No menu items!
HomeОнцлохЭрээний хил нээгдэх эсэх талаар хэн, юу хэлэв?

Эрээний хил нээгдэх эсэх талаар хэн, юу хэлэв?

-

Цар тахал дэгдсэн цагаас эхлэн хил, гааль нээж хаах талаар олон мэдэгдлүүд гарсан. Уржигдархан Монгол Улсын Шадар сайд Эрээн-Замын Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэлсэн гэх мэдээллийг өгч байв. Гэвч өчигдөр Эрээний хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаалаа гэх мэдээлэл гарсан билээ. Эрээний хил нээгдэх эсэх талаар холбогдох хүмүүс юу хэлснийг энд нэгтгэн хүргэе.

“Эрээн хотод халдвар дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хөдөлгөөнийг бүрэн нээнэ”

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.

Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж.

Эдүгээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.

Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн мэдээлэл байна.

/2021.11.11, Гадаад Харилцааны Яам/

Б.Мөнхжин: БНХАУ хилийн тэг цэг дээр чингэлэг солилцох санал тавьсан

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Эрээн хотод хөл хорио хэвээр үргэлжилж байна. Сүүлийн гурван хоног тус хотод халдварын тохиолдол илрээгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлтэд халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн ачаа контейнерүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Тодруулбал, дээрх нөхцөлд Хятад улсын талаас халдвар хамгааллын дэглэмээ сахин хоёр улсын тээврийн жолооч нарыг хоорондоо хавьтахгүйгээр хилийн тэг цэг дээр ачаа барааны чингэлгүүдийг солилцъё гэсэн санал тавьсан.

Энэ бол хоёр улсын хил хооронд барааны эргэлтийн хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн БНХАУ-ын талаас тавьж буй санал юм. Бид тус улсын Эрээн боомтоос ирүүлсэн дээрх саналыг хүлээн авч 19 хоногийн дотор жолооч нараа бэлтгэн хилийн цэгийн талбайг засах зэргээр зохион байгуулна. Ингэснээр Эрээн-Замын-Үүдийн хоорондох авто тээврийг үргэлжлүүлэн хийх боломжтой болно гэв.

Сүүлийн өдрүүдэд ажиглаж байхад Эрээнд коронавирусний тохиолдол илрээгүй. Тиймээс Хятадын тал тус хилийн авто замын боомтоор хийх тээвэрлэлтийн бэлтгэл ажил руугаа шуурхай орох байдалтай байгаа. Энэ талаар бид мөн Эрээн хотын талтай ярьж тохироод байна. Дундын бүсийг хамтран тохижуулах гээд Хятадын талтай хамтран хийх ажил байгаа гэв. Манай улс хүнсний нарийн ногоог одоогоор урд хөршөөс галт тэргээр тээвэрлэж байна. Хүнсний бараа, бусад бүтээгдэхүүнээр тасалдах байдал гарахгүй. Зохион байгуулалтын ажлаа хоёр талаас сайн хангавал манай улсын экспорт-импортын тээвэр хэвийн явагдах боломжтой болно” гэв.

/2021.11.16, Хэвлэлийн хурал/

Чингэлэг солилцох туршилтыг түр хугацаанд хойшлуулжээ

Халдварын тохиолдол гарсантай холбоотойгоор Эрээн-Замын-Үүд боомтын хилийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Гадаад харилцааны яамнаас зохицуулалт хийж байгаа, ойрын хугацаанд хил нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэх тайлбар өгч байв. Гэтэл Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засварыг дахин хийх шаардлагатай болжээ. Одоогийн хийсэн талбайн засвар нь хангалттай бус байгаа учир хоёр талын туршилтыг түр хугацаанд хойшлуулсан байна.

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч арьаннэгдүгээр сарын 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ.

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан. Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.

Түүнчлэн иргэд олноор цуглах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байна.

Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн ба 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын, тэр дундаа Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, энэ сарын 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөөд байгаа юм.

/2021.11.26, news.mn/

“Хүний оролцоогүйгээр ачаа тээврээ 0 цэг дээр солилцоно”

Шадар сайд С.Амарсайхан “Бүх хөдөлгөөн тээвэрлэлт хаагдсан, зогссон гэх мэдээлэл албан бус. Хятадын талаас шийдвэр гарсан бол ГХЯ, Хятадын талаар дамжуулаад албан ёсны шугамаар мэдээллээ өгөх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гааль тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа. Ялангуяа автомашинаар тээвэрлэх. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байна.

Хятадын халдварын тохиолдол хяналтад байгаа учир хилийн авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гарсан. Гурав хоногийн дараагаас үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Хилийн 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Манай талаас бэлтгэлээ хангасан. Хятадын тал ч мөн бэлтгэлээ хангасан. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ЗТХЯ-наас ажлын хэсэг гараад ажлын хэсэг газар дээр нь ажиллана. Ажиллах жолооч, тээвэрлэлт хийх төхөөрөмж зэргийг бэлтгээд явж байна. Ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор машинаар, чингэлэг тээврээр, ачаа тээврүүдээ авч эхлэх боломж нь бүрдэнэ. Хүний оролцоогүйгээр ачаа тээврээ 0 цэг дээр солилцоно” гэв.

/2021.11.29, Шадар сайдын мэдээлэл/

Л.Халтар: Өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг ачаа орж ирж байгаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “ГХ-ны дэд сайд Эрээн дэх консулын газрынхантай мөн БНХАУ-ын талтай холбогдож байгаа. Үдээс хойш тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна.

Хятадын тал анхнаасаа л хилийн боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаач ээ, ногоон бүс болгооч ээ гэсэн асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь манай хилийн боомтууд ногоон бүс байж чадаагүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдвараа бууруулбал айлын талаас нэг их хатуурхаад байхгүй байх гэж бодож байна.

Дундын бүсэд байгуулсан талбай 50 орчим чингэлэг байршуулах зайтай. Байнгын тээвэр эхэлбэл өдөртөө 50 чингэлэг татан авна гэсэн үг. Цаашдаа хавраас барилгын материалын тээвэр эхлэхээр өдөртөө хоёр удаа буюу 100 чингэлгээр бараа татан авах боломж байна уу гэдгийг ярилцана. Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирж байна.

Гашуунсухайт боомтын хувьд мөн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа. Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас нийт зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхцөл байдлаас хамаараад Хятадын тал ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гадаад харилцааны яамаар дамжуулаад албан мэдээлэл ирэх байх” гэв.

/2021.12.08, Хэвлэлийн хурал/

“Эрээний хил маргаашаас бүрэн нээгдэнэ”

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг тавихгүй гэсэн. Гол нь Монголоос  хамааралтай даалгавар байна.

Хоёр улсын Ерөнхий сайд нар аравдугаар сард утсаар ярьж, Тяньжин дээр саатсан чингэлгээ татаж авч дуусгах талаар тохиролцсон. Тухайн үед 4800 гаруй чингэлэг Тяньжинд байсан. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийт 5000 гаруй чингэлгийг татсан. Тэгэхээр тохиролцоо биелсэн гэсэн үг. Харин өнөөдөр яагаад Тяньжинд 3000 чингэлэг байна вэ гэвэл далайн тээврээр өдөр бүр бараа таваар ирж байгаатай холбоотой” гэв.

/2021.12.09, news.mn/

Дэд сайд дээрх мэдээллийг өгсөн ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Эрээн-Замын-Үүдийн боомтыг нээсэн талаар албан мэдээ, шийдвэр гаргаагүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

“Эрээн- Замын Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэллээ”

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан.

2021 оны 12 сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улсаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангиллын шинэ 16 автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Эхний ээлжид Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.

Өнөөдөр маргаашдаа багтаан үлдсэн ачааны машин, өөрөө явагч механизмыг энэ журмаар татан авч дууссаны дараа цаашдаа өдөрт 50 ачаатай чингэлгийг хоёр талын хилийн боомтоор гаргах, байнгын ажиллагаанд оруулах байдлаар ажиллах юм.

Ийнхүү цөөнгүй хоног саатсан ачаа бараа, машин механизм, техник тоног төхөөрөмж Эрээн-Замын Үүдийн боомтоор нэвтэрч эхэллээ.

/2021.12.12, Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл/

Эрээний хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаажээ

“…Бээжингийн төрийн зөвлөлөөс “Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд илүү хатуу хяналт, зохион байгуулалттай ажилла” гэх шийдвэрийг гаргажээ.

Мөн Хятад жолооч нарын тусгаарлах байр зөвхөн тэдэнд үйлчлэх ШТС-ыг Эрээндбарих шийдвэрийг гаргажээ. Тиймээс тус байр ашиглалтад орох хүртэл экспортыг түрзогсооно гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн байна. Хил нээх хугацаа нь тодорхойгүй бөгөөд“Тун удахгүй” гэх хариултыг манай улсын Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн байна…”

/2021.12.13, isee.mn/

Б.Мөнхжин: Эрээний хилийг хаасан гэсэн үг биш

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Арванхоёрдугаар сарын 10, 11-ны өдөр тээврийн хэрэгслүүд үе шаттайгаар дундын цэг дээр ирж байршсан. Манай тал дундын цэг дээр байршсан 50 гаруй авто машиныг хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэн гэдгийг нотолгоо юм. Эрээний талд цөөн хүндрэл гарсан. Эрээн талд очиж гацсан 192 машинаас асаж байгаагаас нь хилээр гаргаж байгаа үйл явц. Ачаатай тэрэгнүүдэд зарим хүндрэл гарсан. Энэ нь Эрээний гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ жин зөрөх асуудал их байна. 

Энэ хугацаанд Эрээний талаас үнэлгээ хийж байгаа. О цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил явагдаж байна. Тяньжинд нэг Омикроны тохиолдол илэрсэн. Тухайн тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна” гэдгийг хэлэв. 

/2021.12.14, Мэдээлэл хийх үеэр/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд