No menu items!
HomeХэн юу хэлэвКовид-19 халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэн, юу хэлэв?

Ковид-19 халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар хэн, юу хэлэв?

-

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2,089 хүнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1,373 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 716 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Бид энэ удаагийн “Хэн, юу хэлэв” булангаараа ковид-19-ийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүс ямар мэдээлэл хүргэснийг нэгтгэн хүргэж байна.

Б.Бямбадорж: Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног эхлэх үеэс халдварын тоо огцом нэмэгдсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээнд хоёр зүйл маш чухал байдаг. Нэгдүгээрт, өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалт. Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Өнгөрч буй хугацаанд дархлаажуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн 50.8 хувь нь III  тунд хамрагдсан бол IV тунд 25,881 хүн буюу  2.7 хувь нь хамрагдаад байна. Иргэдийг IV тунд хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал нэгдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Тушаал гарснаас хойших 10 хоногийн хугацаанд хүн амын 2.7 хувь нь вакцин хийлгэсэн гэхээр хүмүүс идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг.

Вакцинд хамрагдсан иргэдийн хувьд хүн амын дунд үүсэх халдварын хүндрэл бага байна.

Хоёрдугаарт, онцлон дурдах гол зүйл бол халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг багасгах, иргэд хоорондын зай барих, халдвартай иргэнтэй харьцахгүй байх, халдвар авсан иргэд бусдад халдварлуулахгүй байхад анхаарах ёстой. Гэтэл шинэ жилийн үеэр энэхүү дэглэм алдагдсан. Тиймээс ч 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног эхлэх үеэс халдварын тоо огцом нэмэгдсэн. Мөн халдвар авсан хүмүүсийн дотор коронавирусийн Омикрон хувилбар оношлогдсон. Омикрон хувилбар нь өмнөх дэгдэлтийн бусад хэлбэрийн вирусээс халдварлуулах идэвх нь илүү өндөр.

Дельта, альфа хувилбарын халдвар нь агаар дуслын замаар дамждаг байсан бол Омикрон хувилбар бол аэрозоль байдлаар агаараар дамжиж байна. Тиймээс халдвар маш хурдтай тархаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар халдвар авч эмчлүүлж буй иргэдийн өвчлөлийн байдлыг ажигласан эмч нарын ажиглалтаар Омикрон хувилбарын халдварт өртсөн иргэдийн өвчин зовуурь хөнгөн, хатгаа үүсэх нь бага, халдварын үе богино хугацаанд үйлчилж байгаа мэт боловч  халдвар авч буй хүний тоог огцом нэмж, хууч өвчтэй, хатгаа болон уушгины үрэвсэл тусч байсан зэрэг хүмүүст хүндрэл учирч байна. Тэдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч ор хоног нь өмнөхөөс уртсах эрсдэл үүсэж байна.

/2022.01.17, НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс/

Ц.Билэгтсайхан: Халдварын тоо хоногт 60 мянгад хүрэх эрсдэлтэй байна

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Иймд бид хариу арга хэмжээгээ өөрчлөв. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай.  

Цагаан сарын үеэр хөл хөдөлгөөнийг хязгаарлавал халдварын тархалт ямар байх талаар тооцоо судалгааг хийж байгаа. Хэрэв хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулбал халдварын тархалт хоёр дахин буурна.

Халдварын оргил үе ирэх сарын эхээр буюу Цагаан сартай давхцахаар байна. Мөн энэ үед хүүхдүүдийн хичээл эхэлнэ. Одоогийн тооцооллоор ирэх сард халдварын хоногт батлагдах тохиолдол 50-60 мянга болж өсөх эрсдэл ажиглагдаж байна. Үүнээс хамаараад орны нөөцийн асуудал үүсэж байгаа учраас аль болох халдвар хамгаалалтын дэглэм сахиж тодорхой хязгаарлалт хийх саналуудыг гаргасан.

Бид тандалтын судалгаагаа холбогдох байгууллагуудад өгсөн тул удахгүй УОК шийдвэрээ гаргах байх.    

Би хувилбарын тандалтын шинжилгээ хийдэг. Ямар төрлийн вирусээр үүсгэгдэв, тархалт нь ямар байгааг тогтоох нь энэ судалгааны зорилго юм.  Хувилбарын тандалтын хамгийн сүүлийн мэдээллээр оны өмнө нийт эерэг тохиолдлын 1-3 хувь нь омикрон байв. Харин энэ сарын эхний долоо хоногт 40-50 хувь, дараагийн долоо хоногт 60-70 хувь болж өслөө.  Энэ сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрчээ. Бид генийн дараалал тогтоох шинжилгээгээр энэ хувийг баталгаажуулдаг.   

Залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Мөн амны хаалтаа сайн зүүх, N95 болон  мэс заслын амны хаалт зүүх шаардлагатай байна. Зарим иргэн чанарын шаардлага хангаагүй амны хаалт зүүж байна. Цагаан сараар гэр гэртээ л золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой.

/2022.01.19, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийв/

Ц.Чинбаяр: Омикроноор халдварласан иргэдийн суурь өвчин сэдэрч байна

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ц.Чинбаяр:  Омикрон хувилбартай холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн эмнэлзүйн мэдээллийг хүргэе. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдлыг харвал өвчтөнүүдийн 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 хувь нь биеийн байдал хүнд байна. ХӨСҮТ-д 395 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийг эрэмбэлэн ангилж, хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг манай эмнэлэгт авчирдаг. Эдгээр өвчтөнүүдийн 30-35 хувь нь нэн хүнд байдалтай байна. Эдгээр иргэд хавсарсан өвчтэй (зүрх судасны өвчтэй, элэгний хатууралтай, хавдрын сүүлийн шатанд орсон, харвалтын дараах байдалтай гэх мэт), өндөр настай иргэд байна. Альфа, бета хувилбараар өвчилж, хүндэрсэн өвчтөнүүдийн дунд амьсгалын дутагдалд орох нь элбэг байв. Харин омикроноор халдварласан иргэдийн суурь өвчин сэдэрч байна.   

/2022.01.19, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийв/

А.Амбасэлмаа: Манай улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа: Коронавируст халдвар удаан үргэлжилж, Омикрон хувилбарын тархалт эрчимтэй явж байгаа энэ үед ард иргэддээ зориулж тодорхой зөвлөмжүүд өгье гэж бодлоо. 

Хүн амын дунд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдээд байгаа. Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш хамгийн эрчтэй, хурдтай, тархалт ихтэй давлагаа явагдан, үргэлжилж байна. 

Манай улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал, ард иргэдийн эмнэлгийн тусламж авах эрэлт хэрэгцээ нэмэгддэг. 

Бид цар тахалтай тэмцээд хоёр жил болж байна. Дэлхий нийтээрээ хэрхэн сэргийлэх талаар мэдээлэлтэй болж суралцсан. Энэ үед зөвхөн эрүүл мэндийн байгууллагынхан биш ард нийтээрээ халдварын эсрэг тэмцэх ёстой. 

Омикрон хувилбарын халдварын нууц үеийн хугацаа богино буюу 2-4 хоног байгаа гэсэн ч халдварлах чадвар өндөр байгаа учраас хаана олон хүн цугласан байна тэнд халдварын голомт үүсэж байна. 

Халдварын өргөн тархалтын үед эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс 30-аас дээш хувийг эзэлчихдэг. Тийм учраас хавьтал болсон иргэн шинж тэмдэггүй боловч, халдвар тараагаад яваад байх боломжтой. Хажуудаа байгаа шинж тэмдэггүй хүнээс ч халдвар авах магадлалтай гэсэн үг. Тэгэхээр хаана ч байсан халдварт өртөхөөс сэргийлэн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байх хэрэгтэй. 

Албан газар бүр халдвараас сэргийлэх, аль нэг хэсэг, нэгжид нь халдвар гарахад ямар арга хэмжээ авах талаар төлөвлөлттэй байх хэрэгтэй байна.

Халдвараас сэргийлэх дараагийн чухал алхам бол дархлаагаа дэмжиж юм. Дархлаа дэмжих гэдэг нь дусал, тариа, витамин хийлгэхийг хэлэхгүй бөгөөд халуун бүлээн хоол хийх, өдөр унтах, орой эрт унтахыг хэлнэ. Мөн бухимдахгүй, тайван байхад анхаарах хэрэгтэй. 

Томуугийн өвчлөлийн үед халдвар авсан хүмүүсийг нэг бүрчлэн тоолох боломжгүй байдаг. Үүнтэй адил Омикроноор өвдсөн хүмүүсийг нэг бүрчлэн тоолох боломжгүй. Тийм учраас PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж, шинжилгээнд эерэг эзлэх хувьд үндэслэн дэгдэлтийг тандаж, хянаж байгаа. 

Вакцин хийлгэснээс 7-14 хоногийн дараа эсрэг бие үүсэж, дархлаа тогтдог. Гэтэл өнөөдөр вакцин хийлгэсэн гээд хаа хамаагүй явж байгаад маргааш, нөгөөдөр нь халдвар авахаараа вакцинд буруу өгөөд байна. Коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас хэлсээр ирсэн. 

Удахгүй манай уламжлалт Цагаан сарын баяр болно. Энэ баяраа гэр гэртээ, ахмад настан, хамаатнуудтайгаа цахимаар золгон цаг үеийн нөхцөл байдалтайгаа зохицуулан баярлахыг уриалж байна.

/2022.01.21, ЭМЯ-ны хэвлэлийн хурал/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд