No menu items!
HomeХүмүүсАрд түмний Амбий буюу Ц.Батхуяг

Ард түмний Амбий буюу Ц.Батхуяг

-

Бүтээсэн дүр бүр нь сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин Амбийг ” Хүмүүс” буландаа онцолж байна.

Цэвэгсүрэнгийн Батхуяг  буюу Амбий нэрээр алдаршсан тэрээр 1969 оны гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдөр мэндэлжээ. Амбий гэдэг нэрийг нь бага байхад нь нутгийн ах нь өгсөн байна. Тэрээр нэрийнхээ утгыг нь тайлбарлахдаа “ Би багадаа тарган хүүхэд байсан. Памбий байж байгаад Амбий болсон юм” гэжээ. Жүжигчин Амбий Дорнод аймагт төрж, өссөн. Харин түүний аав ээж Сүхбаатар аймгийн уугуул. Тэрээр дээрээ гурван ах, нэг эгчтэй айлын бага, эрх хүүхэд байжээ. Түүний аав Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн, гэрэлтүүлэгч ажилтай хүн байжээ.

Түүний эхнэр Солонго мөн Дорнодынх, урлагийн хүн байдаг. Харин одоогоор хувиараа бизнес эрхэлдэг байна. “Миний эхнэр миний хамгийн сайн найзын дүү. Намайг 3-р курст байхад оюутан болж ирсэн. Тэр үеэс илүү дотноссон” хэмээжээ. Тэрээр Эзэнбат, Эзэнбулаг, Эзэнтулга гэдэг  гурван хүүхэдтэй. Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчний мэргэжил сонгожээ. Түүний том хүү аавтайгаа хамт хошин шогийн тоглолтод хэдэн удаа орж байсан гэдэг.

 Б.Эзэнбат нэгэн ярилцлагадаа, аавынхаа талаар ярихдаа “Ний нуугүй хэлэхэд аав намайг жүжигчин болох хэрэггүй гэдэг байсан. Яагаад гэхээр өөрөө урлаг хатууг мэдэрдэгтээ ч тэр үү хүүгээ энэ хатуу замаар битгий яваасай гэсэндээ ч тэр үү намайг жүжигчний мэргэжил сонгохыг дэмжээгүй. Гэхдээ мэдээж хүний эцэг юм чинь “Миний хүү чадна” л гэдэг байсан. Би зөрүүдэлсээр байгаад жүжигчин болохоор зорьсон доо.

Манай аав “Юмыг сайн бод” гэж их хэлдэг байсан. “Юманд нухацтай хандаж бай. Хайнга, салан палан байж болохгүй” гэдэг байсан. 12-13-тай байхдаа тайзан дээр аав хүү болоод жүжигт тоглож байсан. Миний дүр нэг их сүртэй биш л дээ. Зүгээр л нэг жаахан хүүхдийн дүр. Хөтлүүлээд л гарч ирдэг. Тэр үеэ бодохоор аав намайг урлагийн замд хөтөлж оруулж дээ гэж санадаг. Аав бид хоёр цуг суугаад кино үзэх дуртай. Аав киноны алдааг хэлдэг. Би түүнийг нь сонсож суух дуртай. Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь миний хамгийн сайхан дурсамж юм даа” хэмээжээ.

Амбий 1987 онд 10-р ангиа төгсөн цэрэгт явсан байна. “Янз бүрийн ааштай хүмүүстэй нэг дор байсан. Тэндээс амьдралын олон зүйлийг сурсан” гэж ярьсан удаатай. Цэргийн албаа төгсөж ирээд тэрээр Дорнодын театрт гурван жил жүжигчнээр ажилласан байна. 1990 онд Дорнодын театрынхан Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийхээр иржээ.

Амбий төрийн шагналт Далхаагийн Норовын “Үнэ цэнэ” жүжигт наймаачин залуугийн жижигхээн дүрд тогложээ. Ингээд найруулагчийн хараанд өртсөн тэрээр СУИС-д орсон байна. Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм гэдэг. Хорон биш мөртлөө хоморгонд их автдаг хүүхэд байж. Сургуулиа төгсөд тэрээр “Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллажээ.

Амбий, Бооёо, Хүрлээ гэдэг Монголын хошин урлагийн нэгэн цагийн нэрийн хуудас байсан. Түүнийг хүмүүс “Шинэ үе” продакшины үүсгэн байгуулагчийн нэг гэдгээр нь сайн мэднэ. Олон сайхан тайзны дүрийг бүтээж, хошин урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн билээ. Харин тус продакшин салж Амбий, Бооёо, Хүрлээ нар тусдаа уран бүтээл хийхэд хүмүүс төдий л сайнаар хүлээж аваагүй. Энэ талаар тэрээр “Ер нь би хамтлаг байгуулж байгаа дүү нартаа хэлдэг. Эрт бие биедээ үнэнээ хэлж байгаарай. Юм бугширсан хойно хэлвэл зад үсрээд алга болно. Тэрэнд юу ч нөлөөлдөггүй.  Хамгийн гол юм нь бид нэг нэгнээ сонсохоо больсон, хүлээн зөвшөөрөхөө больсон байсан”. Мөн тэрээр “Жүжигчин хүний 40 нас бол дөнгөж мэргэжлийнх нь эхлэл, ирээдүй хойч үедээ сургамжлагдан үлдэх, нийгэмд хандсан бүтээл эхлэх нас юм” гэсэн байдаг.

Ард түмний хайртай жүжигчин байсан тэрээр хамгийн сүүлд тайзнаа найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосон. Тэрээр тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн бүтээлд хэд хэдэн дүрийг мөнхөлсөн. “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч”, “Содура” зэрэг кинонд туслах болон гол дүрийг бүтээжээ. Харин 1990-ээд онд гарч байсан “Наран ургахыг хүлээхгүй” киноны хатиг Даваагийн дүр нь түүний дэлгэцийн анхны бүтээл юм. Тус дүрийг багш нь Амбийд зориулж бичсэн байна.

Түүний соёл урлагийн ертөнцөд оруулсан хувьд нэмрийг өндрөөр үнэлж төрөөс Монгол Улсын Соёлын тэргүүүний ажилтан  цол тэмдгээр шагнаж байжээ. 2015 онд хэвлэл мэдээллээр Амбий гавьяат авахаар болжээ гэсэн мэдээлэл гарч олон хүн баярлаж байсан. Гэвч хошин урлагаас гараагаа эхэлж тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Ц.Батхуяг 43 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг буцахад олон хүн харуусч, ялангуяа хайрлаж хүндэтгэдэг үзэгч олон нь нулимстай хоцорсон. Хошин урлагийн анд нөхөд нь, их урлагт хөтөлсөн ачит багш нар нь элэг эмтэрч үлдсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд