэн эмэгтэй Ковид-19 вирусийн халдвараар эмчлүүлж байна.  Мөн 18-35 насныхны дунд дархлаажуулалтад хамрагдах хувь харьцангуй бага байгаа. Тиймээс энэ насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь чухал юм.

Омикрон хувилбартай холбоотойгоор эмнэлгийн тусламжийг ард иргэдэд хүртээмжтэй, цаг алдалгүй чирэгдэлгүй хүргэх үүднээс коронавирусийн халдварт зориулсан амбулаторийг нээн ажиллуулсан. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд, 12 цэгт Ковидын амбулатори ажиллаж байгаа.  Өнгөрсөн долоо хоногийн тухайд, 370 гаруй хүн тэр амбулаториор үйлчлүүлсэн. Тэдгээрийн 217 хүн нь рентген шинжилгээнд ороход 21 тохиолдол нь эмнэлэгт хэвтэх заалттай, уушгины хатгаатай байсан.

/2022.02.18, ЭМЯ-ны мэдээллийн цаг/

Б.Бумдэлгэр: Гадаадруу зорчих иргэд нислэгийн цагаа зөв тооцож, шинжилгээ өгөх хэрэгтэй

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр: Гадаадад зорчих иргэдэд анхааруулахад, коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээний сорьцыг өдөр бүр Амбулаторийн нэг давхрын “ковид-19 чартер шинжилгээ” гэсэн өрөөнд 08:30-11:00 цагийн хооронд авна.

  • Сорьц өгөхөөр ирэхдээ дараах зүйлсийг анхаарна
  • Ирэхдээ гадаад паспортын хуулбарыг авчирна.
  • Шинжилгээний төлбөр болох 50,000 төгрөгийг кассанд зөвхөн картаар тушаана.
  • Хариуг шинжилгээ өгсөн өдрийн оройн 22:00 цагаас хойш шинэ лабораторийн 104 тоотод олгоно. Зарим улс оронд PCR  шинжилгээний хариу 72 цаг, заримд нь 48 цагийн хугацаанд хүчинтэй байх тул иргэд нислэгийн цагаа зөв тооцож, шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

/2022.02.18, ХӨСҮТ-ийн мэдээллийн цаг/

Б.Бямбадорж: Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн  дунд хүүхэд олон байна. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа” гэв. Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт учраас цаашид ч байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.

/2022.02.21, Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд