No menu items!
HomeНийгэмБар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно, бяцхандаа сурахгүй бол насны явдал...

Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно, бяцхандаа сурахгүй бол насны явдал хоцорно

-

Өвөр Монголын Дархан Муу Мянган хошууны монгол хэлний багш Донгойн Соёлт хэмээх үг яриа цөөнтэй ч үйлс арвин энэ эрхэм хүнтэй 17-р жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн намрын дунд шарагчин тахиа сарын найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр боржигон түмний өлгий Говьсүмбэр аймгийн их шүтээн Чойрын Богд ууланд анх танилцаж билээ. Бид хоёр ар, өвөр монголын Дархан нутгийнх бас адилхан монгол хэлний багш нар болохоор дороо л хэл амаа ололцож сэтгэлийн гүүрээ тавьж найз нөхөд болцгоосон юм. Гэтэл саяхан Монгол Улсад шүлгийн номоо хэвлүүлж байгааг сонсоод өрж тавьсан сэтгэлийн гүүрэнд шинэ чулуу нэмэх хувь надад оногдов.

“Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно, бяцхандаа сурахгүй бол насны явдал хоцорно” гэж өвөг дээдэс минь сургасаар иржээ. Бар цаг нь гэгээ шарлах үе бюу 03.40 – 05.40 цагийн хоорондох үе юм. Бар гэдэг амьтан дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад өргөн тал, тропикийн намаг балчигт хүртэл тархан амьдардаг. Өөрөөр хэлбэл өглөөний энэ цагт босвол өдрийн эрч хүчээ оршихуйгаасаа хэрхэн авдаг талаар Соёлт найрагчийн дээрх шүлгээс уншлаа.

Тэнгэрийн хаяанаас дорно ханзран

Дэлгэсэн одод шуугдах төдий

Гэгээнд

Сэрүүн салхи залгиж эр хүн ханиана

Сэргэлэн хурц хүлэг нь чимээгээ өгч үүрсэнэ

Үүрийн зогсоолдоо адуу дугхийх бүрэнхийгээр өрхөө даллаж Монголын өглөө бар цагт эхэлж байгаа сонгодог зүй тогтолтой, биднээс өөр хэн ч мэдрэхгүй таашаал бахдал, мэдрэмж, дүр, хэл, хөгжимтэйгээ энд уянгалж байна. “Хүний сэтгэхүй хэлээр илэрдэг” гэдэг. Тэгвэл энэ шүлгээс түүний оюуны уран сэтгэмж, сэтгэхүй, бидний үе үедээ бүтээсэн дотоод мөн чанарыг хадгалсан монгол оршихуй уншигдана. Энэчилэн “намхан ээврийн шүүдэртэй өлөн”, “нойтон жигүүртэй шувууд”, “суулганы сүү”, “ адуу дэргэх” гэх мэт ахуйгаасаа ургасан жинхэнэ монгол үгс хөврөнө.

Нойрмоглосон хөндий энэ л чимээнд амилж

Намхан ээврийн шүүдэртэй өлөнгөөс

Нойтон жигүүртэй шувууд зүүдээрээ жиргэж босно

Зэлэнд чинэсэн сар суулганы сүүгээр шаагина

Зэсийн өнгөөр үүлс хормойгоо ирж дуландана.

Зээрийн хондноос уулс эмээлийн бүүргэн дээр суниаж

Зээрд морины нуруунд баргил хоолойгоор хөөмийлнө

Намхан ээврийн шүүдэртэй өлөн, зэсийн өнгөтэй үүл, жаран дөрвөн буурьтай шатрын хөлөг шиг тал нутагтаа бид эзний ёсоор оршиж, энэ бүхнийг тал нутгийн монгол хүү сэрж мэдэрч, нойтон жигүүртэй шувууд зүүдээрээ жиргэж, зэлэнд чинэсэн сар суулганы сүүгээр шаагих чимээг сонсож байгаа нь оршихуйгаас үүдсэн яруусал юм даа. “Зэлэнд чинэсэн сар суулганы сүүгээр шаагих” гэж саранд байдаг цалин цагаан шинжийг сүүнд шилжүүлэн, түүгээрээ дамжуулж бид сарны хүч энергийг ууж байгаа гэдгийг гаргажээ. ЕБС-ийн сурах бичигт энэ мэтчилэн монгол ахуйгаараа дамжуулсан хүмүүжлийн ач холбогдолтой зохиол бүтээл оруулж байвал хичнээн өгөөжтэй билээ хэмээн бодох юм даа…

Монгол оршихуйтай энэ шүлгээр дамжуулан бид мэдэхгүйгээ мэдэж авч байна. Хавар намрын сэрүүн цагт бог мал зэргийг арчлан буудаллах өтөгтэй, нөмөр дулаан бууцыг хонд гэдэг бол “зээрийн хонд” гэдгийг энэ мэтчилэн ойлгоно гэсэн үг. Мөн “зэсийн өнгөөр үүлс хормойгоо ирж дуландана” гэдгийг дулан хийх, галын гэрэл зуурхан гэрэлтэх буюу өөрөөр хэлбэл дулан дулан хийх, дулалзах гэсэн монгол оршихуйн дүрс дуурайлт үгээр ойлгож болно.

Жаран дөрвөн буурьтай шатрын хөлөг шиг талдаа

Жаргал, зовлон хоёроор эгээ ижил шаглуулсан

Хаан барсын суудалтай эзэн хүний санаа

Хангайн салхинд өнчин хүүгээр цодлоно

Жаран дөрвөн буурьтай шатрын хөлөг шиг тал нутагт яагаад заавал хангайн салхинд өнчин хүүгээр цодолж байгааг уншигчдад дор бүрээ эргэцүүлж, үргэлжлүүлэн сэтгэж бодоосой гэж бичсэн байж магадгүй.

Хоногийн цэнхэр манан шувуудын жигүүрт эсгэгдэж

Холын сүүмгэр бараа хүлгийн төвөргөөнд эвхэгдэхэд

Даллагын суулганд даллуулж

Дангим хээтэй наран дөрөөн доороос огшиж мандах

Өглөө

Үүрийн зогсоолоосоо адуу дэргэнэ

Өрхнийхөө оосрыг даялан даялсаар

Өнөөдрийн Монгол бар цагт эхэлнэ

Эндээс “Даллагын суулга” гэдгийг бодъё. Энэ нь даллагын зан үйлд хэрэглэдэг, голдуу гурван бүслүүртэй, хоёр талдаа сэнжтэй, агар болон зэс, гууль, мөнгөөр хийсэн хувин бөгөөд даллагын үед түүнийг сүү, айраг, тараг зэргийн аль нэгээр дүүргэж, хувингийн амсрыг шар тос, өрөм зөөхийгөөр чимдэг. Тэгвэл энэ шүлэгт яруу найрагч биднийг даллагын суулгаараа даллаж байна. Бид ч гэсэн даллагын суулгаар даллуулж байна. Бар цагийн Монголоо даллагын суулгаар далласан Өвөр Монгол найздаа баярлалаа.

ХААИС-ийн АЭБС-ийн ахлах багш, доктор /Ph.D/ Ц.Буянхишиг

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд